Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 58

 

 

 

 

      2020          01             9                                        2020/ДШМ/58

 

 

                                   Ю.Эд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Э.Бадрал,

хохирогч Д.Байгальмаагийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч О.Анхбаяр, П.Одонтунгалаг,   

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1587 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ю.Эд холбогдох эрүүгийн 1811023010887 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дархад овгийн Ю.Э, 1973 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 1 дүгээр байрны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ТИ73070113/;

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ял,

 

Дархан хотын ардын шүүхийн 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар 18 хоногийн хорих ял,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

Ю.Э нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тэди” худалдааны төвийн орчим хохирогч Д.Байгальмаагаас “хүнд үзүүлчихээд ирье” хэмээн нийт 4.715.000 төгрөгийн үнэ бүхий 22 ширхэг үнэртэй усыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ю.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэрч нарын мэдүүлэгт хохирогч Байгальмаагийн зарсан үнэртэй усыг худалдан авсан тухай мэдүүлсэн атал үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, дээрх үнэртэй уснуудыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр дээрх хэргийн бодит байдлыг тогтоох тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон нотлох баримтыг хавтас хэрэгт тусгаж, хавсаргах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Мөн яллагдагч Ю.Эы хувийн байдлыг тогтоох, яллагдагч урьд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх, зан байдлын шинж явцыг тогтоож сэтгэцийн байдлыг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

                            

Прокурор Э.Бадрал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Д.Байгальмаагийн залилуулсан гэх үнэртэй усанд үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага болох “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, алдсан үнэртэй усны зах зээлийн үнэлгээг бодитоор гаргасан гэж үзэж байна. Учир нь, хохирогч Д.Байгальмааг дээрх залилуулсан гэх үнэ бүхий үнэртэй усыг худалдан авч байсан талаар гэрч нар мэдүүлдэг билээ. Мөн яллагдагч Ю.Эы мэдүүлсэн буюу 20.000 төгрөгийн үнэртэй ус байсан талаар зөвхөн түүний “эхнэр” гэрчилж байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанцэцэг нь “өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” этгээд тул гагцхүү түүний мэдүүлгийг үндэслэн дээрх “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэх боломжгүй юм. Мөн анхан шатны шүүх нь өөр ямар төрлийн, ямар фирмийн /брэнд/ үнэртэй ус байсан гэж үзэж, дахин үнэлгээ хийлгэх нь зүйтэй гэж үзсэн нь ойлгомжгүй. Харин хохирогч нь ямар ямар хэмжээтэй, ямар төрлийн, ямар фирмийн үнэртэй ус байсан талаар маш тодорхой мэдүүлдэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж  шинжилгээ хийлгэнэ”, 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж заасан байна.

Өөрөө хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ю.Эаас мэдүүлэг авахад дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн талаар тодорхой мэдүүлж ирсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд тархи мэдрэлийн өвчин нөлөөлсөн гэх эргэлзээ бүхий үндэслэл мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй ба 1994 оноос хойш хяналтанд байгаа гэх боловч дээрх хугацаанаас хойш шүүх 2 удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж байсан байна. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад дээрх нөхцөл байдал үүссэн гэж  үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу түүний сэтгэцийн байдлыг тодорхойлуулахаар шинжээч томилох бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах боломжтой гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1587 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Байгальмаагийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч Д.Байгальмаа нь Франц улсад байхдаа Ю.Этай танилцаж байсан. Ю.Э нь Д.Байгальмаагаас 22 ширхэг үнэртэй усыг зараад өгье гэж “Тэди” худалдааны төвийн орчим авсан ба энэ талаар Дарханбаяр гэрчилнэ. Анх Дарханбаяр уг хэрэгт шалгагдаж байгаад үйлдэл холбогдол тогтоогдохгүй байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ю.Эы хувьд хэрэг хариуцах чадвартай бөгөөд тухайн үед болсон үйлдлийнхээ талаар тодорхой мэдүүлдэг. Хохирогч Д.Байгальмаа нь үнэртэй ус худалдаалдаг талаар би маш сайн мэднэ. Учир нь,  2-3 жилийн өмнө би Д.Байгальмаагаас үнэртэй ус худалдаж авч байсан. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, үнэртэй усыг шинжилгээнд оруулахаар болбол надад тухайн хэрэглэж байсан үнэртэй уснаас үлдсэн байгаа. ...” гэв.

 

  Шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Энэ хэргийн халдлагын зүйл нь үнэртэй ус юм. Монгол Улс үнэртэй ус үйлдвэрлэдэггүй, харин энэ төрлийн барааг гадаад улсаас зөвхөн импортолдог. Ямар ч хүн хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан шиг үнэртэй усны үнэ болон брендийг жагсааж бичиж чадна. Үүнийг ямар ч үнэлгээчин зах зээлийн үнэтэй нь харьцуулах замаар үнэлж чадна. Гэвч энэ үнэлгээ нь прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг бодитой болсон гэж үзэхгүй. Учир нь, “Дамно” ХХК-ийн үнэлгээ зөвхөн хохирогчийн аман мэдүүлэгт үндэслэж гарсан үнэлгээ юм. Гэвч хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, түүнд үнэхээр хохирол учирсан уу, хэрэв хохирол учирсан бол ямар хэмжээний хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдоогүй. Хохирогч нь гэрч нарын мэдүүлэгт дурьдсан шиг үнэхээр үнэртэй усыг Франц улсаас олон тоогоор нь авчирч зардаг юм бол хохирогчийн Монгол Улсын хилээр орсон гарсан лавлагаа, гадаадад байхдаа их хэмжээгээр үнэртэй ус худалдан авсан тухай баримт, залилуулсан гэх үнэртэй усыг Монгол Улсад оруулж ирсэн талаарх гаалийн мэдүүлэг, эсвэл илгээмжийн байгууллагын үйлчилгээндээ өгдөг баримтын хуулбар байсан эсэх, дээр дурдсан баримтуудыг цуглуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байдаг. Хохирогч дээр дурьдсан баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаа болоод шүүхийн шатанд огт гаргаж өгөөгүй юм. Ийм учраас өмгөөлөх тал хохирлын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болсон хохирогчийн мэдүүлэг бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Тодорхойгүй, бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад хүнийг яллаж болохгүй бөгөөд үүнийг нотлох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч Ю.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хэлдэгээс өөр төрлийн үнэртэй ус авсан болохоо мэдүүлдэг бөгөөд энэхүү үнэртэй усныхаа үнэлгээг хэлсэн байдаг. Яллагдагчийн хэлж буй үнэлгээг гэрчийн этгээд ч гэсэн баталж мэдүүлсэн байдаг. Ийм байхад яагаад яллагдагчийн мэдүүлгийг үндэслээд үнэлгээ тогтоож болоогүй юм бэ, зөвхөн хохирогчийн үнэлгээний дагуу үнэлгээ хийлгэдэг, харин яллагдагчийн үнэлгээг болохоор үнэлгээний байгууллагаар үнэлүүлдэггүй байх нь шударга ёсонд нийцэхгүй юм. Энэ бол өмгөөлөх тал шүүхийн өмнө яллах талтай тэгш мэтгэлцэх боломжгүй болгож хэрэг юм. Ийм учраас шүүгдэгч Ю.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн үнэлгээг хохирогчийнхтой мөн адил үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх ёстой. Мөн эсэргүүцэлд “Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад дээрх нөхцөл байдал үүссэн гэж шүүх үзсэн бол...” гэжээ. Гэтэл хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаар шүүгдэгч Ю.Э нь сэтгэл мэдрэлийн өвчтэй талаарх баримт авагдсан байдаг. Мөн мөрдөгч н.Насанжаргал нь Ю.Эаас түүний сэтгэцийн өвчний түүхийг ямар нэг тэмдэглэл үйлдэлгүй хураан аваад өөртөө 1 сар гаруй хугацаанд байлгаж байгаад буцааж өгсөн байдаг. Энэ бүгдээс дүгнэхэд Ю.Эы сэтгэцийн байдлын талаарх нөхцөл байдал шүүхийн шатанд илэрсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Прокурорын эсэргүүцэлд “Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ю.Эаас мэдүүлэг авахад дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн талаар тодорхой мэдүүлж ирсэн байдаг.” гэж бичжээ. Хэргийн оролцогч болсон явдлын талаар үнэн зөв, тодорхой мэдүүлэг өгөх чадвартай эсэх нь шүүх- сэтгэц судлалын судлагдахуун бөгөөд үүнийг зөвхөн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдог болохоос прокурор үүнийг тогтоохгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

 Шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэргийн хувьд хохирлын шинж чанар, хэр хэмжээ дээр маргаж байгаа.  Шүүгдэгч Ю.Э нь 22 ширхэг үнэртэй ус бүгд нийлээд 400.000 төгрөгийн үнэ бүхий байсан гэж мэдүүлдэг. Гэрч Алтанцэцэг “Би Ю.Эаас 1 ширхэг үнэртэй усыг 30.000 төгрөгөөр бодож 4 ширхэг үнэртэй ус худалдаж авсан.  Дараа нь би Герман улсад явж байхад миний худалдаж авсан үнэртэй ус 3 еврогийн үнэтэй байсан” гэж мэдүүлдэг. Уг гэмт хэргийн хувьд тухайн үнэртэй уснуудыг хэдэн граммын үнэртэй ус байсан гэдгийг тогтоох боломжтой гэж үзэж байна. Каргоны хувьд өөртөө болон хэрэглээний бусад бараануудаас нэг төрлийн ижил бараа байвал татвар ногдох ёстой. Үнэртэй ус олноор нь оруулж ирсэн тохиолдолд энэ талаар тогтоогдох боломжтой ба шүүгдэгч нь илгээмжээр авсан гэж мэдүүлсэн байдаг. “Дамно” ХХК-ийн үнэлгээний хувьд Фэйсбүүк сайтаас харсан хохирогчийн мэдүүлэгт үндэслэж дүгнэлт гарсан. Гадаадын сайт дээр худалддаг үнээр худалдаж авсан бол тухайн сайтаас худалдаж авсан баримт нь байх ёстой. Түүнчлэн, “Дамно” ХХК-иас манай менежер ажилтан эд хөрөнгийн үнэлгээ хийнэ гэж шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд “Үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хувь хүн авна” гэж заасан. Тэгэхээр энэ үнэлгээний үнэн зөв бөгөөд хууль ёсны эсэх дээр үнэлгээ хийсэн “Дамно” ХХК зориуд худал дүгнэлт гаргасан бол компани хариуцлага хүлээх үү, менежер хариуцлага хүлээх үү гэдэг асуудал үүснэ. Гэрч Шүрэнцэцэгийн “Би 9 дүгээр сард 120.000 төгрөгөөр үнэртэй ус худалдаж авсан нь хамгийн доод үнэ байсан” гэж мэдүүлдэг боловч “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээнд 120.000 төгрөгийн үнэтэй ус байхгүй байдаг. Ю.Э  нь Д.Байгальмаагаас нийт 400.000 төгрөгийн үнэртэй усыг авч зарсан байхад 4.715.000 төгрөгийн үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч нь 22 ширхэг үнэртэй усаа танихгүй хүнд алдчихлаа гэсэн мөртлөө шүүгдэгчид 5.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Эндээс хохирогч, шүүгдэгч нар нь хувийн харилцаатай байсан нь харагдаж байна. Адилтгалын аргаар гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлох боломжгүй. 22 төрлийн үнэртэй усыг брэндийн үнэртэй ус байсан гэж мэдүүлэн үнийг хэд дахин нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хохирогч өөрөө алдсан эд хөрөнгөө хууль ёсны өмчлөлийнх гэдгээ нотлох үүрэгтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ю.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ю.Эд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ю.Эгийн хохирогч Д.Байгальмаагаас үнэртэй усыг авахдаа, өөрөө худалдаж авсан эсэх, эсхүл худалдаж өгөхөөр авсан эсэх, эсхүл хүнд үзүүлээд буцааж өгөхөөр хуурч залилан авсан үйлдлийн аль нь болох талаар буюу гэмт хэргийн санаа зорилго, сэдэлтийг тогтоох ажиллагааг хийх шаардлагатай.

 

Хавтаст хэрэгт буй:

гэрч Н.Алтанцэцэгийн “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай нөхрийн танил Ю.Э үнэртэй ус авах уу гээд манай ажил дээр ирсэн. Тэгээд үнэртэй усыг нөхөр бид хоёр үзээд 4 ширхэгийг нэг бүрийг 30.000 төгрөгөөр бодож 120.000 төгрөгөөр авсан. 2019 оны 5 дугаар сард Герман Улсад явж байхад 3 еврогийн үнээр миний өмнө худалдаж авсан ус зарагдаж байсан. ...” /хх 34/, 

 

гэрч П.Шүрэнцэцэгийн: “...одоогоос нэг жил орчмын өмнө 84 дүгээр сургууль дээр ажлаа хийж байтал надтай хамт ажилладаг Дэлгэрмаа гээд багш үеэл эгчийнхээ францаас авч ирсэн үнэртэй уснуудыг зарж байсан. Тухайн үед Байгальмаа CHANNEL, MISS, DIOR, GUCCI  гэх мэт олон төрлийн үнэртэй уснуудыг зах зээлийн үнээс бага зэрэг бага үнээр зарж борлуулж байсан учраас би өөрөө 2, 3 ус авч байсан. Үнэртэй уснууд нь ихэнх нь 150.000-350.000 төгрөгийн үнэтэй байсан. Манай ажилтнуудаас ч бас авсан хүн байгаа. ...” /хх  35/,

 

гэрч Г.Дэлгэрмаагийн: “...2018 оны 9 дүгээр сард Францаас ирчихсэн байгаа, найзад нь зарах гэж байгаа оригнал үнэртэй уснууд байгаа гэхээр нь гэрт нь очтол нилээн олон төрлийн 20 гаруй үнэртэй уснууд байсан. Тэгээд би тэндээс нь өөртөө болон ажлын хүмүүсийг авна гэхээр нь 4 ширхэг үнэртэй ус авч байсан. Тухайн үед 4 ширхэг үнэртэй ус 1 сая орчим төгрөг болж байсан. Ер нь Байгальмааг үнэртэй ус зардаг гэдгээр нь мэддэг байсан. ...” /хх 36/,

 

шүүгдэгч Ю.Эгийн яллагдагчаар  өгсөн: “... Би анх Д.Байгальмаагаас 20 ширхэг үнэртэй усыг нэг бүрийг 20.000 төгрөгөөр бодож 400.000 төгрөг өгөх ёстой байсан. Би Дарханд байхдаа Д.Байгальмаа руу залгаад мөнгө асуухад 300.000 төгрөг миний Хаан банкны 5132026568 дугаарын данс руу шилжүүлсэн. Анх Д.Байгальмаа надаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байснаа надтай уулзаад би гомдлоо татаж авна. Би чамаас нэхэмжлээд байгаа мөнгөө өөрийнхөө данснаас аваад эргээд чиний дансанд хийгээд буцаагаад өөрийнхөө данс руу хийнэ гэж хэлсэн. Ямар учраас ингэж байгаа талаар асуухад би үнэртэй ус өгөөгүй гэдгийг чинь нотлох баримт гаргаж ирнэ гэхээр нь дээрх үйлдлийг хийсэн. ...” /хх 41/ гэх мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх 16-18/ зэргээс үзэхэд, хохирогч Байгальмаа гадаадаас байнга үнэртэй ус авчирч зардаг, зарсан үнэртэй усыг худалдан авдаг хүмүүс байдаг тухай, шүүгдэгч 22 ширхэг үнэртэй уснаас 2 ширхэгийг эхнэртээ өгсөн, мөн бусад усыг зарсан, бусдад өгсөн талаарх нөхцөл байдлууд тусгагдсан байхад уг нөхцөл байдлуудыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, дээрх үнэртэй уснууд нь брендийн ус, эсвэл хямд үнэтэй дууриамал ус эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан хохирлын үнэлгээ хийгджээ.

 

Хохирогчийн мэдүүлгийн болон шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж тодорхой биш байна.

 

Хохирогчоос 22 ширхэг үнэртэй усыг хаанаас, хэзээ, ямар үнээр оруулж ирсэн, тухайн үнэртэй усыг үйлдвэрлэгчийн мэдээлэл, үнийг тодорхой эх сурвалжаас буюу website-аас тодруулах, мөн Монгол Улсад ижил төрлийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалдаг дэлгүүрүүдэд ямар үнэтэй байгаа зэргийг тогтоож, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр шинжээчээр үнэлгээг гаргуулж дээрх хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шалгаж, хэргийн зүйлчлэлийг тогтоосны эцэст нэг мөр  шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд байгаа зөрчлийн хэрэгт шийтгэгдэж байсан лавлагааг үзэхэд  шүүгдэгч Ю.Эг тархиндаа гэмтэл авсны улмаас группт байдаг талаар тэмдэглэсэн байх тул сэтгэцийн талаар тодруулах шаардлагатай.

 

Иймд хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1587 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Бадралын  бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1587 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР          

 

                                    ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ