Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00211

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2021/00395 дугаар шийдвэр,

 Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 204/МА2021/00020 дугаар магадлалтай,

 Д.Гийн нэхэмжлэлтэй

Б.Ад холбогдох

 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Ад холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 2. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2021/00395 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Ааас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Ааас 174,950 төгрөг гаргуулж Д.Гт олгож шийдвэрлэжээ.

 3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 204/МА2021/00020 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2021/00395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Б.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Миний бие өөрийн танил С.Чулуунхоролд 2021.06 сард түүний хүсэлтийн дагуу 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлүүлсэн ба зээлээ тохиролцсон хугацаанд төлөөгүй учир зээлээ хурдан төлж дуусгахыг удаа дараа шаардсан. С.Чулуунхорол нь 2021.08.23-ны өдөр над руу утсаар холбогдон зээлээ төлж мөнгө шилжүүлсэн гэхээр нь дансаа шалгатал Д.Г гэсэн нэртэй данснаас миний дансанд 10,000,000 төгрөг шилжин орж ирсэн байсан. С.Чулуунхорол явуулсан гэж ойлгосон. Мөн 2021.08.23-ны өдөр би Д.Г гэх хүнтэй уулзаж, мөнгө төгрөг зээлэх талаар огт ярилцаагүй. Харин С.Чулуунхорол болон Д.Г нарын хооронд зээлийн харилцаа үүссэн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хоёр шатны шүүх надаас үндэслэлгүйгээр төлбөр гаргуулсанд гомдолтой байна.

4.2. Шүүхээс “...гэрч С.Чулуунхоролын шүүхэд гаргасан мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч болон С.Чулуунхорол нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, 10,000,000 төгрөг зээлэх эсэх асуудлаар нэхэмжлэгч С.Чулуунхоролтой харилцаагүй нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь өрөөсгөл бөгөөд бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь С.Чулуунхорол гэрчээр мэдүүлэхдээ “Хустын Ургац” ББСБ-ын менежер Оюунмаад мөнгө зээлэх хүсэлт тавьж, тэрээр захирал Д.Гоос мөнгө авч өгөхөөр болж Б.Аын дансыг түүнд өгснөөр Б.Аын дансанд 10,000,000 төгрөг шилжиж орсон, энэ мөнгийг би өөрөө зээлж авсан, төлөх талаар хэлсэн байдаг.

4.3. Нэхэмжлэгч Д.Г болон менежер Оюумаа нар нь С.Чулуунхоролд урьд нь зээл олгодог, танилын харьцааны үндсэн дээрээ түүнд зээл олгочихоод зээлсэн мөнгөө авч чадахгүй болохоор надад зээл олгосон болж худал хэлж нэхэмжлэл гаргасан. Иймээс би зээл, төлбөрийг хариуцах үндэслэлгүй, шүүх хууль буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.01.31-ний өдрийн 001/ШХТ2022/00133 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

 6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 7. Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Б.Ад холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч нь 2021.08.23-ны өдөр 1 хоногийн хугацаатай мөнгийг зээлсэн боловч өгөөгүй тул гаргуулна” гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгчтэй аман болон бичгэн хэлбэрээр гэрээ байгуулж мөнгө зээлээгүй, огт уулзаж байгаагүй, С.Чулуунхоролд 10,000,000 төгрөг зээлсэн, түүнээс мөнгөө нэхэхэд 2021.08.23-ны өдөр данс руу чинь зээлээ төлж мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн” гэсэн тайлбарыг гаргасан.

 8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, ингэхдээ “...нэхэмжлэгч Б.Ганзориг нь хариуцагч Б.А эсхүл иргэн С.Чулуунхорол нарын хэн нэгэнтэй зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулаагүй, нэхэмжлэгчийн данснаас 10,000,000 төгрөг хариуцагчийн дансанд шилжиж орсон нь тогтоогдож байх тул хариуцагч шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 9. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх адил шийдлийг гаргасан боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ агуулгаас нь зөрүүтэй тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

 10. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г өөрийн “ХААН банк” ХХК дахь данснаас хариуцагч Б.Аын тус банк дахь дансанд 2021.08.23-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 11. Нэхэмжлэгч нь дээрх шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “зээлийн гэрээний үүрэг” гэж тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөөгүй байна.

 12. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тухайлбал, хоёр талын харилцан илэрхийлсэн саналын үндсэн дээр буюу хариуцагч нь мөнгө зээлэх хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч гэрээний дагуу буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар буцаан шаардах эрх үүсэхгүй, энэ үйл баримт, хууль зүйн үндэслэлийг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

 13. Гэвч шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Д.Гийн данснаас Б.Аын дансанд 10,000,000 төгрөг шилжсэн үйл баримтад тулгуурласан нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болоогүйгээс гадна “Д.Г болон С.Чулуунхорол нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна. Иймээс шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 14. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна. Үүнд: 1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 2. үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн нөхцөлийг заажээ.

 15. Дээрх хуулийн “...үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай” гэсэн нөхцөл энэ хэргийн хувьд тогтоогдоогүй.

 16. Хуулийн “...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” буюу зохигчийн хооронд гэрээний болон хуулийн дагуу үүргийн харилцаа үүсээгүй нь тогтоогдож байгаа боловч мөнгө шилжүүлсэн үйл баримт нь эрх зүйн үндэслэлгүй байсан гэж үзэх нөхцөл нотлогдоогүй байна.

 Мөнгө шилжүүлсэн нь эрх зүйн үндэслэлгүй байсан тохиолдолд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, нэхэмжлэгч мөнгийг буцаан шаардах эрх үүснэ.

 Учир нь хариуцагч нь “...С.Чулуунхоролд 10,000,000 төгрөг зээлсэн, түүнээс мөнгөө нэхэхэд 2021.08.23-ны өдөр данс руу чинь зээлээ төлж мөнгө шилжүүлсэн гэсэн” гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан, гэрч С.Чулуунхорол “Хустын Ургац” ББСБ-ын менежер Оюунмаад мөнгө зээлэх хүсэлт тавьж, тэрээр захирал Д.Гоос мөнгө авч өгөхөөр болж Б.Аын дансыг түүнд өгснөөр Б.Аын дансанд 10,000,000 төгрөг шилжиж орсон, энэ мөнгийг би өөрөө зээлж авсан, төлнө” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч нь энэхүү гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт гаргаагүй /менежер Оюунмаагийн хүсэлтээр өгсөн дансанд мөнгө шилжүүлсэн тухай тайлбартаа хэлсэн/ тул мөнгийг С.Чулуунхорол нэхэмжлэгч Д.Гоос зээлж, зээлийн төлбөртөө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 17. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй, иймээс нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй байна.

 18. Эдгээр байдлыг хоёр шатны шүүх анхаарч дүгнээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 19. Нэхэмжлэгч Д.Г нь холбогдох этгээдэд хандаж мөнгөө шаардахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2021/00395 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 204/МА2021/00020 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Ааас 10,000,000 төгрөг гаргуулах Д.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.А 2021.12.28-ны өдөр 174,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

              ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                               Д.ЦОЛМОН

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД