| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2019/0418/и |
| Дугаар | 480 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 480
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “С” ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т” ХХКомпанид холбогдох
“Үндсэн зээл 8 750 000 төгрөг, зээлийн хүү 2 669 306.85 төгрөг, алданги 5 709 653.42 төгрөг, нийт 17 128 960.27 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Батсайхан, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гүндсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГазрын хууль ёсны төлөөлөгч О.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь “Т” ХХКомпанитай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17/01 дугаартай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээг байгуулан 136 600 000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 4 жилийн хугацаатайгаар олгосон. “Т” ХХКомпанийн захирал Г.Гүндсамбуу нь 2019 оны 1 дүгээр сараас хойш төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байна. 3 дугаар сард 600 000 төгрөгний төлөлт хийсэн. Манай зүгээс “Т” ХХКомпанийн захирал Г.Гүндсамбуугаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж хугацаа олгосон боловч элдэв шалтаг тоочин үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Миний бие тухайн албан тушаалд томилогдоод хариуцагч талтай уулзсан, албан тоотоор мэдэгдсэн, боломжийг олгосон. Алдангийн талаар манай байгууллагын нягтлан бодогч уулзсан, алданги дээр зөвшилцөх боломж байх юм бол 50-60 хувиас доош оруулахгүйгээр зөвшилцөөрэй гэсэн, гэтэл зөвшилцөлд хүрч чадаагүй. 136 сая төгрөгний санхүүгийн зээл олгосон. Дэмжлэг байхгүй гэж байна, дэмжлэг байсан. Нэгэнт болно, чадна гээд зээл авсан юм бол болгохын төлөө явах ёстой. Хэн нэгнээс бурууг хайх хэрэггүй. Боломжтой хугацааг зөндөө өгсөн. “Т” ХХК-аас гэрээгээ цуцлая, тоног төхөөрөмжөө авна уу гэсэн албан бичиг ирүүлсэн. Манай байгууллага бэлэн мөнгөөр зээл олгосон, үйлдвэрлэлийн байгууллага биш, үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг дэмждэг байгууллага. Ийм учраас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагчаас 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын зээлийн төлбөр болох үндсэн зээлийн 8 750 000 төгрөг, түүний хүү 2 669 306.85 төгрөг, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу тооцсон алданги 5 709 653.42 төгрөг, нийт 17 128 960.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Т” ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч Г.Гүндсамбуу шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн “Тэлмүүн Гүн” үйлдвэр нь 2018 оны 3 дугаар сараас эхлэн туршилтын үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн бөгөөд бүх төрлийн цаасан хайрцаг, сав, баглаа, боодол үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар Баруун-Урт сумын 2 кафе, Наран, Баяндэлгэр, Дорноговь аймгийн жижиг цехүүдэд цаасан хайрцаг, сав, баглаа боодол нийлүүлж байна. Үйлдвэрийн үйл ажиллагааны гол зорилго нь орон нутагтаа цаасан хайрцаг, сав, баглаа, боодол үйлдвэрлэх юм. Гэвч орон нутагт захиалга бага байгаа тул нөөц бололцоогоо ашиглан шинээр бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг энэ оны 7 дугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн. Борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Улсын Их дэлгүүр болон Номин супермаркетийн бүх салбараар борлуулах гэрээ байгуулан эхний ээлжийн бүтээгдэхүүнээ нийлүүлээд төлбөрөө аваагүй байна. Орон нутгийн хэмжээнд “Ж”, Сүхбаатар сумын “Х”, Дарьганга сумын бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа болно. Баруун-Урт суманд шинээр энэ оны 8 дугаар сараас эхлэн өөрийн нэрийн бүтээгдэхүүний дэлгүүрийг барьж байгаа бөгөөд барилгын ажил 70 хувьтай явагдаж байна. Орон нутагт шинээр бизнес эрхлэн явуулж, үйл ажиллагаагаа тогтворжуулахад зах зээл бага, авлага цагтаа цуглахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд зээлээр худалдан авалт хийх, татвар, нийгмийн даатгалын дарамт, орон нутгийн дэмжлэг бага гэх мэт тоочоод барашгүй олон хүндрэлүүд байна.
Манай үйлдвэр орлогоо нэмэгдүүлэх, зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь төлөх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд энэ их бэрхшээлүүдийг даван туулахын төлөө хичээн ажиллаж байна. Эс чадваас үйлдвэр үүд хаалгаа барихад ойрхон болоод байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн үндсэн төлбөр болох 8 750 000 төгрөг, түүний хүү 2 669 306.85 төгрөг, алданги 5 709 653.42 төгрөгийг төлөх ёстой бөгөөд үндсэн зээл болон хүүг энэ оны 12 дугаар сард төлж барагдуулна. Үндсэн зээл, хүүгийн хувьд маргаад байх зүйл байхгүй. Алдангийн хувьд тохиролцож чадахгүй байгаа.
О.Батсайхан захиралтай санал нэг байгаа, зээл авсан нь үнэн, төлөх нь үнэн. Алдангийг үндсэн зээл юм уу? хүүндээ тооцож оруулж өгөх боломж байна уу? танай байгууллага үйлдвэрлэлийг дэмжих зорилготой байгууллага. Боломжтой бол алдангийг үндсэн зээл юм уу, зээлийн хүүнд оруулж тооцож өгнө үү? гэсэн санал, хүсэлт тавьсан. Үйлдвэрлэл технологийн паркын удирдлага солигдсонтой холбогдуулан дэмжлэг туслалцаа багассан, үүд хаалгаа хаахгүйн тулд нэмэлтээр өөр бүтээгдэхүүн, үйлчилгээ явуулж байгаа. Залуу хүний хувьд энэ үйлдвэрийг авч явах гээд хичээж байгаа. Яг одоогийн байдлаар зээл, зээлийн хүү, алдангийг төлөх боломж байхгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГазар нь хариуцагч “Т” ХХКомпанид холбогдуулан “Үндсэн зээл 8 750 000 төгрөг, зээлийн хүү 2 669 306.85 төгрөг, алданги 5 709 653.42 төгрөг, нийт 17 128 960.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч “Т” ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч Г.Гүндсамбуу нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 8 750 000 төгрөг, хүү 2 669 306.85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 5 709 653.42 төгрөгийг үндсэн зээл , эсхүл зээлийн хүүд оруулан тооцож өгнө үү гэж, нэхэмжлэгч нь алдангиас чөлөөлүүлж өгнө үү гэсэн харицагчийн хүсэлтийг хүлээн авч хэлцэл зохион байгуулсан боловч зөвшилцөлд хүрээгүй тул нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжинэ гэж тайлбарладаг.
Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 136 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэг бүхий зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно”, 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй байна.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “Т” ХХКомпаниас үндсэн зээл 8 750 000 төгрөг, хүү 2 669 306.85 төгрөг, алданги 5 709 653.42 төгрөг, нийт 17 128 960.27 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГазарт олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 243 594.80 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 243 594.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХКомпаниас үндсэн зээл 8 750 000 төгрөг, зээлийн хүү 2 669 306.85 төгрөг, алданги 5 709 653.42 төгрөг, нийт 17 128 960.27 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч“С” ОНӨААТҮГазарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 243594.80 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХкомпаниас улсын тэмдэгтийн хураамжинд 243 594.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГазарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ