Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/760

 

                                                                                                                     

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

 улсын яллагч Р.Мягмардорж,

 шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2308 00903 0820 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******** оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,19 настай, бүрэн дунд боловсролтой, автомашины цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********,************,***********

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 2308 00903 0820 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23/029 дугаартай хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 22 дахь тал), дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-9 дэх тал), хохирогчийн зарлагын баримт (хавтаст хэргийн 38 дахь тал), шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 26-34 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь 2023 оны 02 дугаар сарын 05-12-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ********* дугаар байранд үйл ажиллагаа явуулах “Сод маркет” хүнсний дэлгүүрээс айфоне гар утасны цэнэглэгч 39 ширхэг, самсунг гар утасны цэнэглэгч 18 ширхэг, андройд загварын гар утасны цэнэглэгч 20 ширхэг, зөөлөвчтэй чихэвч 10 ширхэг, moxom фирмийн чихэвч 10 ширхэг, сайн чихэвч 10 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 570,600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 Энэ үйл баримт нь хохирогч ******** “...Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 102 дугаар байрны “Сод” маркет дотор сууж байхад цэнэглэгч авъя гээд нэг залуу орж ирэхээр нь өөрийн цэнэглэгч байдаг газарт очиход ямар ч цэнэглэгч байхгүй байхаар нь өөрийн дэлгүүрийн камераа шүүж үзэхэд манай дэлгүүрээр байнга орж ирдэг зүс таних залуу орж ирэх болгондоо 4-5 цэнэглэгч, чихэвч халаасандаа хийгээд гарч байгаа дүрс бичлэг олдохоор нь цагдаагийн байгууллагад хандах болсон. Айфоне гар утасны цэнэглэгч 40 ширхэг байснаас би 1 ширхгийг нь, самсунг оролттой цэнэглэгч 20 ширхэг байснаас 2 ширхгийг нь тус тус зарсан байсан. Андройд цэнэглэгч 20 ширхэг, зөөлөвчтэй чихэвч 10 ширхэг, mохоm чихэвч 10 ширхэг байсан ба нэгийг нь ч зараагүй... тухайн залуу нь 180 см орчим өндөртэй, бордуу царайтай, 20 гаруй настай, туранхай залуу манай дэлгүүрээр орж ирээд надаас гар утасны цэнэглэгч асуугаад байдаг байсан. Гар утасны дугаар нь ******* гэсэн дугаартай...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

гэрч ******* “...2023 оны 02 дугаар сард өөрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо авто сургуулийн автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэг дээр сууж байхад манай түцэнд үе үе орж ирдэг 20-25 орчим насны өндөр залуу орж ирээд “би гар утасны цэнэглэгч, чихэвч зардаг лангуун дээр суудаг юм, та надаас цэнэглэгч авах уу” гэхээр нь “хэдэн төгрөгөөр өгөх юм бэ” гээд асуусан чинь “1 ширхгийг нь 3500 төгрөгөөр ав” гэхээр нь авсан. Тухайн залуугаас нийт хэдэн ширхгийг авсан талаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23/029 дугаартай алдагдсан эд зүйлсэд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 22 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-9 дэх тал), Сод маркет дэлгүүр нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр алдагдсан эд зүйлсийг “Алтан тал” ХХК-аас худалдан авсан талаарх зарлагын баримт (хавтаст хэргийн 38 дахь тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.

Хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгч ****** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дэлгүүрээс авч гараад гуравдагч этгээдэд шилжүүлсэн идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч ********** 570,600 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.

Удаа дараа “Сод маркет” хүнсний дэлгүүрт орж, эд зүйлсийг дэлгүүрийн худалдагчид мэдэгдэлгүйгээр нууцаар авч гаран өөрийн өмчийн адил захиран зарцуулж, 570,600 төгрөгийн хохирол учруулсан ********* үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 Иймд шүүгдэгч ******** шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг төлөгдсөн байдал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

Иймд шүүгдэгч ********* нь хохирогч ********* учруулсан 570,600 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 570,600 төгрөгийг гаргуулж, хохирогч ******* олгохоор шийдвэрлэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... санал, дүгнэлтийг гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

Шүүгдэгч ******** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал) баримтаар тогтоогдсон тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд түүний анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч **********,***********,************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 570,600 (таван зуун далан мянга зургаан зуу) төгрөг гаргуулан хохирогч ********** (**********) олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРАНЖАРГАЛ