Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/430

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч П.Итгэл /тээврийн прокурор/,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Н.Жамъяандорж,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2303001860196 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны ашиглалтын техникч мэргэжилтэй, “*******” ХНН-ийн зорчигчийн вагон депод Зэхэлт бэлтгэлийн цехэд мастер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Б*******,*******,******* тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Боржигон овогт Мияасүрэнгийн Болдцогт /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Баянгол дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******”-ын зорчигчийн вагон депогийн байранд ээлжийн мастер *******той маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул гэртээ байхад Алтантогос залгаж “цагдаагийн ажилчид хяналтын камер шүүж бичлэг авна” гэхээр нь би ажил дээрээ ирсэн. Тэгээд ажлын шаардлага тавьж ээлжийн мастер *******той маргалдсан. Гэтэл өрөөнөөс гарахгүй, гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь гараас нь татаад холдуулж байгаад гаргасан. Би *******ын эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байсан бөгөөд мастер *******той маргалдсан бөгөөд ажлын байран дээр миний биед халдсан. Энэ өдрөөс хойш сэтгэл санаа хүнд байгаа. Уучлалт гуйж байгаа боловч хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэж харагдаагүй байна. Учирсан гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр *******ын өрөөнд нь сандал дээр сууж байхад ширээгээ цохиж шүлсээ үсрүүлж “би чамд энэ ажлын байраа өгөхгүй” гэж чанга дуугаар орилоод байхаар нь “та яаг яагаад намайг дарамтлаад байдаг юм бэ? өөртэй чинь унтаж хэвтээгүй болохоор ингэдэг юм уу, та чинь хил нээчихсэн юм чинь Замын-Үүдийн вагоныг шалгах нэрийдлээр депогийн даргаар томилолт бичүүлээд Эрээн явж 1 хоноод ирье, 3 өрөө байр бэлэн байгаа гэж хэлж байсан биз дээ” гэж хэлж байх явцдаа гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд нүүр нь улайгаад босож ирээд “яагаад нууцаар бичлэг хийгээд байгаа юм” гэж хэлээд миний зүүн гарын булчин хэсгээс басаж аваад “чи өрөөнөөс гар, битгий хэрүүл хийгээд бай” гэхэд нь би гараа татаад эсэргүүцэхэд дахин гарын булчин хэсгээс базах гэж байхдаа миний гарын булчин луу гар нь цохигдож дахин базаж аваад, сандал дээрээс босгож чирээд түлхсэн, түлхэхэд нь би тэнцвэр алдаж ханад толгой хэсгээрээ цохигдоход миний баруун гарын булчин хэсгээс базаж татаж байснаа *******ын царай нь сонин болсноо буцаж ширээгээ тойроод сандлын хажууд зогсож аягатай ус аа уугаад сандал дээрээ суухад нь би ******* руу “та 2-3 удаа миний биед халдлаа шүү, яагаад хүнийг цохиод байгаа юм бэ” гэхэд “би цохиогүй шүү хөөе” гэснээ гадуур хувцсаа өмсөөд өрөөний үүдэн дээрээ очоод “цагдаа камерын бичлэг шүүхгүй гэж байна, би явлаа чи гар” гээд дахиад зүүн гар талын гарын булчин хэсгээс базаад коридор луу татаж чирээд өрөөнөөсөө гаргасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-49 дэх тал/,

Гэрч :

“...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Зорчигчийн вагон депо Зэхэлт бэлтгэлийн цехэд ажил үүргээ гүйцэтгэж байхад өглөөний 09 цаг 15 минутын үед гаднаас ахлах мастер ******* орж ирэхэд би үүдэнд таараад мэндлээд өнгөрсөн. 1 давхар луу буухдаа ахлах мастер ******* нь мастер ******* руу “чи миний урдаас гар утсаараа бичлэг хийлээ” гэж чанга дуугарч, ******* нь уйлсан байдалтай араас нь явж байхаар нь “тайван байцгаа гэж” хэлээд 2 давхар луу гарж өрөөний үүдэнд очоод ахлах мастер М.Болцогт, мастер ******* нарын араас санаа зовоод 1 давхар луу бууж очтол мастер ******* нь миний урдаас уйлчихсан “ахлах мастер ******* намайг хана мөргүүллээ” гэсэн. Би араас нь дагаад мастер *******ын өрөөнд нь ороход гадуур төмөр замын хангалтаар өгдөг дээд талын куртикийг тайлаад зүүн, баруун гарын булчин хэсэг ээ гаргаад “намайг гараараа базаад хана мөргүүлсэн, энэ хүн намайг миний ажлыг авах гэлээ гэж дайраад байх юм, би энэ хүний ажлыг авах ямар ч санаа бодол байхгүй” гэж хэлээд уйлсан. Би тухайн үед 2 гарыг нь харахад нэлээн улайсан байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 114-116 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ө.Сарангэрэлийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3521 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед тархи доргилт, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Ариунзул, тус газрын НШАУГШ-ын шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмон, шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Баасанжав нарын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 387 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед тархи доргилт, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй, хүндрэхгүй. Гэмтлүүд хэрэг болсон гэх цах хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтэл нь базах, чимхэх, цохих үед үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл дангаараа хөнгөн зэргийн, баруун, зүүн бугалгын цус хуралтууд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 93-95 дахь тал/,

Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 30/450 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн Зэхэлт бэлтгэлийн 1, 2 давхрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын хүний биед үзлэг хийх өрөөний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Баянгол дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******”-ын зорчигчийн вагон депогийн байранд ээлжийн мастер *******той маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Б.Эрдэнэбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний 3521 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Ариунзул, шинжээч эмч Э.Энхцолмон, шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Баасанжав нарын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний 387 дугаартай дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч С.Оюунцэцэгээр дамжуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргасан. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа уг хүсэлтээ илэрхийлсэн зэргийг прокурор хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2303001860196 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мияасүрэнгийн Болдцогтыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ