Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/438

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,  

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2305002190855 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22-р хороо, “Төгөл хус” 1-р байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/,

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электрон системийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй, “*******” ХХК-ийн ерөнхий инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22-р хороо, “Төгөл хус” 1-р байр 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Б*******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нь нар нь урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, “*******” ХХК-ий захирал, ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Цахилгаан хүчдэл сайжруулах ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэлийн баталгаа болгож Худалдаа хөгжлийн банканд байршуулсан 24.000.000 төгрөгийг авах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2846 дугаартай албан бичиг буюу хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 7- 453/1109 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “*******” ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 20/45 дугаартай “Цахилгаан хүчдэл сайжруулах ажлын гэрээ”-ний хуулбар /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч :

“...Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хан-Уул дүүргийн 14-р хороонд цахилгааны хүчдэл сайжруулах зорилгоор албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд ажлын тендер зарласан. Уг тендер шалгаруулалтад “*******” ХХК шалгарсан учраас энэ оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээнд энэ оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 14-р хороонд цахилгааны хүчдэл сайжруулах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, гэрээний дагуу хийсэн ажилд 799.505.396 төгрөгийг төлөхөөр зааж оруулсан байдаг. Ингээд “*******” ХХК нь ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба гэрээнд заасан хугацаанд ажлаа дуусгаагүй, одоогийн байдлаар гэрээ сунгах асуудал яригдаж байгаа. Энэ хугацаанд Худалдаа хөгжлийн банкнаас танай байгууллагын зүгээс “*******” ХХК-аас ажлын гүйцэтгэл хүлээж авсан эсэх, мөн манай байгууллагын нэр дээр албан тоот ирүүлсэн эсэх гэсэн утга бүхий албан тоот ирүүлсэн байсныг хүлээн авч шалгахад “*******” ХХК нь гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй, мөн ...манай байгууллагаас тухайн албан тоот гараагүй байсан тул манай байгууллага албан тоотыг хуурамчаар үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад хандсан. ...Манай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Худалдаа хөгжлийн банканд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3/2846 тоот албан тоот хүргүүлээгүй, уг албан тоот дээр Тамгын газрын дарга С.Энхбаяр гарын үсэг зураагүй, албан тоот дээрх дугаар, бланкны хэв загвар, тамга гээд бүх зүйл зөрүүтэй байгаа нь илт байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Гэрч :

“...Манай байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ямар нэг байдлаар Худалдаа хөгжлийн банк руу албан тоотын дугаар олгогдож явсан зүйл байхгүй. ...Энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гарсан хамгийн сүүлийн албан тоотод 09/1964 гэсэн дугаар олгогдсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Гэрч :

“...Би тухайн албан бичигт гарын үсэг зураагүй. ...Манай байгууллагаас ч яваагүй албан бичиг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын явуулсан бичгийн бүртгэл /хавтаст хэргийн 22-52 дахь тал/,

Шинжээч Г.Хулангийн “...Шинжилгээ хийхэд тамганы дардас мэт зүйл нь хуурамч гэдэг нь тогтоогдсон. ...Тамганы дардас хуурамч байна гэдэг нь уг баримт хуурамч гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2846 дугаартай “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Худалдаа хөгжлийн банк-д” гэсэн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хэвлэмэл хуудас нь ердийн хэрэглээний өнгөт лазер хэвлэгчээр хэвлэгдсэн байна. ...Шинжилгээнд ирүүлсэн баримын доод хэсэгт хэвлэмэл тамганы дардас мэт зүйл байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын доод хэсэгт “С.Энхбаяр” гэсний урд байх гарын үсгийг хар өнгийн бичигч хэрэгслээр зурж үйлдсэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 82 дахь тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2026 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2846 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “Худалдаа хөгжлийн банк-д” гэсэн баримтыг ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, хуурамч байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 90 дэх тал/,

Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 4530ВӨ/22/05874 дугаартай гүйцэтгэлийн баталгааны хуулбар /хавтаст хэргийн 139 дэх тал/,

Худалдаа хөгжлийн банкны “*******” ХХК эзэмшигчтэй, 453017768 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 141 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******, ******* нар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2846 дугаартай албан бичиг буюу хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******, ******* нь:

“*******” ХХК-ий захирал, ерөнхий инженерээр ажиллаж байхдаа урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Цахилгаан хүчдэл сайжруулах ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэлийн баталгаа болгож Худалдаа хөгжлийн банканд байршуулсан 24.000.000 төгрөгийг авах зорилгоор, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2846 дугаартай албан бичиг буюу хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн болох нь:

Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 7- 453/1109 дугаартай албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “*******” ХХК-ийн хооронд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 20/45 дугаартай “Цахилгаан хүчдэл сайжруулах ажлын гэрээ”-ний хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгаль, гэрч И.Бадамгарав, С.Энхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын явуулсан бичгийн бүртгэл, шинжээч Г.Хулангийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 565, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2026 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 4530ВӨ/22/05874 дугаартай гүйцэтгэлийн баталгааны хуулбар, Худалдаа хөгжлийн банкны “*******” ХХК эзэмшигчтэй 453017768 дугаартай дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

“Хуурамчаар үйлдсэн” гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг дуурайлган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт хийснийг ойлгоно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нар нь албан ёсны баримт бичгийг дуурайлгаж үйлдэхдээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн “Хуурамч баримт бичиг үйлдэх” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгаль нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******, ******* нартай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.  

Шүүгдэгч *******, ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 114 дугаар тогтоолоор шийдвэрлэж, тэдэнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

 

Иймд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******, ******* нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч *******, ******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305002190855 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ