Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж        

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

         Улсын яллагч Д.Ариунжаргал

         Шүүгдэгч ***-ийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын харьяат, халх, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл ***, ээжийн хамт *** аймгийн *** сумын *** багийн *** байр *** тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, өмнө нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 2 жилийн хорих ял оногдуулсныг нэг жилийн хугацаагаар тэнсэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа хөрөнгөгүй, ***регистрийн дугаартай, *** овогт ***-ийн *** гэв.

         Холбогдсон хэргийн талаар:

     *** нь 2016 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын төв *** зочид буудлын зүүн талд иргэн ***-г дэгээдэж унагаагаад нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж, барьж явсан цүнхийг нь дээрэмдэн 210.800 төгрөгний хохирол учруулан зугтаасан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 15-нд гэртээ байж байхад манай хамаатны залуу ***-ийн машины илүү түлхүүр надад байсан. Тэгээд ирээд аваадах гэсэн. Тэр үед манай нэг найз надтай хамт цуг байсан. Бид хоёр доошоо “***” орсон. “***”-ийн үүдэнд *** гэх эгч байж байсан. Тэр эгч өөрөө онгорхой дэлгүүр байвал заагаад өг. Ундаа авах гэсэн юм гэсэн. Тэгээд нөгөө хоёрыг араас дагаад явж бай би энэ эгчийг аваад алхчихья гэсэн. Тэгээд замдаа тэр эгч манай аймгийнх биш учраас газар мэдэхгүй байна. ***-ыг заагаад өг гэсэн. Би тэр эгчийг сугадаад явах уу гэсэн чинь хэрэггүй гэсэн. Би тэгэхээр нь зүүн талаас нь сугадаад явж байгаад ***-ын үүдэнд очоод тэр эгч өөрөө халтираад уначихсан юм. Тэгэхээр нь цүнхийг нь аваад зугтаачихсан. Хохирогч ***-д бичиг баримт, мэргэний чулуу, ном, түрийвч, цүнхний хохиролыг барагдуулж 350.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруу. Архи дарснаас боллоо. Архи дарс дахиж уухгүй. Миний буруу. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.  

     Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч ***-гийн мэдүүлэг /хх 13-14-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 16-рт/, гэрч ***-рын мэдүүлэг /хх 18-19-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх 20-21-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 24-рт/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх 99-100-рт/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4-рт/, шинжээчийн 0384 тоот дүгнэлт /хх 27-28-рт/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11-рт/ зэрэг баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр хохирогчийн мэдүүлэг /хх 13-14-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 16-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 22-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх 23-рт/,  хохирогчид хохирлыг нь барагдуулсан тухай баримт /хх 15-рт/, ***- аймгийн *** сумын багийн Засаг даргын тодорхойлолт /хх 46-рт/, шүүдэгч ***-ийн хөнгөн атлетикийн 1 дүгээр зэргийн үнэмлэх, сургуулийн шилдэг сурагчийн үнэмлэх /хх 48-рт/, мөн шинээр гаргаж өгсөн ээжийнх нь эмнэлэгт хэвтэж буй гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

    Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

    Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2016 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын төв *** зочид буудлын зүүн талд иргэн ***-г үл таних залуу дэгээдэж унагаагаад нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж, түүний биед баруун буйлны дотор талд язрал, баруун эрүүнд цус хуралт, баруун доод 2, 3-р шүдний ганхалт гэмтэл учруулан, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн барьж явсан цүнхийг нь дээрэмдэн 210.800 төгрөгний хохирол учруулан зугтаасан гэмт хэрэг гарсан байна.

    Уг гэмт хэргийг шүүгдэгч *** үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудсанд байх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч ***-гийн “…*** зочид буудалруу явж байхад буулын наад хэсэгт ирээд траншейний хажуу хэсэгт ирээд намайг дэгээдэж унагаасан. Би унахдаа баруун талын сугандаа цүнхээ хавчуулаад унасан. Тэгэхэд тэр залуу миний баруун талын эрүүнд гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний гар сулрахад суганд байсан цүнхийг булааж аваад зугтаасан юм…” гэх мэдүүлэг, гэрч ***-ын “…манай эхнэр *** нь хүнд цохиулсан гэж хэлж байсан бөгөөд тухайн үед шүд нь хөдөлсөн боловч унаагүй байсан. Харин маргаашнаас нь эхлээд хацар нь хөхөрсөн байсан…” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***-ийн “…би архи авч уух гэхэд надад мөнгө байгаагүй. Тиймээс би тэр эгчээс архины мөнгө авах санаатай цүнхийг нь булааж авсан…” гэх мэдүүлэг, хохирлыг төлж барагдуулсан тухай нотариатаар батлуулсан баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

   Шүүгдэгч *** нь хохирогч ***-г дэгээдэж унагаан хацарлуу нь нэг удаа цохиж, улмаар хохирогч ***-д гэмтлийн зэрэг учраагүй ч гэсэн түүний биед баруун буйлны дотор талд язрал, баруун эрүүнд цус хуралт, баруун доод 2, 3-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдсон байх тул шүүгчдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн “…Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг үйлдэхэд хохирогчид ямар нэгэн хүч хэрэглээгүй, мөн үйлдэл төгсмөгц хохирогчоос зугтаах үйлдэл хийдэг. ***-ийн үйлдсэн хэрэг нь дээрмийн гэмт хэрэг биш булаалтын гэмт хэрэг юм. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

   Шүүгдэгч ***нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан боловч энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна. Шүүхээс шүүгдэгч ***-ийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

   Шүүх шүүгдэгчийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нь ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ээж нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

   Энэ хэрэгт ялтан *** нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохиролыг бүрэн төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-ийн ***-ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан ***-т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5. Энэ хэрэгт ялтан *** нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохиролыг бүрэн төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч ялтан ***-ийн цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан ***-т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА