Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

    2020           01             9                                        2020/ДШМ/59

 

 

                                   Х.Бт холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Р.Очирсүрэн,

хохирогч Х.Дариягүль,

шүүгдэгч Х.Б,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1106 дугаартай  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908041651364 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жантекей тайлах овгийн Х.Б, 1975 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, дагавар охины хамт Баян-Өлгий аймгийн 8 дугаар баг, 8 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны 22 тоотод оршин суудаг, /РД: БЮ75091518/,

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн;

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 1 дүгээр  шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 1/1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

           Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг 3 жил 1 сарын хорих ял болгон өөрчилж, 2006 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялд  2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялыг  нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 9 сарын хугацаагаар тогтоосныг Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай магадлалаар 3 жил 9 сарын хорих ял болгон өөрчилж, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

 

Х.Б нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаурес” зочид буудлын гадаа эхнэр Х.Дариягүльтэй маргалдсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд “эрүү, цээж, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зүүн гарын бугалга, 3 дугаар хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жантекей тайлах овогт Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Дариягүль нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

                

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн хэргийн талаар бүрэн хүлээн зөвшөөрч, ухаарч гэмшиж байгаа ба одоо эхнэр Х.Дариягүль бид хоёр эвлэрсэн, нэг гэрт амьдарч байна. Одоо миний бие Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороололд байрлалтай “Монбаттал” ХХК-ийн “Лаурес” үйлчилгээний газарт кофе шоп буюу түргэн хоолны газар ажилуулж байгаа ба мөн 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн барилгын янз бүрийн засал, чимэглэлийн ажил хийж байна.

Иймд миний ар гэрийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ ухаарч гэмшиж байгаа байдлыг минь харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс оногдуулсан 700 /долоон зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Х.Дариягүль тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Б бид хоёр одоо ойлголцоод хамт амьдарч байгаа. Х.Б ажил хөдөлмөр эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Бт оногдуулсан ял түүний хувийн байдал болон учруулсан хохирол, хор уршгийн хэмжээнд нийцсэн гэж үзэж байна. Учир нь, Х.Б урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Х.Дариягүлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Энэ байдлаас харахад тэр хувийн байдлын хувьд засраагүй, нийгэмшээгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс Х.Бт оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон. Ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

Х.Б нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаурес” зочид буудлын гадаа эхнэр Х.Дариягүльтэй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж, гарын шуунаас базан хохирогчийн эрүүл мэндэд “эрүү, цээж, хоёр гарын бугалга, шуунд цус хуралт, зүүн гарын бугалга, 3 дугаар хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

 

хохирогч Х.Дариягүлийн “...2019 оны 8 дугаар сарын 2-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Лаурес” зочид буудлын ажил дээрээ ирэхэд “чи  намайг өөртөө хамаагүй хүн” гэсэн гээд над руу агсраад дайрсан. Намайг гараараа шүргэж цохиод, үснээс зулгаагаад, зүүн талын хамар орчимд ураад, гар утас гартаа атгаж байгаад миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Миний гар утсыг авч шидсэн, эрүү рүү түлхүүр шидсэн. Гэхдээ гар утсанд ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгээд би айгаад 2 давхар руу зугтаж гарахад Х.Б араас ирээд үйлчилгээний ажилтан Амаржаргал гэх хүн рүү дайраад байсан. Би айгаад ариун цэврийн өрөөнд ороод нуугдсан. ...” /хх 27-29/,

 

гэрч Н.Ариунтуяагийн “...Би “Монбаттал” ХХК-ийн ресефшинээр ажилладаг. Х.Дариягүль нь захирал, нөхөр Х.Б нь менежер, бармен, хааяа нөгөө ээлжийн ресефшин байхгүй үед гардаг, бүхий л ажлыг хийдэг. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би амарч байсан. 8 дугаар сарын 3-ны өдөр ээлж авахад нөгөө ээлжний ресефшин Амаржаргалаас Х.Б архи уугаад Х.Дариягүль эгчтэй ноцолдож гар хөлийг нь зулгаасан, Х.Б ахыг цагдаа дуудаж бариулсан гэж сонссон. ...” /хх 31/,

 

гэрч Б.Амаржаргалын “...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Лаурес” зочид буудалд 2 жил гаруй ресефшний ажил хийж байна. 2019 оны 8 дугаар сарын  2-ны өдөр ээлжтэй ажиллаж байсан. Тэр өдөр Х.Б караокед пиво уугаад сууж байсан  юм байна лээ. Манай караоке 1 давхарт, буудал 2 давхарт байрладаг. 20 цагийн үед захирал Х.Дариягүль ирээд Амраа цагдаа дуудаарай гээд орилсон. Би  цагдаа дуудсан. Захирал Х.Бээс зугтаагаад угаалгын өрөөнд ороод хаалга цоожилсон. Угаалгын өрөөний хаалга нүдээд байж байхад цагдаа нар орж ирсэн. Буудлын гадаа түлхүүр булаацалдаж Х.Дариягүлийн гарнаас нь базсан гэсэн. ...” /хх 33/,

 

шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 22-22 тоотод байрлах гэртээ байхад эхнэр Х.Дариягүль хүүхэд загнаад байхаар нь “битгий загна” гэж хэлтэл, чамд хамаагүй гэхээр нь би гомдсон. Гэрээс гараад караокены хажууд 2 шил пиво ууж байхад эхнэр ирээд хэнтэй утсаар яриад байгаа юм гэж над руу уурласан. Тэгэхээр нь би “чи намайг хамаагүй хүн гэж хэлсэн биз дээ” гэж маргалдаж, над руу дайрахаар нь түүний 2 шуунаас нь базаад түлхсэн, надаас караокены түлхүүрээ нэхэхээр нь уурлаад энэ түлхүүрээ ав гээд шидэхэд эрүүг нь оносон. ...” /хх 63/ гэх мэдүүлгүүд,

 

“Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 9463 дугаартай “...Х.Дариягүлийн биед эрүү, цээж, гарын бугалга, шуунд цус хуралт, зүүн гарын бугалга, 3 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх 39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг  тогтооход хангалттай гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Х.Бийн өөрийн эхнэр болох хохирогч Х.Дариягүлийг зодсон нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Бийн эхнэр Х.Дариягүлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй байна гэж үзэв.

 

Иймээс прокуророос шүүгдэгч Х.Бт “гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг хүч хэрэглэн зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон  өөрчлөв.

 

Шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирно гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Бт ял оногдуулахдаа хохирогч Х.Дариягүлийн гомдол саналгүй, хохирогчтой гэр бүлийн хувьд хамт амьдарч байгаа байдлыг харгалзан үзлээ.

 

Мөн шүүх, шүүгдэгч Х.Бийн өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг дүгнээд “ нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх” хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1106 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Жантекей тайлах овогт Х.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт 650 /зургаан зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР          

 

                                    ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ