Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0836

 

 

 

 

 

 

2021 12 08 128/ШШ2021/0836

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК 

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 444 тоот Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай тогтоолын хамгийн бага өртгийн шалгуур гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 357 тоот тогтоолоор олгосон эрчим хүч үйлдвэрлэх 48/2018 дугаартай тусгай зөвшөөрөл, мөн тус хорооноос 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 228 дугаар тогтоолоор баталсан 20 жилийн хугацаатай 15.3 ам.цент/кВт.ц тарифыг үндэслэн Диспетчерийн үндэсний төв ТӨХК-тай байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 15МВт-ын хүчин чадал бүхий Гэгээн нарны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчээ нэгдсэн сүлжээнд тасралтгүй нийлүүлж ирсэн. Тус нарны станц нь хүлэмжийн хийг бууруулах Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу нэгдсэн сүлжээний үйлдвэрлэлийн ачааг үүрэлцэж байгаа билээ. Нэхэмжлэгч нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлэн эрчим хүч үйлдвэрлэж байгаа болно. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 363 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг дунд үнэлгээгээр дүгнэж, 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тус тогтоолын хавсралтаар дараах байдлаар шинэчлэн тогтоосон.

Нарантээг ХХК-ийн цахилгаан үйлдэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилт

2021 онд мөрдөж ажиллах зорилт

Оноо

1.

Цахилгаан үйлдвэрдлэх үйл ажиллагааг осол, аваар, сааталгүй явуулах. Тасралтыг өмнөх оны гүйцэтгэлээс бууруулах

15

 

2.

Нэгдсэн сүлжээнд нийцүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг тарифт тооцсон хэмжээнд мөрдөн ажиллах

25

3.

ЭХЗХ-оос сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн тарифт аудит хийж гаргасан зөвлөмжийн дагуу нар, салхин цахилгаан станцын хөрөнгө оруулалтын өгөөж болон нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11.7 дах заалтад заасны дагуу цахилгаан эрчим хүч худалдах тарифт өөрчлөлт оруулах саналыг 2021 онд багтаан хангуулж, батлуулах

40

4.

ДҮТ ХХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийг улирал бүр дүгнэж, талууд акт үйлдсэн байх

10

5.

Санхүү болон татварын тайлан, тайлангийн тодруулгууд, холбогдох судалгааг үнэн зөв гаргаж цаг хугацаанд нь тайлагнах, хөрөнгө оруулалтын санхүүгийн үр ашгийн гүйцэтгэлийн талаар бодит мэдээллийн ирүүлэх

10

 

Нийт дүн

100

 

Нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 363 дугаар тогтоолыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Зээлдүүлэгчид, хөрөнгө оруулагчдаас сэргээгдэх эрчим хүчний төсөлд санхүүжилт хийх, зээл олгох гол хөшүүрэг нь цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан тариф, түүний дагуу үйлдвэрлэн нийлүүлсэн эрчим хүчийг Диспетчерийн үндэсний төв ТӨХК худалдаж авах баталгаа байдаг. Гэгээн нарны станцын санхүүжилтыг цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, батлагдсан тарифт үндэслэн хийсэн тул нарны станцын эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчдэд төлөх санхүүгийн эргэн төлөлт зэрэг нь бүгд эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаас шууд хамаардаг. Батлагдсан тарифт үндэслэн нарны станцыг санхүүжүүлэх, бүтээн байгуулалт хийхийн тулд нэхэмжлэгчээс асар их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж төслийг амжилттай хэрэгжүүлж буй энэ үед тусгай зөвшөөрлөөр барьцаалж тарифыг буулгахыг тулгаж байгаа нь төслийг эдийн засгийн хувьд үр өгөөжгүй болгож, улмаар зогсоох нөхцөлд хүргэж болзошгүй байна.

Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооноос өөрийн баталсан тарифаа буулгах талаар нэхэмжлэгчид удаа дараа тулгаж, шахалт үзүүлж байсан. Тухайлбал Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 онд нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд дотоод аудит гэсэн шалгалтыг нэхэмжлэгчийг оролцуулалгүй хийж, тариф бууруулах талаар зөвлөмж гарган, түүнийгээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Харин нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан шалтгааны улмаас тарифыг буулгах боломжгүй гэдгээ үндэслэлтэйгээр тайлбарласан, хариуг тухай бүр өгч байсан байдаг. Эцэст нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 363 дугаар тогтоолыг баталж түүгээрээ хэрэв нэхэмжлэгчийн зүгээс 2021 онд тарифт өөрчлөлт оруулах санал гаргаагүй тохиолдолд хамгийн өндөр оноо буюу 40 оноог тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үнэлэх онооноос хасахаар шийдвэрлэсэн нь цаашдаа тариф буулгахыг зөвшөөрөхгүй бол Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдалд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хорооны 363 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан Тарифт өөрчлөлт оруулах санал гаргах гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Эрчим хүчний тухай хууль (2001)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дагуу Эрчим хүчний зохицуулах хороонд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах бүрэн эрхийг олгосон хэдий ч тусгай зөвшөөрлийн зорилт гэдэг зүйлийг батлах эрх олгоогүй байна. Тусгай зөвшөөрлийн зорилт гэдэг ойлголт, нэр томьёо Эрчим хүчний тухай хуульд огт байхгүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 181 тоот тогтоолоор Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийг баталсан. Тус дүрмээр Эрчим хүчний зохицуулах хороо нь өөртөө хуулиар олгоогүй эрх хэмжээг олгож, тусгай зөвшөөрлийн зорилт гэсэн шинэ шаардлагыг бий болгож, түүнийхээ хэрэгжилтийг жил бүр өөр өөрөөр дүгнэж байгаа нь хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн төдийгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Aж ахуйн харилцааны дүрмийн 5.2-т эрчим хүчний тусгай зөвшөөрлүүдийн нөхцөлийг тогтоосон бөгөөд тухайн нөхцөлүүдэд нь тарифт өөрчлөлт оруулах санал гаргах, ер нь тарифтай холбоотой ямар ч нөхцөл байдаггүй. Түүнчлэн, Аж ахуйн харилцааны дүрмийн хавсралтаар цахилгаан үйлдэрлэх тусгай зөвшөөрлийн шаардлагыг дараах байдлаар баталсан.

Шаардлагын заалт

Тухайн оны зорилт

1.

Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж, стандартын шаардлага хангасан эрчим хүч үйлдвэрлэх

 

2.

Цахилгаан, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах

 

3.

Цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн технологийн процессыг холбогдох норм, стандартын дагуу аюулгүй явуулж, осол, аваар, сааталгүй ажиллах

 

4.

Эрчим хүчний эх үүсгүүрээс байгаль орчинд хаях бохирдлыг холбогдох стандартаар тогтоосон хэмжээнд байлгах

 

5.

Үйлдвэрлэлийн барилга болон далангийн ашиглалт, аюулгүй байдал, усан сангийн ашиглалт, хамгаалалт, усны түвшин, голын урсац зэргийг батгаасан хяналт-шинжилгээний төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж холбогдох баримтыг батлуулах (УЦС-ын хувьд)

 

6.

Тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны санхүүгийн тайлан бүртгэлийг бусад үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь бүртгэж, тайлагнах

 

7.

ЭХЗХ-ноос батлагдсан тарифт тусгагдсан зардлыг хэтрүүлэхгүй ажиллах

 

 

Дүн

 

 

Дээрх тусгай зөвшөөрлийн шаардлагаас харвал: (a) зорилт нь тухайн шаардлагыг үнэлэх хэмжүүр байхаас биш өөрөө шинэ нэмэлт шаардлага болох учиргүй, мөн аливаа шаардлага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагатай уялдсан байх ёстой болохоос бус Эрчим хүчний зохицуулах хорооны үзэмжээр тусгай зөвшөөрлийн дагуу хийх үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй шаардлага ногдуулах үндэслэл болохгүй юм. Учир нь Аж ахуйн харилцааны дүрмийн 5.4-т ... тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд мөрдөж ажиллах зорилтыг хяналт шалгалтын тайлан, үйл ажиллагааны доголдож байгаа үзүүлэлтүүдийг харгалзан жил бүр тогтоож болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны үзүүлэлтийг харгалзан зорилт гэх тусгай зөвшөөрлийн шаардлагын биелэлтийг үнэлэх хэмжүүрийг жил бүр тогтоож болохоос бус түүнийг шинээр шаардлага болгон батлах эрхгүй.

Аж ахуйн харилцааны дүрмийн 6.6-д нөхцөл шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг энэ дүрмийн 6.8-д заасан аргачлалын дагуу үнэлж Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр дүнг холбогдох шийдвэрийн хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан. Улмаар тус дүрмийн 6.8-д заасан аргачлал нь дээрх 2.3 болон 2.4 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг үнэлэх аргачлалуудыг тусгасан бөгөөд түүн дотор Тарифт өөрчлөлт оруулах санал гаргах зорилтыг үнэлэх аргачлал огт байхгүй. Иймд тарифт өөрчлөлт оруулах санал гаргах гэсэн зорилт нь Аж ахуйн харилцааны дүрэмд тусгасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагатай огт холбоогүй бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо нь тарифыг хүчээр бууруулах зорилгоор нэхэмжлэгчид тулгаж буй хууль бус нөхцөл гэж үзэж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот тогтоолоор баталсан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад тарифт өөрчлөлт оруулах санал гаргах зорилт эсхүл Эрчим хүчний зохицуулах хорооноос шинээр зорилт батлах талаар огт тусгагдаагүй бөгөөд тус тогтоолын 5.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагуудыг чанд мөрдөж, биелэлтийг тогтоосон хугацаанд үнэн зөв тайлагнах үүрэгтэй гэж заасан. Эрчим хүчний зохицуулах хорооны 363 дугаар тогтоолын тарифт өөрчлөлт оруулах санал гаргах гэсэн хэсэгт Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль (2007)-ийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалтад цахилгаан эрчим хүч худалдах тарифт өөрчлөлт оруулах саналыг 2021 онд багтаан хянуулж, батлуулах гэжээ. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт энэ хуулийн 11.1-т заасан үнэ, тарифын хязгаарыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно гэж заасан. Гэтэл тус заалт нь тарифыг 2016 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсны дараа буюу 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр оруулсан зохицуулалт тул түүний үйлчлэл нь шинээр тариф батлуулахад хамааралтай болохоос бус өмнө нь батлагдсан тарифт буцаж үйлчлэх ёсгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг баримтална гэж заасан. Тус зарчмын зорилго нь иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны дагуу хийсэн үйлдэл, үйл ажиллагаа нь хууль, эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байхыг хангах юм. Өөрөөр хэлбэл, энэхүү зарчмын дагуу хэрэв хууль, эрх зүйн актад оруулсан өөрчлөлт нь иргэнд сөрөг үр дагавар үүсгэхээр байгаа бол тухайн хуулийг захиргаанаас буцааж хэрэглэхийг хориглодог. Иймд тарифт өөрчлөлт оруулах санал гаргахыг шаардах болсон хуулийн үндэслэл гэх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг нь нэхэмжлэгчийн тарифт үйлчлэхгүй юм. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс тарифт өөрчлөлт оруулах саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлж тарифаа буулгахгүй бол 2021 оны зорилтын хэрэгжилтийн 40 оноог авахааргүй болж, улмаар Аж ахуйн харилцааны дүрмийн 6.7-д заасан хамгийн багадаа 60 оноо авах шаардлагыг хангахгүй байх бодит эрсдэл бүхий нөхцөлийг үүсгэж байна. Энэ нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цаашид цуцлах бодит үр дагавар үүсгэх юм.

Аж ахуйн харилцааны дүрмийн 2.1.4-т Эрчим хүчний зохицуулах хороо нь ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эх үүсвэрийг дэмжих чиглэл баримтална гэж заасан. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай 63 дугаар тогтоолд 2 дугаар зүйлийн 2.2-т Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого-ын тэргүүлэх чиглэлд байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил гэж зааж өгсөн. Тухайн тэргүүлэх чиглэлийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилго тавьсан бөгөөд тухайн зорилгын хүрээнд: эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх; мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг бий болгох зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Гэтэл бодит байдал дээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хязгаарлаж, тус салбарт итгэл хүлээлгэн хөрөнгө оруулсан гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийг эрсдэлд оруулж, улмаар тариф буулгах шаардлагыг хууль бусаар тулгаж байгаа нь Аж ахуйн харилцааны дүрмийн суурь зарчим болон төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэйгээ зөрчилдөж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар тоот тогтоолоор баталсан Эрчим хүчний зохицуулах хороо дүрэмд Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг дараах байдлаар тусгасан. Үүнд: 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн байдал, үйл ажиллагааны зохион байгуулалтыг энэ дүрмээр зохицуулна, 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Хороо чиг үүргээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх зохицуулалтын байгууллага бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг баримтална. Дүрэмд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үнэлгээг бие даасан, хараат бусаар хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг өөр бусад байгууллага, эрх бүхий албан тушаалтан хянах хууль зүйн зохицуулалт байхгүй. Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Засгийн газар Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж, Ерөнхий сайд тус хорооны дарга, гишүүдийг томилдог хэдий ч Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан шийдвэрийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрхийг аливаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар олгоогүй байна.

Түүнчлэн, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д Эрчим хүчний яам нь гагцхүү тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгохтой холбогдсон маргааныг хянаж дүгнэлт гаргах эрхтэй байхаас бус Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан бүх шийдвэрийг хянах эрх яаманд мөн адил олгогдоогүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэхээр тохирсноос бусад тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хороо нь шийдвэрлэх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан байдаг. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан шийдвэрийг хянах эрх бүхий байгууллага нь гагцхүү шүүх юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргахаар заасан. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 5 сарын 20-ны өдрийн 363 тоот тогтоолыг хянах дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй тул нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан болно. гэв.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Хэрэг хянан шийдвэрлах ажиллагааны явцад хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 444 тоот Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай тогтоол гаргаж нэхэмжлэгчийн маргаж буй шаардлагад өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилтын 3 дугаар мөрөнд байгаа Эрчим хүчний зохицуулах хорооноос сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн тарифт аудит хийж гаргасан зөвлөмжийн дагуу нар, салхин цахилгаан станцын хөрөнгө оруулалтын өгөөж болон нэгдсэн сүлжээнд нийцүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11.7 дахь хэсэгт заасны дагуу цахилгаан эрчим хүч худалдах тарифт өөрчлөлт оруулах саналыг 2021 онд багтаан хянуулж батлуулах гэсэн заалтыг цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах гэж өөрчилсөн. Мөн 3 дугаар мөрөнд байгаа 40 оноог 20 оноо болгосон. Тус тогтоолыг нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шуудангаар хүлээж авсан.

Дээрх өөрчилсөн зорилтод тусгагдсан хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэх гэснийг хэрхэн ойлгож, практикт хэрэглэх талаар Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд тодорхойгүй байх бөгөөд цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг хамгийн бага өртгийн шалгуурт нийцэж байгаа эсэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрхэн үнэлж, дүгнэх талаар нарийвчлан зохицуулсан зүйл байхгүй тул нэхэмжлэгчийн хувьд уг шаардлага буюу зорилтыг хэрхэн ойлгох талаар тайлбар, тодруулга авах хүсэлтийг хариуцагчид 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ирүүлсэн 4/982 тоот хариу албан бичигт Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилт-ын 3 дугаар мөрөнд байгаа Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, ур ашигтай явуулах гэсэн заалтыг Аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.8.2.11 дах заалтын дагуу (батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах) цалингийн зардал, элэгдлийн зардал, бусад зардал болон нийт зардлыг харгалзан үзэж дүгнэх болно гэжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн дээрх хариу нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байна гэж үзэж байна. Үүнд: Аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.8.2.11 дэх заалтад дурдсан аргачлал нь тус дурмийн хавсралтаар батлагдсан Батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах гэсэн шаардлагыг үнэлэх тусгайлсан зохицуулалт болохоос бус Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах гэсэн шаардлагатай огт холбоогүй юм.

Хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн цахилгаан үйлдвэрлэх гэснийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй буюу Эрчим хүчний зохицуулах хорооноос хамгийн бага өртгийн босго шалгуур эсхүл зардлын хязгаарыг батлаагүй тул Эрчим хүчний зохицуулах хорооноос өөрийн үзэмжээр тус шаардлагыг хамгийн бага тарифаар цахилгаан үйлдвэрлэх гэсэн байдлаар хожим тайлбарлаж, дүгнэх эрсдэлтэй гэж үзэж байна. Улмаар нэхэмжлэгч нь батлагдсан тарифаараа эрчим хүчээ үйлдвэрлэх тохиолдолд дээрх шинэ шалгуурыг үнэлэх 20 оноог авч чадахгүй болж тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаа хангаж чадахгүй болох эрсдэлд хүргэх юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07 ны өдрийн 444 тоот Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай тогтоолын цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах гэсэн шаардлагыг хүчингүй болгуулах гэж өөрчилж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тодруулсан шаардлага, гаргасан тайлбартаа: Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 444 тоот тогтоолоор баталсан Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааны техник, технологийн шаардлагад хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай үр ашигтай явуулах гэсэн зорилтын хамгийн бага өртгийн шалгуур гэснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Тухайн хамгийн бага өртгийн шалгуур гэсэн шаардлагаар тарифаа буулга гэсэн өмнөх шаардлагатай ижил үр дагавар үүсгэж байгаа буюу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн эрчим хүч үйлдвэрлэх гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны Аж ахуйн харилцааны дүрэм, холбогдох баримт бичигт байдаггүй юм байна. Энэ талаарх Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн тодруулгад тухайн шинээр баталсан зорилтыг Аж ахуйн харилцааны дүрмийн 6.8.2.11-д заасан Батлагдсан тариф, тусгагдсан заалтыг үр ашигтай зарцуулж ажиллах гэсэн аргачлалаар өгнө гэсэн хариу байна. Үүнийг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тус аргачлал нь Аж ахуйн харилцааны дүрмийн хавсралтаар баталсан цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шаардлагын 7-д заасан ижил нэртэй шаардлагыг үндэслэх аргачлал болохоос биш хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн цахилгаан үйлдвэрлэхтэй огт холбоогүй гэж үзэж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос анх шаардаж байсан тарифаа буулга гэсэн шаардлагаа хэлбэрийн хувьд өөрчлөөд дахин гаргасан гэж үзэж байна. Мөн ямар үндэслэлээр хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн эрчим хүч үйлдвэрлэх гэсэн шалгуурыг оруулж ирсэн гэдэг нь тодорхойгүй. Яагаад гэвэл Аж ахуйн харилцааны дүрмийн хавсралтад цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах 7 шалгуур байдаг. Үүнээс яагаад энэ шалгуурыг онцолж оруулж ирж байгаа гэдэг нь ойлгомжгүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2007 онд анх нэхэмжлэгч ******* ХХК-ийн тарифыг баталж өгсөн. Тус батлагдсан тариф болон Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан гэрээний загварын дагуу нэхэмжлэгч нь Диспетчерийн үндэсний төвтэй цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар нэхэмжлэгч болон Диспетчерийн үндэсний төвийн хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болсон. Ийм учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос тарифаа буулга, бага тарифаар эрчим хүч үйлдвэрлэ гэсэн шаардлага нь хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэгч компанийн хувьд нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхийн тулд Япон Улсын хөрөнгө оруулагч нараас тодорхой хэмжээний зээлийг авсан. Тус зээлийн эргэн төлөлт нь Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн тариф болон үйлдвэрлэх эрчим хүчийг Диспетчерийн үндэсний төв нь худалдаж авна гэсэн баталгаа байдаг. Хэрэв ямар нэгэн байдлаар тухайн тариф буурсан тохиолдолд зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй болох, цаашлаад төслийг зогсоох хүртэл нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Монгол Улсаас сэргээгдэх эрчим хүчний талаарх бодлого, дүрэм, журам зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд оруулж байгаа хөрөнгө оруулагчид ээлтэй орчныг бий болгоно гэсэн амлалтууд байдаг юм байна. Гэхдээ бодит байдалд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нарыг тарифаа буулга, эсвэл үйлдвэрлэх эрчим хүчнийхээ хэмжээг багасга гэж шахалт үзүүлээд байгаа нь энэ бодлогын баримт бичгүүдтэй нийцэхгүй байна гэж үзэж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны Аж ахуйн харилцааны дүрмийн 5.4-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шаардлага буюу хавсралтаар баталсан шаардлагын хүрээнд зорилтыг тогтоож өгөх ёстой. Аж ахуйн харилцааны дүрмийн хавсралтад тусгаснаар зорилт гэдэг нь тухайн шаардлагад харгалзах оноог оруулахаар байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өмнөх онд аль нэг шаардлагадаа дутагдал гаргах юм бол дараагийн онд нь тухайн шаардлагын оноог ихэсгэж, багасгадаг зохицуулалтыг зорилт гэж нэрлэдэг юм байна. Гэтэл Эрчим зохицуулах хорооноос зорилт гэдгийг жил бүр тогтоох боломжтой юм. Өөрөөр хэлбэл зорилт гэсэн нэрээр жил болгон шинэ шалгуур оруулж ирж байна. Энэ нь Аж ахуйн харилцааны дүрэмтэйгээ нийцэхгүй байна.

Мөн Эрчим хүчний тухай хуульд Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл шаардлагыг тогтоох эрх олгосон. Түүнээс биш Эрчим хүчний зохицуулах хорооноос зорилт гэсэн шаардлага тогтооно гэсэн эрх хэмжээ олгогдоогүй байна. Тийм учраас шинээр баталсан зорилтод заасан хамгийн бага өртгийн шалгуур гэснийг хүчингүй болгож өгнө үү.

Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 8.1-д энэ тарифыг 15 жилийн хугацаанд дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Сэргээгдэх эрчим хүчний үнэ буурсан гэдэг нь суурилуулах ажиллагаа, тоног төхөөрөмжийн үнэ буурсныг хэлж байгаа юм. Турбин, нарны панелын үнэ нь тухайн үеийг бодвол буурсан байна. Тэр үед худалдаж авсан үнийн дагуу зээлээ төлж байгаа юм. Түүнээс биш өртөг буурсан зүйл байхгүй. Сэргээгдэх эрчим хүчийг ямар зардлаар үйлдвэрлэдэг байсан тэр л зардлаараа үйлдвэрлэж байгаа. Одоо жилдээ гаргадаг зардал нь зээлийн эргэн төлөлт болон ажилтны цалин хөлс, тоног төхөөрөмжийн урсгал зардалд зарцуулагддаг. Нэмж тоног төхөөрөмж суурилуулах зүйл одоо байхгүй. 15 жилийн хугацаанд гаргасан зардлаа нөхөх тооцоололтой. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэж байдаг. Тэдгээр компанид цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл өгөөд, энэхүү тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд ямар нөхцөл шаардлагын хүрээнд ажиллах зорилтуудыг өгөөд, жил бүр дүгнэдэг. Тухайн дүгнэлтэд муу дүн авсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сунгахгүй байх үр дагавар үүсэж болзошгүй гэж бид нэхэмжлэл гаргасан. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авсан компанид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой нөхцөл шаардлагыг тус компанид тавих ёстой. Түүнээс биш үнэ тариф үүнд ямар ч хамааралгүй байх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинэ техник, технологи гарч, үнэ буурч байна гэж тайлбарлаж байна. Энэ нь шинэ техник, технологийг ашиглах эсэх, бусад шаардлагуудыг тавих ёстой болохоос биш үнээ буулгахгүй бол зохих үнэлгээгээ авч чадахгүй, зохих үнэлгээгээ авч чадахгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдэг нэг ёсны дарамт юм. Одоо 2021 оны нөхцөл шаардлагаа дүгнэхдээ үнэ буулгаагүй учраас авах ёстой оноог нь өгөхгүй байх магадлал өндөр байна. Бусад үзүүлэлтэд бага оноо авчихвал муу оноо аваад, тэгээд манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрсдэлд орно. Бид үнэ буулгаагүйн төлөө ийм эрсдэлд орох гээд байгаа учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэж байна. Гэтэл үнэ тарифтай холбоотой асуудал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 15 жилийн гэрээ болон техник эдийн засгийн үндэслэлд дурдагдсан. Гэрээндээ өөрчлөлт оруулаад цахилгаан эрчим хүч худалдаж авахын оронд хамааралгүй зүйлээр шахалт үзүүлж байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө, зөрчиж болзошгүй гэж нэхэмжлэл гаргасан.

Анх Н ХХК нь Япон Улсын хөрөнгө оруулагч нараас доллараар зээл авсан. Техник, материалаа худалдаж авахад Монгол Улсад 1 доллар нь 1500 орчим төгрөгтэй тэнцэж байсан боловч одоо 2 дахин өссөн. Гэтэл нэхэмжлэгч компани нь зээл болон зээлийн хүүгээ доллараар төлдөг. Сэргээгдэх эрчим хүчний гол онцлог бол анхны хөрөнгө оруулалт, зардал нь их байдаг юм. Дараа нь гарах зардал нь ажилчдын цалин, урсгал зардал, аж ахуйн зардал л гардаг.

Хамгийн бага өртгийн шалгуур гэдэг энэ дөрвөн үгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага юм. Нэхэмжлэгч талаас тариф гэдгийг хамгийн бага өртгийн шалгуур гэж нэрээ өөрчлөөд ороод ирсэн гэж үзэж байгаа юм. Хамгийн бага өртгийн шалгуур гэдгээр дүгнүүлээд, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох нөхцөл байдал үүсэж байгаа учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлахад үе үеийн хурал зөвлөгөөн хийхэд хариуцагч талаас ...Танайх үнээ буулга, хэрвээ буулгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй чинь ярина... гэдгээ байнга хэлдэг. Тийм учраас хамгийн бага өртгийн шалгуур гэдэг нь нэрээ сольсон байгаа учраас энэ нь цаашдаа нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй. Тийм учраас үүнийг хүчингүй болгоод, бусад техник технологийн шаардлагад нийцүүлээд тасралтгүй хэвийн цахилгаан эрчим хүчээр хангах гэдэг агуулга нь байж байх ёстой, хамгийн бага өртгийн шалгуур гэдгийг хүчингүй болгуулъя гэж байгаа юм. гэв.

 

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтын дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьдаг билээ. Тус хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 357 дугаар тогтоолоор Н ХХК-д цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нөхцөл, шаардлагын биелэлтийг жил бүр дүгнэж, түүнийг шинэчлэн тогтоож ирсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих үүргийн хүрээнд хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу 2020 онд Н ХХК-д тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дунд үнэлгээгээр дүгнэж, 2021 онд мөрдөж ажиллах нөхцөл, шаардлагын зорилтыг шинэчлэн тогтоож өгсөн. Эрчим хүчний тухай хууль болон хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-д заасан бүрэн эрхийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэж, нөхцөл шаардлагын зорилтыг шинэчлэн тогтоож өгдөг. Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу энэхүү шинэчлэн тогтоож өгсөн нөхцөл, шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дагаж мөрдөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 444 дүгээр тогтоолд заасан цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах гэсэн шаардлагыг Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм, түүний хавсралтад заасны дагуу оруулсан бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох нь Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийн асуудал юм. Мөн тус хуулийн 9.1.7-д хэрэглэгчийн зэрэглэлтэй уялдуулан эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, хангагчаас хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний түвшинг тодорхойлох, хэрэгжилтийг хянах, 9.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоодог.

Үүнээс гадна 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.3, 5.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн шаардлагыг төрөл тус бүрээр нь хавсралтын дагуу тогтоож өгнө гэж заасан. Тухайн хавсралт нь компанийн тухайн онд мөрдөж ажиллах зорилтуудыг тогтоож өгдөг. Тухайн зорилтуудыг тогтоож өгөхдөө журмын 5.5-д заасны дагуу тухайн онд доголдож байгаа үзүүлэлтүүдээр нь хяналт шалгалтын тайлан болон үйл ажиллагааны доголдож байгаа үзүүлэлтүүдээр нь харгалзан жил бүр тогтоож өгдөг гэсэн хууль тогтоомжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож өгсөн. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тогтоолоор тогтоосон нөхцөл шаардлага нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5-д заасан үндэслэл, Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3, 5.4-т заасан үндэслэлийн дагуу тогтоосон хууль ёсны шийдвэр юм. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар тодорхойгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эрчим хүчний зохицуулах хорооноос тарифын буулгах гэдгээ өөрчлөөд, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн, найдвартай, үр ашигтай явуулах гэж өөрчилсөн. Тэгэхээр тарифын бууруулах гэдэг нөхцөлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос нөхцөл шаардлагадаа тусгаагүй. Нөгөө талаас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод тухайн үед мөрдөгдөж байсан тариф буусан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Эрчим тухай хуульд байгаа тариф гэдэг нь үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд худалдах үнийг хэлдэг. Тухайн тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоол хэлбэртэйгээр гаргаж бүрдүүлэх ёстой. Өртөг гэдгийн цаана мэдээж бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхэд гарч байгаа үйл ажиллагааны зардлыг ойлгож байна. Тухайн хоёр нь хоорондоо холбоогүй юм.

Яагаад тарифыг буулгах тухай шаардлага тавиад байгаа үндэслэл нь 3 үндэслэл байна. Нэгдүгээрт: Нарны цахилгаан станц нь ашиглалтад орохдоо 24,6 сая к.вт/цаг цахилгаан эрчим хүчийг нийлүүлээд, үүгээрээ хөрөнгө оруулалтаа нөхөөд, ашгаа олно гээд тарифаа 15,3 центээр тогтоолгосон. Гэтэл ашиглалтад оруулахдаа 27 сая к.вт/цагийг нийлүүлнэ гэсэн асуудлыг тавьсан. Үүний цаана компанийн ашиг л нэмэгдэх тооцоо гарч ирж байна. Хоёрдугаарт: Тухайн компани нь тусгай зөвшөөрөл авснаас хойш дэлхий дээрх нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн дэвшилтэд технологи үсрэнгүй хөгжсөнтэй холбоотойгоор үнэ маш их хэмжээгээр буурсан. Тухайлбал 2010 онд байсан үнээс одоогийн байдлаар нарны цахилгаан станцын үнэ 6 дахин буурсан байна. Гуравдугаарт: Монгол Улс нь олон улсын гэрээ хэлэлцээр байгуулаад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна гэсэн зорилтыг тавьсан. Хүлэмжийн хийг бууруулсантай холбоотойгоор зохих ёсны урамшууллыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас олгох, тухайн урамшууллыг хувааж авах зарчим зэргээс шалтгаалан тодорхой хэмжээний мөнгө авсан нь хөрөнгө оруулалтад нөлөөлж байгаа учраас хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс үнэ тарифаа буулгах тал дээр анхаарч саналаа өгөөч гэсэн асуудлыг тавьж байсан. Энэ бүгдийн цаана хэрэглэгчдийн эрх ашиг байгаа учраас энэ саналыг тавьж байсан юм.

Анх тарифыг 15,3 центээр тогтоолгох үедээ цахилгаан эрчим хүчний хэмжээг 24,6 сая к.вт/цаг байхаар тооцоолсон. Энэ нь 1 жилд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ юм. Эхний жил 24,6 сая к.вт/цаг цахилгаан эрчим хүч нийлүүлэх, түүнээс хойш нарны панелын идэвхжилт буурдаг учраас жил бүр 10 хувиар бууруулна гэдэг тооцооллыг хийсэн байгаа юм. Энэ тооцооллыг хийхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниас ирүүлсэн тарифын саналыг үндэслэж тооцдог юм. Тийм саналыг ирүүлээд харилцан тохиролцоод 24,6 сая к.вт/цаг нийлүүлээд, хөрөнгө оруулалтын өгөөжөө нөхөөд, үйл ажиллагааны зардлаа гаргах юм байна гэсэн тооцоог хийсэн.

Технологи шинэчлэгдэж байгаа, мөн хүлэмжийн хий бууруулсантай холбоотойгоор санхүүжилт авсан, тарифт тооцоолсон хэмжээнээс цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдсэн зэрэг асуудлууд үндсэндээ бүгд тарифтай холбоотой юм. Хариуцагч талаас ийм 3 үндэслэл байгаа учраас тарифаа буулга гэж шалгуур тавьсан гэж тайлбарласан юм.

Өртөг гэдэг бол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарч байгаа зардлыг хэлж байгаа юм. Үүнд үйл ажиллагаа явуулахад гарч байгаа цалингийн зардал, элэгдлийн зардал, бусад зардал нь хамгийн бага өртгийн шалгуур хангаж байх ёстой гэдэг үүднээс тавигдсан. Яагаад гэвэл өртгийн цаана 1 к.вт/цаг эрчим хүчийг эрчим хүчний салбарт бүх төрлийн эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг технологиуд байдаг. Ямар хэмжээний өртгөөр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгааг эрэмбэлэх шаардлага байдаг юм. Тийм учраас өртгийг тооцоход янз бүрийн үйл ажиллагааны бус зардал байж болохгүй гэдэг агуулгаар тавьж байгаа юм. Гарах ёстой зардлууд нь гараад хамгийн бага өртгийн шалгуурыг хангаж байх юм бол тухайн зардлууд нь тооцогдоод явна гэсэн үг юм. Энэ нь бол тариф буулгана гэдэг агуулга биш гэдгийг хэлье. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч гадаадын хөрөнгө оруулалттай Н ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 357 дугаар тогтоолоор олгосон 15 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцаас цахилгаан үйлдвэрлэх 48/2018 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07 ны өдрийн 444 дүгээр Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай тогтоолын хамгийн бага өртгийн шалгуур гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлжээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, 9.1.4-т заасан тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх 9.1.5-д заасан эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох, 9.1.11-д заасан аж ахуйн харилцааны дүрэм батлах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй байна.

Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийг баталсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтооход энэ дүрэм хэрэглэгдэхээр байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо нь дүрмийн 5.1-д тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох-оор, 5.4-т нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд мөрдөж ажиллах зорилтыг хяналт шалгалтын тайлан, үйл ажиллагааны доголдож байгаа үзүүлэлтийг харгалзан жил бүр тогтоож болох-оор заажээ.

Эрчим хүчний зохицуулах хороо нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 363 дугаар тогтоолоор тус тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг үнэлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг 5 заалтаар шинэчлэн тогтоосны 3 дахь тарифт өөрчлөлт оруулах саналыг 2021 онд багтаан хянуулж батлуулах гэсэн 40 оноо бүхий заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргаж, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 07 ны өдрийн 444 дүгээр тогтоолоор уг заалтыг цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах гэж өөрчилж, үнэлэх оноог 20 оноо болгон бууруулж, бусад зорилтын оноог нэмэгдүүлсэн, улмаар нэхэмжлэгч уг заалтын хамгийн бага өртгийн шалгуур гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа өөрчлөн маргасан.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 228 дугаар тогтоолоор Н ХХК-ийн нарны цахилгаан станцаас үйлдвэрлэх цахилгааны тарифыг 15 жилийн хугацаанд 15.3 ам.цент/кВт.ц-аар баталж, Диспетчерийн үндэсний төв ХХК-тай Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-г 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах 15МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцаас диспетчерийн зохицуулалтаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаар худалдахаар тохирсон байна.

Нэхэмжлэгч нь хамгийн бага өртгийн босго шалгуур эсхүл зардлын хязгаарыг батлаагүй тул уг зорилтыг хамгийн бага тарифаар цахилгаан үйлдвэрлэх гэсэн байдлаар хожим тайлбарлаж, дүгнэх эрсдэлтэй, батлагдсан тарифаар эрчим хүчээ үйлдвэрлэх тохиолдолд үнэлэх 20 оноог авч чадахгүй болж тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаа хангаж чадахгүй болох, тусгай зөвшөөрлийг цуцлуулах үндэслэл болох эрсдэлтэй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол, хариуцагч зардлыг үр ашигтай зарцуулах агуулгаар нөхцөл шаардлагын зорилтыг тогтоосон гэж тайлбарлажээ.

Тодруулбал, Н ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 07 ны өдрийн 444 дүгээр тогтоолын хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэх гэснийг тайлбарлуулахаар буюу хамгийн бага өртөг гэх ойлголт нь цахилгаан эрчим хүч худалдаж авах тарифаас ялгаатай эсэх, тарифтай хамааралтай эсэх, хамгийн бага өртгийн шалгуур нь тарифт өөрчлөлт оруулах, бууруулах нөхцөл бий болгох эсэх тайлбар, тодруулга хүсэж 2021 оны 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 10-нд хандсан, Эрчим хүчний зохицуулах хороо 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/982, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/1076 тоот албан бичгээр батлагдсан тарифт тусгагдсан зардлыг үр ашигтай зарцуулж ажиллах, цалингийн зардал, элэгдлийн зардал, бусад зардал болон нийт зардлыг харгалзан үзэж дүгнэх, энэ үнэлэх аргачлал нь батлагдсан тарифыг өөрчлөх, буулгах үр дагаварт ямар нэгэн байдлаар холбогдохгүй талаар хариу өгчээ.

Дээрх тайлбараас үзвэл хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэх гэдэг нь шууд утгаараа тарифыг өөрчлөх, бууруулах шалгуур болохгүй, харин цахилгаан үйлдвэрлэх өртөг, зардлыг хамгийн бага байлгахад чиглэсэн агуулгатай байна.

Нөгөө талаас тариф тогтооход эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг баримтлахаас гадна, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавхи хэвийн байлгахуйц хэмжээнд байх, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшинг хангасан байх зарчмыг баримтлахыг Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.5, 26.2.7, 26.2.8-д заасан, эндээс үзвэл тариф тогтооход өртөг, зардал нэг хүчин зүйл мөн хэдий ч, ийнхүү тариф тогтоохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого, санхүүгийн чадавхи хэвийн байлгахуйц, зардал, оруулсан хөрөнгийн өгөөж, ашгийн түвшинг хангах зарчим хамт яригдах тул тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилтод цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах үзүүлэлтийг оруулсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид тариф бууруулах шахалт үзүүлсэн үр дагавар шууд агуулаагүй байна.

Түүнчлэн ийнхүү тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилтод цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах үзүүлэлт оруулсан нь Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 2.1.2-т эрчим хүчний салбарын үр ашгийг сайжруулах, өртөг зардлыг бууруулах, хэрэглэгчийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологи, ухаалаг систем нэвтрүүлэхийг дэмжих хэмээх тусгай зөвшөөрлийн харилцаанд баримтлах чиглэлд нийцсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 26 дугаар зүйлийн 26.2.7 дахь заалтыг баримтлан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07 ны өдрийн 444 дүгээр Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай тогтоолын хамгийн бага өртгийн шалгуур гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА