| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00494/И |
| Дугаар | 499 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Д сумын Б г 1-р багт оршин суух, Ц овогт Бийн О /З /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1984 оны 9 сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд хоньчин байсан. Ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байна. Иймд хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Оын Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1985 оны 1 сараас 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан тухай баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 11 сарын 1-ний өдрийн 341 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 11 сарын 1-ний өдрийн 341 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1985 оны 1 сараас 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан тухай Б.Отай холбоотой баримт байхгүй байна” гэх тодорхойлолт
-Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс Б.От 1984 оны 10 сарын 1-ний өдөр олгосон, 1985-1990 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас Б.От 1991 оны 1 сарын 30-ны өдөр олгосон, 1991 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
- Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын засаг даргын Тамгын газрын 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 3/135 дугаартай “тус сумын 1-р багийн иргэн Б.Оын 1985, 1986, 1988, 1990, 1991, 1992 оны цалингийн түүврийг тус сумын архиваас хуулбарлан олгосон нь үнэн болно” гэх тодорхойлолт
-Б.Оын 1985, 1986, 1988, 1990, 1991, 1992 оны цалингийн баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ц.Цо-ийн “...Б.О нь 1984-1991 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Баянбулаг бригадад эмчилгээ тэжээлийн цэгт хурга ишиг маллаж байсан хүн байгаа. 3-р хурга ишиг маллаж байсан. 3-р хурга ишиг гэдэг нь эмчилгээ шаардлагатай мал юм. Би 1975-1992 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Баянбулаг бригадад төллөх мал, тэмээ, адуу маллаж байсан.Бид нэг бригадад малчин байсан учраас Б.Оыг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч Э.Ц-ийн “...Б.О нь 1984 онд дунд сургууль төгсөөд, илгээлт аваад хөдөө гарсан хүн. Б.О нь 1984-1991 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Баянбулаг бригадад хонь ямаа маллаж байсан. Би 1974-1993 дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Баянбулаг бригадад хонь ямаа маллаж байсан. 1993 онд нэгдэл өөрчлөгдсөний дараа ч би мал маллаж байсан. Бид нэг бригадад малчин байсан учраас Б.Оыг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.О нь 1984 оны 9 сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Бийн О /ЗЕ / нь 1984 оны 9 сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У