Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ду  аймгийн Дэ  сумын Н 4-р багт  оршин суух, Х овогт Ггийн Л /ЗД /-гийн  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  1980 оны 1 сараас 1984 оны 6 сарын 5-ны өдөр хүртэл,1987 оны 6 сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдэлд малчинаар ажилласан. 1991-1992 оны хөдөлмөрийн дэвтэрт бичилт байхгүй тул  хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн  дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Л нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.Лгийн 1980-1992 он хүртэл  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдэлд малчинаар ажиллаж байсан тухай холбогдох баримт байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2013 оны 5 сарын 9-ний өдрийн 1250 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Дундговь аймгийн Архивын тасгийн  2013 оны 5 сарын 9-ний өдрийн 1250 дугаартай  “Г.Лгийн 1980-1992 он хүртэл  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан тухай холбогдох баримт байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болно” гэх тодорхойлолт

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 08/382 дугаартай “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл нь1991 оны 4 сарын 27-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 сарын 29-нд Говийн хангай хоршоо болон үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт

            -Г.Лгийн 1991, 1992 оны цалингийн баримтууд

            -Гэрч С.Ж-ын “...Г.Л 1980-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдлийн Номгон бригадад бага мал маллаж байсан. Би 1972-1975 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэзам нэгдлийн Толь бригадад тэмээчин, худгийн моторчиноор ажилласан. цэргийн алба хааж ирээд 1978-1981 он хүртэл тус нэгдэлдээ худгийн моторчин, 1981-1993 онд нэгдэлдээ тоо бүртгэгчээр ажиллаж  байсан...” гэх мэдүүлэг

-Гэрч С.Д-гийн “...Г.Л 1980-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад бага мал, төллөх мал маллаж байсан.  Цэргийн алба 3 жил  хаасан байх, хэдэн онд хаасан гэдгийг санахгүй байна. Би 1983-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн туслах үйлдвэрт тракторын жолооч, өвс ачигч зэрэг ажлуудыг хийж байсан...” гэх мэдүүлэг

-Гэрч Д.Т-ын “...Г.Л Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад 1980-1993 он хүртэл бага мал, үхэр маллаж байсан.  Дунд нь буюу 1984-1987 онд цэргийн алба хаасан. Нэгдэл тарсны дараа ч мал маллаж байсан, одоо ч мал маллаж байгаа хүн. Би 1979-2000 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд бага мал маллаж байсан хүн. 1993 онд нэгдэл өөрчлөгдөөд Говь хангай хоршоо, Хангай хоршоо болсон ч би мал маллаж байсан. Г.Лтэй нэг нутагт мал маллаж  байсан, нэг бригадад ажиллаж байсан, ойрхон нутаглаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж  байна...” гэх мэдүүлэг  баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Г.Л нь 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1984 оны 6 сарын 5-ны өдөр хүртэл, 1987 оны 6 сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Ггийн Л /ЗД / нь 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1984 оны 6 сарын 5-ны өдөр хүртэл, 1987 оны 6 сарын 22-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар  ажиллаж  байсан болохыг  тогтоосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У