| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00475/И |
| Дугаар | 502 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Са сумын 9-р баг М 8-р гудамж 6 тоотод оршин суух, Х овогт Оын Ц /ХЛ /-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1984 оны 4 сарын 28-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр, 1984 оны 5 сарын 3-ны өдрөөс 1987 оны 8 сарын 7-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн нэгдсэн конторын цаг бүртгэгч, цэвэрлэгчээр, 1992 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Монгол урлал сургуульд монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа ч шаардлага хангахгүй, тушаал бичигдээгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ц нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч О.Цгийн Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1984 оны 5 сарын 3-ны өдрөөс цаг бүртгэгчээр томилсон тушаал байхгүй, Монгол урлал сургуульд 1992 оны 9 сарын 16-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир О.Цд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 4 сарын 3-ны өдрийн 117 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 4 сарын 3-ны өдрийн 117 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1984 оны 5 сарын 3-ны өдрөөс цаг бүртгэгчээр томилсон тушаал байхгүй, Монгол урлал сургуульд 1992 оны 9 сарын 16-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир О.Цд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 9-ний өдрийн 08/572 дугаартай “Хулд сумын Талын цэцэг нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 сарын 10-нд Талын цэцэг ББХК, 1996 оны 4 сарын 30-нд Талын цэцэг хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2005 оны 12 сарын 30-нд татан буугдсан болно” гэх тодорхойлолт
-Хулд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 9 сарын 1-ний өдрийн 36 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн хуулбар
-Хулд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 4 сарын 27-ны өдрийн 20 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн хуулбар
-Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1987 оны 8 сарын 21-ний өдрийн 34 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”
-1985 оны 3 сарын 29-нд О.Цд олгосон 602470 дугаартай, 1982-1988 оны цалин болон татварын бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх
-О.Цд Хулд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1986 оны 1 сарын 18-ны өдөр олгосон, 075307 дугаартай, 1983-1995 оны тушаалын бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
-Дундговь аймгийн Мандалговь хотын Монгол урлал сургуулийн захирлын 1992 оны 9 сарын 16-ны өдрийн 17 дугаартай “ажилд авах тухай” тушаалын хуулбар
-Дундговь аймгийн Мандалговь хотын Монгол урлал сургуулийн захирлын 1994 оны 12 сарын 31-ний өдрийн 26 дугаартай “багш ажилчдын хөдөлмөрийн дэвтрийг хаах тухай” тушаалын хуулбар
-Дундговь аймгийн Мандалговь хотын Монгол урлал сургуулийн захирлын 1995 оны 6 сарын 20-ны өдрийн 13 дугаартай “багш ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар
-Гэрч Х.Б-ын “...О.Ц нь 1982 онд илгээлт авч, 1983-1987 онд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан юм. 1987 оноос Улаанбаатар хотод багшийн сургуульд сурах гээд явсан юм. Би 1977-1987 онд Дундговь аймгийн Хулд сумын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга, 1987-2003 он Хулд суманд ерөнхий зоотехникч, мал зүйчээр ажиллаж байсан юм. Бид нэг нутагт, нэг байгууллагад ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг
-Гэрч С.Н-ийн “...О.Ц нь 1983 онд 10 дугаар анги төгссөн. О.Ц 1983 оны намар Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн үйлчлэгч, зарлагаар ажилд ороод 1987 он хүртэл ажилласан хүн. Тэр үед 10 дугаар анги төгссөн хүүхдийг 3 жил суманд нь ажиллуулж байж сургадаг байсан юм. О.Ц нь 1987 онд Багшийн дээд сургуулийн хэл уран зохиолын ангид элсэн суралцахаар болоод явсан хүн. Би 1985 оны 4 сараас 1990 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд талхчин, туслах үйлдвэрийн ажилтан байсан хүн. Би О.Цтэй нэг нэгдэлд ажиллаж байсан. Нэг нэгдэлд цөөхөн ажилчин, бид хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч Д.Б-ийн “...О.Ц нь 1992-1996 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд байсан Монгол урлал дунд сургуульд монгол хэлний багшаар ажилладаг байсан. Би Дундговь аймгийн Мандалговь хотын Төвийн бага сургуульд 1990-1996 онд бага ангийн багшаар, 1996 оноос 3-р дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажилласан. Дундговь аймгийн Сайнцагаан суманд байсан Монгол урлал дунд сургууль болон Дундговь аймгийн Мандалговь хотын Төвийн бага сургууль хоёр нийлээд Төвийн бага сургууль болсон. Энэ хоёр сургууль нийлэх үед О.Цтэй нэг сургуульд ажиллаж байсан учраас энэ хүнийг багш байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч А.Ц-ын “...О.Ц нь 1992-1996 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд байсан Монгол урлал сургуульд монгол хэлний багшаар ажилладаг байсан. 1996 оноос одоог Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байгаа юм. Би 1992-2018 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуульд монгол хэлний багшаар ажилласан хүн. Сургууль бүрийн нэг мэргэжлийн багш нар хамтарч ажиллаж, сургалт семинар зохион байгуулдаг байсан учраас энэ хүнийг багш байсан талаар нь мэдэж байна. 1996 оноос хойш бид нэг сургуульд багшилсан юм...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар О.Ц нь 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1984 оны 4 сарын 28-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр, 1984 оны 5 сарын 3-ны өдрөөс 1987 оны 8 сарын 7-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн нэгдсэн конторын цаг бүртгэгч, цэвэрлэгчээр, 1992 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Монгол урлал сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Оын Ц /ХЛ / нь 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1984 оны 4 сарын 28-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Хулд сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр, 1984 оны 5 сарын 3-ны өдрөөс 1987 оны 8 сарын 7-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн нэгдсэн конторын цаг бүртгэгч, цэвэрлэгчээр, 1992 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Монгол урлал сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У