Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ду  аймгийн Ба  сумын 3-р баг А  чулуут 2-р гудамж 5 тоотод оршин суух, Б овогт Бийн Н /ЗБ /-ын  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие  1975 оны 1 сарын 1-ний өдрөөс 1975 оны 3 сарын 14-ний өдөр хүртэл ус зөөгчөөр, 1975 оны 10 сарын 1-ний өдрөөс 1976 оны 9 сарын 5-ны өдөр хүртэл эмчилгээ тэжээлийн цэгт адуучинаар, 1977 оны 6 сарын 20-ны өдрөөс1980 оны 6 сарын 22-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан, 1980 оны 7 сарын 19-ний өдрөөс 1988 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд сүү тосны туслах, гэрлийн моторчин, худгийн мастераар, 1988 оны 5 сарын 1-ний өдрөөс 1992 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан суманд нүүдлийн киномеханикчаар, 1992 оны 5 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Жаргалан хоршоонд жолоочоор ажилласан. Иймд дээр хугацаанд  ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.Н нь  нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 Нэхэмжлэгч Б.Нын Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1975 оны 1 сараас 1988 оны 5 сарын 1-ний өдөр хүртэл усчин, сүү, тосны туслах, худгийн мастер, дизельчин, тус сумын Худалдаа бэлтгэлийн анги Жаргалант хоршоонд 1992 оны 5 сараас 1998 оны 2 сарын 1-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан тухай баримт зарим баримт байхгүй учир Б.Нтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 10 сарын 25-ны өдрийн 334 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 10 сарын 25-ны өдрийн 334 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1975 оны 1 сараас 1988 оны 5 сарын 1-ний өдөр хүртэл усчин, сүү, тосны туслах, худгийн мастер, дизельчин, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Жаргалант хоршоонд 1992 оны 5 сараас 1998 оны 2 сарын 1-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан тухай баримт зарим баримт байхгүй учир Б.Нтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй  байна...” гэх тодорхойлолт

-Б.Нын 356155 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 7 сарын 8-ны өдрийн 5876 дугаартай “Б.Н БХЯ-ны сайдын 1977 оны 6 сарын 10-ны өдрийн н/22 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1977 оны 6 сарын 20-нд хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 134 дүгээр ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1980 оны 6 сарын 2-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980 оны 6 сарын 22-ны өдөр 356155 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа

-Б.Нын 504438 дугаартай, 1982-1990 он дуустал цалин болон татварын бичилттэй, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

-Б.Над  1989 оны 10 сарын 10-ны өдөр олгосон 257 дугаартай, кино механикчийн мэргэжлийн 3-р зэрэг олгосон үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

-Б.Над 1981 онд олгосон, 76 дугаартай, өрөмдмөл худгийн моторчины 3-р зэрэг олгосон үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

-Б.Над 1988 оны 8 сарын 23-нд олгосон, 1975-1992 оны ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

-Б.Над 1990 оны 6 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн АДХГЗахиргаанаас олгосон VIII дугаар таван жилийн гавшгайчийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

-Б.Нын 1977, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985,т1986, 1988, 1991, 1992, 1993, 1994, 1995 оны цалингийн баримтууд,

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1980 оны 7 сарын 20-ны өдрийн 28 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1980 оны 10 сарын 14-ний өдрийн 39 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1980 оны 12 сарын 11-ний өдрийн 48 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1982 оны 11 сарын 9-ний өдрийн 55 дугаартай “зарим хүмүүст ажил хавсруулан томилох тухай” тушаалын хуулбар

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1985 оны 3 сарын 29-ний өдрийн 15 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1988 оны 1 сарын 11-ний өдрийн 3 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд хавсруулан хариуцуулах тухай” тушаалын хуулбар

-Дундговь аймгийн Талын туяа кинотеатрын даргын 1988 оны 5 сарын 1-ний өдрийн 17 дугаартай “ажилд авах тухай” тушаалын хуулбар

-Дундговь аймгийн кино үзвэрийн газрын захирлын 1992 оны 10 сарын 1-ний өдрийн А/21 дугаартай “сумдын пүүсүүдийн кино механикчдын харьяалал өөрчлөх техник хэрэгсэл шилжүүлэх тухай

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 08/649 дугаартай “тус аймгийн Баянжаргалан  сумын Ардын жаргал нэгдэл нь 1956 оны 2 сарын 22-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 сарын 25-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн 1992 оны 11 сарын 4-нд Ардын жаргал хувьцаат компани болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 08/651 дугаартай “Сайнцагаан сумын кино үзвэрийн газар нь 1991 оны 4 сарын 26-нд байгуулагдан 1991 оны 4 сарын 30-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн болно”  гэх тодорхойлолт

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 08/650 дугаартай Дундговь аймгийн Баянжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн трест нь 1991 оны 2 сарын 29-нд Жаргалан хэрэглээний хоршоо болж өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт

-Гэрч Н.Б-ы “...Б.Н нь 1992 оны 5 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Жаргалан хоршоонд тракторын жолоочоор ажилласан хүн. Тэр байгууллага нь Баянжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн анги нэртэй байгууллага байж байгаад хувьчлагдаад Жаргалан хоршоо болсон юм. Би 1990-1992 Баянжаргалан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дарга, 1992-1993 он хүртэл Жаргалан хоршооны даргаар ажиллаж байсан юм. Б.Н манай хоршоонд Очирпүрэв гэдэг жолоочийн оронд ажилласан юм...” гэх мэдүүлэг

-Гэрч Д.О-ийн “...Б.Н нь 1975-1977 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд уус зөөдөг байсан. Б.Н нь 1977-1980 онд цэргийн алба хаасан, 1980-1988 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн сүү тосны туслах, худгийн туслах, даргаар тус тус ажилласан хүн. Би 1980-1982 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эмийн санд үйлчлэгчээр, 1982-1994 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн зочид буудлын үйлчлэгчээр ажилласан хүн. Бид нэг нэгдэлд ажиллаж байсан, Б.Нын гэр нь манай гудамжинд байдаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг

-Гэрч Г.Э-ын “...Б.Н нь 1975-1977 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд уус зөөдөг, ус түгээдэг байсан. Б.Н нь 1977-1980 онд цэргийн алба хааж ирсэн. Б.Н нь 1980-1992 он хүртэл, сүү түгээгч, цөцгий цохьдог, трактор жолооддог, тэжээл цехэд ажилладаг байсан юм. 1992-1994 онд Худалдаа бэлтгэлийн анги нь  Жаргалант хоршоо болсон, тэр хоршоонд Б.Н тракторын жолоочоор тус тус ажилласан хүн. Би 1982-1992 он дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн тэжээлийн цехийн ажилтан байсан юм. Бид нэг нэгдэлд ажиллаж байсан, нэг нутгийн хүмүүс учраас энэ хүний ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг зэрэг  баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Н нь 1975 оны 1 сарын 1-ний өдрөөс 1977 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1980 оны 7 сарын 19-ний өдрөөс 1988 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн сүү тосны туслах, худгийн мастер, худгийн группын даргаар, 1988 оны 5 сарын 1-ний өдрөөс 1992 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан суманд нүүдлийн кино механикчаар, 1992 оны 5 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Жаргалан хоршоонд жолоочоор тус тус ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Бийн Н /ЗБ / нь 1975 оны 1 сарын 1-ний өдрөөс 1977 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1980 оны 7 сарын 19-ний өдрөөс 1988 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн сүү тосны туслах, худгийн мастер, худгийн группын даргаар, 1988 оны 5 сарын 1-ний өдрөөс 1992 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан суманд нүүдлийн кино механикчаар, 1992 оны 5 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Жаргалан хоршоонд жолоочоор тус тус ажиллаж  байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У