| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 118/2025/0009/3 |
| Дугаар | 221/МА2025/0557 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0557
Р.Б-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Э.Р
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Р.Б
Хариуцагч З аймгийн НДГ
Хариуцагч З аймгийн НДГ-ын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 118/ШШ2025/0019 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Э.Р, А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 118/2025/0009/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Б нь З аймгийн НДГ-т холбогдуулан “Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах”, З аймгийн НДГ-ын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд холбогдуулан “Тус зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.14.1, 37.14.9, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Р.Б-д хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоохоос татгалзсан З аймгийн НДГ-ын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн З аймаг дахь нефть хангамжийн салбарын шатахуун түгээх станцын нефть хангамжийн операторчны ажлаас чөлөөлөгдсөний дараа хуульд заасан шаардлагад нийцүүлэн гаргасан нэхэмжлэгч Р.Б-ын хүсэлтийг үндэслэн түүнд хөдөлмөрийн хөнгөлөлттэй (хортой) нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг З аймгийн НДГ-т даалгаж”, 2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “З аймгийн НДГ-ын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай тус салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй”-ын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох шаардлагыг даатгуулагч Р.Б нь хангахгүй байгаа гэж үзэж байна.
3.2 Иймд З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Э.Р нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Анх Р.Б-ыг “Н” ХХК-ийн З аймаг дахь салбарын даргын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар тушаалаар “төвийн * дүгээр шатахуун түгээх станцын түгээгч”-ээр томилсон бөгөөд одоог хүртэл тус байгууллагад нефть хангамжийн операторчноор ажиллаж байгаа. “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ** дүгээр тушаалаар “Нефтийн бүтээгдэхүүн болон шатахууны бүх төрлийг түгээх төхөөрөмжийг биечлэн удирдан ажиллуулах ажил, үүргийг гүйцэтгэж буй шатахуун түгээх станцын ажилтнуудын албан тушаалын нэршлийг ажил үүрэгтэй нь уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс шатахуун түгээх станцын эрхлэгч - түгээгчийг “Нефть хангамжийн ахлах операторчин”, шатахуун түгээх станцын түгээгчийг “Нефть хангамжийн операторчин” албан тушаалын нэршлээр нэрлэж, албан тушаалын нэршилд өөрчлөлт оруулжээ.
3.1 Нэхэмжлэгч Р.Б нь хөдөлмөрийн хортой нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан тул тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэн гэж З аймгийн НДГ-ын тэтгэврийн байцаагчтай биечлэн уулзсан, мөн бичгээр өргөдөл гаргасан бөгөөд З аймгийн НДГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичгээр “Н” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ** дүгээр тушаалаар шатахуун түгээх станцын түгээгчээр ажилласан хугацааг хөнгөлөлттэй нөхцөлд оруулан тооцож тэтгэвэр тогтоох боломжгүй гэдэг хариуг өгсөн.
3.2 Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай” 01/*** дүгээр албан бичгээр “...Уг жагсаалтын Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсгийн 2.19-д заасан “...нефть хангамжийн операторчин...” ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд ...шатахуун түгээх газрын “түгээгч” болон “нефть хангамжийн операторчин” ажил уг жагсаалтад тусгагдаагүй..., өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэжээ.
3.3 Улмаар Р.Б эс зөвшөөрч гомдол гаргасан, З аймгийн НДГ-ын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар албан бичгээр “ ...“Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2.19-д хамаарахгүй, хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлд тооцох боломжгүй” гэж, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32/** дугаар шийдвэрээр “Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар тогтоолыг хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэсэн байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.4-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй”, 5.3-д “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заажээ.
5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дүгээр тушаалын 1 дэх заалтаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг нэгдүгээр, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ыг хоёрдугаар хавсралтаар баталсан.
6. Дээрх “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл 2.19-д “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн 8-д Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн (Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт), код 8131-13, Нефть хангамжийн операторчин (Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт) гэж зааснаас үзэхэд нефть хангамжийн операторчин (шатахуун түгээх станцын түгээгч) ажил нь “хөдөлмөрийн хортой нөхцөл” ангилалд хамаарч байна.
7. Мөн “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 1.2-т “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно”, 2.2-т “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтыг хэрэглэхдээ энэ журмын 2.1-д зааснаас гадна дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалтыг харгалзана”, 2.6-д “Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/** дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно” гэж тус тус журамлан зохицуулжээ.
8. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны ** дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой,халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл, 14-д “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, мехаН, гагнуурчин, сантехНийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж тус тус нэрлэн заасан.
9. Нэхэмжлэгч Р.Б нь “Н” ХХК-ийн З аймаг дахь салбарт “нефть хангамжийн операторчин”-оор 12 жил 5 сар, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /2012/-д заасан нөхцөл, болзлыг хангаж нөхөн тооцсон хугацаа 9 жил 4 сар, нийт 21 жил 9 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллаж байгаа болох нь ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
10. Дээрх хууль тогтоомжуудаас үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон өмнө нь үйлчилж байсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын аль алинд нь нефть боловсруулах үйлдвэрийн “нефть хангамжийн операторчин” буюу “шатахуун түгээх станцын түгээгч”-ийн ажил, мэргэжил нь “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох шаардлагыг хангаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
11. Мөн одоогоор Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байхгүй бөгөөд Монгол Улсад нефтийн төрлийн бодистой харьцдаг хамгийн түгээмэл ажил мэргэжил болох нефт жижиглэнгээр борлуулдаг шатахуун түгээх газрын “нефть хангамжийн операторчин” ажил, мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байна.
12. Анхан шатны шүүхийн “...Нефть боловсруулах үйлдвэр Монгол Улсад бий болоогүй нь илэрхий үйл явдал ба “нефть”-ийн төрлийн бодистой байнга харьцдаг, шатахуун түгээгч, нефть хангамжийн операторчны ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог нь бензин шатахуунтай, тэсэрч дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг худалдан түгээх замаар хортой нөхцөлд ажилладаг нь түгээмэл, нийтэд илэрхий тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамааруулан ойлгох нь зүйтэй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
13. Хариуцагчаас Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны ** дугаар тушаал болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/*** дүгээр тушаалуудын хавсралтаар баталсан жагсаалтад заасан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамаарна гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, журмын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
14. З аймгийн НДГ-ын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
15. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж тус тус заасан.
16. З аймгийн НДГ-ын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны ** дугаар албан бичээр нэхэмжлэгчид “...ажилласан хугацааг хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлд тооцох боломжгүй” талаар хариу өгсөн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байх тул уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
17. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Э.Р нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Э.Р нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА