Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 03

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч С.Отгонмөнх, Э.Болдбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0-165/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Сэр-Одын Отгонмөнх, Харчу овогт Энхжаргалын Болдбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031182 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын нимгэн төмрийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамжны 366/б/ тоотод оршин суух, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Боржигон овогт Сэр-Одын Отгонмөнх /РД:ШГ86071411/

            2. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номин дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамжны 373 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Харчу овогт Энхжаргалын Болдбаатар /РД:ШГ86112479/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч С.Отгонмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Болдбаатартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9 дүгээр гудамжны үзүүрт зүс таних хохирогч С.Зоригттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9 дүгээр гудамжны 366 тоотод өөрийнхөө хашаанд хадам ээж болох хохирогч С.Алтанжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Отгонмөнхтэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9 дүгээр гудамжны үзүүрт зүс таних хохирогч С.Зоригттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Отгонмөнх, Э.Болдбаатар нар нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9 дүгээр гудамжинд хохирогч С.Зоригтыг гэрч Г.Гансүхийг өмөөрч маргалдахад С.Отгонмөнх хохирогчийг боож, нүүрэн хэсэгт цохиход Э.Болдбаатар нь хавсарч унагаан дээрээс нь нийлж өшиглөн зодсоныг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч С.Отгонмөнх нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9 дүгээр гудамжны 366 тоотод өөрийнхөө хашаанд хадам ээж болох хохирогч С.Алтанжаргалыг “...хар шөнө согтуу байж унтаж байгаа хүүхдийг авч явж яах гээд байгаа юм...” гэж хэлэхэд нь “би таныг ямар санаатай цохьсон юм уу балиар авгай минь” гэж маргалдан согтуу ороод ирэхэд гудамжины архичин гар гэж хөөсөн. Мөн өмнө нь хооронд мөнгөний асуудал байсан зэргээс түүнийг нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисныг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж тухайн төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч С.Отгонмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Э.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч С.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Гансүхийг өмөөрсөнөөс болж л Отгонмөнх, Болдбаатар, Тэмүлэн нар зодсон. Би тухайн үед Отгонмөнх Гансүхийг цохиод авлаа гэж хараад өмөөрсөн юм. Тэгээд Отгонмөнх дээр очоод маргаан хийж, сүүлдээ зодоон болсон. Отгонмөнх намайг боож аваад нүүрэн хэсэгт цохьсон. Тэгтэл Болдбаатар ирээд намайг хавсарч унагаасан. Тэгээд тэр 2 нийлээд миний дээрээс өшиглөсөн. Тэр үед өөрийгөө хамгаалах зорилгоор газраас чулуу шороо аваад цацсан. Болдбаатар, Отгонмөнх нар зодоон хийж дуусаад надаас салаад цаашаа явахдаа Тэмүлэнтэй уулзаад явах шиг болсон. Чулуугаар цохьсон асуудлыг би худлаа хэлсэн юм. Би өөрөө газраас чулуу авч Болдбаатар, Отгонмөнх нар руу чиглүүлэн шидсэн. Би томографийн зураг авахуулсан. 150.000 төгрөгийн зардал гарсан. Цаашид эмчилгээний хийлгэмээр байна. Би хохирлын мөнгө болох 600.000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд суухгүй. Би одоо дахиад самарт явах гэж байгаа. Утас холбогдохгүй учраас холбоо барих боломжгүй болчих байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25, 26-27/

             4. Хохирогч С.Алтанжаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3-6 насны 3 ачтайгаа хамт унтаж байтал шөнө 01 цагийн үед манай хүргэн Отгонмөнх согтуу орж ирээд хүүхдээ гэрлүүгээ авч явна гээд байхаар нь би хар шөнө согтуу байж унтаж байгаа хүүхдийг авч явж яах гээд байгаа юм гээд хэлсэн. Тэгтэл миний өвөрт унтаж байсан 3 настай хүүхдээ татаад миний дагз руу санамсаргүй цохьчихоор нь би яагаад намайг цохиод байгаа юм гэж хэлсэн чинь би таныг ямар санаатай цохьсон юм уу балиар авгай минь гэж хэлэхээр нь нүүрлүү нь би алгадсан. Тэгтэл миний нүүрлүү 1 удаа цохихоор нь би зөрүүлээд алгадсан чинь дахиад миний нүүрлүү 1 удаа гараараа цохьсон...хүргэн Отгонмөнх бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Хохирлын хувьд ямар нэгэн маргаан байхгүй болсон иймд уг асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/

             5. Гэрч Б.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016.08.07-ны өдөр би С.Зоригт болон тэр хөрш айлын хүмүүстэйгээ хамт Богд уулруу самранд явсан байсан. 2016.08.14-ний өдөр манай нөхөр ганцаараа уулнаас буугаад түүсэн самраа тушаагаад хүнсний материал аваад ирнэ гэж хэлээд явсан. Тэгтэл шөнийн 00 цагийн үед манай нөхөр надруу залгаад “Би Анужин, Отгоо, Болдоо нартай маргалдаад зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед сүртэй зүйл болоогүй байх гэж бодоод тоогоогүй юм. Маргааш нь би гэртээ ирээгүй. Харин дахин нэг хоногийн дараа сураг сонсоход манай нөхрийн нүүр ам их хавдартай байна гэж хэлсэн. Тэгээд би уулнаас бууж ирээд нөхрийгөө харахад нүүр толгой нь хавдчихсан байсан. Тэгээд би Анужин, Отгоо, Болдоо нартай уулзаад “Та нар яахаараа манай нөхрийг зоддог юм бэ” гэж хэлээд орилсон, тэгээд шүүх цагдаа гэхгүй хоорондоо тохиролцоод салъя гэж бодоод хэлсэн. Манай нөхрийн томографийн зургийг авахуулаад өгчих гэж хэлэхэд зургийг нь авахуулаагүй. Өөрсдөө архи уугаад зогсож байсан. Тэгэхээр нь би хүнд өгөх гэж байсан мөнгөөрөө нөхрийнхөө толгойны зургийг авахуулж цагдаад өргөдөл гаргасан юм. Түүнээс хойш дахин уулзаагүй юм...Манай нөхөр надад хэлэхдээ “Гансүх гэх залуутай зогсож байхад танай нөхөр Анужин, Болдбаатар, Отгонмөнх нар ирээд маргаан үүсгэсэн” гэж надад хэлсэн. Танай нөхөр Анужин, Болдбаатар, Отгонмөнх нар Гансүх гэх залуутай маргалдахаар нь өмөөрөөд маргаан гаргасан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

            6. Гэрч Б.Чимэдийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…зодоон хийсний маргааш нь би мэдсэн. Зоригт манайд ээжтэйгээ хамт ирээд гомдолгүй гээд гарсан. Тэгтэл удалгүй цагдаад өргөдөл өгсөн байсан. С.Отгонмөнх одоо 4 хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. 3-8 насны сургууль цэцэрлэгийн хүүхдүүд байдаг. Эхнэр нь Солонгост ажиллаж байгаа. Би мэдсэн. Тухайн үед маргалдсан, цагдаад өргөдөл өгсөн талаар хэлж байсан. Хадам ээж нь гомдолгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

            7. Гэрч Г.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би тухайн өдөр ажлаасаа 19 цаг өнгөрөөгөөд ирсэн. Би тухайн үед согтуу байсан бөгөөд орой дэлгүүрээс тамхи авах гэж яваад Зоригттой тааралдсан. Тухайн үед Зоригт толгой дээрээ шуудайтай зүйл барьсан байсан. Тэгээд би Зоригттой юм яриад зогсож байхад Отгонмөнх, Болдбаатар, Тэмүлэн нар гарч ирсэн. Эхлээд Отгонмөнх, Болдбаатар, Тэмүлэн нар дэлгүүр орох шиг болсон. Тухайн үед би согтуу байсан учраас яг болсон асуудлын талаар тодорхой санахгүй байгаа. Гэхдээ Отгонмөнх бид 2-ыг юм яриад зогсож байхад Зоригт ирээд намайг өмөөрсөн. Отгонмөнх бид 2-ыг маргалдаж байна гэж бодсон шиг байсан. Отгонмөнх, Зоригт нарыг маргалдаж байхад эхлээд дэлгүүрээс Болдбаатар гарч ирсэн. Дараа нь Тэмүлэн гарч ирээд надтай маргалдсан. Их удаан зодоон болоогүй, удалгүй маргаан салсан. Хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна, цагдаагийн алаг машин ирсэн байсан. Намайг цагдаагийнхан хэрэггүй гэсэн, тэгээд би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/

            8. Гэрч С.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016.08.14-ний орой 22-23 цагийн орчим би гэртээ зурагт үзээд унтах гээд хэвтэж байхад манай хашааны хаалга хүчтэй дуугараад эхэлсэн. Тэгэхээр нь би юу болов гээд гараад харахад манай хашааны үүдэн дээр зүс таних Зоригт гэдэг залуу газарт уначихсан, харин Болдбаатар, Отгонмөнх нар дээрээс нь гараараа цохиж, өшиглөж байсан. Тэгэхээр нь би салгах гээд нэрээр нь дуудаад орилсон. Харин тэд нарын хажууд Гансүх гэдэг залуу Тэмүлэн /Анужин/ нар заамдалцаад зогсож байсан. Тэгээд Отгонмөнх, Болдбаатар нар Зоригтыг зодоод салахгүй байхаар нь би хашааны үүдэн дээр ямар нэгэн асуудал гарах байх гэж бодоод шууд цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудсаныг мэдээд тэд нар бүгдээрээ зугтаагаад алга болсон. Харин Зоригт үлдсэн бөгөөд хэсэг хугацаанд доошоо харж сууж байгаад шуудайтай самараа үүрээд яваад өгсөн. Тэгтэл удалгүй цагдаа ирсэн, цагдаа ирэхээр болсон асуудлын талаар хэлсэн. Тэр үед Зоригтын ээж нь бололтой хүн гараад ирчихсэн цагдаа нартай уулзаж байсан. Тэгээд би ерөнхийдөө энэ хавийн хүүхдүүд байгаа юм гэж цагдаа нарт хэлсэн. Отгонмөнх, Болдбаатар нар Зоригтыг газарт унагаасан өшиглөж байсан. Яг хэн нь өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Харин Тэмүлэн, Гансүх нар заамдалцаад зогсож байсан. Отгонмөнх, Болдбаатар, Зоригт нарын зодоонд Тэмүлэн, Гансүх нар оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/

            9. Гэрч С.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016.08.14-ний өдрийн орой гэртээ унтах гээд байж байхад манай гэрийн хашааны хаалга дуугараад эхэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн эгч Алтангэрэлийн хамт гэрээсээ гарсан. Гэрээс гараад хашааны завсараар харахад Зоригт, Отгонмөнх нар нэг нэгийгээ заамдаад боолцож байсан. Харин хажуу талаас нь Болдбаатар орж ирээд Зоригтын нүүрэн хэсэгт цохьсон. Харин Тэмүлэн /Анужин/ цаана нь Гансүх гэх залуутай маргалдаад зогсож байгаа харагдсан. Тухайн үед манай эгч цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд бүгдээрээ алга болчихсон. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Отгонмөнх, Болдбаатар, Зоригт нар нэг нэгнийгээ гар хөлөөрөө цохиод дээр доороо ороод л байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисоныг хараагүй. Харин Тэмүлэн энэ зодоонд оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/

             10. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№11428/-ын дүгнэлт:

                        -С.Зоригт-н биед баруун дээд зовхи, зүүн дээд, доод зовхи, хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, бүсэлхийнд зулгаралт, баруун, зүүн бугалга, зүүн чихний ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 49/

            11. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№13649/-ын дүгнэлт:

                        -Алтанжаргалын биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, эрүү, хүзүү, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 55/

             12. Яллагдагч С.Отгонмөнхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Гансүх, Зоригт нартай тааралдаад мэндэлсэн. Тэгээд Тэмүлэн, Болдбаатар нар дэлгүүр орсон. Харин тэр үед би ганцаараа Гансүх, Зоригт нартай хамт үлдсэн. Тэгтэл Зоригт намайг заамдаж аваад “чи муу бацаан хэн бэ” гээд байсан. Тэр үед Болдбаатар эхлээд дэлгүүрээс гараад ирсэн. Харин араас нь Тэмүлэн гарч ирээд Гансүхтэй дэлгүүрийн цаад буланд юм яриад зогсож байх шиг байсан. Яг юу хийж байсан талаар хараагүй. Харин би Болдбаатартай хамт Зоригттой зодолдсон...Намайг согтуу ороод ирэхэд гудамжины архичин гар гэж хөөсөн. Мөн өмнө нь ээж бид 2-ын хооронд мөнгөний асуудал байсан. Тэгээд тэрийг яриад маргаан гаргаж байгаад цохиж гэмтэл учруулсан. Мөн ээж намайг зуураад алгадаад байсан. Тэгээд би уурандаа ийм буруу үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87/

             13. Яллагдагч Э.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн найзууд болох С.Отгонмөнх, Т.Тэмүлэн нарын хамт өөрийнхөө гэрт архи уусан. Орой 22 цагийн орчим дахин нэг шил архи авахаар Арцатын 9 дүгээр гудамжинд байдаг дэлгүүр рүү явсан. Би С.Отгонмөнх, Т.Тэмүлэн нарын хамтаар дэлгүүрийн гадаа ирсэн. Би Тэмүлэнтэй хамт дэлгүүрт ороод нэг шил архи аваад түрүүлээд гараад ирэхэд С.Отгонмөнх Зоригттой нэг нэгнийгээ заамдаж аваад зогсож байсан. Тэгээд би зодооныг салгах гээд очиход С.Отгонмөнхийн толгойноос цус гарсан байсан. Тэгээд би Зоригт дээр очоод 2 гарыг нь тавиулах гэхэд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би Зоригтын нүүрэн хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохьсон. Отгонмөнх тэр үед ар талаас нь хавсараад унагаасан. Тэгээд бид 3 дээр доороо ороод газар өнхрөлдсөн. Тэгтэл зүс таних Алтаа эгч /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ цагдаа дуудчихлаа гэж орилсон. Тэгэхээр нь бид нар шууд зугтаасан. Тэр өдөртөө бид нар  цагдаа дээр очоогүй. Харин маргааш нь бид нар Зоригттой уулзаад бариач дээр дагуулан очсон. Мөн архи авч өгөөд хамт уусан. Тэгээд гомдолгүй гээд салцгаасан. Удалгүй хэд хоногийн дараа цагдаад өргөдөл гаргасан талаар мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Болдбаатар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 92/-аар,

            Шүүгдэгч С.Отгонмөнх нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94,103-104/-аар тус тус тогтоогдож байна. Иймд С.Отгонмөнх, Э.Болдбаатар нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№11428, №13649/-уудын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч С.Отгонмөнх, Э.Болдбаатар нар нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9 дүгээр гудамжинд хохирогч С.Зоригтыг гэрч Г.Гансүхийг өмөөрч маргалдахад С.Отгонмөнх хохирогчийг боож, нүүрэн хэсэгт цохиход Э.Болдбаатар нь хавсарч унагаан дээрээс нь нийлж өшиглөн зодсоныг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн бие махбодид “...баруун дээд зовхи, зүүн дээд, доод зовхи, хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, бүсэлхийнд зулгаралт, баруун, зүүн бугалга, зүүн чихний ард цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч С.Отгонмөнх нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9 дүгээр гудамжны 366 тоотод өөрийнхөө хашаанд хадам ээж болох хохирогч С.Алтанжаргалыг “...хар шөнө согтуу байж унтаж байгаа хүүхдийг авч явж яах гээд байгаа юм...” гэж хэлэхэд нь “би таныг ямар санаатай цохьсон юм уу балиар авгай минь” гэж маргалдан согтуу ороод ирэхэд гудамжины архичин гар гэж хөөсөн. Мөн өмнө нь хооронд мөнгөний асуудал байсан зэргээс түүнийг нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисныг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн бие махбодид “...зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, эрүү, хүзүү, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж тухайн төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн гэж тус тус үзнэ.

Иймд шүүгдэгч С.Отгонмөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Э.Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогч С.Зоригтод 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, тэдгээрийн хувийн байдал /шүүгдэгч С.Отгонмөнх нь 3-8 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа/, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан С.Отгонмөнхөд 350 цагийн хугацаагаар, Э.Болдбаатарт 320 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографийн зураг 1 ширхэг, томографийн бичлэг бүхий диск 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч С.Зоригтод буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Отгонмөнх, Э.Болдбаатар нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Сэр-Одын Отгонмөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Харчу овогт Энхжаргалын Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Сэр-Одын Отгонмөнхийг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар, Харчу овогт Энхжаргалын Болдбаатарыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. С.Отгонмөнх, Э.Болдбаатар нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографийн зураг 1 ширхэг, томографийн бичлэг бүхий диск 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч С.Зоригтод буцаан олгосугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Отгонмөнх, Э.Болдбаатар нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР