Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0874

 

 

 

 

 

 

2021 12 15 128/ШШ2021/0874

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ОХУ-ын иргэн П

Нэхэмжлэгч: ОХУ-ын иргэн Р

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Хариуцагч: Нийслэлийн орон сууцны корпораци ХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 1987 онд хураалгасан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол,**** тоот орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, орон сууцыг олгох асуудлыг шийдвэрлэж, олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П, түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Анх 1987 он П миний ажиллаж байсан Дулааны шугам сүлжээний газраас 20 гаруй жил орон сууц олгох дарааллын дагуу надад орон сууц олгосон. Тухайн үед Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол,*** тоот орон сууцанд манай хадам ээжийн нэр дээр бидний амьдарч байсан байрыг Хотын гүйцэтгэх захиргаа буюу одоогийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шаардлагаар тэр үеийн нэг гэр бүл нэгээс дээш сууц эзэмших ёсгүй гэсэн дүрэм журмыг мөрдөж, мөн хүүхдүүд хуулийн насанд хүрээгүй байсан учир байраа манай хүүхдүүд насанд хүрэх хүртэл Монгол Улсад ашиглуулахаар Хотын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэн өгөхөөс өөр аргагүй болсон. Миний эхнэр В 1967 оноос одоог хүртэл Улсын Багшийн Их Сургууль, Орос хэлний дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Москвагийн эрчим хүчний их сургуулийн филиал, Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орос хэлний багшаар тасралтгүй ажиллаж, олон мянган шавьтай болж, төр засаг, яамны хайр хүндэтгэл, олон арван гавъяа шагналыг хүртэн салбар байгууллагын үүрэг, ажлын шаардлагыг урьтал болгож ирсэн бөгөөд тухайн үеийн Хотын захиргаанаас 1972 онд олгосон Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол,* дугаар байранд 1987 он хүртэл амьдарч байсан. 1998 оноос хойш бид хураалгасан байраа буцааж авахаар Хотын захирагчийн ажлын албанд хандаж, Хотын захиргааны удирдлага бидэнд шийдвэр гарахаар олгож өгнө гэж олон жил амлаж хүлээлгэсэн бөгөөд хураалгасан байрны оронд 2001 онд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын * дүгээр байрны **тоот орон сууц суларсан байсан тул, П, В бид хоёр, 5/956 дугаартай албан бичгийн дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Л., Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б нарт хандаж уг байрыг олгуулахаар хүсэлт гаргасан нь нааштай шийдэгдсэн. Ийнхүү бидний нэр дээр орон сууцны гэрчилгээ бичигдэж, гарахын даваан дээр ямар ч үндэслэлгүйгээр Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам бидний урдуур орж, олгогдох байсан орон сууцыг маань булаан авсан.

Иймээс бид урьд нь хураалгасан байрны оронд түүнтэй дүйцэх байрыг олгуулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагад хандан дахин хүсэлтээ тавьж, эдгээр байгууллагууд ч урьдын адилаар хүлээж бай, дараалалд орсон, дугаар чинь болоогүй байна гэж хүлээлгэсээр байсан боловч гэнэт 2020 оны 6 дугаар сараас орон сууц олгох асуудлыг Нийслэлийн орон сууцны корпораци хариуцдаг болсон тул тус байгууллагад хандахыг зөвлөсөн бөгөөд ийнхүү зөвлөсний дагуу миний бие Нийслэлийн орон сууцны корпорацид хандахад ... хураалгасан байрыг буцаан олгох асуудлыг чиг үүргийнхээ хүрээнд манай байгууллага хариуцахгүй... талаар хариу өгсөн. Үүнийг нь сонсоод бид дахин Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хотын захирагчийн ажлын албанд хандсан боловч шийдвэрлэхгүй, орон сууцны корпораци руу түлхсээр байна. Бидний хувьд амьдарч байсан байраа тухайн үеийн хууль дүрмийг биелүүлэн хураалгасан бөгөөд хууль журмын дагуу уг байртай дүйцэх байрыг буцаан олгуулахаар олон жил хөөцөлдсөн боловч холбогдох төр захиргааны байгууллагуудын зүгээс энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа татгалзаагүй, холбогдох дарга нар нь шийдвэрлэж олгохоор нааштай шийдвэрийг гаргаж байсан, мөн шийдвэр гарахаар олгоно, хүлээж бай, орон сууц олгох дараалалд оруулах зэргээр итгэл төрүүлэн явсаар маш их цаг хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед төрийн байгууллагуудын зүгээс олгохгүй гэж огт хэлэхгүй шийдвэрлэнэ гэж хэлж, орон сууц олгуулах дараалалд хүртэл оруулсан байсныг бидний зүгээс хууль журамд заасны дагуу хүсэлт өргөдлийг маань шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна гэж үзэж, хүлээцтэйгээр хүлээсээр ирсэн бөгөөд эдгээр үйлдлүүдийг нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй байгаа болно. Гэтэл сүүлдээ буюу 2020 оны 6 дугаар сараас хойш 2 байгууллага хоорондоо бидний асуудлыг шилжүүлж, шийдвэрлэхээс зайлсхийж эхэлсэн тул ийнхүү шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрээд байна.

Бидний амьдарч байсан орон сууцыг хураан авсан байгууллага болох Хотын гүйцэтгэх захиргаа буюу одоогийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь буцаан олгох асуудалд зайлшгүй оролцож, шийдвэрлэх ёстой хариуцах эзэн нь мөнөөсөө мөн бөгөөд одоо үйлчилж байгаа Орон сууц хувьчлах тухай хууль, Орон сууцны тухай хуулиуд болон холбогдох бусад хууль журамд зааснаар Нийслэлийн орон сууцны корпораци нь орон сууц олгох, хувьчлах асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан байгаа тул мөн энэхүү асуудлын хариуцах эзэн мөн гэж үзэж байна. Иймд 1987 онд хураан авсан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол *** тоот орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, орон сууцыг олгох асуудлыг шийдвэрлэж, олгохыг даалгах шийдвэрийг хууль журмын дагуу гаргаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1987 онд хураан авсан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, *** тоот орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, орон сууц олгох асуудлыг шийдвэрлэж, олгохыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа.

Манайх 1987 онд 12 дугаар хорооллын 3 дугаар байрны *** тоот 1 өрөө байранд амьдарч байсан. Тухайн орон сууц нь манай хадам ээжийн орон сууц байсан юм. Манай хадам ээж Бактерлогийн институтэд лаборантаар олон жил ажиллаж байсан. Тухайн ажлын газраас нь манай хадам ээжид тухайн орон сууцыг олгосон. 1987 он гэхэд тухайн байрандаа амьдарч байсан. Би өөрөө 1968 их сургууль төгсөж, Төв эрчим хүчний системд 2007 он хүртэл ажилласан. Манай ажлын газраас орон сууцны дарааллын дагуу орон сууц олгосон. Тухайн байрыг олгохдоо нэг нөхцөлтэй олгосон. Тэр нөхцөл нь хуучин амьдарч байсан байрыг улсад хураалгаад, хүүхдүүд чинь нас биед хүрэх хүртэл танай байрыг улс ашиглаж, хэрэглэнэ. Хүүхдүүдийг чинь нас биед хүрэхээр нөхцөлийг нь сайжруулж, 1 өрөө байрыг 2 өрөө байр болох байх гэж хэлж байсан. Тэгээд тухайн байраа хураалгаад ажлын газраас өгсөн байрандаа одоог хүртэл амьдарч байна.

1990-ээд оноос тухайн хураалгасан байраа буцааж авахаар хөөцөлдсөн. Миний хүүхдүүд нас биед хүрсэн учраас хураалгасан байраа буцааж авахаар хөөцөлдсөн. Тэгэхдээ бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа хандаж байсан. Бид нарт байр олгохгүй гэсэн хариу өгөөгүй. Манайхтай адил байраа хураалгасан өөр айлууд байдгийг би сүүлд нь мэдсэн. Байраа хураалгасан хүмүүсийн дараалал байдаг юм байна. 2007 онд манайх тухайн дарааллын 8 дугаарт байсан. 2008 онд хотод үймээн гарсан байсан учраас байрныхаа дарааллын талаар хөөцөлдөх гэж яараагүй. 2007 онд гал түймэр унтраахаар явсан онгоц сүйрсэн, үүнээс болж манай дараалал хойшилж 11 дүгээрт бичигдсэн.

2001 онд 40 мянгатын Чингэлтэй дүүргийн 1 хорооны 4 дүгээр байр, ** тоотод оросын иргэд амьдардаг таньдаг айл байсан. Тухайн байранд амьдарч байсан ээж, хүү хоёр нас барсан. Тухайн байрыг авахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улсын Их Хурлын дарга Л өргөдөл өгсөн. Тэгээд Улсын Их Хурлаас нааштай хариу ирсэн. Мөн Нийслэлийн Засаг дарга М...В багшид нэгдүгээр дараалалд байр олгоё... гэж цохолт хийсэн байсан. Миний өгсөн өргөдөл дээр цохолт хийсэн байсныг би өөрөө харсан. Тэр өргөдөл архивд байхгүй, хаана байгааг нь одоо мэдэхгүй байна. Тухайн байрыг бид нарт өгөөгүй, Москвитин гэдэг хүнд олгосон. Ямар үндэслэлээр Москвитинд олгосныг мэдэхгүй байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нарийн бичгийн дарга н манайх руу утасдаж ...Танай өргөдлийн тухайн байрыг олгох боломжтой. Тухайн байрны түлхүүр нь ирвэл танайд бичиг баримтыг нь бичиж өгнө... гэж хэлсэн. Тэгээд 10 хэдэн хоногийн дараа очиж уулзахад Москвитин гэдэг хүний нэр дээр тухайн байрны ордерыг бичиж өгсөн байсан. Ямар үндэслэлээр Москвитинд өгч байгаа юм бэ гэж асуухад н.Э ...Би мэдэхгүй дарга Москвитинд ордерыг нь олго гэж хэлсэн... гэж хэлсэн. Дараа нь Масловын бичиг болон Оросын Холбооны Улсын Элчин сайдын бичгийг үндэслэж Москвитинд тухайн байрыг олгосон байсан. Би Нийслэлийн Засаг дарга М. орж уулзахад ...Бид нар танд орон сууц олгох боломжгүй... гэсэн хариу өгсөн.

Монгол Улсад Оросын Холбооны Улсын байнга оршин суугч иргэдийн нийгэмлэг гэж байдаг, түүний дарга М гэдэг хүнд байр хүсэж хандахад ...Бид байр өгөх боломжгүй, та нар байрыг худалдаж авахаас өөр арга байхгүй... гэж хариу өгч байсан. Мөн Оросын Холбооны Улсын элчин сайдын яаманд хандахад, өргөдлийг минь хүлээж авалгүйгээр ...Бид нар тусгаар тогтносон орны асуудалд оролцох эрх байхгүй, орон сууцны асуудалд оролцох эрх байхгүй учраас танд тусалж чадахгүй... гэдэг хариуг надад өгсөн. Үүнээс хэд хоногийн дараа 2001 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамнаас Нийслэлийн Засаг дарга М 40 мянгатын суларсан байрыг М гэдэг хүнд ордер бичиж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан байсан. Оросын Холбооны Улсын элчин сайдын яамнаас М албан бичгийг үндэслэж Нийслэлийн Засаг даргад албан бичиг явуулсан байсан. Хэзээнээс Нийслэлийн Засаг дарга нийгэмлэгийн албан бичгийг үндэслэж байрыг хэнд олгохыг шийдвэрлэх болсон юм бэ? Ийм асуудал байж болохгүй гэж үзэж байна, энэ бол том зөрчил юм. Нийгэмлэгийн албан бичгийг үндэслээд Москвитин 10 минутын дотор байртай болсон байна. Тухайн албан бичигт зөвхөн М гарын үсэгтэй, бусад гишүүдийн гарын үсэг байх ёстой байхад гарын үсэг нь байхгүй. Надад өгсөн бичигт албан ёсны албан бичгийн баланк дээр 7 хүний гарын үсэгтэй албан бичиг ирсэн. Нийслэлийн Засаг дарга М өмнө нь цохолт хийж өгснөө болиод тухайн бичгийг үндэслэн байр олгосныг буруу гэж үзэж байна. Ингээд бид байраа алдсан.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга нар олон солигдсон. Тухайн бүх солигдсон дарга нарт бид нар өргөдөл өгсөн. Дараа нь н. гэж хүн байсан. Тухайн хүнд хандахаар хүлээж бай, байж бай... гэдэг хариу өгдөг байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан н.Энхцэцэг ...Та олон жил явж байна. Та шүүхэд ханд... гэсний дагуу 2016 онд шүүхэд хандсан. Би энэ хугацаанд Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамтай маргалдаж байна. 2001 оноос элчин сайд 4 удаа солигдсон. Солигдох бүрд нь өргөдөл өгдөг гэтэл Оросын Холбооны Улсын элчин сайдын яамнаас хариу өгдөггүй. 2001 оны 03 дугаар сард Москвитин байраа авчихаад, анхны өдрөөс шууд түрээслүүлсэн. Тухайн байраа түрээслүүлэхдээ Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны ажилтанд түрээслүүлсэн. Арай дэндүү, арай хэтэрхий зүйл болж байна. Хэнийх нь зөв буруу гэдгийг шүүхээс шийдвэрлэх байх. Манай нийгэмлэг бол зүгээр л энгийн байдаг нийгэмлэг юм. Хуучин социализмын үед гишүүддээ байр өгч байсан байж болох юм. Масловын албан бичгийг хүчингүй болгуулах хүсэлт байна. Тухайн нийгэмлэгийн албан бичгийн дагуу Монгол Улсын өмчийн байрыг олгож болохгүй, олгосон ч хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Цаашдаа би элчин сайдын яамтай заргалдах төлөвлөгөөтэй байна. Оросын Холбооны Улс руу явж хуулийн байгууллагаар явж шийдвэрлүүлэх боломжтой.

2001 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Улаанбаатар хотын ерөнхий менежер Т. хүсэлт уламжилсан тухай гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Тухай албан бичигт Оросын Холбооны Улсын иргэн В нас барах хүртлээ сууж байсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын 4 дүгээр байшингийн *** тоотын 1 өрөө байр хувьчлагдаагүй, дахин хуваарилах Улаанбаатар хотын захирагчийн албаны мэдлийн сууц тул түлхүүрийг буцааж өгөхийг 120-20 тоот албан бичгээр тавьсан хүсэлтийн дагуу Оросын Холбооны Улсын элчин сайдын санамж бичгээр уламжилсан болохыг мэдэгдье... гэсэн байна.

Дулааны станцад ажиллаж байхдаа авсан байраа үнэ төлбөргүй хувьчилж авсан. Эхнэр бид 2 нийлээд 80 гаруй жилийн турш Монголын Улсын төлөө зүтгэж ирсэн. Гэтэл Москвитин гэдэг нэг ч өдөр Монгол Улсын төлөө хөдөлмөрлөөгүй. Москвитин Оросын Холбооны Улсын элчин сайдын яаманд ажилладаг, өндөр цалин авдаг байсан. Тийм учраас Оросын Холбооны Улсын элчин сайдад хэд хэдэн хувилбарын санал өгч байсан. Нэгэнт ийм зүйл болсон учраас Москвитиний цалингаас сар бүр мөнгө суутгаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэх санал тавьсан.

Оросын Холбооны Улсын элчин сайдын яаманд Оросын Холбооны Улсын өмчлөлд бүртгэлтэй орон сууцууд байх үед байр орон сууц олгуулах тухай хандаж байсан. Хариу өгч байгаагүй. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч Р гэх иргэний оршин сууж байсан орон сууцыг Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны шийдвэрээр улсын мэдэлд хураан авсан. Тухайн байрыг хураан авах үндэслэл нь нэг гэр бүлийн иргэд 2 ба түүнээс дээш орон сууц эзэмших эрхгүй, та бүхний хүүхэд нас биед хүрсэн тохиолдолд тухай байраа буцаан авах боломжтой гэж орон сууцыг нь хураан авсан. Нэхэмжлэгч нар нь 1998 оноос хойш Төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудад хүсэлтээ гаргаж байсан. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ...Танд орон сууц олгох боломжгүй гэдэг хариу өгч байгаагүй. Харин ...Таны гаргасан өргөдөл орон сууц олгох иргэдийн жагсаалтад бүртгэлтэй байна. Одоогийн байдлаар санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүй, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэдэлд орон сууц байхгүй учраас шийдвэрлэх боломжгүй байна... гэдэг байдлаар хариу өгч байсан. 2004 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн Нийслэлийн орон сууцны корпораци шийдвэрлэх боломжтой. Тухайн байгууллагад хандана уу гэсэн хариу өгсөн. Нийслэлийн орон сууцны корпорациас ...Тухайн асуудлыг манай байгууллага чиг үүргийнхээ хувьд шийдвэрлэх боломжгүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хандаж шийдвэрлүүлнэ үү... гэдэг хариу өгч, хоёр байгууллага бие бие рүүгээ шидэлцсэн байдлаар хариу өгсний улмаас нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад орон сууц олгохтой холбоотой асуудлуудыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шийдвэрлэх ёстой байсан харагдаж байна. Гэхдээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Улаанбаатар хотын Захирагчийн албаны хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн н мэдүүлэгтээ ...Тухайн асуудал буюу орон сууц олгохтой холбоотой гомдол хариуцсан албан тушаалтан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд байхгүй болж, чиг үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжсэн... гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн иргэдийн гомдлыг шийдвэрлэж, зохих ёсны орон сууц олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа нь хууль бус байна гэж үзэж байгаа учраас шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж, даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хотын Захирагчийн албаны даргаас Нийслэлийн Засаг даргад хүргүүлж байсан 2019 оны албан бичигт ... Нийслэлийн орон сууцны санд төвлөрдөг байрнаас энэхүү иргэдийн өргөдөл гомдолтой асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна... гэсэн албан бичгийг өгч байсан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар тодорхойлоод, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцуулаад явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн П нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Орон сууц хувьчлах тухай 1996 онд батлагдсанаар төрийн эзэмшлийн орон сууц байхгүй болсон бөгөөд тодорхой хэмжээнд хуваарилдаг байсан орон сууцны асуудал байхгүй болсноор шаардлагатай иргэдийн асуудлыг шийдвэрлэх төсөв улс, нийслэлийн төсөвт тусгагдахаа больсон тул иргэн В гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Мөн тухайн үед нэхэмжлэгч иргэний Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, **** тоот байрыг Улаанбаатар хот хурааж авсан талаарх баримт материал нэхэмжлэлийн хавсралтад байхгүй.

Мөн Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам олгогдох ёстой байсан байрны урдуур орж олгогдох ёстой байрыг хураан авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд дээрх асуудал нь манай байгууллагад хамааралгүй болно. Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана. гэж заасны дагуу шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн буцаан шийдвэрлэнэ үү. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Яагаад гэвэл 1994 онд Орон сууц хувьчлах тухай хууль батлагдсанаар төрийн мэдлийн орон сууц гэж байхгүй болсон. Нэхэмжлэгч П гуай 1998 онд М даргын үеийн зүйлийг ярьж байх шиг байна. Тухайн үед М гэдэг хүний албан бичгийг үндэслээд М гэдэг хүнд орон сууц олгосон нь захиргааны байгууллагаас шаардлагатай бичиг баримтуудыг үндэслээд шаардлагатай иргэнд нь олгосон. Нийслэлийн Засаг даргаас тухайн нийгэмлэгийн саналыг үндэслээд тухайн байрыг олгосон. Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам болон Нийгэмлэгээс нь нэрээ зөв гаргаж өгөөд тухайн ажиллагаа хийгдэх ёстой байсан байх гэж бодож байна. Одоо бол Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэц нэгжид орон сууцны асуудал хариуцсан хэлтэс, алба, мэргэжилтэн байхгүй. Мөн тийм чиг үүрэг ч байдаггүй. Хуучин Улаанбаатар хотын Захирагчийн албанд тухайн чиг үүрэг байж байгаад Нийслэлийн орон сууцны корпорацид шилжсэн. Нийслэлийн орон сууцны корпораци нь зөвхөн түрээслээд, өмчлөх хэлбэрийн орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Захиргааны байгууллагаас тухайн үед хураагдсан байрыг буцаан олгох эрхгүй гэж үзэж байна. П гуайн эхнэрт албан ёсны байр өмчлөх эрх тухайн үед байгаагүй учраас тухайн байрыг өмчлөх эрх үүсээгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ одоо үйлчилж байгаа Орон сууц хувьчлах тухай хууль, Орон сууцны тухай хуулиуд холбогдох бусад хууль журамд зааснаар Нийслэлийн орон сууцны корпораци нь орон сууц олгох, хувьчлах асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан байгаа тул мөн энэхүү асуудлыг хариуцах эзэн мөн гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалттай хаалттай хувьцаат компани ба үндсэн үйл ажиллагааг Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 Компани эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээг дүрмээрээ хязгаарлаж болно гэж заасны дагуу Нийслэлийн орон сууцны корпораци хаалттай хувьцаат компанийн дүрмийн дөрөвдүгээр зүйл компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл хэсгийн 4.1 Компани нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Засгийн газраас баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөр" болон Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр" зэрэг бодлогын баримт бичигт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор энэ дүрмийн 4.2-т заасан үйл ажиллагааг эрхлэн явуулна гэж үйл ажиллагааны үндсэн чиглэлийг заасан байна. Дээрх бодлогын баримт бичгүүдийн агуулгын хувьд хураагдсан орон сууцыг олгохтой холбоотой асуудал дурдагдаагүй ба эрх хэмжээний хүрээнд хамааралгүй юм. Нийслэлийн орон сууцны корпораци нь үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн хүрээн дэх төсөл хөтөлбөр нь (Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралт Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам), Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 115 дугаар тогтоолыг удирдлага болгон ажилладаг. Дээрхээс үзвэл тус нэхэмжлэлтэй хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул тус нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн орон сууцны корпораци нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор Нийслэлийн орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байж байгаад хувьцаат болж өөрчлөгдөн байгуулагдсан. Нийслэлийн орон сууцны корпорацийн хувьцаа эзэмшигч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байдаг. Нийслэлийн орон сууцны корпорацийн гол үйл ажиллагаа бол нийслэлийн иргэдэд хандсан үйл ажиллагаа явуулдаг, орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Компанийн дүрмийн 3.3-т Нийслэлийн засаг захиргааны хүлээх үүргийг хүлээхгүй гэж маш тодорхой заасан байдаг. Ямар нэгэн орон сууцны төсөл хөтөлбөрт тусгайлсан гэрээ байгуулж хамтарч ажиллана гэж заасан байдаг. Нийслэлийн орон сууцны корпорациас гарч байгаа орон сууц нь үнэ төлбөргүйгээр биш, ямар нэгэн санхүүжилтийг Нийслэлийн орон сууцны корпораци нь тухайн гаргаж байгаа төсөл, хөтөлбөрөөс шаардан гаргуулж авдаг. Тийм учраас тусгайлсан гэрээ байгуулж, тухайн гэрээнийхээ үндсэн дээр ажилладаг. Тусгайлсан гэрээ байгуулахгүйгээр ямар нэгэн орон сууцтай холбоотой болон бусад төрлийн хариуцлагад Нийслэлийн орон сууцны корпораци оролцохгүй. Нийслэлийн орон сууц корпорациас оролцоогүйгээр дан гагцаар эзэмшиж байгаа хувьцаагаар бусад эрсдэлээ хүлээнэ гэсэн хууль болон дүрмийн заалтын дагуу ажилладаг. Тийм учраас тухайн хураалгасан орон сууцыг буцааж олгуулахтай холбоотой нэхэмжлэлд Нийслэлийн орон сууцны корпорацийн чиг үүрэгт хамааралгүй юм.

Нийслэлийн иргэдэд зориулсан нэлээн олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 114 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 тушаалаар баталсан журмаар нийслэлийн зорилтод бүлгийн иргэдэд ямар иргэдийг хамруулах, тухайн зорилтод бүлгийн иргэдийг хэрхэн хувааж, хэрхэн сонгон шалгаруулалтад оруулах талаар нарийвчлан зааж өгсөн байдаг. Тухайн зорилтод бүлгийн иргэдийг ахмад настан, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу хувийн байгууллагад ажиллаж байгаа иргэн, залуу гэр бүл, 18 нас хүртэлх 4 хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гамшигт болон байгалийн үзэгдэлд гэр орноо алдсан иргэд гэсэн 8 бүлэгт хуваадаг.

Барилга, хот байгуулалтын сайдын 26 дугаар тушаалаар тухайн зааж байгаа газруудад, орон сууцанд ямар хэмжээгээр олгох талаар квотыг зааж өгдөг. Жишээлбэл Буянт-ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцыг хуваарилахдаа 40 хувийг нь газар чөлөөлөлт буюу чөлөөлсөн газрын оронд шууд орон сууц олгох, 30 хувьд нь түрээслээд, өмчлөх, 30 хувьд нь энгийн түрээс буюу энгийн түрээсийн айлууд нь өмчлөлдөө шилжүүлэхгүй, тодорхой хугацаанд хямд өртөгтэйгөөр түрээслээд дараагийн айлд шилжүүлдэг. Харин түрээслээд өмчлөх иргэд нь тодорхой хугацаанд орон сууцыг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлээд, тухайн орон сууцны төлбөрийг тодорхой хугацааны туршид бүрэн төлөөд, өөрийн өмчлөлд шилжүүлдэг. Заавал төлбөртэй байдаг гэсэн үг юм.

Одоо Бага-Хангай дүүрэгт шинээр засварлаад, ашиглалтад оруулсан 129 айлын орон сууцанд ногдсон 95 айлын орон сууцанд түрээслээд өмчлөх хөтөлбөр явагдсан. Тухайн хөтөлбөрт цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажилласан 1000 гаран төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ хөтөлбөр нь төлбөрөөр баталгаажсан үнэт цаасны бондыг Монгол банкнаас гаргаад 6 хувийн хүүтэйгээр, 15 жилийн хугацаатай олгосон.

Үнэ төлбөргүй орон сууц олгох төсөл хөтөлбөр байдаггүй. Ямар нэгэн байдлаар төлбөртэй, орлогод нийцсэн, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог. Хэрвээ 15 жилийн хугацаатай түрээслээд өмчлөх хөтөлбөрийн төлбөр нь өндөр байгаа бол энгийн түрээсээр буюу Барилга, хот байгуулалтын сайдын 25 дугаар тушаалд нийслэлд ямар үнээр түрээслэх, орон нутагт ямар үнээр түрээслэх талаар томьёо гаргасан байдаг.

Хувийн хэвшлийнхэн барилга байгууламж барихад нь татварын болон бусад эрх зүйн орчны талд хөнгөлөөд, түүний 2 хувийг орон сууцны санд татдаг байсан. Тухайн чиг үүрэг нь Төрийн орон сууцны корпорацид байхгүй.

Түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны зээл, тусламж, хувийн байгууллагуудын зээл, тусламж, заримдаа нийслэлийн хөрөнгөөр баригддаг. гэв.

 

Гэрчээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд орон сууц хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан Э мэдүүлэхдээ: 2005 оноос 2012 он хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд орон сууц хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан. 2005 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ажилд ороод орон сууцны 5000-6000 өргөдөл над дээр ирсэн. Тухайн өргөдлүүд нь тодорхой ангилал, судалгаатай байдаг байсан. Алдар гавьяатнууд, төрийн албан хаагчид, байраа хураалгасан иргэд гэх мэтээр ангилсан байдаг байсан. Нэхэмжлэгч талаас 10, 11 дүгээрт бүртгэлтэй гэж тайлбарлаж байна. Үүнийг сайн санахгүй байна. Ямар ч байсан байраа хураалгасан иргэдийн жагсаалтад бүртгэлтэй байсан. Вера гэгч багш хөөцөлдөж явдаг байсан. Тухайн үед орон сууц олгох боломжгүй байна гэсэн хариуг бичгээр болон амаар удаа дараа өгч байсан. Би нэхэмжлэгчтэй олон удаа уулзан тайлбарлан хэлж байсан.

Би ажлаа аваад, өөрийнхөө ажлыг хөнгөвчлөхийн тулд өргөдлүүдийг эксел программд шивдэг байсан. Дэвтэр эргүүлэхэд түвэгтэй учраас өргөдөл, гомдлуудыг бүгдийг нь компьютерт буулган, алдар гавьяатнууд, ахмад дайчид, хэлмэгдсэн иргэд гэх зэргээр ангилан эксел программд буулгасан. Шинээр өргөдөл ирэх юм бол доор нь бичдэг байсан. Иргэдээс ирсэн өргөдлийг агуулгаар нь ангилан бүртгэл хийсэн. Байраа хураалгасан иргэд гэдэг нь тухайн үед төрийн орон сууцыг эзэмшиж байгаад төрийн томилолтоор хөдөө орон нутаг руу томилогдсон тухайн хугацаандаа улсад байраа буцаан өгсөн иргэд юм. Тухайн иргэдэд өмчлүүлсэн байр биш, төрийн өмчийн орон сууц юм. Бүртгэлээ 2012 онд н. хүлээлгэж өгсөн.

Орон сууц үнэгүй авъя гэсэн агуулгатай өргөдлүүдийг дүүргүүд рүү нь шилжүүлчихсэн. Харин ...үнэгүй авахаа больё, орон сууц түрээсэлье... гэсэн өргөдлүүдийг Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжүүлж байсан байх.

1990 оноос хойш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж байхгүй болсноор төрийн хөрөнгөөр орон сууц барих ажил зогссон. 2003-2004 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар 200 айлын орон сууц хуваарилагдсан. Энэ нь намайг тухайн ажилд орохоос өмнө болсон асуудал юм. Үүний дагуу иргэдээс ирүүлэх өргөдөл маш их ихэссэн юм. Намайг тухайн ажилд ажиллаж байх үед орон сууцны хуваарилалт хийгдээгүй. Орон сууц хариуцсан мэргэжилтнийг байр өгөх эрх мэдэлтэй гэж иргэд андуурч ойлгодог. Хэрвээ орон сууцны хөрөнгө санхүү нь шийдэгдэн, улсаас тухайн байрыг иргэдэд хуваарилах санхүүгийн асуудал нь шийдэгдэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд орон сууцны асуудлыг дарааллын дагуу шийдвэрлэх боломжтой гэдэг хариуг иргэдэд өгч байсан. Яг танд байр өгнө гэсэн хариуг нэг ч хүнд өгч байгаагүй.

Намайг ажиллаж байх хугацаанд ахмад дайчдын асуудал шийдэгдсэн. Энэ нь гурван яамны сайд нарын хамтарсан тушаал, захирамж, ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн манай байгууллагад байсан ахмад дайчдын бүх судалгаа мэдээллүүдийг нь Батлан хамгаалах яам руу шилжин тэндээс хуваарилсан. Манай байгууллагад жирийн дараалал, байраа хураалгасан иргэд, алдар гавьяатнууд, төрийн албан хаагчдын дарааллын дагуу шийдэгдсэн асуудал байхгүй. 2019 оноос хойш тухайн асуудал нь бүр мөсөн зогссон. Манай албаны чиг үүрэгт ч хамааралгүй болсон.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд болон нийслэлийн орон нутгийн өмчид бүртгэлтэй хуваарилах орон сууц гэж байдаггүй. 2007 оны Засгийн газрын 250 дугаар тогтоолоор шинээр баригдсан барилгын 2 хувийг нь худалдан авах тухай байдаг байх. Тухайн тогтоол нь 2012 онд хүчингүй болсон гэж санагдаж байна.

2005-2012 онд ажиллаж байх хугацаанд Оросын Холбооны Улсын өмчлөлийн хөрөнгө буюу Монгол Улсад байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмшүүлэх, түрээслүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах чиг үүрэг манай албанд байгаагүй. Бид нар орон сууцтай холбоотой өргөдөл, гомдлыг нь төвлөрүүлдэг, судалгаагаар ангилж бүртгэлжүүлдэг л байсан. Шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга хуулийн дагуу гаргадаг. Манай байгууллагаас орон сууц хуваарилагдаж байсан асуудал байхгүй.

Орон сууцны асуудалд үнэгүй орон сууц олгодог асуудал зогсож, түрээсийн орон сууцанд шилжсэн. Одоо түрээслэх, түрээслээд өмчлөх хэлбэрийн асуудал нь Нийслэлийн орон сууцны корпорацийн чиг үүрэгт байгаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд орон сууц хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоо байхгүй болсон, орон сууц түрээслэх, түрээслээд өмчлөх бодлого хэрэгжинэ гэж журам гарч байсан. Үүний дагуу Нийслэлийн орон сууцны корпораци нь түрээслээд өмчлөх ахмадын орон сууцны асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй болсон гэж бодож байна. гэжээ.

 

Гэрчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Үмэдүүлэхдээ: 2004 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байгаа, албан тушаалын тэр үеийн нэршил хэвээрээ байгаа. Гачигдалтай иргэдийн гаргасан орон сууцны асуудлын өргөдөл, гомдлыг манай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцдаг байсан. 2012 оноос хойш буюу Э. хотын дарга болсноос хойш өргөдөл, гомдлыг нарийвчилж авч үздэг болсон. Тэр үед өмнө нь орон сууц эзэмшиж байгаад аливаа томилолтоор орон сууцаа буцааж хураалгасан иргэдийн асуудал яригддаг байсан. Энэ дунд П гуайн асуудал байдаг. 2001, 2002 оны үеийн суларсан байрны асуудлыг би сайн мэдэхгүй, тухайн үед энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаагүй. 2001, 2002 оны үед суларсан орон сууцны асуудал бараг шийдэгдэх гэж байгаад больсон гэх асуудлыг тухайн үед орон сууцны өргөдөл, гомдлыг хариуцаж байсан н., түүний дараагийн асуудлыг хариуцан ажиллаж байсан Э., н. нар мэднэ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд мэдэж шийдвэрлэдэг орон сууц гэж 1990-ээд оны сүүлээс байхгүй болсон, Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолоор орон сууцны фонд бүрдүүлэх журам батлагдсан байдаг. Хувийн компаниуд орон сууц бариад, барьсан орон сууцнаас 2 хувиар нь орон сууцны фонд бүрдүүлдэг байсан. Энэхүү орон сууцны фондоос гачигдалтай иргэдийн асуудлыг шийдвэрлэдэг байсан. Нэг жилдээ 10 орчим байр төвлөрдөг байсан. Сүүлийн үед 2019 оноос хойш орон сууц төвлөрөх энэ асуудал үндсэндээ больж, нийслэлийн Орон сууцны корпорацид шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхэд орон сууцны фонд байгаагүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууцтай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиг үүргийг нийслэлийн Орон сууцны корпорацид шилжүүлсэн. гэжээ

Гэрчээр Х. мэдүүлэхдээ: Би 1977-1987 оны хооронд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Орон сууц үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, орон сууцны асуудлаар хотын орлогч дарга Л даргыг орлодог байсан. П нарын орон сууцыг журмын дагуу 1987 онд хураан авсан. Хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа хүмүүс байраа хураалгах ёстой байсан. Нэхэмжлэгч нарыг байраа яагаад хураалгасныг мэдэхгүй. Нэг өрхөд 2 байр ордер гаргаж эзэмшүүлж болдог журам байгаагүй. Би 1987 оны 7 дугаар сар хүртэл ажилласан, тэр хугацаанд орон сууцаа буцааж авахтай холбоотой гомдол гаргаж байгаагүй. Байраа хураалгасан хүн болгонд тодорхойлолт өгдөг байсан. Байраа хураалгасан хүмүүсийн хүсэлтийг тухайн үед чирэгдэл учруулахгүйгээр 3, 4 сарын дотор шийдвэрлэж өгдөг байсан. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П А, Р нар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д холбогдуулан 1987 онд хураалгасан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, *** тоот орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, орон сууцыг олгох асуудлыг шийдвэрлэж, олгохыг даалгуулах-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р нь Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Орон сууц ашиглалтын 3 дугаар конторын 1982 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 176 тоот албан бичгээр түүний ээж Р эзэмшиж байсан 12 дугаар хорооллын 3 дугаар байрны *** тоот орон сууцыг эзэмших эрх авч, ***** дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ээр эзэмшиж байгаад түүний нөхөр нэхэмжлэгч П 2 дугаар хорооллын 10 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцыг хуваарилж  ******  дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгээр 1987 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эзэмшсэнээр эхнэр Р нэр дээр 82771 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшиж байсан 12 дугаар хорооллын 3 дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцаа Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хураалгасан, энэ талаар нь Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5/956 тоот албан бичгээр тодорхойлсон байдаг.

Нэхэмжлэгч нар нь энэ шийдвэртэй буюу нөхөрт нь 3 өрөө орон сууц олгогдсоноор эхнэрийнх нь нэр дээрх 1 өрөө орон сууцаа 1987 онд хураалгасан шийдвэртэй маргадаггүй, харин хүүхдүүд насанд хүрсэн хэмээн 1998 оноос хойш хураалгасан байраа буцааж авахаар хотын захиргаанд хандсан, шийдвэрлэж өгөөгүй хэмээн 1987 онд хураалгасан 1 өрөө орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, орон сууцыг олгох асуудлыг шийдвэрлэж, олгохыг даалгуулах-аар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийг хариуцагчаар тодорхойлон маргажээ.

Нэхэмжлэгч нар өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ОХУ-ын Элчин сайдын яаманд холбогдуулан хураалгасан байр буцаан олгуулах агуулгатай нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2016 оны 9735, 2017 оны 3697 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан, улмаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсны эцэст ийнхүү хураалгасан орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй-тэй маргаж, даалгуулах шаардлага гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулсны дээр, хариуцагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийг тодорхойлсон үндэслэлээ Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба тус албаны мэдэлд орон сууц байхгүй учраас шийдвэрлэх боломжгүй гэдэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн орон сууцны корпораци шийдвэрлэх боломжтой гэдэг, Нийслэлийн орон сууцны корпораци Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж шийдвэрлүүл гэдэг хэмээн тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын маргах эрхийн хүрээ, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэхийг хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд дүгнэж хураалгасан орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй бий эсэх, энэ нь хууль бус эсэх-д дүгнэлт өгч шийдвэрлэсэн болохыг юуны өмнө дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нар нь ажиллаж байсан байгууллагаас нь тодорхойлон хуваарилуулсан улсын өмчийн орон сууцыг орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ээр эзэмшиж байсан, орон сууцаа хураалгасан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн зохицуулалт, өмчийн хэлбэр хураалгасан байраа буцаан олгуулахаар хүсэлт гаргах үед өөрчлөгдсөн байна.

Ийнхүү байраа буцаан хураалгасан цаг хугацаанд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 117 дугаар тогтоолоор батлагдсан Улс хоршоолол, олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрын орон сууцыг хуваарилах түр журмаар иргэдэд эзэмшүүлж байсан орон сууцны өмчийн хэлбэр, эзэмшүүлэх арга журмыг зохицуулж байсан, уг журмаар орон сууцны фонд нь улс, хоршоолол, албан үйлдвэрийн газрын, хувийн сууцнаас бүрддэг, улс, хоршоолол, албан үйлдвэрийн газрын орон сууцыг хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас яам, тусгай газар, олон нийтийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн газруудад жил бүр хуваарилдаг, яам, тусгай газар, олон нийтийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрууд нь улсын ба хөдөлмөрийн баатрууд, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, нэг байгууллагад тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн тэргүүний сайчууд, Ардын Их Хурал болон аймаг, хот, сум, хороо, районы депутатууд, олон хүүхэдтэй гэр бүл, албан үүргээ гүйцэтгэж яваад тахир дутуу бологсод, хөдөлмөрийн чадвараа түр алдаж хугацаатай группэд орогсод, гал усны гэнэтийн аюулд нэрвэгдэгсэд, бүтэн өнчин насанд хүрсэн хүмүүс, өндөр насны тэтгэвэрт гарагсад, өөрийн гэсэн орон гэргүй болсон ард иргэдийн орон сууц хүссэн өргөдлийг хүлээн авч, аж амьдралыг нь газар дээр нь шалгаж, орон сууц хуваарилах комисс, хамт олны саналыг авч орон сууц олгох дэс дараалал тогтоож мөрддөг, хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас хуваарилагдаж очсон орон сууцыг ард иргэдийн нэр дээр олгох асуудлыг байгууллагын дэргэдэх орон сууц хуваарилах комисс боловсруулан нам захиргаа, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтран хамт олноор хэлэлцүүлж шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ээр эзэмшүүлдэг байжээ.

Түүнчлэн гэр бүл болсон хоёр хүн тус тусдаа орон сууцтай байвал аль дуртай нэг орон сууцаа сонгон авч нөгөөг нь хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хураалгаж, уг байрыг ард иргэдэд дахин хуваарилдаг байж.

Харин удирдах дээд байгууллагын шийдвэрээр гадаадад буюу өөр аймаг хотод суухдаа зохих журмын дагуу хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд байраа хураалгасан тохиолдолд шинээр ашиглалтад орох байрнаас хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа хуваарилдаг байж, өөрөөр хэлбэл байраа хураалгасан иргэдэд дахин байр хуваарилах тохиолдол нь гадаадад буюу өөр аймаг хотод томилолтоор ажиллах болсон хүнд хамааралтайгаас биш нэг гэр бүлийн хоёр хүн тус тусдаа орон сууцтай шалтгаанаар хураалгасан тохиолдолд хамаарахааргүй, харин ард иргэдээс орон сууцныхаа нөхцлийг сайжруулах, ам бүлээ тусгаарлах тухай асуудал нь мөн энэ журмаар тухайн ажиллаж буй байгууллагад хуваарилагдсан орон сууцнаас дараалал баримтлан шийдвэрлэгдэхээр байна.

Мөн энэ журмаар аймаг хотод тогтмол оршин суудаг гадаадын харьяат иргэдийн орон сууцны асуудлыг тэдгээрийн ажиллаж буй байгууллага буюу харьяалан эрхэлдэг тусгай нийгэмлэг шийдвэрлэхээр заажээ.

Энэ журам Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 161 дүгээр тогтоолоор хүчингүй болж, мөн оны 171 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан, шинэчлэгдсэн журмаар мөн л орон сууцны фонд нь улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, үйлдвэр албан газрын болон амины орон сууцнаас бүрдэж, улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, үйлдвэр, албан газраас орон сууцыг дарааллын дагуу хуваарилан орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ээр эзэмшүүлэхээр заасан, уг журмаар эзэмшиж байсан орон сууцаа хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хураалгаад гадаадад болон хөдөө орон нутагт түр хугацаагаар томилолтоор явсан хүмүүст тусад нь очер тогтоож орон сууц олгохоор, урьд нь орон сууцанд амьдарч байсан хүн сууцны нөхцлөө сайжруулж, шинэ байр авах тохиолдолд тэр хүнд хуваарьт байрнаас олгож, хуучин байрыг дахин хуваарилахаар, энэ нөхцөлд урьд сууж байсан байрыг эзэмших эрхийн бичгийг хураалгасны дараа шинэ байрны эзэмших эрхийн бичгийг олгохоор заажээ.

Орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ нь эрх бүхий этгээдээс дээрх журмын дагуу хуваарилснаар тухайн үеийн улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуйн байгууллагын өмчийн нийтийн зориулалттай орон сууц, өрөөнд тодорхой хугацаагаар амьдран суух эрх бөгөөд амьдран суухдаа орон сууцны контортой байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр зөвхөн орон сууцны ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгааны төлбөр/ төлдөг. Өөрөөр хэлбэл орон сууц эзэмших эрхийн бичиг нь тухайн орон сууцыг орон сууц хөлслөх гэрээнд заасан хугацаанд эзэмшилдээ байлгах, түр амьдран суух эрх юм.

Тухайн гэр бүл эхнэр Р олгосон 82771 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгээр 1982-1987 онд 12 дугаар хорооллын 3 дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцыг эзэмшиж байгаад нөхөр П 3 өрөө орон сууц 1987 онд ажиллаж байсан байгууллагаас нь хуваарилснаар дээрх журмын гэр бүлийн хоёр хүн тус тусдаа орон сууцтай байвал аль дуртай нэг орон сууцаа сонгон авч нөгөөг хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хураалгаж ард иргэдэд дахин хуваарилах заалтын дагуу 3 өрөө орон сууцаа сонгон авч 1 өрөө орон сууцаа хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд ийнхүү хураалгасан, хурааж авсан 1 өрөө орон сууцыг тухайн үед нь дахин хуваарилахаар заасан тул буцааж олгохгүй.

Хэрвээ нэхэмжлэгч нар тухайн үед томилолтоор гадаадад, хөдөө орон нутагт түр хугацаагаар ажиллах шалтгаанаар оршин сууж байсан байраа хураалгасан бол тухайн гэр бүлд дахин байр хуваарилахаар байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын байраа хураалгасан шалтгаан нь томилолтоор гадаадад, хөдөө орон нутагт түр хугацаагаар ажиллахаар явсан биш, нэг гэр бүлийн хоёр хүнд байгууллагаас нь тус тусад нь байр хуваарилснаас үүсэж, 3 өрөө орон сууцаа сонгож, 1 өрөө орон сууцаа хураалгасан тул дахин байр хуваарилагдахгүй.

Нэхэмжлэгч нарын тайлбарлаж буй ам бүл нэмэгдэх, хүүхдүүд том болох зэрэг шалтгаанаар дээрх журмаар орон сууцны нөхцөл сайжруулахаар хүсэлт гаргах боломжтой бөгөөд энэ тохиолдолд мөн л хуучин байрыг хураан авч шинэ байрыг олгож, хуучин байрыг дахин хуваарилахаар заасан, харин хүүхдүүд бие дааж тусдаа гарах бол тэдгээр нь өөрсдөө хүсэлтээ гарган орон сууцны дараалалд орж, ажиллаж буй байгууллагаас нь байр хуваарилахаар журамд заасан байсан.

Иймд тухайн үед үйлчилж байсан орон сууц хуваарилж олгох, эзэмшүүлэх, хурааж авахтай холбоотой харилцааг зохицуулж байсан журам, нэхэмжлэгч нарын байраа хураалгасан шалтгаанаас дүгнэвэл 1987 онд хурааж авсан байрыг буцааж олгох үүрэг хотын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үүсээгүй байна.

Нэхэмжлэгч нар 1987 онд хураалгасан байраа буцааж авахаар, эсхүл дүйцэхүйц байр олгуулахаар 1998 оноос хойш өргөдөл гаргаж хандсан байх бөгөөд энэ өргөдлийнх нь дагуу байр олгох үүрэг төрийн захиргааны аль ч байгууллагад мөн үүсэхгүйн дээр нийгмийн байгуулал, өмчийн хэлбэр өөрчлөгдсөнөөр иргэдэд үнэ төлбөргүйгээр хуваарилан эзэмшүүлэх орон сууцны фонд байхгүй болжээ.

1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар өмчийн хэлбэрийг нийтийн болон хувийн өмч гэж зааж, иргэн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй болсон, улмаар 1996 онд Орон сууц хувьчлах тухай хууль батлагдаж, төрийн өмчид байсан орон сууцыг хувьчилснаар хотын захиргаанаас иргэдэд хуваарилан эзэмшүүлэх улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, үйлдвэр албан газрын орон сууцны фонд байх хууль эрхзүйн боломжгүй болсон.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 4 дүгээр зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа сууц эзэмшигч, түүний гэр бүлийн гишүүнд сайн дурын үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар хувьчлахаар хуульчилжээ.

Энэ хуулиар орон сууц эзэмших эрхийн бичгээр, орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байсан орон сууцаа үнэ төлбөргүй нэг удаа хувьчлан өмчлөлдөө авах эрхээ нэхэмжлэгч нар нь нөхөр П албан байгууллагаас хуваарилж олгосон 1987 оноос ***** дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшиж байсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 10 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцыг хувьчлан авснаар[2] эдэлсэн, энэ хуулиар олгогдсон тэдний эрх хөндөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь өөрсдөө болон ОХУ-ын Элчин сайдын яам, ажиллаж байсан байгууллагуудаараа уламжлуулан 1998 оноос хойш 2020 он хүртэл 1987 онд хураалгасан орон сууцыг буцааж олгохыг хүсч Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Улсын Их Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Орон сууцны корпорацид хандаж байсан, тухай бүр нь өмчийн хэлбэр, хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөн, олгох боломжгүй талаар хариу өгч байсан, тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4/8672, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын ерөнхий менежер 2000 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1/891, 2017 оны 5 дугаар сарын 23-нд 01/865 тоот албан бичгээр төвлөрсөн хөрөнгө оруулалтаар орон сууц барих ажил зогсож зөвхөн байгууллага, аж ахуйн нэгжийн захиалга, тэдний хөрөнгөөр барьдаг болсон, 1996 онд Орон сууц хувьчлах тухай хууль гарч төрийн мэдлийн орон сууц байхгүй тул хураалгасан орон сууцыг дахин олгох боломжгүй гэх хариуг, мөн нэхэмжлэгч нарын өргөдлийг уламжилсан байгууллагад буюу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иар дамжуулан иргэн Р  нь байраа хураалгасан иргэдийн жагсаалтын 10 дугаарт бүртгэлтэй байдаг, 1996 онд Орон сууц хувьчлах тухай хууль гарч төрийн мэдлийн орон сууц байхгүй болсноор тодорхой хэмжээнд хуваарилдаг байсан ажил дуусгавар болж орон сууц шаардлагатай иргэдийн асуудлыг шийдвэрлэх санхүүжилт нийслэлийн төсөвт тусгагдахгүй байгаа тул иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа гэх хариуг, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 495 тоот албан бичгээр мөн тэдний өргөдлийг уламжилсан ОХУ-ын Элчин сайдын яаманд нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүднээс нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохион байгуулан ажилладаг, хураалгасан орон сууцыг буцаан олгох асуудлыг чиг үүргийн хүрээнд хариуцахгүй хэмээн хариу өгч[3] байжээ.

Мөн 2014 оны 1 дүгээр сарын 14-нд гаргасан өргөдөлд 2 дугаар сарын 24-нд, 2015 оны 12 дугаар сарын 21-нд гаргасан өргөдөлд 2016 оны 1 дүгээр сарын 08-нд, 2018 оны 11 дүгээр сарын 23-нд гаргасан өргөдөлд 12 дугаар сарын 14-нд, 2019 оны 7 дугаар сарын 18-нд гаргасан өргөдөлд 8 дугаар сарын 16-нд, 2020 оны 6 дугаар сарын 18-нд гаргасан өргөдөлд 7 дугаар сарын 09-нд, 2020 оны 8 дугаар сарын 21-нд гаргасан өргөдөлд 9 дүгээр сарын 23-нд тухайн иргэдтэй биечлэн уулзаж хариу өгсөн нь холбогдох байгууллагуудын бүртгэл хяналтын картад[4] тэмдэглэгджээ.

Иймээс тодорхой хариуг тухай бүр холбогдох байгууллагууд өгч байсан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй", 15 дугаар зүйлийн 2-т Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина., 4-т Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. гэсэнд нийцсэн, нөгөөтэйгүүр байрыг хураан авах үед үйлчилж байсан журмаар болон хүсэлт гаргах үед үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд хураалгасан байртай дүйцэхүйц байрыг буцаан олгох үүрэг захиргааны байгууллагад үүсээгүй байх тул хураалгасан орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгуулах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа аль ч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Орон сууц хуваарилан олгох хууль тогтоомжийн өөрчлөлтөөс хойш иргэдээс энэ талаарх гаргасан өргөдөл, хүсэлтүүдийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хүлээн авч, хариу өгөх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байсан, гэрчээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд орон сууц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Э мэдүүлснээр ажлын албанд ирүүлсэн иргэдийн орон сууцны асуудал шийдвэрлүүлэх хүсэлт, өргөдлүүдийг агуулгаар нь ангилж, бүртгэж байсан, гадаадад болон хөдөө орон нутагт томилолтоор явахдаа байраа хураалгасан иргэдийн бүртгэлийн 11-д нэхэмжлэгч Р1987 онд 1 өрөө байрыг нөхөрт нь байр олгогдсон тул нэг гэр бүлд нэгээс илүү байр эзэмшүүлэхгүй гэсэн журмын дагуу хураан авсан, 1987 оны байр хураан авсан тодорхойлолттой, 2001 онд хураалгасан байраа буцаан авах өргөдөл гаргасан тэмдэглэгээтэй бүртгэсэн[5], Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2007 оны 10 дугаар сарын 17-ны 1/994 тоотоор 2000 онд ажлын албанд гаргасан орон сууц хүссэн өргөдөл нь байраа хураалгасан иргэдийн 11 дугаарт бүртгэгдэн дараалалд орсныг тодорхойлж байсан, мөн тус албанаас 2019 оны 7 дугаар сарын 24-нд 01/2045 тоот албан бичгээр байраа хураалгасан иргэдийн өргөдлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид шилжүүлэхэд энэ албан бичгийн хавсралтаар байраа хураалгасан иргэдийн танилцуулга бүртгэлд 10 дугаарт бүртгэгдсэнээр хүргэгджээ. Энэ нь иргэдийн өргөдөл, гомдлыг ангилал, дараалалд оруулж бүртгэсэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина гэж зааснаар хийгдэж буй захиргааны үйл ажиллагааны хэлбэр болохоос байр олгох ямарваа эрх зүйн үр дагавар үүсгэх захиргааны акт биш болно.

Одоогоор нийслэлийн хэмжээнд зорилтод бүлгийн иргэдэд, тэр дундаа ахмад настнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжиж буй түрээслэх, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах Ахмадын орон сууц хөтөлбөрийн талаар нэхэмжлэгч Р 2018 оны 11 дүгээр сарын 23-нд гаргасан өргөдөлд хариу өгөхдөө тайлбарласан талаар бүртгэл хяналтын картад тэмдэглэсэн байдаг, уг хөтөлбөрт хамрагдахаар зохих журмын дагуу хандахад энэ шийдвэр саад болохгүй.

Нэхэмжлэгч Р нь ОХУ-ын иргэн нас барснаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 4 дүгээр байрны 26 тоот 1 өрөө орон сууц суларсан талаар, уг орон сууцыг хураалгасан байрны оронд олгохыг хүсч Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ерөнхий менежер 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1339 тоот албан бичгээр энэ тухай дэлгэрэнгүй тодорхойлолт, зохих материалуудыг бүрдүүлж ирүүлэхийг нэхэмжлэгчийн оршин суух Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны даргад мэдэгдсэнээс[6] өөрөөр уг орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшилд олгохоор шийдвэрлэсэн зүйлгүй байна.

Харин суларсан гэх уг орон сууцны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2001 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 1/20 тоот албан бичгээр Гадаад хэргийн яамны Консулын хэлтэст ОХУ-ын иргэд амьдарч байгаад нас барсан, суларсан орон сууцны түлхүүрийг ОХУ-ын Элчин сайдын яамныхан авсан, уг байр хувьчлагдаагүй, хотын Захирагчийн ажлын албаны мэдэлд байгаа сууц тул түлхүүрийг нь Захирагчийн ажлын албанд буцаан олгуулж, дахин хуваарилалт хийлгэх шаардлагатай байгааг ОХУ-ын Элчин сайдын яаманд уламжлуулахаар хандсан, Гадаад хэргийн яамны Консулын хэлтсээс 2001 оны 1 дүгээр сарын 26-нд 06/219 тоот албан бичгээр Элчин сайдын яаманд санамж бичгээр уламжилсан болохоо эргэж мэдэгдсэн, улмаар ОХУ-ын Элчин сайдаас 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсад байнга оршин суух ОХУ-ын иргэдийн нийгэмлэгээс уг орон сууцанд М Ал*** гэр бүлийг суулгах шийдвэр гаргасныг Улаанбаатар хотын даргад уламжилж, байнга оршин суух ОХУ-ын иргэдийн нийгэмлэгийн удирдлагын 3 дугаар хурлын А олгохоор шийдвэрлэсэн протоколыг ирүүлсэн[7], улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2001 оны 3 дугаар сарын 12-ны өдөр орон сууц эзэмших эрхийн 202317 тоот бичиг М олгож, уг эзэмших эрхийн бичгээр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар тогтоолоор уг орон сууцыг хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн 0109056 дугаартай гэрчилгээгээр өмчлүүлжээ.

Хувьчлагдаагүй орон сууцыг өмнө нь хуваарилж байсан журмын дагуу тухайн улсын иргэдийн нийгэмлэгийн саналын дагуу эзэмшүүлж, эзэмшиж байгаа иргэнд нь хувьчилсан эдгээр шийдвэр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ч нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ хамаатуулан тайлбарладаг тул дүгнэх шаардлагатай гэж үзлээ. Суларсан гэх уг орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшилд олгохоор ямарваа шийдвэр гараагүй байх тул энэ талаар маргах эрх нэхэмжлэгч нарт үүсээгүй буюу эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хамааралгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д холбогдуулан нэхэмжлэгч П А В нарын гаргасан 1987 онд хураалгасан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, *** тоот орон сууцтай дүйцэх орон сууцыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, орон сууцыг олгох асуудлыг шийдвэрлэж, олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 246-251 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 40, 131-148 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 11, 13, 52, 73, 74 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 44, 46-47, 53-55, 64-65, 79-80, 81-83 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 68-70 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 21-22 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 23-28, 204-205 дугаар хуудас