Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 597

 

МАГАДЛАЛ

 

2018.03.02                                                     Дугаар 597                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Ж.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03265 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ү т ТӨҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот Х аймгийн Авто тээврийн даргын тушаалаар цуцалсан байдаг. Энэ тушаалд хөдөлмөрийн дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээний заалт, ёс зүйн дүрмийн 2 заалтыг зөрчин, удаа дараа зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цуцалсан гэж тушаалд дурдсан байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, холбогдох хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан тушаал шийдвэр гаргах байтал тухайн тушаал маань хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гэж үзэж байна. Яагаад гэхээр ажил олгогч санаачлаад хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа. Дээд шүүхийн тайлбарласнаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг зүйл заалтыг баримтална гэсэн байгаа. Гэтэл холбогдох хуулийг баримтлаагүй. Мөн дотоод журмын заалтуудыг тогтоогдсон зөрчил тус бүр дээр нь тогтоосон байх шаардлагатай байдаг. Гэтэл зөрчил тогтоогдоогүй. Энэ хүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ажил тасалсан гэсэн байдаг. Нэгэн дээр нь эрүүл мэндийн шалтгаантай, өвчтэй байсан. 2 дахь дээр нь Улаанбаатар хотын Авто тээврийн үндэсний төв дээрээ 2 хоног компьютер засуулах ажилтай байсан гэсэн Техникийн албаны даргын гарын үсэгтэй албан бичиг байдаг. Тэгэхээр энэ хүн маань хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Үүнийг зөрчил гэж үзэж 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан ба үүнийг үндэслээд ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа юм. Х аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийтдээ 26 935 696 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын     21-ний өдрийг хүртэл нийт ажлын 568 хоног, сарын дундаж цалин 1 019 580 төгрөг, өдрийн цалин 47 922 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Х аймгийн Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Ж.Ж нь хөдөлмөрийн дотоод журмын 3.17 болон 3.17.1-д заасан байгууллагын дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ёс зүйн зөрчил болоод сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр болон 2015 оны 8 дугаар сард 2 удаагийн сахилгын шийтгэл авсан байдаг. Энэ 2 удаагийн сахилгын шийтгэл дээрээ арга хэмжээ тооцуулсан байдаг. Мөн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдаг. Ингээд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн даргын тодорхойлолт гэж хэлээд байдаг. Энэ тодорхойлолт нь н.Э гэдэг хүний хийж өгсөн тодорхойлолт байгаа. А ү тийг төлөөлөх этгээд бол тухайн үеийн захирал байдаг. Тухайн үед захирал нь н.П гэдэг хүн байсан. Тийм учраас энэ тодорхойлолт хүчингүй. Үүнтэй холбоотой шүүхийн маргаан өнөөдрийг хүртэл явагдаагүй байгаа. Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэлэлцэж эхлэх үед энэ нөхцөл байдлыг ярь гэж байгаа. Аливаа хэрэг маргааныг 1 удаа шийдэх ёстой байдаг. Түүнээс нэхэмжлэлээ татан авсны дараа дахин шийдэх гэсэн асуудал байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хууль мэдэхгүй байгаа нь тухайн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Үүнээс үзэх юм бол 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 428 тоот захирамж гарахад Х аймагт шүүх хуралдаан болсон байдаг. Энэ захирамж гарахад Х аймгийн Автотээврийн төвийн дарга болон нэхэмжлэгч бүгд оролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлтээ гаргаад, нэхэмжлэлээ татан авч байгаа асуудал байгаа юм. 2015 оны 10 сард нэхэмжлэл гаргаад, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 2 тал харилцан мэтгэлцэх энэ бүх боломжийг шүүх хангасан байна. Тэгсээр байтал өөрөө нэхэмжлэлээс татгалзаж байгаа. Шүүх нэхэмжлэлийг татан авсан хүчин төгөлдөр шүүхийн шүүгчийн захирамжтай хэргийг дахин хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Жг Х аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 990 433 төгрөгийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж олгож, илүү нэхэмжилсэн 8 945 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 247 902 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д өөрөө татан авч байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нэгэн адил үйлчлэх зохицуулалттай. Гэвч шүүх нэхэмжлэлийг татан авсан хүчин төгөлдөр шүүхийн шүүгчийн захирамжтай хэргийг дахин хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг зөрчин хүлээн авч шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Ж нь хариуцагч Х аймгийн Автотээврийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ү т /ТӨҮГ/-ийг хариуцагчаар солих хүсэлт гаргасныг шүүх хангасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан учир дахин нэхэмжлэл гаргах үндэслэлгүй...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын Х аймаг дахь салбар болох тус аймгийн Авто тээврийн төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Жг “...авто тээврийн төвийн даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаал, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тушаалаар захиргааны арга хэмжээ давтан авагдсан, байгууллагын ажилтны Ёс зүйн дүрмийн 2.3.5, 3.1.4 заалтыг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дээрх тушаалуудад нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгч Ж.Ж нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1524 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1668 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан, Х аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 428 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давтан ногдуулсан гэж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаа тасалдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ж.Жаргалсайханд сахилгын шийтгэл ногдуулсан 03, 08 тоот тушаал хүчинтэй байгаа боловч эдгээр тушаал гарсаны дараа хууль болон гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй, түүнийг ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудад үндэслэгдээгүй тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байхад дахин шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй” гэж давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгч Ж.Ж нь “нотлох баримт бүрдүүлэх” үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ түр татан авах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсгэхгүй юм.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                   М.НАРАНЦЭЦЭГ