Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/814

 

 

 

 

 

 

 

     2023            6           29                                          2023/ШЦТ/814  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч Ж.***, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02691 0696 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, цахилгаанчин, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007.08.14-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2009.05.04-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сараар тогтоосон,

- Дорнод аймгийн шүүхийн 2013.11.20-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж 2017.07.05-нд суллагдаж байсан,

  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.*** нь 2022 оны 8 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *** тоотод оршин суух Д.***ын өмчлөлийн хүн байнга амьдрах байшинд нэвтэрч, 26.436.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт *** тоотод байрлах хохирогч Б.***ын хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч, 4.650.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

Мөн 2022 оны 8 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *** тоотод оршин суух Д.***ын өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, асаагуурын гал гаргаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа болгоомжгүйгээр гал алдан улмаар байшингийн дотор талыг бүхэлд нь шатаасны улмаас бусдын эд хөрөнгөд нийт 73.869.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 559 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, хохирогч Б.***ын нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /2хх225/ зэргийг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.***:

          1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

          2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ж.*** нь

          2.1. 2022 оны 8 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *** тоотод оршин суух хохирогч Д.***ын өмчлөлийн хүн байнга амьдрах байшинд нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, дээд үеийн улаан хүрэн өнгийн 3 ширхэг шүр, дээд үеийн сувдан шигтгээтэй голдоо ундрамтай, үсний мөнгөн дараас 1 ширхэг, хүүхдийн баантган хэлбэртэй монетон бөгж 1 ширхэг, Тошиба брэндийн 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, 5 кг-ийн жижиг угаалгын машин 1 ширхэг, газан пелитка 1 ширхэг, халуун тогоо 1 ширхэг, төмрийн ууран индүү 1 ширхэг, ногоон даалинтай хүүхдийн шилэн хөөрөг 1 ширхэг, хөх өнгийн даалинтай бор гялгар өнгийн хуучны бөгстэй орчин үеийн улаан пийсүү толгойтой шар манан хөөрөг 1 ширхэг, хар савхин гэртэй чинжал хутга 1 ширхэг, хөнгөн цагаан шанага 1 ширхэг, 7 кг цагаан будаа, ширмэн тогоо 1 ширхэг, цахилгаан индүү 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26.436.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. Улмаар Д.***ын өмчлөлийн өвлийн байшинд асаагуурын гал ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа болгоомжгүйгээр гал алдан улмаар байшингийн дотор тал, хувцасны цехийг бүхэлд нь шатаасны улмаас бусдын эд хөрөнгөд нийт 73.869.500 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт *** тоотод байрлах хохирогч Б.***ын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтрэн орж хувцасны 6 тасалгаа бүхий ДПС материалаар хийгдсэн шүүгээ, компьютерийн ДПС материалаар хийгдсэн ширээ, 5 литрийн баллон, Кен брендийн тасдагч, Воsch брендийн том төмөр тасдагч, Кен брендийн цахилгаан гар дрипл, Кен брендийн цахилгаан харуул, Кен брендийн түрдэг хөрөө 23-тай, цахилгаан кабелийн 100м утас, канопи аяны сүүдрэвч, монел цахилгаан халаагуур, төмөр паялняк, тоос сорогч /Би Эс Би/, битүү чанагч, 12 литрийн угаалгын машин, Даевоо цахилгаан халаагуур, хутганы ком, 4 хүний майхан, эсгий гутал, хийлдэг гудас, Тажима тэгш ус тус бүр 1 ширхэг, 195x65x15 хайлшин обуд дугуй 2ш, 20л усны сав 4ш, орос кабель 20м, ишигний элдсэн арьс 80 ширхэг, төмөр тросс чангалагч 2ш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Б.***т 4.650.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

3.1. Шүүгдэгч нь хохирогч Д.***ын гэрээс эд зүйл хулгайлсан, мөн болгоомжгүйгээр байшинд гал алдаж байшин болон хохирогчийн эхнэр Ч.***ийн хувиараа эрхлэн ажиллуулдаг хувцасны цех шатсан нь тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Д.***ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *** тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймаг руу эхнэр хүүхдийн хамт явсан юм. Архангай аймагт очоод байж байтал 2022 оны 8 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнө буюу 02 цаг 00 минутад надтай хамт жижүүрт гардаг дэд ахлагч Б.Сайнжаргал над руу залгаад танай гэр шатсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар руу буцаад гарсан. Гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрээс их гарын 1 ширхэг мөнгөн аяга /дотоодын цэргийн 2 дугаар салбарын хамт олноос дурсгав/ гэсэн бичигтэй аяга, дунд гарын 2 мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 3 ширхэг дээр үеийн улаан шүр, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг хос, өрөөсөн 1 ширхэг монетон ээмэг, 32 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт эдгээр зүйл хулгайд алдагдсан байна. Мөн хоёр боодол цагаан даавуу, эмэгтэй хүний дээлэн куртик 60 ширхэг, цагдаагийн дүрэмт хувцас болох прад гител 2 хос, тэмээний ноосон хантааз, цагаан цамц 1, цэнхэр цамц 1, савхин куртик зэргийг байшингийн хувцас хийдэг шүүгээний хамт гал гаргаж шатаасан байсан. Мөн үүдний хэсэгт дүрэмт хувцас бөөгнүүлж шатаасан байсан..” гэсэн мэдүүлэг /1хх41/,

Мөн хохирогчийн дахин өгсөн “...Би гэрээсээ алдагдсан зарим эд зүйлсээ анхны хохирогчийн мэдүүлэгтээ тусгаагүй байна. Эртний шүр 3 ширхэг, эртний сувдан шигтгээтэй голдоо ундрамтай, үсний мөнгөн дараас 1 ширхэг, хүүхдийн монетон бөгж 3 граммтай, газан плитек 1 ширхэг, хуучин халуун тогоо, ногоон даалинтай хүүхдийн шилэн хөөрөг 1 ширхэг, хөх өнгийн даалинтай бор шалгар өнгийн хуучны бөгстэй орчин үеийн улаан пийсүү толгойтой шар манан хөөрөг 1 ширхэг, хар савхин гэртэй брэндийн чинжал хутга 1 ширхэг, хөнгөн цагаан шанага 1 ширхэг, 7 кг цагаан будаа, ширмэн тогоо 1 ширхэг, цахилгаан индүү 1 ширхэг эд зүйлүүдийг хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /1хх44-46/, “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр санхүү аж ахуйн албанаас 43 төрлийн албаны дүрэмт хувцас болон бусад хэрэглэлүүдийг тушаалаар бүрэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх50/,

- гэрч Б.Ганбаатарын /цагдаагийн эргүүлийн офицер/ “...2022 оны 8 дугаар сарын 06-ны 01 цаг 12 минутад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *** тоотод айл шатаад байх гэх дуудлага мэдээллийг жижүүрээс хүлээн авч дуудлагын дагуу очсон. Тус хаяг дээр байшингаас битүү утаа гарч байсан бөгөөд урд талын модон рамтай гурван цонх байсан бөгөөд цонхнууд бүгд хаалттай битүү, хаалга цоожтой байсан. Улмаар дуудлага өгсөн хөрш айлын Гансүхтэй уулзахад энд нэг цагдаа амьдардаг юм, гэрт нь хүн байхгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би 101 рүү дуудлагаар ирэх болж байна уу гэж шаардсан бөгөөд 20 орчим минутын дараа гал унтраах 026 дугаар ангийн дэслэгч ***ын удирдсан бүрэлдэхүүн ирсэн. Улмаар гэрт нэвтэрч галыг унтраах зорилгоор гал унтраах ангийн ажилчид дээвэр дээр нь гарч галыг унтрааж байсан бөгөөд бусад нь хаалгыг эвдэж онгойлгосон. Тэгээд тухайн үед хаалгыг нь онгойлгоход гал улам ширүүсэж ассан бөгөөд хамгийн зүүн талын цонхыг нь сүхээр хагалж ус шүршиж галыг унтрааж байсан. Гал унтраах ангийн ажилчид цонхоор эд зүйлийг нь гаргаж шидэж байсан бөгөөд 40 орчим минут галыг унтраасан. Гал унтрааж дуусаад дэслэгч *** надад хэлэхдээ тухайн айлын галыг унтрааж дууссан, авдар нь онгорхой, арын төмөр хаалга нь мөн түгжээгүй байна, хулгай орсон юм шиг байна. Танайх бүрэлдэхүүнээ дуудсан нь дээр байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх54-55/,

- гэрч Э.***ын /эргүүлийн цагдаа/ “...Дуудлагын дагуу очиход байшингаас хар утаа гарч байсан. Тэгээд хашааны хаалгыг нь онгойлгоход байшингаас утаа гарч байсан бөгөөд гэрэлгүй харанхуй байсан. Тэгээд Ганбаатарын хамт тухайн байшин руу ойртож утасныхаа чийдэнг асааж цонхоор нь харахад бүгд битүү байдалтай байсан бөгөөд хаалга мөн цоожтой байсан. 20 орчим минутын дараа Таван шарын гал унтраах алба ирж галыг унтраасан. Тэгээд манай цагдаагийн ажилтан ***ын гэр болохыг мэдээд ***тай холбоо барьж, эгчийг нь Толгойтын 8-79 тоотоос машинтай очиж аваад буцаж ирсэн. Тэгээд шатсан байшинд нь онцгой байдлын дэслэгч ***ын хамт гэрт нь ороход хамаг юм нь эмх замбараагүй, авдрыг нь онгойлгосон байдалтай амбаарын хойд хаалга нь онгорхой байдалтай түлхэж үзэхэд нээгдэж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх58-59/,

- гэрч Д.***ы “...би хөдөө амьдардаг боловч Улаанбаатар хотод ирэхдээ Д.***ын гэрт байнга ирдэг юм. Тухайн үед өв залгамжилж ирсэн гэх шүр, үсний мөнгөн дараас зэргийг харж байсан. Улаан хүрэн өнгийн 3 ширхэг шүрийг Д.***ын ээж Бямбажав өгсөн гэж надад Ч.*** үзүүлж байсан. Харин дээр үеийн сувдан шигтгээтэй, голдоо ундрамтай үсний мөнгөн дараасыг миний санаж байгаагаар манай ээж Т.Дэчмаа нь 1990 оны үед том охин Д.Доньсамбууд үе дамжуулан өгч байсан. Ээж Д.Доньсамбуу тухайн мөнгөн дараасыг 2008 онд Ч.***ийг хуримаа хийхэд нь өв дамжуулан дурсгаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх92/,

- гэрч Ч.***ийн “... Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *** тоотод нөхөр хүүхдийн хамт өвлийн 10х6-тай байшинд амьдардаг юм. Би байшингийн баруун талд өөрийн хувцасны цехээр тохижуулсан өрөөтэй бөгөөд уг өрөөндөө хувиараа хувцас үйлдвэрлэж худалдаалдаг юм. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нөхөр хүүхдийн хамт Архангай аймаг руу явсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 06-ны шөнө буюу 02 цагт манай нөхөр *** руу хамт ажилладаг Сайнжаргал залгаад танай байшин галд шатсан байна гэж хэлсэн. ..манай байшин нэлэнхүйдээ утаа тортог болсон байсан бөгөөд гал гарч гэрт байсан эд зүйл болон миний хувцас оёдог байсан цех мөн шатсан байдалтай байсан... үнэлгээнд дурдагдсан дээр үеийн улаан хүрэн өнгийн 3 ширхэг шүр том өрөөнд байрлах улбар шар өнгийн битүү хээтэй авдар дотор байсан. Харин дээр үеийн сувдан шигтгээтэй голдоо ундрамтай үсний мөнгөн дараас нь компьютерийн ширээн дээр байсан гоёлын үнэт эдлэлийн хайрцаг дотор байсан. Гал гарсны дараа тухайд эд зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх62-65/,

- гэрч Б.***ын “...Би онцгой байдлын 26 дугаар ангид салаан захирагч ажилтай. ...цаад талын жижиг өрөөнд гал гарч байсныг унтрааж эд зүйлийг нь цонхоор гаргасан. Тэгээд гал унтрааж, утааг гадагшлуулаад харахад авдрын таг нь онгорхой, гал шатсан байдалтай харагдаж байсан. ...үүдний өрөөний амбаарын хаалга нь хаалттай байсан бөгөөд түлхсэн чинь онгойж байсан. Тухайн хаалга ямар нэгэн цоожгүй байсан” гэсэн мэдүүлэг /1хх73-74/,

- Иргэний нэхэмжлэгч Т.***гийн “...Д.*** нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн НХЖХ-ийн тасгийн эргүүлийн офицер албан тушаалд ажилдаг бөгөөд цагдаагийн байгууллагаас Д.***ад хангалтаар олгосон нийт 43 төрлийн дүрэмт хувцас шатсан. ...цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн албанд нийт 2.708.120 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг /1хх142-143/, Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн 455, 457 дугаартай зарлагын баримтууд, Д.***ад тушаалаар олгох дүрэмт хувцас хэрэглэлийн жагсаалт, хувцас олгох баримт, хангалтын картын хуулбар. /1хх98-102, 115-117/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4484 дугаартай дүгнэлтэд: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1-4 тоотод оршин суух Д.***ын гэрт 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хулгай орж, эд зүйлийг нь шатааж гал тавьсан гэх хэрэг бүртгэлийн 220802691 дугаартай хэргийн хөрсний дээж /1/, /2/, /3/ гэж хаягласан дээж тус бүрт шатах, тослох материалын агуулга илрээгүй гэжээ /1хх 248/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх11-15/, хохирогчид хулгайлагдсан эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх30/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх22-26/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2769 дугаартай тайлангаар хохирогч Д.***ад учирсан нийт хохирлын дүнг 100.305.500 төгрөгөөр тогтоов гэжээ /2хх 12-17/, дүгнэлттэй холбоотой шинжээч Д.Амгалан мэдүүлэхдээ “..Хулгайд алдсан 19 төрлийн эд зүйлийн хохирлын үнэлгээ болох зах зээлийн ханш, элэгдэл хоргодлыг тооцож гаргасан. Хохирогч ***ын өмсөж хэрэглэж тавьж олгосон албаны хувцсыг ЦЕГ-ын санхүү аж ахуй албаны албан тоотоор ирүүлсэн тооцооны дагуу болон тухайн хувцаснуудын элэгдэл хоргодлын тооцоо нийт 41 төрлийн хувцас, эд зүйл, таних тэмдгийн үнээс гаргасан болно. Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын санхүү аж ахуйн албанаас ирүүлсэн хувцасны тооцоог үндэслэн үнэлсэн. Байшингийн үнэлгээг 15 сая төгрөгөөр тооцож үнэлгээ гаргасан. Зах зээлийн ханшаар тооцож үзэхэд ажлын хөлс нь 3 сая төгрөг, хэрэгтэй материал, бараа, туслах материал нь нийт 12 сая төгрөг болсон” гэсэн мэдүүлэг /2хх28-29/,

- Шүүгдэгч Ж.***ын сэжигтнээр мэдүүлсэн “...өрөөнд юм хайж байхдаа асаагуураар санаандгүй бөс даавуунд гал алдсан, тэнд байсан даавуу, хувцсаар савж унтраах гэсэн боловч унтрааж чадаагүй ... эд зүйлээ гэр рүүгээ зөөсөн ... 20 орчим минутын дараа галын машин ирж байгаа нь харагдсан...” гэсэн мэдүүлгээр /1хх81-83/ нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.*** нь гэрээсээ 6.000.000 төгрөгийн үнэ бүхий дээр үеийн улаан хүрэн өнгийн 3-н ширхэг шүр, мөн 15.000.000 төгрөгийн үнэ бүхий дээр үеийн сувдан шигтгээтэй голдоо ундрамтай, үсний мөнгөн дараас 1 ширхэг, 400.000 төгрөгийн үнэ бүхий монетон бөгжийг алдсан гэсэн. Түүний мэдүүлгийг хохирогчийн эхнэр Ч.*** батлан мэдүүлсэн бол гэрч Д.*** шүр нь хохирогчийн гэрт байдаг байсан, харин үсний мөнгөн дараас нь үе уламжилж ирсэн зүйл болох, түүнийг Д.***, Ч.*** нарын хуримаар бэлэг болгон өгч байсныг мэдүүлжээ.

Хохирогч гэрээсээ үнэт эдлэлээ алдсан, хохирогч, гэрч нар тухайн үнэт эдлэлүүд хэнээс хэрхэн, яаж уламжлагдан ирснийг эх сурвалжаа заан тодорхой мэдүүлсэн байна. Тиймээс шүүгдэгч Ж.***ын шүр, үсний мөнгөн дараас, монетон бөгж байгаагүй гэсэн мэдүүлгийг хүлээн авах боломжгүй байна. Харин шүүгдэгч нь бусад хохирлын үнийн дүн дээр маргаагүй болно.

3.2. Шүүгдэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны шөнө хохирогч Б.***ын гэрээс эд зүйл хулгайлсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.***ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 2-25 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаад 2018 онд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 60 дугаар байрны 49 тоотод амьдрах болсноос хойш манай гэр хороололд байх гэр эзэнгүй болохоор 7 хоногтоо 1-2 удаа эргэж очдог юм. Хамгийн сүүлд би 2022 оны 8 дугаар сарын 27, 28-ны үеэр нэг удаа ирэхэд хаалга, үүд цоожтой хэвийн байсан ба 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед хашаандаа ирж байшин гражаа үзтэл граш нь цоожтой, хойд урд талын хоёр байшингийн хаалга үүдийг хөшсөн байдалтай байхаар нь 10 цаг 18 минутад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Удалгүй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ойр орчмын айлаар тандалт судалгаа хийж хэргийн газрын үзлэгийг хийхэд манай хашааны баруун урд талд байрлах тоосгон байшинтай хашаанд манай гэрээс алдагдсан зарим эд зүйл гарч ирсэн. ...Манай хашаанд ертөнцийн зүгээр урд, хойд талд тоосгон байшин байдаг ба хойд талын байшингийн үүдний коридорт байсан бор өнгийн 6 тасалгаа бүхий шкаф, шкафин дотор нь байсан ногоон өнгийн төмөр паялник 1 ширхэг, эсгийн гутал 1 хос, тус байшингийн хойд талын жижиг өрөөнөөс хар саарал өнгийн компьютерийн ширээ 1 ширхэг, том өрөөнд байсан 4-н хөлтэй сүүдрэвчний бүтээлэг 1 ширхэг, метр тодорхой бус боодолтой хар, шар, улаан судалтай цахилгааны утас, хар өнгийн уртасгагч /кабель/ зэрэг эд зүйл алдагдсан. Хойд талын байшинтай залгаа байдаг блокон гражаас 5 литрийн газын баллон 1 ширхэг, кен брэндийн жижиг таслагч 1 ширхэг, кен брендийн цахилгаан гар дрилл 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэг, кен брендийн модны бөөрөнхий хөрөө 1 ширхэг, бошш брендийн том таслагч 1 ширхэг, 195x65x15 хэмжээтэй хайлшан обудтой запас дугуй 2 ширхэг, усны цагаан конистар 4-н ширхэг, цагаан өнгийн угаалгийн машин 1 ширхэг, улаан өнгийн хуванцар халаагч тен 1 ширхэг, ишэгний тоо ширхэг нь тодорхойгүй илдсэн арьс, төмөр трос чангалагч 2 ширхэг, 1 м 20 урттай тажима брендийн тэгш ус 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна. Харин урд жижиг байшингаас монел брендийн ханийн халаагч 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, хутганы ком 1 ширхэг, саарал өнгийн майхан 1 ширхэг, хөх өнгийн хийлдэг гудас 1 ком алдагдсан байна. Үүнээс бор өнгийн 6 тасалгаа бүхий шкаф, шкафин дотор нь байсан ногоон өнгийн төмөр паяалник 1 ширхэг, эсгийн гутал 1 хос, тус байшингийн хойд талын жижиг өрөөнөөс хар саарал өнгийн компьютерийн ком ширээ 1 ширхэг, метр тодорхой бус боодолтой хар, шар, улаан судалтай цахилгааны утас, хар өнгийн уртасгагч /кабель/, цагаан өнгийн угаалгийн машин 1 ширхэг, улаан өнгийн хуванцар халаагч тен 1 ширхэг, ишэгний тоо ширхэг нь тодорхойгүй илдсэн арьс, төмөр трос чангалагч 2 ширхэг, монел брендийн ханийн халаагч 1 ширхэг, хутганы ком 1 ширхэг, саарал өнгийн майхан 1 ширхэг, хөх өнгийн хийлдэг гудас 1 ком бүхий нийт 15 төрлийн эд зүйл олдсон байна. Одоо газын 5 литрийн баллон, жижиг тасдагч, том тасдагч, цахилгаан дрилл, цахилгаан харуул, түрдэг хөрөө, сүүдрэвч, запас обудтай хос дугуй, тоос сорогч, битүү чанагч, тэгш ус зэрэг 11 төрлийн эд зүйл олдоогүй...” гэсэн мэдүүлэг /2хх158-162/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх142-151/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх153/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх140/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1654 дугаартай тайлангаар нийт хохирлын дүнг 4.645.000 төгрөгөөр тогтоов гэжээ. /2хх 173-175/,

 

4. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлттэйгээр  өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт үйлдэл төгссөн байна.

Прокуророос шүүгдэгчийг хулгайлах үйлдлээ бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн, мөн хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцдаа гал алдаж, бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр их хэмжээний буюу 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийг хохирогч Д.***ын орон байран санаатай гал тавьсан гэсэн үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх талуудын тайлбар, мэдүүлгийг няцаан үгүйсгэх боломжгүй байна.

5. Шүүгдэгч Ж.*** нь хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн байх ба шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт зүйлчилсэн нь үндэслэлтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалж, улмаар орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж тухайлан заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэх агуулга нь орон байрны халдашгүй байдлыг хамгаалж, ийнхүү нэвтэрч үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюул улам нэмэгдэж байна гэж үздэг.

6. Иймд шүүгдэгч Ж.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

8. Хохирогч Б.***т бор өнгийн 6 тасалгаа бүхий шкаф, шкафин дотор нь байсан ногоон өнгийн төмөр паяалник 1 ширхэг, эсгийн гутал 1 хос, хар саарал өнгийн компьютерийн ком ширээ 1 ширхэг, метр тодорхой бус боодолтой хар, шар, улаан судалтай цахилгааны утас, хар өнгийн уртасгагч /кабель/, цагаан өнгийн угаалгийн машин 1 ширхэг, улаан өнгийн хуванцар халаагч тен 1 ширхэг, ишигний тоо ширхэг нь тодорхойгүй илдсэн арьс, төмөр трос чангалагч 2 ширхэг, монел брендийн ханийн халаагч 1 ширхэг, хутганы ком 1 ширхэг, саарал өнгийн майхан 1 ширхэг, хөх өнгийн хийлдэг гудас 1 комыг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлгэн өгч, /2хх153/ хохирогч Б.*** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан /2хх225/ тул шүүгдэгчийг хохирогч Б.***т төлөх төлбөргүй гэж үзэв.

9. Хохирогч Д.*** нь хулгайд эд зүйлээ алдсан хохиролд 26.436.000 төгрөгийн, эд зүйл шатсаны хохиролд 71.161.380 төгрөгийн хохирол тус тус хүлээсэн. Үүнээс хохирогч Д.*** угаалгын машин 1 ширхэг, газан пилетка 1 ширхэг, ширмэн тогоо, 2 ширхэг жигнүүртэй ширмэн тогоо, уурын индүү, цагаан өнгийн жижиг индүү, тог хэмжигч, 4 ширхэг мөнгөн аяга, хэт хутга, цэнхэр өнгийн даалинтай бор өнгийн чулуун хөөрөг, ногоон өнгийн даалинтай жижиг шилэн хөөрөг, жижиг өнгийн торго даавууг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгчээ. /1хх30/

Дээрх хохирогч Д.***ад буцаан олгосон эд зүйлсийн нийт үнэлгээ 4.720.000 төгрөг байх ба үлдэх 21.716.000 төгрөг, эд зүйлс шатсаны хохирол 71.161.380 төгрөг нийт 92.877.380 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зөв байна.  

10. Мөн хохирогч Д.***ын цагдаагийн албаны хувцас болох 2.708.120 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс галд шатсан нь тогтоогдсон. Тиймээс 2.708.120 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

11. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***аас 92.877.380 төгрөг гаргуулж хохирогч Д.***ад, 2.708.120 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албанд тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

12. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ялыг нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

13. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Ж.*** нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй, хувийн байдлын хувьд 3 охинтой, эхнэр нь одоо жирэмсэн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч нь гэмшиж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.  

14. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй, хохирол төлөгдөөгүй тул Ж.***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдаж байна. 

15. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ их, хохирол төлөгдөөгүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд 4 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.

Иймд шүүгдэгч Ж.***ын гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 4 жилийн хорих ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жилээр тогтоон, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн,

Мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 /тав/ жилээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***аас нийт 95.585.500 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Д.***ад 92.877.380 төгрөг, иргэний нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албанд 2.708.120 төгрөг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР