Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/503

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн , ******* нарт холбогдох эрүүгийн 2305000001105 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 2-р курсийн оюутан, ам бүл 4, эх, дүү нарын хамт *******, “Хивс” 11-р гудамжны 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо *******,******* тоотод түр оршин суух,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ЦШТ/34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: *******/,

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 2-р курсийн оюутан, ам бүл 2, эмээгийн хамт, , “Баруун Зуунмод” 10-р гудамж, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо *******,******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өглөө *******ны нутаг дэвсгэрт байрлах “Монголын Үндэсний Техникийн их сургууль”-ийн дотуур байранд хохирогч М.Ууганбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж  мэдүүлэхгүй.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...2023 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 06 цагт Баянгол дүүргийн 77-р байрны 1 тоотод ...гутлаа өмсөх гээд тонгойход Төгөлдөр миний нүд рүү өшиглөсөн. Тэгээд би нүдээ дараад ...хэвтэхэд намайг дээрээс дэвсээд байсан. Тэгээд манай өрөөний хүүхэд Нинжбадгар салгаад би хажуу талын өрөө рүү ороход ...араас Төгөлдөр, Алтанбагана хоёр орж ирээд Алтанбагана миний нүд рүү тэлээ боосон байсан гараараа 1 удаа цохисон. Тэгээд Наранцацралт гээд манай найз салгахад Төгөлдөр миний цээжнээс дээш хэсэг рүү 5-6 удаа дараалан цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дахь тал/,

Гэрч :

“...Ууганбаяр орноосоо босоод гутлаа өмсөх гээд тонгойх үед Алтанбагана, Төгөлдөр хоёр /ял аль нь гэдгийн сайн санахгүй байна/ нэг нь нүүр рүү нэг удаа өшиглөж, нөгөө нь нүүр рүү нэг удаа өвдөглөөд Ууганбаяр толгойгоо хамгаалаад тонгойход Төгөлдөр, Алтанбагана хоёр Ууганбаярын нүүр болон толгой хэсэг рүү нь ээлжлээд гараа атгаж байгаад ойролцоогоор 10 удаа цохисон. Тэгээд Ууганбаяр манай өрөө рүү ороод 5-10 минутын дараа дахин Алтанбагана, Төгөлдөр хоёр орж ирээд Ууганбаярыг орон дээр сууж байтал Алтанбагана “чам шиг бацаан ингэх болоогүй шүү” гэж хэлээд Алтанбагана тэлээтэй гараараа бас Төгөлдөр гараа атгаж байгаад хоёулаа баруун, зүүн гараараа ээлжлээд Ууганбаярын нүүр, толгой, нуруу хэсэг рүү ойролцоогоор 10 удаа цохисон. Тэр үед Нинжбадгар бид хоёр салгах гэж оролдсон боловч хүчрээгүй. Тэгээд байрны багш орж ирээд Алтанбагана, Төгөлдөр хоёрыг Ууганбаяраас салгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 06 цагт Баянгол дүүргийн 77-р байрны 1 тоотод унтаж байхад манай хажуу өрөөний хүүхэд болох Төгөлдөр байрны цонх дээр ирээд “үүдний хаалгаа онгойлгоод өгөөч” гэж хэлэхээр нь би онгойлгох гээд өмдөө өмсөж байхад манай хажуу өрөөний Төгөлдөр, Алтанбагана хоёр манай өрөөнд ороод ирсэн. Тэгээд намайг галаа өгчих гэж хэлэхээр нь би галаа Төгөлдөрт өгөхөд тамхиа асаагаад надад буцаагаад өгөхөөр нь би орондоо ороход Төгөлдөр манай өрөөний Ууганбаярын орон дээр нь суугаад тамхиа татаж байсан. Тэгээд нэг мэдэхэд л Ууганбаярыг Төгөлдөр нүүр рүү нь өшиглөөд Алтанбагана мөн нийлж нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгээд манай хажуу өрөөний Наранцацралт бид хоёр Алтанбагана, Төгөлдөр нарыг салгаад өрөөнөөс гаргасан. Тэгээд Ууганбаяр, Наранцацралтын өрөө рүү ороход Төгөлдөр, Алтанбагана нар араас нь ороод зодсон гэсэн. Би тэр үед өрөөндөө байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6138 дугаартай шинжээчийн:

“... биед зүүн нүдний зовхи, хоёр бугалганд цус хуралт, үүдэн баруун дээд 1, зүүн дээд 1,2, баруун доод 2 дугаар шүдний эмтрэл, баруун хацар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******, ******* нар нь:

2023 оны 05 дугаар сарын 05-ны өглөө *******ны нутаг дэвсгэрт байрлах “Монголын Үндэсний Техникийн их сургууль”-ийн дотуур байранд хохирогч М.Ууганбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Ууганбаяр, гэрч Э.Наранцацралт, Б.Нинжбадгар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6138 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  *******, ******* нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт нэхэмжилсэн 700.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нар нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******, ******* нартай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөг, шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, харин шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 147 дугаар тогтоолоор шийдвэрлэж, тэдгээрт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Иймд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******, ******* нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр, шүүгдэгч А.Алтанбаганыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч *******, ******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001105 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч , ******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

- шүүгдэгч А.Алтанбаганыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ