Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 517

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00517                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У  хот, Б  дүүрэг,  р хороо, Х хотхон  байр, 21 тоотод оршин суух, Т овогт Шгийн М /ЗЮ /-ын  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай 139/2019/00497/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Номын худалдаанд ачигч, 1985 оны 2 сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 сарын 03-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн 1-р 10 жилийн сургуульд лаборант, 1994 оны 3 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл Ардын армийн 126-р нэгтгэлийн  нууц ангийн бичээч, ардын армийн 206-р ангид нууцын дарга бичээчээр  ажилласан.  1996 оны 12 сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчинд ахлагчийн  албыг 21 жил хаагаад 2017 оны 7 сарын 05-нд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон. Энгийн байгууллагад ажиллаж байсан байдлаа тогтоолгож цэргийн тэтгэвэртээ нэмж тооцуулах гэтэл Дундговь аймгийн Номын худалдаанд ачигчаар ажиллаж байсан болон Дундговь аймгийн 1-р арван жилийн сургуульд лаборантоор ажиллаж байгаад  халагдсан тушаал архивт хадгалагдаагүй лавлагаа гарах боломжгүй байгаа тул тухайн байгууллагуудад хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ажилд орсон болон гарсан   тушаалын бичилт, цалингийн цэс зэрэг баримтыг  үндэслэн  1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Номын худалдаанд ачигч, 1985 оны 2 сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 сарын 03-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн 10 жилийн 1-р сургуульд лаборантоор ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.М нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ш.Мыг  1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Номын худалдаанд ачигч, 1985 оны 2 сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 сарын 03-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн 1-р 10 жилийн сургуульд лаборантоор ажиллаж байсан тухай баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 342 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 11 сарын 14-ний өдрийн 342 дугаартай  “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Номын худалдаанд 1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн 1-р 10 жилийн сургуульд лаборантоор 1985 оны 2 сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 сарын 03-ны өдрийг хүртэл  ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай Ш овогтой Мтай холбогдох  зарим баримт байхгүй байна.  1-р арван жилийн сургуульд 1985 онд лаборантаар томилсон тушаалыг хуулбараар гаргаж хүргүүллээ” гэх тодорхойлолт  /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 2 сарын 14-ний өдрийн 14 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р арван жилийн сургуульд лаборантаар ажиллаж байсан Ш овогтой Мын цалингийн түүвэр гаргасан тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 11 сарын 04-ний өдрийн 08/653 дугаартай Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаа нь 1942 оны 2 сарын 15-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 4 сарын 29ний өдөр улсын шинэчилсэн бүртгэлд үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт /хэргийн 8-р  хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 11 сарын 04-ний өдрийн 08/652 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын Номын худалдаа нь 1968 оны 4 сарын 27-нд үүсгэн байгуулагдан 1991 оны 4 сарын 25-нд улсын шинэчилсэн  бүртгэлд бүртгэгдсэн талаарх тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 10 сарын 31-ний өдрийн 08/639 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р 10 жилийн сургууль нь 1951 оны 5 сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад  1991 оны 4 сарын 27-ны өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн талаарх тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/

-Дундговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн захирлын  2019 оны 10 сарын 31-ний өдрийн 137 дугаартай Ш овогтой М нь тус сургуульд  1985 оны 3 сараас 1994 оны хооронд лаборантоор ажиллаж байсан үнэн болно гээд Ш.Мыг 1985-1994 онд ажиллаж байсан цалин түүврийг хавсаргасан талаарх тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн  2019 оны 10 сарын 04-ний өдрийн 2861 дугаартай  Баянзүрх дүүргийн  4 дүгээр хорооны иргэн Шгийн М /РД:ЗЮ / нь тэтгэврийн даатгалын сангаас сар бүр 694766 цэргийн өндөр насны тэтгэвэр авдаг талаарх  тодоррхойлт /хэргийн 12-р хуудас/

-Ш.Мын 135621 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 13-16 хуудас/

-Гэрч Б.Цэ-ийн “ Ш.М нь 1984-1994 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуульд физикийн лаборантаар ажиллаж байсан юм. 1994 оноос хойш Улаанбаатар хот руу явсан учраас мэдэхгүй байна. Би 1983-2000 он Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуульд тогооч, байрны жижүүр зэрэг ажлуудыг хийж байсан. Бид нэг сургуульд ажиллаж байсан, гэр нь манайхтай айл байсан юм. Тийм учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна. Тасралтгүй ажилласан, өөр ажил хийгээгүй. Хэзээ яаж шагнагдаж байсан талаар нь мэдэхгүй, ажилдаа их сайн хүүхэд байсан. Залуу, жаахан хүүхэд байсан учраас шагнал мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/

-Гэрч Ж.Б-гийн “Ш.М нь 1985-1994 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуулийн физикийн лаборантаар ажиллаж байсан. Лаборант гэдэг нь мэргэжлийн багшийн туслах, лабортарийн ажилд бэлтгэдэг ажилтан байсан юм.  Би 1977-1990 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуульд биологийн багшаар ажилласан. 1990-1996 онд МСҮТөвд оройн сургуулийн багшаар ажилласан юм. Мын эцэг Ш нь манай сургуулийн мужаан байсан, өөрөө 1985 оноос хойш хамт ажилласан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна. Өөр ажил хийгээгүй. Тэр талаар нь мэдэхгүй. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг  /хэргийн 22-р хуудас/

-Гэрч З.Цэ-гийн “ Ш.М нь 1985-1994 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуулийн физикийн лаборантаар ажиллаж байсан. Лаборант гэдэг нь мэргэжлийн багшийн туслах, ажилд тусалдаг ажилтан.  Би 1972-1989 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1989-2005 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р дунд сургуулийн хэл уран зохиолын багшаар ажилласан. Бид нэг сургуульд ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна. Санахгүй байна, өөр ажил хийгээгүй байх.   Сумаас шагнал авсан  байх, улсын шагнал авч байгаагүй. Он сарыг нь нарийн мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ ”зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ш.М нь 1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Номын худалдаанд ачигч, 1985 оны 2 сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 сарын 03-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн 10 жилийн 1-р сургуульд лаборантоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Шгийн М /ЗЮ / нь 1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Номын худалдаанд ачигчаар, 1985 оны 2 сарын 17-ны өдрөөс 1994 оны 1 сарын 03-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн  төвийн 10 жилийн 1-р сургуульд лаборантаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У