Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/524

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2305009970832 тоот дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д жолооч ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” караоке дотор Хаан банкны посс машиныг санаатайгаар газарт авч шидэн, хохирогч *******д 658.699 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 04 цагийн үед Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх өөрийн ажилладаг газар дээрээ ирээд хэвийн ажиллагаа явуулж байхад 22 цагийн орчим манайд үйлчлүүлэхээр 165 см орчим өндөртэй, бор өнгийн ноосон цамцтай, хар өнгийн өмдтэй 20 орчим насны хүүхэд орж ирэхдээ 160 см орчим өндөртэй 60 орчим кг жинтэй улаан хүрэн өнгийн хөвсгөр хүрэмтэй бор царайтай 20 орчим насны эмэгтэй дагуулан орж ирж 104 номерын караокены өрөөнд орж 3 цаг захиалаад 7 шил пиво захиад дуулж эхэлсэн. Тэр хоёр орж ирэхдээ тооцоогоо төлөөгүй болохоор нь би очоод “тооцоогоо хийнэ үү” гэхэд намайг “чи ямар сүртэй юм бэ гарахдаа төлнө” гэж хэлэхээр нь би итгээд хүлээж байтал хамт явж байсан эмэгтэй нь шөнийн 01 цаг өнгөрч байхад түрүүлээд явахдаа “энэ залуу тооцоог нь төлнө” гэсэн гэж хэлээд манайхаас гараад явсан. Эмэгтэйг явснаас хойш 30 минутын дараа залуу өрөөнөөс гарч ирэхэд нь би тооцоогоо төлөхийг шаардахад “чи байж байлдаа покерын данснаас мөнгө арай орж ирээгүй байна, хүн хүлээж байна, чи яасан сүртэй юм” гэж хэлээд 02 цагийн үед “мөнгөө одоо өгч чадахгүй маргааш өгье одоо утсаа үлдээгээд явлаа” гэхэд би зөвшөөрч утсыг нь автал тэр залуу “буцаагаад түр өгч бай хүнтэй яриадахъя” гэхээр нь би утсыг нь өгч яриулж дуусаад буцаад утсыг нь авах гэтэл “би утсаа өгөхгүй, цагдаагаа дууд” гэж уурлан тавцан дээр байсан Хаан банкны посс машиныг газарт санаатай савж эвдэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21-22 дахь тал/,

Гэрч *******:

“...Тэгээд нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр заал руу гараад байж байтал уг залуутай хамт явсан эмэгтэй яваад өгсөн. Уг залуу утсаараа покер тоглоод утсаар яриад яваад байсан. Тэгээд цаг оройтоод “тооцоогоо хий” гэсэн чинь “хүн ирж мөнгө өгнө, эсвэл татан авалт орж ирэхээр мөнгийг чинь өгнө” гэж хэлснээ намайг хэл амаар доромжилж хараасан. Тэгээд уг залууг “чи гар утсаа үлдээгээд маргааш ирээд тооцоогоо хийчих ээ” гэж хэлсэн чинь “заа” гээд утсаа өгсөн. Тэгсэн чинь текний урд сууж байгаад утсаа буцааж аваад “би утсаараа хүн дуудаадахъя” гэж буцааж аваад ярьчхаад утсаа буцааж өгөхгүй байсан. Тэгснээ “цагдаагаа дууд цагдаагаарай шийдүүлье” гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгсэн Гантуул эгч уг залууг “чи согтсон байна гар утсаа үлдээгээд маргааш ирж ав” гээд гар утсыг нь авсан чинь өгөхгүй буцааж булааж авах гээд авч чадаагүй. Тэгснээ “цагдаа дууд” гэхээр нь “одоо цагдаа дуудах шаардлага байхгүй чи маргааш эрүүлдээ ир” гэсэн чинь “үгүй” гээд сууж байснаа текэн дээр байсан Хаан банкны посс машиныг аваад газар шидээд “одоо цагдаагаа дууд” гээд орилоод байсан. Тэгсэн манай нөгөө зөөгч Дархансолонго газраас посс машин аваад боссон чинь ахин уг залуу гараас нь булааж аваад газар шидээд “цагдаа дууд” гээд орилоод байсан. Уг залуу хэн нэгний биед халдаж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

“Тэнцвэр Эстимэйт ХХК-н 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар хөрөнгийн үнэлгээний: “...эвдэрсэн эд зүйлийг нийт 658.699 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн-26-27 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-14 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн шүүгдэгчээс 658.699 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” караоке дотор Хаан банкны посс машиныг санаатайгаар газарт авч шидэн, хохирогч *******д 658.699 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн болох нь хохирогч *******, гэрч Б.Бадамцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тайлан дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн гар утсыг гэмтээж 659.699 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д 658.699 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 658.699 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305009970832 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 658.699 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ