Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/527

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2305017901045 тоот дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сандэй плаза” 2 төвд зогсоолын ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,*******-р гудамжны 690 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй 2” худалдааны төвийн автомашины зогсоолд хохирогч М.Ууганбаатартай зогсоолын төлбөрөөс үүдэн маргалдаж “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар түүний эзэмшлийн “айфон экс эс макс” маркийн гар утсыг газар шидэж дэлгэц, шилэн тагийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“... 2023 оны 05 сарын 05-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза 2”-н автомашины зогсоолд хүргэлтэд явдаг автомашинаа байршуулчхаад хамт ажилладаг Чойдогийн хамт уг худалдааны төвийн 24-р лангуун дээр бараа буулгачхаад буцаад 10-15 минутын дараа уг худалдааны төвийн автомашины зогсоолоос автомашинтайгаа хөдлөөд гарах гэтэл 30-40 орчим насны 170 орчим өндөр нүүр хэсэгтээ сахалтай эрэгтэй хүн зогсоолын төлбөр гээд 2000 төгрөг нэхсэн. Тэгэх үед нь би уг залууд хандаж “1000 төгрөг авдаг биз дээ” гээд 1000 төгрөг өгчхөөд “гаръя” гэж хэлтэл уг залуу жолооч талын хаалганы хажууд зогсож байснаа намайг “муу банди минь чи мөнгө төгрөгөө өгөхгүй бол чамайг гаргахгүй” гэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийтэл нөгөө залуу автомашины урд хэсгээр тойрч ирснээ миний сууж байсан талын автомашины хаалга онгойлгоод шууд миний гар утсыг гараас булааж авснаа газар шидсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

Гэрч *******:

“...Ууганбаатар өөрийнхөө гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх үед нөгөө зогсоолын ажилтан Ууганбаатарын гар утсыг нь булааж аваад газар шидсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Хохирогч ******* гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-40 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй 2” худалдааны төвийн автомашины зогсоолд хохирогч М.Ууганбаатартай зогсоолын төлбөрөөс үүдэн маргалдаж “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар түүний эзэмшлийн “айфон экс эс макс” маркийн гар утсыг газар шидэж дэлгэц, шилэн тагийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн болох нь хохирогч М.Ууганбаатар, гэрч Г.Чойдог нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “Кости Эстимэйт” ХХК-ий 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн гар утсыг гэмтээж 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ууганбаатарт 450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305017901045 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ