Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 562

 

МАГАДЛАЛ

 

2018.02.26                                                     Дугаар 562                                 Улаанбаатар хот

 

 

 

 

“А Э” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03203 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А Э” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х р” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21 083 334 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 27 916 666 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Х р” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-2015028 тоот зээлийн гэрээ, БГ-2015028 барьцааны гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч “Х р” ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дууссан бөгөөд ЗГ-2015028 тоот зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр нэмэгдүүлсэн хүү 2 083 333 төгрөг, хуримтлагдсан хүү 3 000 001 төгрөг, зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг нийт 30 083 334 төгрөг байсан. Манай байгууллага энэхүү нэхэмжлэлийн дүнг 9 000 000 төгрөгөөр бууруулж байгаа тул 21 083 334 төгрөгийг “Х р” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.     

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “Х р” ХХК нь тус байгууллагаас 100 000 000 төгрөгийн зээлийг нэг удаа бөөнд нь аваад одоо 25 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа биш юм. 100 000 000 төгрөгийн зээл нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор авсан шугаман зээл тул хэд хэдэн удаа цувуулан тухай бүрт нь барьцаа хөрөнгө тавьж аваад төлж барагдуулж байсан. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “А Э” ББСБ ХХК-д өгсөн Хаан банкны 5028616160 тоот дансанд 87 260 000 төгрөгийг төлж барьцаа хөрөнгөө чөлөөлж авч байсан ба тэгээд 25 000 000 төгрөг зээлхэд ? ХӨВ улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны автомашиныг “А Э” ББСБ ХХК нь өөрийн нэр дээр ? УБИ улсын дугаартай болгон шилжүүлж авсан учир манай компани уг мөнгийг төлөхгүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл 25 000 000 төгрөгийн зээлд 58 000 000 төгрөгийн үнэтэй Норд Бенз ачааны автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул нэхэмжилсэн 30 083 334 төгрөгийг Норд Бенз ачааны автомашины үнэ 58 000 000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Х р ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2010 онд үйлдвэрлэгдсэн Норд Бенз машиныг чиргүүлийн хамт иргэн н.М 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 72 000 000 төгрөгөөр худалдан авч тооцоо дууссан тул “А Э” ББСБ ХХК-д ? УБИ улсын дугаартай Норд Бенз 60 хөлт, ачааны автомашиныг 4184 АЧ дугаартай чиргүүлийн хамт шилжүүлж 25 000 000 төгрөг авсан болохоор нэхэмжлэлийн үнийн дүн болох 30 083 334 төгрөгийг машины үнэлгээ 58 000 000 төгрөгөөс хасч тооцоод 27 916 666 төгрөгийг “А Э” ББСБ ХХК-иас гаргуулж    өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад А Э ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сард “Х р” ХХК нь ? УБИ улсын дугаартай Норд Бенз 60 хөлт, ачааны автомашиныг ? АЧ дугаартай чиргүүлийн хамт манай нэр дээр шилжүүлж үндсэн барьцаа хөрөнгө болох орон сууцаа чөлөөлж авсан байдаг. 2016 оны 08 дугаар сарын  19-ний өдөр 87 260 000 төгрөгийн зээл, зээлийн хүү төлөөд 25 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Түүнээс хойш нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй байсаар хүү нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн хамт 45 000 000 төгрөг болсон байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээл зээлийн хүү төлөөгүй тул бид 2016 оны 11 дүгээр сард н.Өсөхжаргал гэдэг хүнд 25 000 000 төгрөгөөр худалдаж зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг хаасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан “А Э” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Х р” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21 083 334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А Э” ББСБ ХХК-иас 27 916 666 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар “А Э” ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж “Х р” ХХК-иас 154 183 төгрөгийг гаргуулж “А Э” ББСБ ХХК-д сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297 533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга хэрэгсэл, журмын дагуу гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн оролцогч болох “Х р” ХХК-ийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдагдсан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 30 083 334 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэснийг анхааралгүй 45 000 000 төгрөгийн зээл, хүүгийн хуримтлалыг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь буруу байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. "Х р" ХХК нь "А Э” ББСБ ХХК-иас 100 000 000 төгрөгийн шугаман зээл авахдаа орон сууц барьцаалсан байсан ба 25 000 000 төгрөгийг авсаны дараа хуримтлагдсан мөнгө 99 000 000 төгрөгийг төлж орон сууцаа чөлөөлүүлж аваад ? УБИ улсын дугаартай Норд бенз маркийн 60 хөлт ачааны машиныг ? АЧ дугаартай чиргүүлийн хамт барьцаа маягаар “А Э” ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед энэ машиныг барьцаалсан гэрээ болон ипотекийн гэрээ аль алиныг нь байгуулаагүй болно.

“Х р” ХХК нь Норд бенз 60 хөлт ачааны автомашиныг чиргүүлийн хамт өөрсдөө зарж борлуулан нэхэмжлэлд дурьдсан зээл зээлийн хүүг төлөх боломжийг “А Э” ББСБ ХХК нь алдагдуулж маш хямд үнээр /25 000 000 төгрөг/ зарсан асуудал нь хохиролтой байдлыг бий болгосон хэмээн үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү байдлаа нотлохын тулд машиныг авах гэж үзэж 55 000 000 төгрөгөөр авах санал тавьж байсан н.Б гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан, мөн үнэлгээ хийлгэсэн байхад энэ асуудалд шүүх хууль зүйн ямар ч үнэлэлт дүгнэлт өгөлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Автомашин чиргүүлийн хамт олон хүн дамжин зарагдсан байгаа тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнээс нэхэмжлэлд дурьдсан 30 083 334 төгрөг буюу сүүлд буурсан нэхэмжлэл 21 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл мөнгийг “А Э” ББСБ ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлд шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “А Э” ББСБ ХХК нь хариуцагч “Х р” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21 083 334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 27 916 666 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг гэсэн бол хариуцагч нь “...гэрээ дуусгавар болсон учир төлбөр төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарлажээ.

Сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзвэл “...зээлд барьцаалсан Норд Бенз 60 хөлт, ? УБИ улсын дугаартай, ачааны автомашиныг ? АЧ дугаартай чиргүүлийн хамт 25 000 000 төгрөгөөр бусдад худалдсан, зээлийн гэрээний үүргээс үлдэх 30 083 334 төгрөгийг машины үнэлгээ 58 000 000 төгрөгөөс хасч тооцсоны зөрүү...” шаардсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Зээлийн үүрэгт анх С дүүргийн ? дүгээр хороо, ? дүгээр хороолол залуус гудамж, ? дугаар байр, ? тоот 54 м.кв орон сууцыг барьцаалан гэрээ байгуулсан, дараа нь барьцааны зүйлийг сөрөг нэхэмжлэлд заасан тээврийн хэрэгсэл, ачааны хэрэгслээр сольсон тухайд зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийг хангах талаар Иргэний хуулийн        158-159 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлсэн эсэх талаар шүүх дүгнээгүй байв.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй байгааг тодруулаагүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй байгаагаас давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.  

Анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 533 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ