Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2020/02463/И |
Дугаар | 001/ХТ2022/00256 |
Огноо | 2022-03-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/00256
Д.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02695 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2233 дугаар магадлалтай,
Д.Бгийн нэхэмжлэлтэй
Б.Бд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,550,000 төгрөг, 4 сарын хүү 600,000 төгрөг, нийт 4,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02695 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэг 4,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 81,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2233 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02695 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...4,150,000 төгрөг” гэснийг “...3,700,000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “...81,350 төгрөг” гэснийг “...74,150 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 14,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ: “...Иймд дээрх зээлийн гэрээний үүргийг тооцоход үндсэн зээлд 5,000,000 төгрөг, 3 хувийн хүүд 150,000 төгрөг, нийт 5,150,000 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэг үүссэнээс төлсөн 1,450,000 төгрөгийг хасахад 3,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.” гэжээ. Тайлбарлах нь: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасны дагуу 2019.05.08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүүг анхан болон давж заалдах шатны шүүх бууруулах боломжтой байсан боловч бууруулаагүйгээс хариуцагч Б.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
4.2. Хариуцагч Б.Б миний бие анхан шатны шүүхэд өгч байсан тайлбар болон холбогдох нотлох баримтууддаа мөн давж заалдах шатны шүүхэд өгч байсан гомдолдоо удаа дараа 2019.05.08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүүг багасгахыг хүсч байсан боловч шүүхээс тус хүсэлтийг хангалгүй орхиж байсан. Нөгөөтэйгүүр хариуцагч Б.Б миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд 2020 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 гэх цар тахал гарч 2020 оны 02 дугаар сараас хойш Монгол улсын хэмжээнд худалдаа, аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа уналтад орж, дийлэнх хугацаанд үйл ажиллагааг төрөөс зогсоож, хаасан тул 2020 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэл орлого огт олоогүй тул хариуцагч Б.Б миний бие одоог хүртэл сул зогсолт хийж, санхүүгийн хувьд зээлийн хүүг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулж зохигчийн хооронд 2019.05.18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэж, үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг /сарын 3 хувийн хүү буюу 150,000 төгрөгийг гэрээнд заасан 4 сараар тооцоолж/, нийт 5,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд ирээгүйгээс анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.
7. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн “зээлийн гэрээнд хүүг сар бүрээр бус нэг удаа 3 хувиар төлөхөөр заасан тул илүү гаргуулсан хүүг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн гомдлоор хэргийг хянаж, 3 сарын хүүд 450,000 төгрөг гаргуулсан нь гэрээ болон хуульд нийцээгүй гэж үзэж, нэхэмжлэлээс 450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
8. Хариуцагч “...хүүгийн хэмжээ илт их байгааг багасгаж өгнө үү” гэсэн гомдлыг хяналтын журмаар гаргасан бөгөөд гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.
9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, мөнгө шилжүүлэх гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч гэрээгээр тогтоосон буюу 2019.09.15-ны дотор мөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй эдгээр үйл баримт тогтоогджээ.
10. Давж заалдах шатны шүүх үндсэн зээл 5,000,000 төгрөг, түүнээс 1 удаа 3 хувийн хүү тооцож 150,000 төгрөг, нийт 5,150,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь 5,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд ашиглаж, зээлийн хүүд 150,000 төгрөг төлөх нь “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон” гэж үзэх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан зохицуулалтын агуулгад нийцэхгүй юм. Нөгөө талаар зээлийн хүүгийн хэмжээ илт хохиролтой бол зээлдэгчийн хүсэлтийг үндэслэж шүүх багасгаж болохыг хууль шаарддаг бөгөөд хариуцагч анхан шатны шүүхэд нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд оролцоогүй, энэ талаар хүсэлт гаргаж, мэтгэлцээгүй тул хүүг багасгах хүсэлт гараагүй гэж үзнэ.
Иймд зээлийн хүүг багасгах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2233 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бгийн 2020.12.14-ний өдөр 5,150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД