Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0537

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        “Х” ХХК-ийн гомдолтой

                                             захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж

 

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Х” ХХК

Хариуцагч Монополын эсрэг газрын Улсын байцаагч Э.Л

 

Гомдлын шаардлага: Монополын эсрэг газрын Улсын байцаагч Э.Л-ын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 000**** дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0512 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Ү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц

Хэргийн индекс: 128/2025/0420/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Х” ХХК-иас Монополын эсрэг газрын Улсын байцаагч Э.Л-д холбогдуулан “Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 000**** дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 512 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.2 дугаар зүйлийн 3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х” ХХК-иас Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 000**** дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

3.1 “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн 000**** дүгээр Шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-д хэрэглэгчийг төөрөгдүүлж хуурч, чанарын шаардлага хангаагүй бараа худалдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэж байгаа шалтгаан нь хуурамч тамгатай өндөг худалдан борлуулсан гэх бөгөөд манай байгууллагын зүгээс тухайн өндгийг хуурамч тамга тэмдэгтэй гэдгийг мэдэх боломжгүй байсан.

3.2 Мөн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захиргааны хэргийн шүүх хуралдаанд “Х” ХХК-ийн дансны хуулгыг итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж арилжааны банкнаас дансны хуулгыг гарган өгөх боломжгүй байсан ба компанийн төлөөлөх эрх бүхий этгээд нь байхгүй байсан тул шүүхэд хүсэлт гаргаж шүүхийн зүгээс “Х” ХХК-ийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан байдаг. Өндгийг иргэн хувиараа худалдан борлуулснаас биш “Х” ХХК-ийн зүгээс борлуулаагүй гэдгийг нотлох дансны хуулга нь хэрэгт авагдаагүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

 2. Дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. “Н” ХХК -иас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “...БНХАУ-аас өндөг оруулж ирж манай брэндийн нэрийг ашиглаж Б*** гэх тэмдгийг тусгай машинаар дуурайлган дардасжуулж, их хэмжээгээр зах зээлд нийцүүлэн хэрэглэгчдийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулан, хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Голлон худалдаалж буй цэгүүд Бөмбөгөр, ...Х***** дэлгүүр гэх газар их хэмжээгээр агуулахад хадгалагдаж байна...” гэх гомдлыг Монополын эсрэг газарт гаргасан. Уг гомдлын дагуу Монополын эсрэг газрын Улсын байцаагч Э.Л 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр *********** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

4. “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Х” ХХК-ийн дүрэмд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч (нэг иргэн) нь W*** L**** байх ба Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал W*** L**** 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр “... 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Д аймгийн З сумаас бараа татах үедээ танил БНХАУ-ын иргэн Y* F**-тэй тааралдаж өр төлбөрөө нэхтэл ...6,500,000 төгрөгт тооцон хэдэн хайрцаг өндөг өгье гэснийг зөвшөөрч Улаанбаатар хотод авчирсан. Бидний хувьд тухайн өндөгний гарал үүслийг мэдээгүй бөгөөд хуурамч тамгатай ч гэж мэдээгүй болно. Нэгэнт хуурамч тамгатай өндөг худалдан борлуулсандаа хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй болно...” гэсэн тайлбарыг Монополын эсрэг газарт ирүүлсэн.

5. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Холбогдогч Б.Б мэдүүлэгтээ “...Х манай дэлгүүр ...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 хайрцаг өндөг, бусад нарийн ногоо, жимснүүдтэй хамт түнш Г-аас /99******/ авсан, энэ хүнийг БНХАУ-ын иргэн гэж боддог, ...тооцоог Х банкны 5********** дугаартай Хятад хүний нэртэй данс руу тухайн өдрийн юань ханшаар бодоод шилжүүлдэг” гэжээ.

6. Эрх бүхий албан тушаалтны тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0125/**** дүгээр Шинжээчийн дүгнэлтэд “...шинжилж буй тэмдгийн дардсуудтай тохирох эсэхийг тогтоох зорилгоор ...зэрэг адилтгалын аргуудаар харьцуулан шинжлэхэд дардасны өнгө, хэмжээ өөр, үсэг тэмдэгтийн хэлбэр, хэмжээ, үсгийн фонт харилцан байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ өөр байх тул ...дардсууд тохирохгүй байна. Дүгнэлт хэсгийн 2-т “Шинжилгээнд ирүүлсэн ... “Хуурамч” гэж хаягласан саванд байх 14 ширхэг өндөг ...дардснууд нь харьцуулах загвараар ирүүлсэн ...“Жинхэнэ” гэж хаягласан саванд байх 5 ширхэг өндөг ...дардсуудтай тохирохгүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

7. Монополын эсрэг газрын Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч W*** L**** нь БНХАУ-ын иргэн Y* F**-ээс (З сум) гарал үүсэл тодорхойгүй, баримт падаангүй, Б*** ** дардастай өндөгийг 6,500,000 төгрөгийн авлагадаа тооцон авсан, улмаар У хот, Б дүүргийн ** дүгээр хороонд байрлах “Х” ХХК-ийн (түрээслэж буй) агуулахаас худалдан борлуулж байсан зөрчлийг шалган, тогтоосон байна.

8. Ингээд Улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 000**** дүгээр Шийтгэлийн хуудсаар “Х” ХХК нь хэрэглэгчийг төөрөгдүүлж хуурч, чанарын шаардлага хангаагүй бараа худалдсан зөрчилд 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

9. Гомдол гаргагчаас “...өр төлбөртөө тооцож авсан, тухайн өндгийг хуурамч тамга, тэмдэгтэй гэдгийг мэдээгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлж бараа худалдан борлуулаагүй, хувьцаа эзэмшигч, компани уг зөрчлийг гаргаагүй, гүйцэтгэх захирал W*** L**** өндөг зарсан” гэж маргаж байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх явцад болон анхан шатны шүүхэд энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөн үндэслэл бүхий тайлбар гарган үгүйсгэн мэтгэлцээгүй байна.  

Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

10. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн /цаашид “бараа” гэх/ худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хэрэглэгч гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна”, 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж тус тус хуульчилжээ.

11. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах, шийтгэл гарцаагүй байх нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.

12. Хэрэглэгчид бараагаа худалдан борлуулж байгаа аливаа этгээд нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг мөрдөж ажиллах үүрэгтэй байх ба хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулагч нь хэрэглэгчид чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй эсэхэд хяналт тавих, зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, улмаар зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүргийг эрх бүхий этгээд хэрэгжүүлэхээр байна.  

13. Анхан шатны шүүх “...гомдол гаргагч нь “Б*** **” дардас бүхий өндгийг худалдахдаа хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байх ёстой боловч үүнийг хангаагүй, төөрөгдүүлэх байдлаар тухайн өндгийг худалдсан нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь ...хариуцагчаас тухайн агуулахад хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, холбогдогч нараас авсан гэрчийн мэдүүлэг, түрээсийн гэрээ, “Х” ХХК-ийн болон гүйцэтгэх захирлын дансны хуулга, өндөгийг худалдсан тухай баримт, шинжээчийн дүгнэлт, Гаалийн ерөнхий газрын 2024-2025 онуудад БНХАУ-аас хүнсний зориулалттай өндөг импортлон ирээгүйг тодорхойлсон албан бичиг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

14. Гомдол гаргагч “Х” ХХК нь Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэм хэмжээг зөрчиж, хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар “Н” ХХК-ийн зах зээлд нийлүүлдэг Б*** ** өндөг (төстэй дардастай) хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, шинжилгээний баримт бичиггүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй өндөг худалдан борлуулсан нь зөрчилд хамаарахаар байна.

15. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-ийн хүсэлтийн дагуу “Х” ХХК-ийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулан авсан байх ба “Х” ХХК-ийн Б тооцооны төвөөс “Х” ХХК-ийн ********* дугаар (харилцах данс) депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлж, уг нотлох баримт хэрэгт авагдсан байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Х” ХХК-ийн зүгээс борлуулаагүй гэдгийг нотлох дансны хуулга нь хэрэгт авагдаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

16. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих, 3 дахь хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

17. Дээрх хуульд заасны дагуу Улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 000**** дүгээр Шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-д 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, захиргааны акт үндэслэлтэй байна.

18. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Х” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

                            ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ

                         ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА