Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0002

 

 

 

 

 

 

2021 12 22 128/ШШ2022/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн С А

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: О овгийн Т Г

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлэг ** дүгээр гудамж, ** тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт Т.Г өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээд Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Боржигин овгийн С. А би 1958.01.01-ний өдөр ээж О.Д /це*******/ анхны охин болж төрсөн. Ээж О.Д 1973 онд миний ааваас өөр хүн П.Т гэдэг хүнтэй ханилан сууж байхдаа Т.Г /це********/ гэдэг охиныг үрчлэн авч өсгөсөн. Т.Г Т овоглож дүү бид хоёр өөр өөр овогтой болсон. Ээж О.Д нь 2 хүүхэд төрүүлсэн ба тэр нь Г бид хоёр байгаа юм. Миний төрсөн эх О.Д /це********/ нь 2008.07.17-ны өдөр, хойт аав П.Т 2008.04.20-ны өдөр тус тус нас барсан.

Ээж О.Д, хойт аав П.Т нар амьд ахуйдаа Баянзүрх дүүргийн 17-р хороо, Эмнэлэг 4 гудамж **** тоот хашаанд **********тоот нэгж талбартай, 433 м.кв хэмжээтэй газрыг өмчлөн эзэмшиж байсан.

Аав, ээжийнхээ хашааны газрыг өв залгамжлалаар авах гэж төрсөн охин би нотариот дээр очиход нэг жилийн дараа ир, мөн дүү Г дагуулж цуг ир гэж хэлсэн. Дүү Г энэ тухай хэлэхэд би очихгүй гээд очоогүй.

Гэтэл дүү Т.Г надгүйгээр ямар нэгэн хууль бус байдлаар нас барсан аав, ээжийн маань газрыг ганцаараа өмчлөх эрхийн гэрчилгээ авчихсан байна. Одоо болохоор та нар нүүцгээ би энэ хашааны ганц өмчлөгч, га нарт хамаа байхгүй гээд бөөн хэрүүл маргаан болоод байна. Одоо энэ хашаанд миний төрсөн охин Г.Г /мж********/ амьдарч байгаа. Энэ хүүхэд уг хашаанд л төрсөн, одоог хүртэл байгаа. Өвөө, эмээ хоёр дээрээ төрсөн, өссөн зээ охин нь байгаа юм.

Иймд хууль бусаар Т.Г  2009.05.13-ны өдөр гарсан улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж мэдсэн даруйдаа хуулийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад Дээрх газрын өмчлөх эрхийг өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэхдээ Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу 181 дугаартай нотариатчийн олгосон 08 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өмчлөгчөөр бүртгүүлэх иргэний гаргасан мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэсэн байна. Иймд таны өргөдөлд дурдсан эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх бөгөөд та Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болно гэсэн хариуг өгсөн.

Ингэж хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ба эс зөвшөөрсөн хариуг надад өгсөн. Ээж О.Д хоёр хүүхэд төрсөн байхад нэгийг нь буюу намайг орхигдуулж ганц дүү н.Г өв залгамжлалаар хашааны газрыг эзэмших, өмчлөх улсын бүртгэл хийгдснээр ээжийн охин миний аав ээжийнхээ хашааны газрыг өв залгамжлан авах, эзэмших, өмчлөх зэрэг хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Аав, ээж хоёр маань Баянзүрх дүүргийн 17-р хороо, Эмнэлэг 4 гудамж *** тоот хашаанд ****** тоот нэгж талбартай, 433 м.кв хэмжээтэй газрыг өмчлөн эзэмшиж байсан. Г ганцаараа өмчлөх эрхийн гэрчилгээ авчихсан байна гэдгийг 2021.09.10-ны өдөр зарна гээд ирэхээр нь олж мэдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдлөө 2021.09.10-ны өдөр өгсөн. Хариуг 2021.09.21-ний өдөр авч хуулийн гуч хоногийн хугацаанд тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 4 дүгээр гудамж, *** тоот хаягт байршилтай****** дугаар гэрчилгээтэй, О овгийн Т.Г өмчлөлд бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 433 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өөрчилсөн зүйл байхгүй.

2008 онд ээж, аав маань нас бараад жилийн дараа өв залгамжлах эрх үүснэ гэж нотариатч хэлсэн. 2009 оны 1, 2 дугаар сард нотариат дээр очсон. Т.Г хамт ирж байж өв нээгдэнэ гэж хэлсэн. Нотариат баталж өгөхгүй болохоор газрын бичигтээ найдаад тэр чигт нь орхичихсон юм. Дахиж очоогүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ байсан. Ээж, аав хоёртой манай охин Г.Г хамт амьдардаг байсан. Одоо тэр газарт манай охин Г.Г нөхөртэйгөө амьдарч байгаа. Би нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Холбоо толгой 46 гудамж, **** тоотод аав, ээжийг нас барахаас өмнө амьдарч байсан, одоо амьдарч байгаа. Би төрсөн, Т.Г үрчилж авсан. Өөр хүүхэд байхгүй.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгой 46 гудамж, **** тоот хаягтай газраа би өөрийн нэрээр өмчилж авсан. Манай охин 5 сартай байхаасаа өвөө эмээтэйгээ 2008 оноос 2014 он хүртэл энэ хаягт амьдарч байсан. Тэр газар нь зам дагуу юм юмандаа ойрхон. Надад энэ газрын хэрэг байхгүй, тэр муу охиндоо л өгөх санаатай. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэг жилийн дараа өв залгамжлах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өв хүлээн авахаас татгалзсанд тооцно гэж байна. Т.Г ээжийгээ нас барснаас хойш нэг жил болоогүй байхад 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач нарын нэрээр мэдүүлэг, хүсэлт гаргаад явж байсан. Уг нь 2009 оны 7 сарын 27-ны өдрөөс хойш хүсэлтээ гаргах байсан. Энэ ч гэсэн хууль бус. Нэр дээр нь гарсан гэрчилгээ 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Т.Г эгч С.А  өвлөх эрхийн гэрчилгээ авснаа хэлээгүй. Энэ нь нэг жилийн дараа өв нээлгэнэ гэх хуулийн заалтыг няцааж байна гэж үзэж байна. Т.Г нь цорын ганц охин нь би гээд өргөдөл гаргаад явж байна. О.Д төрсөн охин, Т.Г эгч нь С.А. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Дараа нь иргэний журмаар нотариаттай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх болно. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 4 дүгээр гудамжны *** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн П.Т, О.Д нарт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 дугаартай захирамжаар өмчлүүлсэн шийдвэр, газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, өв залгамжлагч Т.Г газар өмчлүүлэх эрхийг бүртгүүлэх тухай өргөдөл мэдүүлэг, бусад нотлох баримтыг үндэслэн 2009 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр улсын бүртгэлд анх удаа бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 181 дугаартай нотариатчийн олгосон 08 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээ, төлбөрийн баримт бусад нотлох баримтыг хавсарган өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөх бүртгэл хийлгэх тухай иргэн Т.Г мэдүүлэг гаргасны дагуу 2009 оны 5 дугаар сарын 13-ны иргэн Т.Г өмчлөлд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.5-д Өв залгамжлах эрхийг бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ гэж заасны дагуу бүртгэл хийгдсэн байна.

2009 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасны дагуу мэдүүлэг гаргагч хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Мэдүүлэг хүлээн авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш буюу 2009 оноос хойш уг бүртгэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3-т Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус заасны дагуу газрын улсын бүртгэлийн байгууллага нь нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр хэнд өвлөх эрх үүссэн байна түүнд үндэслэн өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийг хийж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгодог болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 дугаар газар өмчлүүлсэн захирамжийг үндэслэн талийгаач нар нь газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Бүртгүүлээгүй учраас өмчлөх эрх баталгаажаагүй байсан. Нас барсных нь дараа мэдүүлэг гаргагч өмчлөх эрхийг баталгаажуулсан. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 дүгээр захирамжаар П.Т, О.Д нарт газар өмчлөх шийдвэр гарсан. Т.Г өмчлүүлээгүй. Өв залгамжлагч Т.Г нь 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өв залгамжлах эрхийн гэрчилгээг авсан байдаг. Гэрчилгээгээ барьж ирээд талийгаач нарын газрыг өмчлөх эрх үүссэн. Нас барсны дараа газар өмчлөх Нийслэлийн Засаг даргын шийдвэр, газар өмчлөх эрхийг бүртгүүлэх өргөдөл, бусад нотлох баримтыг нь үндэслэн П.Т, О.Д нарын өмчлөлд бүртгэж, хэд хоногийн дараа өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн Т.Г шилжүүлсэн байдаг. Энэ 2 хоёулаа Т.Г мэдүүлгийг үндэслэн хийгдсэн. Журмаараа анхны бүртгэлээр Т.Г дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй. Өмчлөх эрх авсан хүн дээр бүртгэгдээд өвлөгчид нь шилжүүлдэг. гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний эцэг П.Т, эх О.Д нар 1965 онд гэр бүл болж, тэдний дундаас төрүүлсэн хүүхэд байхгүй бөгөөд Г намайг 1973 онд үрчлэн авч, би П.Т, О.Д нарын хүүхэд болсон.

Миний эцэг П.Т 2008.04 сард, эх О.Д 2008.07 сард нас барж, тэдний хүүхэд болох Т.Г би хууль ёсны дагуу тэдний өв хөрөнгө болох БЗД-ийн 17 дугаар хороо Эмнэлгийн 4 дүгээр гудамж,*** тоотод байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтгай 433 м.кв газрыг өвлөж авсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нотариатын тухай хуулийн дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хөтлөх журамд заасны дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн өгч, Улсын бүртгэлийн газраас 2009.05.13-ны өдөр******** дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Дээрх бүхий л ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ...О.Д хоёр хүүхэд төрсөн байхад нэгийг нь буюу С.А орхигдуулж, миний аав ээжийнхээ хашааны газрыг өв залгамжлан авах, эзэмших, өмчлөх зэрэг хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэжээ. С.А дээрх эрх зөрчигдсөн эсэхийг Иргэний хуулийн дагуу иргэний хэргийн шүүхээс тогтоох асуудал. Гэтэл дээрх асуудлыг Улсын бүртгэлийн байгууллагад хамаатуулж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон үйл ажиллагаа /бүртгэлийг/-г хүчингүйд тооцуулах нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд С.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Би аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Иргэний үнэмлэхийн хаяг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 4 дүгээр гудамж, *** тоот хаягт бүртгэлтэй байдаг. Сүүлд 10 дугаар анги төгсөх жил манай эгч Сэлэнгэд байхдаа хүүхэд гаргаад, нөхрөөсөө салаад хэцүү байна гээд манай аав явж хүүхдийг нь авчирч дүүтэй болж байсан. Одоо би хажуу талд нь хашаатай тэндээ амьдарч байгаа. Одоо *** тоот хаягт Г.Г амьдарч бай гэж хэлсэн юм. С.А хэлсэнчлэн би аав ээжийнхээ газрыг зарах гээгүй, тэднийг хөөгөөгүй. Аав ээжийнхээ газрыг зарахыг ч хүсээгүй. Амьдарч болно л гэж хэлсэн. Гэтэл одоо шүүхэд хүртэл хандсан байна. С.А  хамт газраа өмчилье гэж хэлж байгаагүй. Нотариатч дээр 2009 оны 4 дүгээр сард очсон. Аавын маань нэр дээр газар өмчлүүлэх гэрчилгээ гарчихсан байсан. С.А өмчлөх эрх үүсэж байгаа эсэхийг иргэний шүүхээр тогтоолгоё. Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан үйлдэл нь хуулийн дагуу хийгдсэн. Иймд С.А гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А нь өвлөх эрх зөрчигдсөн үндэслэлээр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлэг 4 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 433 м.кв газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаарт Т.Г өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан маргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэг авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шидвэрлэлээ.

Иргэний бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч С.А нь О.Д  1958 онд төрсөн охин, П.Т , О.Д  нар 1965 онд гэрлэснийг 1974 оны 1 дүгээр сарын 28-нд бүртгэсэн, гуравдагч этгээд Т.Г нь П.Т овоглож, охин гэж бүртгэгдсэн, П.Т  2008 оны 04 дүгээр сарын 20-нд, О.Д 2008 оны 07 дугаар сарын 18-нд нас барсан байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээс үзвэл маргаанд хамаарах Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлэг 4 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, нэгж талбарын ************ дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 433 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 131 дүгээр захирамжаар П.Т, О.Д нарт өмчлүүлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр олгосон, 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нотариатчаас олгосон дээрх хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 433 м.кв газрыг өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр өв залгамжлагч Т.Г уг газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд аав П.Т, хамтран өмчлөгч ээж О.Д нарын өмчлөлд бүртгүүлэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, нас барсны гэрчилгээ, өмчилж байгаа газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээг хавсарган хүсэлт, мэдүүлэг гаргаж П.Т, О.Д нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэж, улмаар нас барсны гэрчилгээ, өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн газар өмчлөх эрхийг шилжүүлэн авах Т.Г мэдүүлгээр эрхийн улсын бүртгэлийн Г-******дугаарт бүртгэгдсэн газрын өмчлөгчөөр  Т.Г бүртгэсэн байдаг.

П.Т, О.Д нар нь 2004 оны захирамжаар олгогдсон газар өмчлөх эрхээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байсныг ийнхүү тухайн газрын хувьд өв залгамжлах эрхийг нотариатчаас олгосон гэрчилгээгээр олж авсан өв залгамжлагч мэдүүлэг гарган улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар өвлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөлдөө шилжүүлэн авчээ.

Баянзүрх дүүргийн тойргийн 181 тамганы дугаартай нотариатчаас 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 08 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон хувийн хэрэг, баримтаас үзвэл Т.Г нь 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өв хүлээн авах хүсэлт гаргаж, эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэх, өөрийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ, эхийн паспорт, түүн дээрх охин Т.Г гэх, гэрлэлтийн байдал, оршин суугаа хаягийн тэмдэглэгээ бүхий хуудас, газар өмчлүүлсэн шийдвэр, кадастрын зураг, газрын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтыг хавсаргасан байна.

Нэхэмжлэгч С.А хувьд О.Д төрүүлсэн охин бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийн эх О.Д ногдох хэсгийг Т.Г адил хэмжээгээр өвлөх эрхтэй ч, 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй тул өвийг шууд хүлээн авсанд тооцогдох этгээд биш тул 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авахаар, өвлөх эрхийн гэрчилгээ авахыг хүсч нотариатчид өргөдөл гаргасан бол энэ эрхээ эдлэхээр, гаргаагүй бол 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна.

Гуравдагч этгээд Т.Г хувьд П.Т, О.Д нарын өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөх эрхтэй этгээд бөгөөд өв нээх хугацаа, өв хүлээн авах хүсэлт гаргах эрхтэй этгээдийг тодорхойлох зэрэг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийн хууль зүйн үндэслэлийг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй.

Түүнчлэн дээрх баримтуудаар өвлөх эрхийн гэрчилгээтэй өв залгамжлагчаас гаргасан мэдүүлгээр газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн, өв залгамжлагчийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэл маргаанд хамаарах бүртгэл хийгдэх үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 мэдүүлгийг төлөөлөгч нь гаргаж болно, 13.5.1 мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг, 13.5.2 газар өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ тухайн газрын кадастрын зургийг, 13.5.3 тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг, 13.5.6 үйлчилгээний төлс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг, 13.5.7 өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг, 13.5.8 эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг хавсаргана гэж заасныг зөрчөөгүй, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа, хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих материал хавсаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлөөгүй, бүртгүүлэхээр тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй, өөр этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хүчинтэй байгаа гэсэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл мэдүүлгийг хүлээн авч бүртгэх үед ийнхүү тогтоогдоогүй, 14.2-т зааснаар улсын бүртгэгч 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглох тул мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д мэдүүлгийг төлөөлж гаргаж болохоор заасан, нөгөөтэйгүүр П.Т, О.Д нар нь 2004 оны захирамжаар олгогдсон газар өмчлөх эрхээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул өвлөгдөх эд хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлгийг өвлөх эрхийн гэрчилгээтэй өв залгамжлагчийн гаргасан мэдүүлгээр бүртгэж, өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлэг 4 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 433 м.кв газрыг эрхийн улсын бүртгэлийн Г-********* дугаарт Т.Г өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА