Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 04

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Л.Цэндсүрэн,

шүүгдэгч Э.Ганбаатар, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0-165/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жийдэг овогт Эрдэнэчимэгийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201626031294 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 13-нд Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 3 сараас 15 насны 6 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Жийдэг овогт Эрдэнэчимэгийн Ганбаатар /РД:ЙЮ80031314/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ганбаатар нь согтуугаар, машин механизм ашиглан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 6-286 тоотод оршин суух иргэн Н.Гансүхийн гэрийн хаалгыг түлхэн орж, бусдын орон байранд нэвтэрч Samsung загварын 42 инчийн LCD зурагт хулгайлан авч, иргэн Н.Гансүхэд нийт 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Ганбаатар нь согтуугаар, машин механизм ашиглан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 6-286 тоотод оршин суух иргэн Н.Гансүхийн гэрийн хаалгыг түлхэн орж Samsung загварын 42 инчийн LCD зурагтыг хулгайлсан болох нь:

             1. Шүүгдэгч Э.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Н.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай гэрт намайг эзгүй хооронд хулгай орж Samsung загварын 42 инчийн LCD зурагт алдагдсан. Манай ах, дүү хоёр хоолны материал цуглуулахаар Яармагийн эцэст байдаг 52 дугаар зах руу явсан хойгуур буюу 17-19 цагийн хооронд орж зурагт авсан байна. Алдсан зурагтаа эргүүлэн олж авсан. Цагдаа нар хулгай хийсэн хүнийг нь олж тогтоолоо гээд надтай холбогдож манай зурагтыг надад бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Би алдагдсан зурагтаа 420.000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний комисс 280.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/

             3. Гэрч Д.Гүндсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Гансүх ах ажилдаа явна гээд гэрээсээ өглөөний 08 цагийн үед гарч явсан. Би Ганбаатар ахтай үлдсэн. Тэгээд байж байтал гаднаас манай гэрт 12 цагийн үед Эрхэмээ гэх хүн, танихгүй, 35 орчим насны нэг ахтай хамт орж ирээд Ганбаатар ахтай хамт архи уусан. Тэгээд 16 цагийн үед ахтай хамт архи уусан хоёр ах гараад явсан ба ах Ганбаатар нилээн согтсон, нөгөө хоёр ч согтуу байсан. Би 17 цагийн орчим ах Ганбаатарын хамт хоолны мах авахаар Яармагийн эцэст байдаг 52 дугаар зах руу явсан ба гэрийнхээ хаалгыг төмөр даруулгатай ил цоожоор цоожлоод түлхүүрийг нь аваад явсан. Махаа авчихаад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга нээлттэй, гэрт ортол гэрийн хойд хэсэгт байдаг 42 инчийн Самсунг маркийн эл си ди зурагт алга байсан. Өөр эд зүйл алга болсон байна уу гээд шалгахад алга болоогүй байсан. Тэгээд энэ талаар ах Гансүхэд хэдээд дараа нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Сүүлд нь сураг сонсоход манай гэрээс ах Ганбаатартай хамт архи уусан Э.Ганбаатар гэдэг хүн маханд явсан хойгуур зурагт хулгайлсан байсан. Манай гэрийн хашааны цоож нь түгжигддэг боловч гэрийн хаалгыг хүчтэй татах үед даруулга төмөр нь наашилж хаалга хөндийрч нээгддэг юм. Үүнийг янзлах арга хэмжээ авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

             4. Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийнхөө 53-14 УБТ улсын дугаартай Соната 6 маркийн авто машинтайгаа халтуур хийгээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагийн эцэс хавиар явж байтал орой 17 цагийн орчим 35 орчим насны танихгүй залуу намайг зогсоогоод та Нарантуул зар руу явах уу гэж хэлсэн. Би явна гээд 15.000 төгрөгөөр явахаар тохирсон. Гэтэл тэр залуу гэрээсээ очиж зурагтаа авна гэж хэлсэн. Хаана юм бэ гэхэд Сонсголонгийн 6 дугаар гудамжинд гэж хэлээд машинд суусан. Тэгээд гэрт нь очиход тэр хойшоо харсан хашаатай айл руу ороод гарч ирэхдээ нэг хар өнгийн эл си ди зурагт авчираад миний машины ар талын суудал дээр ачсан. Юун зурагт юм бэ гэж асуухад “би өөрийнхөө зурагтыг авч явж байгаа юмаа, урд өдөр нь самранд явсан чинь хоосон мөнгөгүй ирлээ, би гутал хийдэг юмаа, гэтэл гутал хийх түүхий эд авах мөнгөгүй болчихлоо, тэгэхээр зурагтаа зарж түүхий эд авна даа, уул нь би их л үнэтэй энэ зурагтыг авсан юм, гэхдээ надаас 200.000 төгрөгөөр л авах байх даа” гэж маш үнэмшилтэй ярьж байсан. Тэр үед уг залуу нилээн халамцуу, согтуу байсан. Тэгээд Нарантуул зах дээр очоод би түүний хамт машинаас буусан. Уг залуу зурагтаа тэврээд Нарантуул захын байшин руу ороод цагдаа нарт саатуулагдсан. Цагдаа нар түүнээс ямар учиртай зурагт авч явж байгаа юм гэхэд уг залуу өөрийнхөө л зурагтыг авч явж байна гээд байсан. Мөн надаас цагдаа нар энэ хүн чинь ямар учиртай юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би “таксигаар үйлчилсэн хүн байна, наад хүн чинь өөрийнхөө зурагтыг зараад таксины 15.000 төгрөг өгөх ёстой, тийм болохоор нь би дагаад явж байгаа юм” гэж өөрийн мэдсэн зүйлээ үнэнээр нь хэлсэн. Тэгээд цагдаа нар бид хоёрыг саатуулсан. Миний бичиг баримтыг цагдаа нар шалгаад намайг “та анхааралтай байхгүй яаж байгаа юм бэ” гэж анхааруулаад явуулсан. Харин тэр залуугаас зурагтыг нь хурааж аваад өөрийг нь саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/

            5. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: “...Samsung маркийн LCD-42 инчийн зурагт...” /хх-ийн 22/

            6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Samsung маркийн LCD-42 инчийн зурагт-1ш...” /хх-ийн 23/

            7. Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: “...танигч гэрч Ц.Алтангэрэл...сайтар ажиглаж байгаад №4 дугаартай сэжигтэн Эрдэнэчимэгийн Ганбаатарыг шууд зааж энэ зурган дээрх хүн нь 2016.09.23-ны өдөр миний машинаар зурагт ачаад Нарантуул зах руу авч яваад цагдаа нарт баригдсан хүн мөн байна гэж заалаа...” /хх-ийн 24-25/

            8. Эд зүйлийн үнэлгээ: “...Самсунг маркийн 42 инчийн LCD зурагт нэг ширхэг...280.000 төгрөг...” /хх-ийн 26/

             9. Яллагдагч Э.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би...эхнэр зургаан хүүхдийнхээ хамт амьдардаг...2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр танил Мягмарцэцэг гэж архи уудаг эмэгтэйтэй тааралдсан...эхлээд 0,75 хэмжээтэй...архи  аа аваад бид хоёр...хувааж ууж дуусгасан...би буцаж Яармагийн эцэс рүү очоод тэр хавьд байдаг танил Н.Ганбаатарын гэрт очсон...Тухайн үед би согтуу байсан. Тэр үед тэдний гэрт Н.Ганбаатар өөрөө байсан ба...хамаатныхаа дүү гээд 20 орчим насны залуутай байж байсан...Би тэдний гэрт нь түүгээр архи авахуулах гэж очсон юм...би самранд явахдаа авч явсан цүнхтэй муу хувцсаа тавьсан...Н.Ганбаатартай хамт гэрээс нь гарсан...0,5 хэмжээтэй...нэг шил архи авч өгсөн. Уг архийг нь тэдний гэрт нь уусан...Тэгээд тэдний гэрт нь очтол Эрхмээ гэж нэртэй бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй...нэг настай ах ирчихсэн байсан...Ойролцоогоор 16 цагийн үед ууж дуусгасан байх...би тэдний гэрээс гараад явсан...Би буцаж Н.Ганбаатарын гэрт ойролцоогоор 17 цагийн үед ирсэн санагдаж байна. Тэгтэл тэдний гэрийнх нь хаалга гадна талдаа даруулгатай, ил цоожоор цоожилсон, хашаан дотор нь хүн байхгүй байсан. Гэрт нь үлдээсэн самранд явахдаа өмссөн муу хувцасаа авах гэж ирсэн юм. Тэгэхээр нь би эхлээд хаалгыг нь тогшоод, таттал хаалга нь өөрөө нээгдчихсэн...Тэгэхээр нь би гэр рүү нь яваад орсон ба гэр дотор нь хүн байхгүй болохоор нь надад гэнэт хулгай хийх санаа төрсөн. Би шууд гэрийнх нь хойд талд байсан 42 инчийн Самсунг маркийн зурагтыг нь залгуураас нь салгаад элдэв зүйлээр ороолгүй, шууд урдаа тэврээд гэрээс нь авч гарсан. Тэгээд нэг такси олоод буцаж хашаанд такситай ирж зурагтыг таксины арын суудалд ачаад Нарантуул зах руу явсан. Таксины жолоочид өөрийнхөө зурагтыг авч явж байна гэж худлаа хэлсэн. Намайг хулгай хийж байгааг мэдээгүй. Тэгээд зах дээр очоод цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Ганбаатар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /3 сартай-аас 15 насны 6 хүүхэдтэй/ зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Харин Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйл /эд хөрөнгө хураах/-ийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай тогтоолоор “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж, тээвэрлэж буйгаа мэдээгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн тээврийн хэрэгслийг хурааж болохгүй...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч Э.Ганбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэх 53-14 УНТ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ц.Алтангэрэлийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84/, шүүгдэгч Э.Ганбаатарыг хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг эд зүйлээ зөөж, тээвэрлэж байгааг Ц.Алтангэрэл мэдээгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...би өөрийнхөө 53-14 УБТ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн авто машинтайгаа халтуур хийгээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагийн эцэс хавиар явж байтал...танихгүй залуу намайг зогсоогоод та Нарантуул зар руу явах уу гэж хэлсэн. Би явна гээд 15.000 төгрөгөөр явахаар тохирсон...Юун зурагт юм бэ гэж асуухад “би өөрийнхөө зурагтыг авч явж байгаа юмаа,...” гэж маш үнэмшилтэй ярьж байсан...Уг залуу зурагтаа тэврээд Нарантуул захын байшин руу ороод цагдаа нарт саатуулагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/, шүүгдэгч Э.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд нэг такси олоод буцаж хашаанд такситай ирж зурагтыг таксины арын суудалд ачаад Нарантуул зах руу явсан. Таксины жолоочид өөрийнхөө зурагтыг авч явж байна гэж худлаа хэлсэн. Намайг хулгай хийж байгааг мэдээгүй. Тэгээд зах дээр очоод цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50/ зэргээр тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ц.Алтангэрэлийн эзэмшлийн 53-14 УНТ улсын дугаартай Хьюндай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Ц.Алтангэрэлд буцаан олгож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Э.Ганбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Жийдэг овогт Эрдэнэчимэгийн Ганбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Жийдэг овогт Эрдэнэчимэгийн Ганбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Ганбаатарын эдлэх 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Э.Ганбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ганбаатарт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ц.Алтангэрэлийн эзэмшлийн 53-14 УНТ улсын дугаартай Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Ц.Алтангэрэлд буцаан олгосугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ганбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                            ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР