Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/539

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2305000001123 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “*******” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, *******,*******, “Голден парк” хотхоны 104-р байрны 151 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *******ны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 104-р байрны 151 тоотод насанд хүрээгүй хохирогч “гэрт шөнө хэлэхгүй ирлээ, хичээлдээ явахгүй гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Д.Энхбаярын цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “...Миний төрсөн охиныг нагац эгч нь 2023 оны 05 дугаар сарын 07-ны орой гэртээ зодсон байна” гэсэн гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч *******:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед Отгонжаргалын гэрт буюу *******, “Голден парк” хотхонд байх гэрт нь очсон юм. Намайг ороход Отгонжаргал эгч “ямар хар шөнөөр явдаг юм бэ, аавыгаа дагаад явахгүй яасан юм бэ, манай эгчийг ингэж зовоож байхаар байрнаас нь яв” гэсэн. Отгонжаргал эгч хараад “нүүрээ хүртэл будаад авгай шиг болчихсон" гэж загнаж байснаа миний үснээс зулгаагаад, нүүр рүү баахан алгадаад, бас гарын булчин хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиод үргэлжлүүлээд загнаад байсан. Тэгж байснаа “чи яахаараа манай аав, ээжтэй цагаан сараар очиж золгодоггүй юм, дургүй хүрчихлээ, ямар овоо байна” гээд намайг үсдээд том өрөө рүүгээ чирч оруулаад нүүр, ам руу цохисон. Тэгэхэд нь миний шүдний аппаратад уруулын дотор хэсэг хавсрагдаж цохигдоод, уруулаас цус гарсан. Намайг буцаагаад коридорын хэсэг рүү чирэхээр нь би “уучлаарай аниа” гээд сөгдсөн чинь “би чамаар сөгдүүлэхээр юу хийсэн юм бэ” гээд миний зүүн хацар хэсэг рүү хүчтэй алгадахад нь миний дээд, доод адаг арааны аппаратууд салаад унасан. Дараа нь миний зүүн шанааны үснээс атгаж авч татсанаа буцаагаад зүүн шанаа руу уг атгасан гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Бас “үсийг чинь хайчилъя гэж бодоод хайч бэлдчихсэн байсан юм, харахуй шөнө хүүхэд унтаж байхад ахиад ингэж орж ирэх юм бол үсийг чинь хайчилна шүү” гэсэн. Тэгэхээр нь би дүүгээ сэрээгээд, хувцаслаад байж байтал араас ирээд миний нуруу руу хэд хэдэн удаа өшиглөж, “маргааш гэхэд сургуулиасаа гар” гэх мэтээр баахан хэл үгээр доромжилсон бөгөөд би шууд хоёр дүүгээ аваад гэр лүүгээ явсан. Миний уруул дотроо язарсан, хоёр шүдний аппарат салсан, зүүн шанаа хавдаж, хуйх өвдөж байна. Мөн миний зүүн гар болон зүүн тал тэр чигээрээ өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

Насанд хүрээгүй гэрч *******:

“...Энхжин дүүгээ авах гээд эгчийндээ ороход нь би хаалганых нь гадна хүлээж байсан. Хаалганы гадна сонсоод зогсож байхад Энхжинг эгч нь аашилж, загнаад байгаа бололтой, “гичий минь” гэж дуудаад, алгадаад байгаа юм шиг чимээ сонсогдоод байсан. Би гэрийнх нь гадаа 30-40 орчим минут хүлээсэн ба Энхжин эгчийнхээ гэрээс гарч ирэхдээ үс нь сэгсийсэн, уруулаас нь цус гарсан, зүүн гар нь өвдсөн бололтой, баруун гараараа барьсан, нүүрэн тус газар нь хавдсан байдалтай гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6173 дугаартай шинжээчийн:

“...Энхжингийн биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Шүүгдэгч *******ын:

“...Би Ариунбилэгт “цуг явж байгаа том хүнээ оруулаад ир” гэж хэлсэн. Тэгтэл Ариунбилэг гарч яваад Энхжинг дагуулаад ороод ирсэн. Би Энхжинг орж ирэхээр нь “хар шөнө хаагуур яваад байгаа юм бэ, ирэх байсан юм бол утсаар хэлэхгүй яасан юм бэ. Төрөөд сар болоогүй нялх нойтон хүүхэдтэй айлд шөнөөр ирэх юм, хаанаас ирж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхэд Энхжин “би аавтай явж байгаа, аавынхаас ирж байна гэсэн. Би баруун гараараа Энхжингийн нүүрэн тус газарт 7-8 удаа цохисон. Зүүн гарынх нь бугалга хэсэгт 10 удаа цохисон. Би энэ үед Энхжинг аашилж, загнаж байх үедээ загнаад, цохиод л байсан. Би Энхжинг 30 орчим минут загнаж энэ асуудал болсон бөгөөд Энхжинг гэртээ хонохгүй дэмий тэнэсэн, хичээлдээ явахгүй байгааг нь би мэдээд загнаж зодсон. Шөнийн 00 цаг 45 минутын үед Энхжин дүү Анударийг аваад манай гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө насанд хүрээгүй хохирогч “гэрт шөнө хэлэхгүй ирлээ, хичээлдээ явахгүй гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай уруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Энхжин, насанд хүрээгүй гэрч Т.Ханмөрөн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6173 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно. 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001123 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ