Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/555

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2305018391156 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Долоон болдог” ХХК-д тавилгын засварчин, угсрагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин хаягийн суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Чулуутын 6-22 тоотод түр оршин суух,

- урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кью” караокены 104 тоот өрөөнд хохирогч Ц.Нямхүүтэй “ээжийг доромжилж, удам муутай гэж доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“...2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед би хадам ээж Нарангэрэлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр хадам дүү Баянмөнх, түүний эхнэр Баярмаа, Батчулуун, Баттөр, түүний эхнэр Эрдэнэжаргал болон нөхөр Очирпүрэвийн хамт Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кью” гэх нэртэй караокед орсон. Тэндээ 104 тоот өрөөнд орж хоол унд авч идэцгээж, 2 шил 0.75 литрийн архи, 18 шил пиво авч хувааж ууцгаасан. Тэгээд тооцоогоо хийгээд гарах гэж байхад Баянмөнх “ганц уулзсаных” гээд манай нөхөр Очироотой хамт архи авах гээд байхаар нь би авхуулахгүй гэхэд манай нөхөр гараад явчихсан. Удалгүй Баярмаа над дээр ирээд “Баянмөнх гарахгүй, нэмж ууна гээд байна” гэхээр нь би буцаад өрөөнд ортол Батчулуун надтай юм ярих гээд байсан. Тэгэхээр нь би “ядраад байна, харимаар байна” гэтэл “та ер нь бид нарыг яагаад ингээд байдаг юм, бид нарыг хараагаад, хараал хийж, амьдрал дээшлэхгүй, бид нар дорой амьдраад байна” гэхээр нь би “тийм юм гэж юу байхав дээ, буруу бодож байна” гэж хэлтэл “чи миний ахын хөрөнгө дээр туйлж байна, муу янхан, хүнд хүчиндүүлээд байж байхад чинь манай ах чамайг аварсан” гэх зэргээр доромжлоод байсан. Тэр үед Баянмөнх орж ирээд Батчулууныг аваад гарсан бөгөөд Баярмаа бид хоёрыг сууж байтал удалгүй Баянмөнх гаднаас ганцаараа орж ирсэн. Баянмөнх орж ирээд, ширээн дээр гараараа цохиод “яагаад байгаа юм бэ пиздануудаа, ганц өдөр гарч байхад чи мөнгөндөө харам байгаад байгаа юм уу, удам муутай юм чинь” гэж намайг хэлэхээр нь би зөрүүлээд “юу яриад байгаа юм бэ, танайх ч бас сайн удамтай хүмүүс биш шүү дээ” гэж хэлтэл шууд бакаль барьж аваад миний хамар руу нэг удаа цохисон. Тэгтэл миний хамарснаас цус маш их гарсан ба би шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед бид хоёроос гадна Баярмаа байсан, бусад хүмүүс гараад явчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Гэрч *******:

“...Захиалсан юмнуудаа ууж дуусаад би нэмж юм захиалах гэтэл эхнэр дургүйцээд байхаар нь би тэндээс шууд гараад гэр лүүгээ явсан. Гэрийнхээ ойролцоо таксигаар хүргүүлээд, гэр лүүгээ алхаж байтал манай эхнэр над руу залгаад “Баянмөнх намайг пивоны аягаар цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж очоод эхнэрээ аваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “хамар нь хугарчихсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Гэрч *******:

“...Бид шөнийн 00 цагийн үед тухайн “Кью” гэх караокеноос гарах гээд байж байхад Батчулуун надтай караокены өрөөнд юм яриад суусан. Тэгтэл Нямхүү Батчулуун хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэр хоёрыг хэрэлдэж байх үед өөр бусад хүмүүс байхгүй, өрөөнөөс гараад явчихсан байсан бөгөөд тэр хоёр бие биеийнхээ удам судрыг доромжлоод хэрэлдээд байсан. Тэр хоёр хэрэлдээд бараг барьцалдаж авах гээд байж байтал гаднаас Эрдэнэжаргал орж ирээд Батчулууныг аваад гарсан. Гарах үед нь Нямхүү “танай эх чинь янхан биз дээ, 3 өөр эцгийн 3 хүүхэдтэй” гээд орилж байтал Баянмөнх орж ирж таарсан. Баянмөнх орж ирээд “юу болсон юм бэ” гэж асуухад “чамд хамаагүй” гэж Нямхүү хэлсэн. Тэгээд Баянмөнх уурлаад түүн рүү ширээн дээр байсан пивоны бакалыг аваад шидэхэд Нямхүүгийн хамрыг оночихсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Гэрч :

“...Бид 00 цагийн үед гарах гээд байж байтал Очироо ах “дүү нартай ойрд уулзаагүй” гээд 1 шил архи нэмж авахаар текен дээр очиход түүний эхнэр нь очоод болиулсан. Тэгээд Очироо ах бага зэрэг уурлаад яваад өгсөн. Би ахыг караокены ойр орчим хайж явж байгаад эргээд өрөөнд ороход Батчулуун Нямхүүтэй хэрэлдээд сууж байхаар нь би Батчулууныг өрөөнөөс аваад гарсан. Караокены гадна ээж, Батчулуун, Эрдэнэжаргал нартай зогсож байтал Баянмөнх зөрөөд караокены өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа эхнэр бид хоёр караокены өрөө рүү буцаад ороход Нямхүү эгч “над руу Баянмөнх шил шидчихлээ” гээд хамраас нь цус гарсан байдалтай сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №5553 дугаартай шинжээчийн:

“...******* биед зүүн тавхайн эрхий хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийн сэтэрсэн хугарал, хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 567 дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжээчийн:

“...******* зүүн тавхайн эрхий хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийн сэтэрсэн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, харин хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кью” караокены 104 тоот өрөөнд хохирогч Ц.Нямхүүтэй “ээжийг доромжилж, удам муутай гэж доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Нямхүү, гэрч Д.Очирпүрэв, Н.Баярмаа, Н.Баттөр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5553 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 567 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ц.Нямхүү нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305018391156 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Нямхүү нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ