Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 537

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00537                                                      Дундговь аймаг

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Д  аймгийн С  сумын 1-р баг, М  гэх газар оршин суух, Д овогт Дгийн Б /ЗК /-ын нэхэмжлэлтэй,

Д  аймгийн С  сумын 6-р баг, Б  1726 тоотод оршин суух, Б овогт Даваасүрэнгийн С /ЗЮ /-д холбогдох 2000000 төгрөг гаргуулах тухай 139/2019/00490/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Д.С  нь berna accent  маркийн суудлын автомашин зарна гэсний дагуу 2019 оны 1 сарын 13-ны өдөр би тухайн машиныг худалдан авахаар тохиролцсон бөгөөд машинаа 2500000 төгрөгөөр худалдсан юм. Би тухайн үед 2000000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 500000 төгрөгийг хавар ноолуур дээрээсээ өгөхөөр  тохиролцоод  унаад явсан. Машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлье гэтэл дараа долоо хоногт ирэхээр чинь шилжүүлж өгье гэсэн. Гэтэл машиныг  худалдаж авснаас хойш  14 хоногоос эхлэн машины диск нь эвдэрч гэмтэлтэй машин болох нь  тодорхой болсон бөгөөд Д.С өөрөө ч үүнийгээ  хүлээн зөвшөөрсөн, мөн надад худалдсан автомашин нь Д.Сгийн өөрийнх  нь эзэмшлийн машин биш байсан. Тэгээд наймаа буцъя гэж ярьсан бөгөөд Д.С нь машинаа өөр хүнд зарахаар боллоо, машинаа авъя гээд аваад явсан. Тухайн автомашин нь биет байдлын болон эрхийн доголдолтой байсан тул наймаа буцсан. Д.С нь 2000000 төгрөгийг өгнө, өгнө гэсээр  өнөөдрийг хүрсэн бөгөөд тухайн үед машинаа өөр хүнд зараад тэр мөнгөнөөсөө 2000000 төгрөг өгнө гээд машинаа аваад явсан. Иймээс Д.Сгаас  2000000 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Иргэн Д.С би нэхэмжлэгч Д.Бтай  2019 оны 1 сард  VERNA ACCENT  маркийн авто машиныг  худалдаа хийсэн билээ. Худалдах үед уг авто машин ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй ашиглалтын доголдолгүй байсан. Д.Б уг авто машиныг  өөрөө унаад явсан.  Худалдсан худалдаж авсан  мөнгөн дүнгийн хувьд  маргах зүйлгүй. Хэрэв энэ машин нь худалдах үед эвдрэлтэй байсан бол 14 хоногоос өмнө мэдэгдэх   байсан.  Д.Б нэг  удаа  “энэ машин эвдэрчихлээ ” гэж дуудахаар нь очиход хөдөө айлд  байж байсан. Д.Б нь өөрөө согтуу байсан.  Машины үзэхэд диск нь эргэчихсэн байсан. Тэр үед нь бүх зардлыг  өөрөөсөө гаргаж янзлаад өгсөн. Дахин эвдэрлээ  гэхэд нь очиход бас л диск нь эргэчихсэн байсан.  Ер нь бол диск эргэнэ гэдэг бол тухайн жолоочийн ур чадвараас  шууд шалтгаалдаг гэмтэл юм.  Араагаа дутуу салгах, өндөр хаазтай явж байхдаа огцом араа солих зэрэгт  дорхноо  эвдэрдэг эд анги юм. Уг машиныг эзэмшигчийн  хувьд минийх биш нь үнэн. Тэгээд  ч өөр хүний  эзэмшлийн  тээврийн хэрэгслийг  бусдад худалдах бэлэглэх зэрэг үйлдлүүдийг хийж болохгүй гэсэн ямар нэг хориг байхгүй.  Нэгэнт дээрх машин нь эрэн сурвалжлагдаагүй, хулгайн машин биш учраас бид Д.Бад худалдсан. Хэрэв үнэхээр наймаа буцах  шаардлагатай байсан бол нэр шилжүүлээгүй байхад буцаж болох байсан гэж бодож байна. 2-3 удаа ингэж зардал чирэгдэл  болохгүй нааш цааш дуудаж явуулчихаад  сүүлд нь ашиглах боломжгүй шахуу болгочихоод  ингэж хандаж байгаад гайхаж байна. Бид уг машиныг  диск, хроп, амортизатор 4 ширхэг,  пүрш 4 ширхэг  урд 2 гар, зөв урд талын цап  эдгээр зүйлүүдийг авто засварын газраар ажлын хөлсийг өгч солиулсан.  Дараах сэлбэг болох  диск, хроп 235000 төгрөг,   амортизатор 4 ширхэг 200000,  пүрш 4 ширхэг 80000 төгрөг,   урд 2 гар 70000 төгрөг, зөв урд талын цап 30000 төгрөг засварын зардал 175000 төгрөг болсон. Анх эвдрэхэд нь янзалсан  төлбөр бензин 40000 төгрөг, диск 25000 төгрөг, ажлын хөлс 50000 төгрөг,  тээврийн зардал 100000 төгрөг нийт ийм зардлаар  янзалж  Улаанбаатар хотод аваачиж  sonota  5 маркийн машинаар сольсон. 2000000 төгрөг гаргаж өгч чадахгүй учраас энэхүү машиныг өгөх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бын эхнэр нь байгаа юм. Энэ машиныг би хөдөө хонины бэлчээрт унах гэж авсан. Би хурдан давхиад машин тэргээ эвдээд байдаг хүн биш. Аваад 3 сар унахад эхний удаад 14 хонолгүй эвдэрсэн. Түүний зардлыг 2 талаасаа хувааж гаргаад янзалсан. Дараагийн удаад мөн удалгүй эвдэрсэн, дахиад манайх зардлаа гаргаад янзалсан. Ойр ойрхон олон удаа эвдэрсэн учир Сд хэлээд наймаагаа буцах болсон. С нь машинаа аваад явсан учир бид өгсөн мөнгөө авъя гэж нэхэмжилсэн. Үнэхээр эвдрээд айлын хашаанд орхисон байсан учир засварлахад гарсан зардалд нь тооцож 200000 төгрөг хасаж тоцоход татгалзахгүй, үлдэх 1800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Д.Сгийн хүү, Бад зарсан машин миний хотод унаж таксинд явдаг байсан машин байгаа юм. Анх зүгээр явж байсан машин өөрсдөө үзэж хараад таалагдлаа гээд аваад явсан. Анх унаад хашаанаас гарахдаа л хэт өндөр хаазалж, хий эргүүлж гарсан. Ингэж унавал ч энэ машин тэсэхгүйдээ гэж би ээждээ хэлж байсан. Манай хадмынх хөдөө эднийхтэй ойролцоо байдаг юм. Нутгийнхан нь Быг согтуугаар машинаа барьдаг, их хурдтай явдаг гэж ярьдаг юм билээ. Тэгж байгаад эвдэлсэн байх. Машиныг маань өөрсдөө авна гэж авчихаад, 3 сар уначихаад, эвдлээд айлын хашаанд тавьсан байсан. Бид наймаагаа буцъя гээд машинаа авч 1 сая төгрөгний засвар хийж өөр машинаар сольсон. Иймд анх авсан 2 сая төгрөгнөөс 1 саяыг хасаж тооцон 1 саяыг нь өгнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Д.Сд холбогдуулан 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1 сая төгрөгийг хасаж 1 сая төгрөгийг төлнө гэж маргажээ.

Талууд Верна аксент маркын автомашиныг 2500000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон, түүнээс 2 сая төгрөгийг нэхэмжлэгч Д.Б нь төлсөн, машин эвдэрч хариуцагч Д.С нь машиныг буцаан авсан, 2 сая төгрөгийг Д.С нь нэхэмжлэгч Д.Бад буцаан өгөөгүй гэдэг дээр маргахгүй байгаа болно.

Харин уг машины эвдрэлийг засварлахад гарсан зардал гэх 1 сая төгрөгийг хасаж тооцон үлдэх мөнгө болох 1 сая төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх ба энэхүү тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй..” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хариуцагч тал нь өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба шүүхэд ирүүлсэн зарлагын баримт /хх-ийн 14-рт/ гэх баримт нь хэнээс хэн худалдан авсан нь тодорхойгүй, хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “машиныг засварлахад тодорхой хэмжээний зардал гарсан байх гэж үзэж 200000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрнө” гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгааг үндэслэн хариуцагчийн төлбөл зохих 2 сая төгрөгөөс 200000 төгрөгийг хасаж 1800000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар Б  овогт Д-ийн С  /ЗЮ /-аас 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж, Д  овогт Дгийн Б /ЗК /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200000 /хоёр зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгаас 43750 /дөчин гурван мянга долоон зуун тавь / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

    

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.У