| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00504/И |
| Дугаар | 541 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 541
2019 оны 12 сарын 20 өдөр Дугаар 139/ШШ2019/00541 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ду аймгийн Э сумын 4-р баг, Жаргалант 6-9 тоотод оршин суух, Г овогт Бгийн Б /ЗП /-ын Хөх сайрын бууцны чулуун хороо, пүнзний өмчлөгч болох, Хөх сайрын бууцны газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай 139/2019/00504/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1945 онд төрсөн, 74 настай. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад малчин, хэсгийн ахлагч, тоо бүртгэгчээр 1994 оны 6 сарын 30-ныг хүртэл ажилласан. 1993 оны 10 сарын 28-нд манай суманд хувьчлал явагдахад би тухайн үед тус бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд Рашаант бригадын нутаг Хөх сайр гэх газарт 1990 оны 5 сард баригдсан 500 бог малын чулуун бөгстэй дээвэргүй хороог 2000 төгрөгийн үнэлгээтэйгээр хувьчлан авч, 1993 оноос тус хороонд өвөлжиж, хаваржиж, өмчилж малаа малласан. Мөн чулуун бөгстэй хорооныхоо дэргэд 2001 онд пүнз барьж малаа төллүүлж, өвөлжиж, хаваржиж байсан. Би 2019 оны 3 сард Газрын тухай хуулийн дагуу Хөх сайрын бууцны газрыг эзэмших хүсэлтээ гаргатал газрын албанаас танай бэр болох Я.Дэлгэрнасан гэж хүүхэн мөн энэ хорооны газрыг эзэмших хүсэлт гаргасан. Иймээс та энэ хорооны газрыг эзэмших эрхтэй болохоо шүүхээр тогтоолгож ирсний дараа танд эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжтой гээд өнөөдрийг хүртэл газар эзэмшүүлэх шийдвэр гарахгүй байна. Иймээс Б.Б намайг Эрдэнэдалай сумын 4-р баг, Рашаант бригадын нутагт байрлах Хөх сайрын бууцны чулуун хороо, пүнзний өмчлөгч болох, Хөх сайрын бууцны газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Хөх сайрын бууцны чулуун хороо, пүнзний өмчлөгч болох, Хөх сайрын бууцны газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн засаг даргын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 4/92 дугаартай тус багийн иргэн Б овогтой Б ам бүл 2, багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч мөн бөгөөд 1993 оны 10 сарын 28-нд амч хувьчлалаар Хөх сайрын бууцыг авсан нь үнэн талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Б.Бын 1991 оны 7 сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон 444616 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-7 хуудас/
-Гэрч Ц.И “ Б.Б нь Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад хзсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэгээд хэсгийн ахлагчаар Хөгжил нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Нэгдэл 1992-1993 онд их хувьчлал хийгзэд тарснаас хойш Б.Б нь Эрдэнэдалай сумын нутагтаа Зэгстий, Холбоо, Хөх сайр гзх газруудаар нутагладаг, хувийн мал аж ахуй эрхэлдэг байсан. Нэгдлийн үед Б.Бын их гэр нь ч дээрх газар нутгуудад нутаглаж байсан. Зэгстий нь Б гээд Бын аавын байнгын өвөлжөө байсан. Өмч хувьчлалаар охин Аюурзана нь авч байсан. Нэгдэлд хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа хөдөө их гэртээ малтай, бригадын төвдөө бас гэртэй байсан. Тэр үед Бад нэгдлээс мал гэж хариуцуулаагүй аав, ээж, эгч Аюурзана нь малтай хөдөө амьдардаг, Б нь хөдөө гэртээ ирж очиж байдаг байсан. Нэгдлийн үед Б.Б бол хөдөө их гэртээ очиж мал ахуйгаа малладаг, их гэр нь Зэгстийн бууцыг хувьчлалд авч, Б нь Хөх сайрын бууцыг өмч хувьчлалаар худалдаж авч байсан. Тухайн үед Бын эхнэр Сугир нь хөдөө мал малладаг байсан. Хөх сайрын бууцанд байдаг байсан. Зэгстий Хөх сайрын бууц нь хоорондоо 8 км зайд байдаг байсан. Бын их гэр болох аав Б, ээж нь Хожгор гэж дууддаг хөгшин байсан. Бын эгч Аюурзанатай аав ээж нь Зэгстийд амьдардаг байсан. Б.Б нь нэгдлийн үед энэ газар нутаглаж энэ хороо бууцанд их гэрээрээ амьдардаг, эхнэр нь мал малладаг байсан. 1992-1993 онд их хувьчлал тарснаас хойш Хөх сайрын бууцыг Б.Б нь өмч хувьчлалаар авч хувьдаа эзэмшиж ашиглаж 1992 оноос хойш нутаглаж амьдарч байгаа. Сүүлийн хэдэн жил өвөл нь хүүхдүүд нь өвөлжиж өөрөө сумын төвд байдаг болсон. Гэхдээ энэ Хөх сайрын бууцны зззмшигч, өмч хувьчлалаар авч байсан хүн нь Б.Б байгаа юм. 1992-1993 онуудад өмч хувьчлал болоход малчидад нэгдлийн үед ашиглаж байсан хороо бууцыг нь өмч хувьчлалаар мөнгөөр хувьчилж өгч байсан. Тэр үед Б.Б нь Хөх сайрын бууцыг өмч хувьчлалаар авч эгч Аюурзана нь аав Бадарчийн Зэгстийн бууцыг авч байсан учраас энэ талаар нь сайн мэднэ. Би тэр үед сумын мал зүйч бүх малчдаар ордог байсан учраас энэ талаар мэднэ. Нэгдэл тарж өмч хувьчлалаар Б.Бад Хөх сайрын бууцыг мөнгөн дүнгээр өмнө ашиглаж байсан болохоор өгөхөд дан чулуун бөгстэй хороо байсан. Өмч хувьчлалаар Бад олгоход дээвэргүй дан чулуун хороо байсан гэдгийг нь би бүртгэлээр хороо бууцыг хөтөлдөг байсан учраас мэдэж байгаа юм. Би тэр үед мал зүйчээр ажиллаж нэгдлийн харъяа бригадынхаа чулуун хороо, худаг ус, бууцыг хариуцаж бүртгэл хөтөлдөг, тайлан мэдээ гаргадаг байсан. Тэгэхэд Хөх сайрын бууц нь дан чулуун хороо байж байгаад хувьчлагдаж байсан. Б.Б нь хувьчлалд авсныхаа дараагаас нилээн тохилог хороо болгож өвөлжиж байсан. Б.Б нь чулуун бөгс хороо байсныг нь дээвэрлэж хажууд нь модон пүнз барьчихсан, хорооны өмнө хөшиг хийчихсэн хороогоо сайн тохижуулчихсан өвөлждөг байсан. Тэр үед Хөх сайрын бууцыг анх авснаасаа их засварласан байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 хуудас/
-Гэрч Ч.П ийн “ Б.Б нь Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Намайг 1983 онд тоо бүртгэгчээр Рашаант бригадад очиход Б Б нь хэсгийн ахлагч хийж байсан. Тэгээд хэсгийн ахлагчаар Хөгжил нэгдэл тарах хүртэл ажиллаж би нэгдлийн хувьчлалын тоо бүртгэлийг хийж нэгдлийг тарааж өмч хувьчлалыг хийж байсан. Нэгдэл 1992 онд их хувьчлал хийгээд тарснаас хойш Эрдэнэдалай сумын нутагтаа Зэгстий, Холбоо, Хөх сайр гэх газруудаар нутагладаг байсан. Б.Бын их гэр нь ч дээрх газраар нутаглаж байсан. Нэгдэлд тоо бүртгэгч, хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа хөдөө малтай, төвдөө бас гэртэй байсан. Тэр үед Бад нэгдлээс мал гэж хариуцуулаагүй аав, ээж, эгч Аюурзана нь малтай хөдөө дээрхи газруудад нутагладаг байсан. Нэгдлийн үед Б.Б бол хөдөө их гэртээ очиж мал ахуйгаа малладаг, их гэр нь Зэгстий бууцыг хувьчлалд авч Б нь Хөх сайрын бууцыг өмч хувьчлалаар худалдаж авч байсан. Б.Б нь нэгдлийн үед энэ газар нутаглаж энэ хороо бууцанд их гэрээрээ амьдардаг байсан. 1992 онд их хувьчлал тарснаас хойш Хөх сайрын бууцыг Б.Б нь өмч хувьчлалаар авч эзэмшиж ашиглаж 1992 оноос хойш нутаглаж амьдарч байсан. Сүүлийн хэдэн жил өвөл нь хүүхдүүд нь өвөлжиж өөрөө сумын төвд байдаг. Гэхдээ энэ Хөх сайрын бууцны эзэмшигч нь Б байгаа юм. Би тэр хувьчлалыг тарахад би харъяа малчидад нэгдлийн үед амьдарч, ашиглаж байсан хороо бууцыг нь өмч хувьчлалын мөнгөн дүн нь хүрэхгүй болохоор ах дүү ойр садан нарыг нь нийлүүлж олгож байсан. Тэгэхэд Б нь Хөх сайрын бууцыг өмч хувьчлалаар авч эгч Аюурзана нь Зэгстийн бууцыг авч байсан Тэр үед би өмч хувьчлалын бичилтийг хийж олгож байсан учраас энэ талаар нь сайн мэднэ. Нэгдэл тарж өмч хувьчлалаар Б.Бад Хөх сайрын бууцыг мөнгөн дүнд нь хамаатуулж өмнө ашиглаж байсан болохоор олгоход дан чулуун бөгстэй хороо байсан. Өмч хувьчлалаар Бад олгоход дээвэргүй дан чулуун хороо байсан. Б.Б нь хувьчлалд авсныхаа дараа жилээс нилээн тохилог хороо болгож өвөлжиж байсан. Би тэр үед ажилч хүн хороо бууцаа сайхан болгосон байна гэж бодож байсан. Тэр үед 1994 он байсан санагдаж байна. Ер нь чулуун бөгс хороо байсныг нь дээвэрлэж, хажууд нь модон пүнз барьчихсан, хорооны өмнө хөшиг хийчихсэн өвөлжиж байсан. Тэр үед хороо бууцаа анх авснаасаа их сайхан болгосон байсан. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 33-34 хуудас/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Б нь Хөх сайрын бууцны чулуун хороо, пүнзний өмчлөгч болох нь тогтоогдож, , Хөх сайрын бууцны газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Г овгийн Бгийн Б /ЗП / нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багт байрших Хөх сайрын бууцны чулуун хороо, пүнзний өмчлөгч болохыг тогтоож, Хөх сайрын бууцны газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У