Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/556

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр /томилолтоор/,

хохирогч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Еншив овогт Алтантулгын Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305001160199 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн 2-р курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын дээд сургуулийн оюутны байранд хохирогч *******ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүр, гар, цээж, хэвлийн тус газарт удаа дараа цохих байдлаар зодож, биед нь хоншоор хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, дагз, баруун дээд зовхи, баруун чамархай, цээж, баруун бугалга, зүүн алганд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхлээд над руу агсраад дайраад байхаар нь би түүнийг алгадсан. Түүнээс болж учирсан гэмтлийг бол би учруулсан. Харин цээж, бугалга, гарын алганд цус хуралт гэсэн гэмтлүүдийг би учруулаагүй. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Надад учирсан гэмтлийг ******* ганцаараа учруулсан. Энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор 3.364.285 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт дотуур байрныхаа ойролцоо байран дунд нэг сургуульд сурдаг Тамир, Баян-Өндөр, Төгөлдөр нартай хамт “Хараа” нэртэй 0,75 литртэй архи нэгийг хувааж уугаад талыг нь асгаад дотуур байр луугаа 23 цагийн үед орох гэтэл дотуур байр цоожтой байхаар нь сургуулийн төв хаалгаар дамжаад орсон. Тэгээд дотуур байрны нийтийн дүш рүү яваад орох гэтэл Ганбат 2-3 өөр хүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан бөгөөд Ганбат намайг “өрөөндөө орооч пизда минь” гээд 313 тоот өрөөнд дагуулаад орсон. Өрөөнд орохоос өмнө нүүр хэсэг рүү 2 удаа, хэвлий рүү 1 удаа цохиод өрөө рүү оруулсан бөгөөд өрөөнд Дэлгэрмөрөн гээд залуу толгой дээгүүрээ хөнжил нөмрөөд цааш хараад унтаж байсан тэр мэдээгүй, тэгээд өрөөнд орсны дараа Тамир болон Төгөлдөр хоёр өрөөний хаалга гаднаас нь дартал Ганбат намайг орон дээр түлхэж унагаад дээрээс шууд нүүр гар, цээж, хэвлий хэсэг рүү олон тооны удаа цохиод байсан. ...миний биед учирсан зүүн хоншоор хөндийн урд ханын хугарал гэмтлийг Ганбат нь эхлээд нүүр хэсэг рүү олон удаа цохих үед учруулсан, дараа нь Ганбат орон дээр түлхэж унагаагаад нүүр хэсэг рүү олон удаа цохисон энэ үед угаасаа миний баруун нүд хөндүүртэй болоод ирсэн учир баруун дээд зовхины цус хуралтыг Ганбат учруулсан. Намайг орон дээр унасан байхад цээж хэвлий рүү цохиод, миний дээрээс үсэрч ирээд цохих үед хоёр гараа нүүрнийхээ өмнө авч хамгаалсан тэгтэл Ганбат гар луу мөн давхар цохиод миний зүүн алганы цус хуралт, баруун бугалганы цус хуралт гэмтлийг учруулсан, өөрөөр учирсан гэмтэл байхгүй. Ганбат дүшинд архи ууж байх шиг байсан бөгөөд архи ууж байгааг хүнд хэлнэ гээд уурлаад зодсон байх...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Гэрч *******:

“...юу болсон талаар асуухад Баянжаргал миний хамар мурийсан, шүд хөдөлсөн гэж хэлсэн. ...Баянжаргал нь агсам тавиад байхад Ганбат Баянжаргалыг нэг удаа алгадсан гэж байсан. ...тэгээд яасан юу болсон гэхэд Баянжаргал би зодуулсан цагдаад өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Гэрч *******:

“...тэндээс гараад 313 тоот өрөө рүү орсон чинь Баянжаргал “Ганбат намайг зодчихлоо би маргааш цагдаа шүүхээр явна” гэж хэлсэн. ...тэр орой Баянжаргал “миний хамар хугарчихлаа” гээд байсан “хамар чинь хугарсан бол цус гардаггүй юм уу” гэж би хэлэхэд “гараагүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Гэрч *******:

“...тэгээд пиво уугаад бид нар тарсан. Тараад өрөөндөө ороод байж байхад Ганбат өрөөний ах байлгахгүй байна гээд дуудсан. Өрөөнд нь орсон чинь Баянжаргал, Ганбат хоёр муудалцаад байсан. Тэгээд би гарч яваад өрөөндөө ороод унтсан. Тэгсэн дахиад Ганбат дуудахад нь орсон чинь Баянжаргал, Ганбат хоёр муудалцаад ойлголцохгүй байхаар нь 5 хүртэл байж байгаад буцаж өрөөндөө ороод унтсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Гэрч *******:

“...2022 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 04 цагийн үед дотуур байрны өрөөндөө байж байтал дотуур байранд амьдардаг Төгөлдөр намайг зодоон болсон гэхээр нь босоод 3 давхарт байрлах 313 тоот өрөөнд ортол Ганбат, Баянжаргал, Тамираа, Төгөлдөр нар нь сэрүүн Дэлгэрмөрөн гээд 1 дүгээр курсийн оюутан унтаж байсан. Намайг өрөөнд ороход Баянжаргал согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгээд би маргаан болсон талаар асуухад “Ганбат Баянжаргалыг согтуу байна унт гэтэл Баянжаргал Ганбаттай хэрүүл хийгээд тэр хоёр хоорондоо маргалдсан” гэсэн. Баянжаргал бас өөрөө “би Ганбаттай маргалдсан Ганбат намайг зодсон цагдаад гомдол гаргана” гэхээр нь тэр дөрвийг өрөөндөө ороод амар гээд өрөөндөө ороод унтсан. ...надад Баянжаргал хэлэхдээ “Ганбат намайг зодсон би гомдол цагдаад хандана” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/,

Гэрч :

“...Баянжаргал нь согтуу “би цагдаа явна гомдол гаргана” гэхээр нь “хэдүүлээ энэ дотроо учраа олоод болсон зүйлийг тодорхой болгоно” гэсэн. ...Ганбат нь Баянжаргалыг унтахгүй байхаар нь унтуулах гэж маргаад цохисон талаараа хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 125 дахь тал/,

Гэрч :

“...би өрөөндөө үлдээд 2 давхар орны дээд талд гараад унтахаар хэвтэж байтал удалгүй манай 313 тоот өрөөний үүдэнд Ганбат, Баянжаргал ах нар хоорондоо маргаан хийгээд байх шиг болсон. Тэгээд би унтаад өгсөн дараа нь юу болсон талаар дотуур байрны хүүхдүүдээс сонссон чинь “Баянжаргал ах Ганбат хоёр маргаад Ганбат ах Баянжаргал ах нар хоорондоо муудалцсан” гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед зүүн хоншоор хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, дагз, баруун дээд зовхи, баруун чамархай, цээж, баруун бугалга, зүүн алганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Шинээч эмч Б.Цолмонгийн:

“...зүүн хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал нь тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад хэсгийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...зүүн хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Шүүгдэгч *******ын:

“...би прокурорын тогтоолтой танилцсан, би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 142 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, баримтын хүрээнд нэхэмжилж байгаа хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэг ******* нь хохирогчийг алгадсан үйлдэл дээр маргахгүй. Харин хохирогчийн цээж, бугалга, гарын алганд учирсан гэмтлүүдийг ******* учруулаагүй. Түүнчлэн хохирогчийн зүгээс гаргаж өгсөн байгаа хохиролтой холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтын шаардлагаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын дээд сургуулийн оюутны байранд хохирогч *******ыг үл ялих зүйлээр шалтаглан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Г.Төгөлдөр, Г.Тамир, П.Баян-Өндөр, Г.Сүхбат, Р. Байгалмаа, Г.Дэлгэрмөрөн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмч Б:Цолмонгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 тоот дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас “Хохирогчийн цээж, бугалга, гарын алганд учирсан гэмтлүүдийг учруулаагүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ыг түлхэж унагаах, нүүр, цээж, хэвлий хэсэг рүү нь цохих зэргээр хүч хэрэглэж, түүний эрх чөлөөнд халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс гадна, шинжээчийн дүгнэлтээр болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч *******д учирсан гэмтэл нь шүүгдэгч *******ын үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын “Хохирогчийн цээж, бугалга, гарын алганд цус хуралт гэсэн гэмтлүүдийг би учруулаагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч *******аас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3.364.285 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтаас нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх баримтуудыг үнэлж шүүгдэгч *******аас 2.508.929 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 855.356 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирол төлбөр төлөөгүй байдал, түүнчлэн хувийн байдал буюу “Сүлдэт зүүн тахилга” ХХК-нд туслах ажилтан хийдэг гэх боловч ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх нотлох баримт хангалтгүй байгаа зэрэг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.  

 

Шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305001160199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 2.508.929 /хоёр сая, таван зуун найман мянга, есөн зуун хорин есөн/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 855.356 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ