Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

     2020           01          16                                        2020/ДШМ/92

 

                                   Г.Цд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2458 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Г.Цд холбогдох эрүүгийн 1708012060128 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Г.Ц, 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 10-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Хустайн 3-5 тоотод оршин суух, /РД: ПМ91051315/;

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Натур төвийн урд талын зогсоол дээрээс хохирогч Г.Таянгийн эзэмшлийн 48-63 УБЧ улсын дугаартай “Тоуоtа Согоllа” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай унаад өгье гэж хуурч 6.000.000 төгрөгийн машиныг,

 

  • 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Орчлон хороолол 45 дугаар байрны орчимд 35-10 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Цэрэнжамцад улаан мөнгөн ус олж өгнө гэж хуурч 45.000.000 төгрөгийг,

 

  • 2017 оны 12 дугаар сарын 17-оос 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул зах дотор хохирогч Т.Жаргалсайханд хөдөлдөг хар юм зарна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хуурч 14.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 65.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1583 дугаартай шүүгчийн захирамжид заасан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлсний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох талаар хангалттай ажиллагаа явуулаагүйн дээр гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэн талаарх нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй нотлон тогтоож чадаагүй байна.

Нэгдүгээрт, хохирогч Н.Цэрэнжамц урьд шүүх хуралдаанд: “...Ц гэдэг хүнийг Хадбаатар надтай танилцуулсан. Мөн Хадбаатар надад улаан мөнгөн усны наймаа маш өндөр ашигтай, бараг 2-3 дахин нугарна, чи 50.000.000 төгрөг даруйхан олчих гэж хэлсэн бөгөөд би бол найз учраас Хадбаатарт л итгэсэн. Тийм болохоор би Хадбаатараас Цг болон мөнгөө нэхсэн. Тэгээд Хадбаатар намайг буруу хүнтэй танилцуулчихлаа гээд найзын ёсоор хүн чанар гаргаж, гарааш бүхий объектоо надад шилжүүлсэн. Би тэр хөрөнгийг 4.000.000 төгрөгийн барьцаанаас чөлөөлж авсан юм. Шаардлагатай бол тэр 4.000.000 төгрөгийг хохирлоос хасаж болох юм...” гэж мэдүүлж байсан, гэтэл тэрээр энэ шүүх хуралдаанд “би Хадбаатараас тэр гараашийг 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан, энэ хэрэгт ямар ч хамааралгүй, иргэд хоорондын наймаа байсан юм” гэж эрс зөрөөтэй мэдүүллээ.

 

Харин гэрч Г.Хадбаатар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаанд: “...би Цэрэнжамцад 48.000.000 төгрөгийн үнэтэй Ховд аймагт байрлах үйлчилгээний байраа өгсөн. Яагаад гэвэл хамт явж байгаад мөнгөө алдсан учраас хүн чанар гаргаж, найз нөхдийн үүднээс байраа өгсөн. Тэр байрыг би банканд 14.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан, 4.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад намайг байраа өг гэсээр байгаад өөрөө үлдэгдэл 4.000.000 төгрөгийг нь төлөөд миний байрыг банкнаас чөлөөлж, өөрийнхөө нэр дээр авсан...” гэж мэдүүлсэн байгаагаас үзвэл хохирогч Н.Цэрэнжамцын энэ шүүх хуралдаанд гаргасан “...Хадбаатараас авсан үл хөдлөх хөрөнгө энэ хэрэгт ямар ч хамааралгүй...” гэх мэдүүлэг эргэлзээ бүхий бөгөөд гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Хадбаатар нь ямар учраас өөрийнхөө 48.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн хүслээр бус хохирогчийн шаардлагаар буюу нэхээд байхаар нь хохирогч Н.Цэрэнжамцад өгсөн болохыг шалгаж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Хэрэв Г.Хадбаатар нь хохирогч Н.Цэрэнжамцын өмнө буруугүй бол түүнд өөрийн 48.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 4.000.000 төгрөгийн барьцаанаас чөлөөлүүлэн өгч үнэгүйдүүлэх, эсрэгээрээ хохирогч Н.Цэрэнжамцад хүний өмч хөрөнгийг нэхсээр байгаад өөрийн нэр дээр шилжүүлж авах шаардлага байсан уу гэдэг нь шүүхээс хэргийн үйл баримтыг бодитой тогтооход ноцтой эргэлзээ төрүүлж байна. 

 

Хоёрдугаарт, энэ хэрэгт Б.Оргил нь 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...хохирогч Н.Цэрэнжамц нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зургаан залуутай нийлж, нийт долуулаа Г.Ц бид хоёрыг Богд ууланд аваачсан, айлган сүрдүүлсэн, зодсон. Сүүлд нэрийг нь мэдэж авахад Цэрэнжамц, Хадбаатар, Баттулга, Сумъяа, Отгонбаяр, Уламбаяр болон нэрийг нь мэдэхгүй нэг залуу байсан. Тэд бид хоёрын хувцсыг тайлж нүцгэлээд, та хоёрыг намагт булж ална гээд байсан. Мөн Баттулга гэх залуу Цгийн хүзүүг хазаж, цаасны хутгаар зүсэж цус гаргасан. ... 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орчим ... 13 дугаар хороололд Е\1А нэртэй зочид буудалд оруулан мөнгөө нэхэж 10 хоносон. Буудалд байхад Цэрэнжамц ихэвчлэн зодоод байсан, хувцсаа тайл гөлөгнүүдээ гэхээр айсандаа цээжин хэсгийн бүх хувцсаа тайлсан. Мөн Ховд аймгаас ирсэн гээд хэд хэдэн залуучууд цохиж аваад байсан, зогсоогоод унтуулахгүй 3 хонуулсан. Тэгээд тэд архи ууж байгаад тэндээ тасраад унтахаар нь бид хоёр хувцсаа өмсөөд гарч зугтаасан...” гэсэн бөгөөд тэрээр 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө “...Цэрэнжамц нь надаар бичүүлсэн мөнгийг дарамталж байгаад хүчээр бичүүлсэн бөгөөд түүнээс би өөрөө захиран зарцуулсан зүйл байхгүй. ...” гэж мэдүүлжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн үзвэл шүүхэд гомдол гаргах ... эрхтэй” гэж хүний эрхийг баталгаажуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн эрхийг нэг бүрчлэн хуульчилсан. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл хохирогч өөрт учирсан хохирлоо хууль бусаар шаардах эрхгүй бөгөөд шаардах эрхээ бусдын эрх, эрх чөлөөнд дур мэдэн халдаж хэрэгжүүлж болохгүй нь хэнд ч илэрхий хэм хэмжээ юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь ... хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн ... бол", мөн зүйлийн 2.1 дэх заалт “бүлэглэж ... үйлдсэн бол ... гурван сараас хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд энэ асуудлыг нэг мөр шалгах нь энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Оргил нь шүүгдэгч Г.Цгийн холбогдсон залилах гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтооход ач холбогдолтой байхын сацуу хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

Энэ талаар анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1583 дугаартай шүүгчийн захирамжид тусгасан боловч Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 345 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолыг хэрэгт хавсаргахаас өөр ажиллагаа явуулаагүй байна.

             Уг тогтоолд “Г.Цгоос гаргасан Цэрэнжамц болон бусад хүмүүст зодуулж, зочид буудалд аваачин барьцаалсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгасан материалтай танилцахад, энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байх тул давхардуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй” гэсэн боловч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэх хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Гуравдугаарт, шүүх хуралдаанд гэрч Ц.Булганбаатар, Н.Очирбат нар цахим сүлжээгээр оролцсон бөгөөд Ц.Булганбаатарын хувьд “...Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байх үедээ ээлжийн амралтаараа Улаанбаатар хотод ирсэн бөгөөд тэр үед Цтой хамт олон хүнтэй уулзаж, цагдаа гэдгээ хэлэн үнэмлэхээ үзүүлж байсан..., Очирбатад тэр хөдөлдөг хар юм нь байсныг би сүүлд үзсэн...” гэсэн агуулгаар, Н.Очирбатын хувьд “...надад тэр хөдөлдөг хар юм нь одоо ч байгаа, би Цд энэ их үнэ хүрдэг эд гэсэн, зарчихмаар байна гэж хэлж байсан. Ц надаас бичлэгийг авч байсан нь үнэн. Гэхдээ тэр хөдөлдөг хар юмыг авах гэж олон хүн ирж үзсэн боловч авдаггүй юм. Дээд тал нь 200 сая төгрөг амлаж байсан...” гэсэн агуулгаар тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийг хохирогч Т.Жаргалсайханы мэдүүлсэн “...Ц.Булганбаатар надад үнэмлэхээ үзүүлж итгэл төрүүлсэн, харин Очирбаттай утсаар ярихад мөнгөө шилжүүл гэсэн, тэгээд 9.900.000 төгрөгийг шилжүүлэхэд утсаар шууд ирчихлээ гэж хэлж байсан...” гэсэн нь хэргийн нөхцөл байдалтай хамаарал бүхий гэж үзэхээр байна.

Тодруулбал, хохирогч Т.Жаргалсайханд зарна гэсэн зүйл нь Н.Очирбатад бодитой байсан, харин түүний үеэл дүү болох цагдаагийн албан хаагч Ц.Булганбаатар нь цагдаа гэдгээ хэлж, үнэмлэхээ үзүүлэн итгэл үнэмшил төрүүлсэн, хохирогч Т.Жаргалсайхан нь 9.900.000 төгрөгөө Н.Очирбатын данс руу шилжүүлсэн, Н.Очирбат нь тухайн мөнгөний зарим хэсгийг Ц.Булганбаатарын эхнэрийн данс руу шилжүүлсэн, зарим хэсгийг өөртөө үлдээсэн, зарим хэсгийг Г.Цд өгсөн зэрэг нөхцөл байдлыг бүх талаас нь мөрдөн шалгаж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүйгээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1/3063 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хандаж, мөрдөн шалгах харьяалал тогтоолгох хүсэлт тавьсан байх бөгөөд тус хэлтсээс “...гэмт хэрэгт холбогдуулан шалгавал зохих Булганбаатар, Амартүвшин, Оргил нарыг цагдаагийн алба хаагч болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийг буцаан хүргүүлэв” хэмээн үндэслэл бүхий хариу өгчээ.

          Тодруулбал, гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.Булганбаатар, Б.Оргил нарыг цагдаагийн алба хаагч болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тодорхойлсныг хэрэгт хавсаргасан байна. Өөрөөр хэлбэл, тусгай субъект гэдгийг нотлох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны харьяалал тогтоолгох санал гаргаснаасаа хойш явуулж, улмаар шүүх хуралдаанд хохирогч Т.Жаргалсайханы мэдүүлэгт дурдагдсан цагдаагийн алба хаагчид холбогдуулсан гомдол нэхэмжлэл бүхий гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/67 тушаалаар батлагдсан харьяалал тогтоох журмыг зөрчиж, тухайн алба хаагчийн ажиллаж буй Цагдаагийн газарт даалган ажиллагаа явуулсан байна.

Дөрөвдүгээрт, энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Очирбат, Ц.Булганбаатар нар шүүгдэгч Г.Цгоос авлагатай байсан учраас түүнээс шилжүүлэн авсан мөнгө нь энэ хэрэгт хамааралгүй гэсэн агуулгаар мэдүүлдэг боловч энэ талаар огт шалгагдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр Н.Очирбат, Ц.Булганбаатар нар энэ хэрэгт хамааралгүй, харин шүүгдэгчээс өрөө авсан гэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдож чадсангүй.

Жишээ нь, гэрч Н.Очирбатын мэдүүлэгт “...би шүүгдэгч Г.Цгоос 10.000.000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд тэр над руу мөнгө шилжүүллээ гээд Жаргалсайхан гэж хүний данснаас 9.900.000 төгрөг орж ирсэн...” гэтэл тэдний хооронд 10.000.000 төгрөгийн өр ширний асуудал байсан эсэх нь шүүх хуралдаанаар тогтоогдохгүй байна. Гэтэл бодит байдал дээр Н.Очирбат нь 9.900.000 төгрөгийг өөртөө үлдээгээгүй байх бөгөөд Г.Ц, Ц.Булганбаатар нартай хувааж авсан, багахан хэсгийг нь хохирогчид буцаасан байж болох нөхцөл байдал Н.Очирбатын дансны хуулганаас харагддаг.

Шүүхээс эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг хууль зүйн хувьд тодорхойлох бөгөөд харин мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул шүүх мөрдөгч, прокурорын ажилд хөндлөнгөөс оролцохгүй, мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулах талаар нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгдэгч Г.Цд холбогдох эрүүгийн  хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс 4 үндэслэлээр Г.Цд холбогдох хэргийг прокурорт буцаасан байна. Нэгдүгээрт, Хадбаатар энэ хэрэгт ямар оролцоотой вэ гэдэгт эргэлзээ бүхий байдал үүсэж байна. Тиймээс шалгаж тогтоох шаардлагатай гэсэн байдаг. Үүнд тайлбар хэлэхэд, Хадбаатар нь Цэрэнжамцтай хамт явж байгаад хохирсон болох, мөн уг мөнгө нь Цэрэнжамцын мөнгө болох нь дансны хуулга, Цэрэнжамц, Хадбаатар нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Хадбаатар, Цэрэнжамц нар нь эд зүйлээ алдлаа гэж анх хамт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэрэг учрал болсны дараа Хадбаатар нь найзыгаа хүнд залилуулчихлаа гэдэг үүднээс Цэрэнжамцтай найзын ёсоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хадбаатар, Цэрэнжамц нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Г.Цгийн хэрэгт хамаарал байхгүй гэдгийг хохирогчоос удаа дараа мэдүүлдэг. Ийм учраас Хадбаатарын хувьд хэрэгт оролцоо байхгүй гэдгийг шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ тогтоох боломжтой гэж үзэж байна. Мөн хохирогч Цэрэнжамц нь Г.Цг зодсон гэж яригддаг. Үүнийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Татгалзсан шийдвэр нь хавтас хэрэгт авагдсан. Хэрэв зодсон асуудал байсан ч энэ хэрэгт нэгтгэн шалгагдах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн Жаргалсайханд 9.900.000 төгрөг шилжүүлсэн асуудалд Очирбат, Булганбаатар нарын оролцоог тогтоо гэдэг. Очирбат, Булганбаатар нараас гэрчээр мэдүүлэг авахад Очирбатын хувьд “хуурай ах дүүгийн хувьд мөнгө өгч, авдаг байсан” гэдэг. Энэ нь дансны хуулгаар мөн тогтоогддог. Булганбаатарын хувьд “найз нөхөд байсан учир машинаа зараад мөнгөө авч чадаагүй байсан учраас наймаа арилжаа хийгээд бүтэмжтэй болбол мөнгөө олоод авчих байх гэж бодсон юм. Түүнээс би Г.Цтой хамтарч хууран мэхлэх үйл ажиллагаанд оролцоогүй” гэдэг. Мөн Булганбаатарыг цагдаагийн албан хаагч учраас тусгай субъект шалгах үндэслэлээр шалгуул гэдэг. Прокурорын зүгээс Булганбаатар, Очирбат нарын хэргийг хамаатуулж үзээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Булганбаатар, Очирбат нарыг Г.Цгийн хэрэгт хамтран оролцоотой байна гэдэг нь хангалттай нотлогдохгүй, иргэний хариуцагч, яллагдагчаар татах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Г.Цгийн хувьд Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Энэ хэргийг үйлдэх үедээ Цагдаагийн байгууллагаас гарсан байсан болох нь Цагдаагийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байх тул тусгай субъектээр шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Г.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс цагдан хоригдсон. 2019 оны 4 дүгээр сард цагдан хорионы хугацаа дуусч байгаа. Ингэж шүүх прокурорын байгууллагын дунд буцаж хэргийн үйл явц удааширч байгаад цагдан хорих хугацаа дуусч энэ хүн гарвал дахин гэмт хэрэг үйлдэхгүй, оргон зайлахгүй гэх баталгаа алга байна. Анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа өөр өөр үндэслэлүүд хэлж буцааж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй буцааж байна гэж үзэхээр байна. Жишээ нь, хамгийн сүүлд буцаахдаа “Амрита” гэдэг зүйлийг хурааж ав гэж байсан. Тухайн хэрэг гарах үед “Амрита” гэх зүйл нь гэрч Очирбатад байгаагүй нь мэдүүлгээр тогтоогдсон. Шүүх хуралдаанд эргэлзээ бүхий байдал бий болгоод байна гээд байгаа Жаргалсайхан, Цэрэнжамц, Булганбаатар, Очирбат нар нь бүгд сүүлийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Тиймээс шүүгч эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэлэн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2458 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Г.Цд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд 1583 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч хүчин төгөлдөр байгаа шүүгчийн захирамжид дурдагдсан нөхцөл байдлуудыг тодруулах, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор ажиллагаа хийгдээгүй. Зөвхөн “Range rover” машинтай холбоотой хэдэн лавлагаа авто тээврийн үндэсний төвөөс аваад, гэрч нараас даалгавраар мэдүүлэг авснаас өөр ажиллагаа хийгээгүй. Хохирогч Цэрэнжамц нь удаа дараа мэдүүлэхдээ ямар нэгэн эд зүйлийг Хадбаатараас аваагүй, эсхүл 4.000.000 төгрөгөөр авсан гэж мэдүүлдэг. Гэтэл нэмэлт мөрдөн байцаах ажиллагаагаар Хадбаатар мэдүүлэхдээ “би Г.Цгийн 45.000.000 төгрөгийн оронд 48.000.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгсөн” гэдэг. Г.Цгийн хувьд хохирогч Цэрэнжамцад “улаан мөнгөн ус” олоод өгье гэж итгэл үнэмшил төрүүлсэн зүйл байхгүй. Харин Хадбаатар нь хохирогчид энэ талаар итгэл үнэмшил төрүүлсэн нь хавтас хэрэгт хангалттай нотлогдчихсон байгаа. Прокуророос Хадбаатарыг хэрэгт ямар нэг холбогдолгүй гэдэг. Гэтэл Хадбаатар нь хохирогч Цэрэнжамцад их хэмжээний ашиг олох боломжтой талаар итгүүлж, Г.Цд 45.000.000 төгрөгийн улаан мөнгөн ус өгөхийг даалгасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хадбаатар нь “үл хөдлөх хөрөнгөө 14.000.000 төгрөгийн барьцаанд тавиад 4.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад намайг байраа өг гэсээр байгаад миний байрыг банкнаас чөлөөлж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан” гэж мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлаас Цэрэнжамцад Хадбаатараас шилжүүлсэн эд хөрөнгө хэдэн төгрөгийн үнэтэй болох, хохирогчийн зүгээс Хадбаатараас үл хөдлөх хөрөнгө өгөхийг шаардсан эсэх, гэрчийн зүгээс Цэрэнжамцын дарамт шахалтад орсон эсэх, эсхүл Хадбаатар нь өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож хохирогч Цэрэнжамцад үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах шаардлагатай. Мөн хохирогч Цэрэнжамц нь Г.Цг удаа дараа барьцаалсан, зочид буудалд нүцгэн байлгаж байсан, Богд ууланд аваачин зодож байсан талаараа мэдүүлж, хүлээн зөвшөөрдөг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд хангалттай авагдчихсан байгаа. Энэ талаар Г.Ц гомдол гаргаж өгөхөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас “яг энэ үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурор дээр хэрэгт бүртгэлтийн хэрэг нээгээд явж байна” гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Нэг хэргийг 2 газар давхардуулан шалгахгүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Мөн хохирогч Жаргалсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “би анх Булганбаатар гэдэг хүнийг цагдаагийн үнэмлэхээ үзүүлэхэд нь итгэл үнэмшил төрөөд түүний ах Очирбатад 9.900.000 төгрөг шилжүүлсэн” гэдэг. Гэтэл энэ хэрэгт Булганбаатар, Очирбат нарыг шалгаагүй. Мөн прокуророос Г.Цг оргон зайлсан гэж байна. Энэ хэрэгт оргон зайлсан талаар ганц ч баримт байдаггүй. Эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй шалгуулах шаардлагатай байгаа тул шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Цэрэнжамцад дарамтлуулж зодуулсан асуудлаа шалгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан. Шүүхээс ч мөн шалга гэж шүүгчийн захирамждаа тусгасан байхад прокурор, цагдаагийн байгууллагаас шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй 1 жил болж байна. Хэрэгт холбоотой 5 хүн байгаа. Тэдгээрийг шалгаж, бодит байдлыг тогтоож өгнө үү. ...”гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Өмнө нь, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 347 дугаар магадлалаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаажээ.

Гэвч анхан шатны шүүх, 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1583 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг дахин прокурорт буцаасан байна.

 

Энэ захирамжийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, улмаар хэргийг дахин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2458 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг дахин прокурорт буцаажээ. 

 

Давж заалдах шатны шүүх дээрх шүүгчийн захирамж болон хавтас хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2458 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Г.Цд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ