Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0543

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Д.Д

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч Д.Д

          Хариуцагч Д аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.А

          Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0****** дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 116/ШШ2025/0012 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагч Д.Д

          Хариуцагч Д аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.А

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

          Хэргийн индекс: 116/2025/0008/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч Д.Д нь Д аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.А-д холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0****** дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргажээ.

          2. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн, Д аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.А-д холбогдуулан гаргасан “Д аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч Г.А-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0****** дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Д.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

“...Хэрэглэх боломжгүй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчиж батлагдсан, өөрчлөгдсөн хууль, журам хэрэглэж хариуцлага тооцсон. Татварын маргааныг процессын дагуу шийдээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байтал сонгогч бөгөөд хандивлагчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас үүсэн гарсан алдаанд тулгуурлан, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж олгогдсон сонгогдох эрхээ эдэлж буй иргэнийг шийтгэсэн нь урд хөл бүдрэхэд, хойд хөлийг зодох буюу эцгийн хийсэн хэргийг хүүд тохон шийтгэсэнтэй адил агуулгатай шийдвэр болсон.

Тус шийдвэр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэх заалтад хамаарах Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эсвэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” болон Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт үндэслэн гарсан байна.

Дээр дурдсан журам болон хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлд “Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах”, 82.1-д “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн зүйл ангийг зөрчиж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 23, 24 хоногийн өмнө өөрчлөгдсөн байна. Татварын байгууллагаас үүсгэсэн татварын бус маргааныг маргаан шийдвэрлэх процессын дагуу шийдвэрлээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг зөрчиж өөрчлөгдсөн болон батлагдсан журам болон хуулийн зүйл ангийг үндэслэн гаргасан Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргаж байна” гэв.

          4. Хариуцагч Татварын улсын байцаагч Г.А давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр гомдол гаргагч Д.Д-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3.1 Татварын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” 06/**** дугаар албан бичгээр “...хавсралтад нэр дурдсан нэр бүхий нэр дэвшигч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ...хариу мэдэгдэж ажиллах” талаар Д аймгийн Татварын газарт хүргүүлж, уг албан бичгийн хавсралтад Д.Д-ийн нэр багтсан байна. (Хавтаст хэргийн 39 дэх тал)

          3.2 Эрх бүхий албан тушаалтан болох Татварын улсын байцаагч Г.А нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 07/** дугаар тогтоолоор Д.Д-д холбогдуулан ************ дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

          3.3 Үндэсний аудитын газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/**** дугаар албан бичгээр Иргэний зориг ногоон намаас нэр дэвшсэн Д.Д-ийн сонгуулийн зардлын данс нээсэн эсэх болон тухайн дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалтад хийсэн аудитын тайлан, дүгнэлтийг Д аймгийн Татварын газарт хүргүүлсэн байх бөгөөд “П” ХХК-ийн “Хараат бус аудитын тайлан”-аас үзвэл “М.О 100,000 төгрөг - эх үүсвэрээ бичээгүй, М.Э 100,000 төгрөг - регистрийн дугаар, эх үүсвэрээ бичээгүй” хоёр иргэний хандивыг “хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив” зарцуулсан гэж үзсэн байна. (Хавтаст хэргийн 46, 48-64 дэх тал)         

          3.4 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлээр “...Сонгуулийн тухай хууль болон бусад журамд заасны дагуу нэрээ бичээгүй нэг гүйлгээ, хандивын эх үүсвэрээ бичээгүй 10 гүйлгээ нийт 11 гүйлгээнээс 9 гүйлгээг буцаан шилжүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн М.О-ын 100,000 төгрөгийн хандив, 20-ны өдрийн өглөө Э нэртэй 2 хандивлагч яг адил 100,000 төгрөгийн хандив шилжүүлсний “Э-аас *********” гэсэн гүйлгээ хуулийн шаардлага хангаагүй болохыг анзаараагүй тул хууль бус хандивын 200,000 төгрөгийг сонгуулийн шадар туслахын цалин болгон зарцуулсан” гэж мэдүүлэг өгчээ. (Хавтаст хэргийн 69-72 дахь тал)

          3.5 Мөн гомдол гаргагч Д.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Д.Д миний бие одоогоор эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй байгаа тул Зөрчлийн тухай хууль, Сонгуулийн тухай тусгай заалтын дагуу оногдуулсан торгуулийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна” гэх хүсэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан байна. (Хавтаст хэргийн 75 дахь тал)

          3.6 Хариуцагч Татварын улсын байцаагч Г.А нь “нэр дэвшигч Д.Д нь сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн эсэхийг шалгаж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0****** дүгээр Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу Д.Д-г “хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив” зарцуулсан зөрчил гаргасан тул 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 76 дахь тал)

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/** дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын Нэг. Журмын зорилго, 1.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино”, Арван нэг. Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив. 11.1.1-д “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив” гэж тус тус хуульчлан зохицуулжээ.

          5. Сонгуульд нэр дэвшигчид хандив өгөхийг дээрх хууль, журмаар хориглоогүй бөгөөд гагцхүү хандив өгөгч этгээд нь өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэрийн талаар банкны гүйлгээний баримтад (гүйлгээний утга дээр) бүрэн дүүрэн, тодорхой тусгаагүй тохиолдолд хандив хүлээн авагч уг хандивыг буцаан шилжүүлэх үүрэгтэй байхад Д.Д нь түүний сонгуулийн зардлын дансанд шилжүүлсэн М.О-ын хандивын эх үүсвэрээ бичээгүй 100,000 төгрөг, М.Э-ын иргэний бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэрээ бичээгүй 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөгийн “хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив”-ыг тухайн хоёр иргэний дансанд буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

          6. Зөрчлийн хэрэгт авагдсан Хараат бус аудитын дүгнэлтэд “Д.Д-д ...11 гүйлгээгээр орж ирсэн 1.780.000 төгрөгийн “хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив”-аас 1.580.000 төгрөгийг буцааж, М.О-ын 100,000 төгрөг, М.Э 100,000 төгрөгийг буцааж шилжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон...” гэж дурдсан байх ба Д.Д нь дээрх хоёр иргэний 200,000 төгрөгийн хандивыг сонгуулийн шадар туслахын цалин болгон зарцуулсан гэж тайлбар, мэдүүлэг өгчээ.

          7. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд “шударга ёсны зарчим” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаас үзэхэд хариуцагч Татварын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчилд 0****** дүгээр Шийтгэлийн хуудсаар 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.  

          8. Гомдол гаргагч давж заалдах гомдолдоо “...Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасны дагуу сонгогдох эрхээ эдэлж буй иргэнийг шийтгэсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 23, 24 хоногийн өмнө өөрчлөгдсөн байна Хуулийг зөрчиж батлагдсан, өөрчлөгдсөн хууль, журам хэрэглэж хариуцлага тооцсон” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

          9. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-д “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж заасан бөгөөд шүүх нь Монгол Улсын Их Хурлаас баталсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, хэм хэмжээний актыг хэрэглэж аливаа хэрэг, марааныг хянан шийдвэрлэнэ.

          10. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, Д.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч Д.Д-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА