Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 563

 

МАГАДЛАЛ

 

2018.02.26                                                     Дугаар 563                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Г.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,   

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч З т н ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.Д нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр З т н ОНӨААТҮГ-т үйлдвэр бригадад жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хариуцлагатай хийж гүйцэтгэж байтал 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус байгууллагын даргын Б/1184 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилсон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/458 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч ажил хүлээлгэж өгөхгүй байсаар 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн З т н ОНӨААТҮГ-ын даргын Б/497 дугаар тушаалаар дахин ажлаас үндэслэлгүй халлаа. Энэхүү тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Б хүлээн аваад хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан байдаг. Ажил олгогчийн тушаал нь хууль тогтоомжид нийцсэн, үндэслэх хэсгийг зөв баримталсан тушаал байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажил мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэл байгаа. Г.Д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажлаа биелүүлж ирсэн. Ажлын байранд согтуу ирж ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагч хариу тайлбар дээрээ дурдсан байдаг. Энэ зөрчлөөр ажлаас халагдсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийг ажлын байран дээр согтуу ирээгүй, ноцтой зөрчил гаргаагүй байна гэж тогтоосон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ жолооны эрх хасагдсан гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажилд томилохдоо нэгдүгээр баазын 3 дугаар хэсгийн ажилд томилсон тул шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Д нэгдүгээр хэсгийн жолооч буюу 36 тоот автобусны ажилдаа эгүүлж томилогдоно гэж захиргаандаа амаар хүсэлт тавьсан боловч захиргаа ажил хүлээлцэж өгөөгүй. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г.Д жолооны эрхээ хасуулахдаа Г.Д өөрөө хасуулаагүй найз нь явж байгаад зөрчил гаргаж Г.Дын үнэмлэхийг харуулаад хасуулсан. Гэхдээ найздаа жолооны үнэмлэхээ ашиглуулж эрхээ хасуулсан талаарх хариуцлагыг Г.Д өөрөө хүлээж байгаа. Ажил олгогчдоо 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл жолооны эрхээ хасуулсан байгаа учраас энэ өдрийг хүртэл өөр төрлийн ажил хүлээлгэж өгнө үү гэсэн боловч анхнаасаа ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэл сонирхолгүй байсан учир хүсэлтийг хүлээж аваагүй. 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн үед Г.Д ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг өгөөд ажиллуулж байх явцдаа зөрчил гаргаагүй учир хөдөлмөрийн гэрээний 5.1.14 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гэж үзэхгүй. Иймд З т н ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч ажил хүлээлцээгүй, 3 дугаар хэсэгт ажилд томилсон гэж маргаж байх боловч байна үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй байна. Ажилд авсан тушаалд нэгдүгээр баазын 3 дугаар хэсэг гэж заасан боловч ажлаас чөлөөлөхдөө нэгдүгээр баазын 1 дүгээр хэсэг гэж заасан. 3 дугаар хэсэг гэдэгт техникийн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх иргэн, аж ахуйн нэгж байгууллага заавал дагаж мөрдөж биелүүлэх үүрэг байдаг учраас Г.Дыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагын хувьд урьдчилан бүхий л эрсдэлийг тооцох судлах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тул ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилд нь эгүүлэн авахаас гадна замын цагдаагийн газраас зохих лавлагаа авсан, уг лавлагаагаар Г.Д нь жолоодох эрхээ хасуулсан байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна гэж заасан. Замын хөдөлгөөний журмын 3 дугаар хавсралтад иргэн албан тушаалтны үүргийг тодорхойлсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ. Хуульд тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэж заасан учраас З т нийн зүгээс Г.Дыг тухайн жолоочийн ажилд ажиллуулах боломжгүй болсон буюу Г.Д 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл жолоочийн ажил мэргэжлээ биелүүлэх ур чадварын хувьд боломжгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын иргэдэд үйлчлэх төвийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23/706 тоотоор тогтоогдож байна. Жолоодох эрхийг найз нь хасуулсан талаар Г.Д өөрөө тайлбарладаг боловч жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн үнэмлэхээ шилжүүлэх нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил байдаг. Нэгэнт эрхээ хасуулсан тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар тухайн хүн үүргээ биелүүлэх боломжгүй болж байгаа. Жолооч хүн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлнэ, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийг шаардсан үед үзүүлэх, биедээ заавал авч явах ёстой байдаг. Г.Д үнэмлэх байхгүй учраас нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үйлчилгээ эрхлэх боломжгүй байсан учраас ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байна. Нэхэмжлэгчид тушаал гарсан ирж хөдөлмөрийн гэрээгээ байгуул гэж хэлсэн боловч өмнөх хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байгаа гээд ирээгүй тул нэхэмжлэгчийг хурлаар оруулаад ажлаас халах тушаал гаргасан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Дыг З т н ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоон, хариуцагч З т н ОНӨААТҮГ-аас 6 467 208 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дт олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас    118 425 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогчоос гаргасан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/497 тоот тушаалын үндэслэх хэсэгт ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.14 дэхь хэсэг буюу хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцогдох тээврийн хэрэгслэл жолоодох эрхээ хасуулсан үндэслэлийг барьсан. Энэ нь бодитой гарсан зөрчил бөгөөд зөрчлийг Цагдаагийн ерөнхий газрын иргэдэд үйлчлэх төвийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23/706 тоот албан бичгээр нотолсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож      өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч З т н ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00493 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Дыг З т н ОНӨААТҮГ-ийн нэгдүгээр баазын 1 дүгээр хэсгийн жолоочийн ажилд эгүүлэн томилсон шийдвэрийг биелүүүлж, хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн б/458 тоот тушаалаар 1 дүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний 3 дугаар хэсэгт нийтийн тээврийн автобусны жолоочийн албан тушаалд авсан үйл баримт тогтоогдсон байна.

Ажил олгогч нь ажилтаныг ажилд 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/458 тоот тушаал гаргаж ажилд авсан үеэс эрхийн зөрчил арилсан байна. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авсан боловч Г.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллага хассан тухай үйл баримт тогтоогдсон энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажил үүрэг нь тээврийн хэрэгслийн жолооч бөгөөд уг ажил үүргийг гүйцэтгэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх атал уг шаардлагыг Г.Д хангахгүй байгаагийн улмаас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэл зааж ажлаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/497 тоот тушаал гаргаж чөлөөлснийг буруутгахгүй, хуульд нийцсэн гэж үзнэ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, Г.Дыг ажилд эгүүлэн тогтоосон нь буруу болжээ.

Иймд нэхэмжлэгч Г.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагад ажиллах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй     болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/02670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З т нд /ОНӨААТҮГ/-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  тухай Г.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 118 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                      

                                           ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

 

                                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ