| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/04401/И |
| Дугаар | 101/ШШ2020/00116 |
| Огноо | 2020-01-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/00116
| 2020 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2020/00116 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Сансар 4 дүгээр гудамж, 50 тоот хаягт оршин суух, Бэсүд овогт Далхсүрэнгийн Ө /РД:ДЭ72111207/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө хаягт байрлах, “Хт г” ОНӨААТҮГ /РД:6108938/-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2.570.412 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Ө,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Далхсүрэнгийн Ө миний бие “Хт г” ОНӨААТҮГазрын ногоон байгууламжийн албанд агротехникч хийдэг байсан. Гэтэл намайг хуурамчаар гарын үсэг зурж, ажилчдыг байгууллагын эсрэг турхирсан нь нотлогдсон хэмээн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан.
Иймээс би ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан.
Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1717 дугаар шийдвэрээр хуучин ажилд нь эгүүлэн авах тухай иргэний хэргийн анхан шатны шийдвэр гарсан боловч хариуцагч тал давж заалдана гээд бүтэн 3 сар хагас ажилд эгүүлэн авалгүй хохироосон.
Намайг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн авсан боловч шүүхийн шийдвэрээс хойш ажилд авах өдрийг хүртэл 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цалин, хөлс олгоогүй. Дээрх хугацаанд долоо хоногийн 3,6 дах өдөр амардаг тул дээрх өдрүүдийг хасахад ажлын 78 хоног болж байна. Өөрийн үндсэн цалинг 22 хоногт хуваахад өдрийн 32.959 төгрөг ногдох бөгөөд энэ хугацааны унаа болон хоолны мөнгө нэхэмжлээгүй.
Энэ хугацаанд миний биеийн эрүүл мэнд муудаж, ар гэрт хохирол учирсан, ажилтан нь ядарсан үед байгууллага энэрэнгүй хандах байх гэж бодож байна. Шүүхийн шийдвэрээр 2.273.895 төгрөг өгөхөөр шийдсэн боловч гар дээр 2.100.000 төгрөг өгсөн.
Иймд хариуцагч “Хт г” ОНӨААТҮГазраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 2.570.412 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг төлүүлж, дэвтэрт бичилт нөхөн хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч “ХТ г” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хт г” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албанд ажилладаг Д.Өтай хөдөлмөрийн маргаан үүсэж 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01717 дугаар шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардан авсан бөгөөд энэ талаар тус шүүхийн шүүгчийн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийн дагуу гарсан 2019 оны 07 дгаар сарын 05-ны өдрийн 101/Ш32019/10908 дугаар захирамжид дурдагдсан байдаг.
Анхан шатны шүүхийн 101/Ш32019/10908 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 627 дугаартай захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Энэхүү 627 дугаартай захирамжийг Монгол шуудангаар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр явуулж, тухайн өдрөө гардаж авсан. Шүүхээс ямар шийдвэр, захирамж гарах нь тодорхойгүй байсан тул Д.Өг ажилд авах эсэхийг түр хойшлуулсан байсан.
Д.Ө нь сарын 725.000 төгрөгийн цалинтай бөгөөд ямар үндэслэлээр 2.570.412 төгрөгийг нэхэмжилсэн нь тодорхойгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн программаар түүнд 631.925 төгрөг олгогдохоор байх ба ажилгүй байсан ажлын 62 хоногоор тооцоход 1.878.663 төгрөг болохоор байна.
Шүүхийн шийдвэрээр түүнд 2.273.895 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, үүний дагуу 2019 оны 4,5,6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийсэн талаарх нөхөн тайланг гаргаж өгсөн. Тэгэхээр 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдсөн байтал 6 дугаар сарын цалинг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Д.Өгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч “Хт г” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2.570.412 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Д.Өг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, 2019 оны 4, 5, 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01717 дугаар шийдвэрээр Д.Өг “ХТ г” ОНӨААТҮГазрын Ногоон байгууламжийн албаны “агротехникч” ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.273.895 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
/хх-ийн 6-9 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “ХТ г” ОНӨААТҮГазрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/365 тоот “Д.Өг эгүүлэн ажилд авах тухай” тушаалаар түүнийг тус газрын Ногоон байгууламжийн албанд “агротехникч”-ээр томилсон байх ба ингэснээр дээрх шүүхийн шийдвэр биелэгдсэн болох нь тогтоогдож байна.
/хх-ийн 3 тал/
Дээрх тушаал гарснаар “ХТ г” ОНӨААТҮГ нь тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01717 дугаартай шийдвэрийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д:” Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй,
36.1.2-т: “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж зааснаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажил олгогч нь ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах нь ажил олгогч “ХТ г” ОНӨААТҮГазрын хүлээх үүрэг болно.
Дээрх байдлаас дүгнэхэд Д.Өд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Д.Өгийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговорт 2.570.412 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Д.Өг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас түүнийг ажилд эгүүлэн авсан тушаал гарах хүртэлх хугацаа хамаарах юм.
Хариуцагч “ХТ г” ОНӨААТҮГазрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/365 тоот “Д.Өг эгүүлэн ажилд авах тухай” тушаалд түүний сарын үндсэн цалинг 725.000 төгрөгөөр тогтоож, хоол унааны нэмэгдлийг ажлын 1 өдөрт 4.000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Өгийн №0680005 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 1,2,3 дугаар саруудад шимтгэл төлсөн талаарх бичилт хийгдсэн байдал, хариуцагч “ХТ г” ОНӨААТҮГазрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 4,5,6 дугаар сарын нөхөн тайлан зэргээс үзэхэд Д.Өгийн 2019 оны 4,5,06 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос сар тус бүрт 72.006.68 төгрөг, нийт 216.020.03 төгрөгийн шимтгэл төлсөн болох нь тогтоогдож байх тул Д.Өгийн 2019 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
/хх-ийн 4,32 тал/
Д.Өг 2019 оны 07, 08, 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 62 хоногийн цалин хөлсийг түүнийг ажилд эгүүлэн томилсон тушаалаар тогтоосон сарын үндсэн цалин 725.000 төгрөгөөр тооцож, дээрх хугацааны цалин, хөлсийг 2.043.181 төгрөг гэж тооцох үндэслэлтэй.
/725.000/22хоног=32.954төгрөгх62хоног=2.043.181 төгрөг/
Хариуцагч нь дээрх хугацаанд Д.Өд цалин, хөлс олгож байсан болон түүнд сард 631.925 төгрөг, ажилгүй байсан хоногоор тооцоход 1.878.663 төгрөг олгогдоно гэх тайлбартай холбоотой баримтыг ирүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар няцаасангүй.
Иймд Д.Өгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.043.181 төгрөгийг хариуцагч “ХТ г” ОНӨААТҮГазраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 527.231 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Д.Өд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар “ХТ г” ОНӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.043.181 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 527.231 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Хт г” ОНӨААТҮГазрын дарга болон нягтлан бодогчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч “Хт г” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 47.640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Өд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ