| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/02642/И |
| Дугаар | 101/ШШ2020/00066 |
| Огноо | 2019-12-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2020/00066
2019 оны 12 сарын 27 өдөр Дугаар 101/ШШ2020/00066 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Т.Ганчимэг, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, У.М /РД:*******/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дугаар байранд байрлах, “ИМ ф” ХХК /Улсын бүртгэлийн дугаар:*******, Регистрийн дугаар:*******/-д холбогдох
Хохиролд 3.451.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг /ШТ№0079/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд /ШТ№2532/,
Иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэдалай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч У.М нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ИМ ф” ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан пиццаны тогоочоор ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ түлэгдэж 2 гар, нүүр нь түлэгдэж гэмтсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас түүний гэмтлийн шалтгааныг “Үйлдвэрлэлийн осол"-д тооцож акт тогтоосон юм.
У.Мд түлэгдэлтийн улмаас “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан, арьсны гадна талд шарх, сорви, дотор талд түлэгдэлтээс болж хордлого өгсөн.
Эдгээр гэмтлийн улмаас Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, “Гэгээ мед” хордлогын эмнэлэгт тус тус хэвтэж эмчлүүлсэн, мөн 2019.01.04-нөөс 2019.04.20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хатан сондор” эмнэлэгт тодорхой хугацааны давтамжтайгаар 10 удаа сорви арилгах лазер эмчилгээ хийлгэсэн.
Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаад ажил олгогч байгууллагын ажилтан ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс У.М бэртсэн болох нь тогтоогдсон гэж үзэн, тухайн ажилтанд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэвэр оногдуулсан, энэхүү торгуулийг төлсөн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Анх энэ асуудлаар Дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад ажилтны буруу гэсэн, үүнийг зөвшөөрөөгүй тул Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт гомдол гаргаснаар 2019.03.15-ны өдөр дээрх актад өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг ажилтны буруу гэдгийг үндэслэлгүй болохыг тогтоож өгсөн.
У.Мын нүүр түлэгдсэнээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гэрээс гарах боломжгүй болчихоод төлөөлөгч томилсон, цаашид пиццаны тогоочоор ажиллахад сэтгэл санааны хувьд хүндхэн болсон.
“ИМ ф” ХХК-д 2018 оны 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлж өгөхийг хүссэн хүсэлтийг У.М гаргасны дагуу ажил олгогч төлсөн, үүнтэй маргахгүй.
Гэвч У.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх шийдвэрийг ажил олгогч гаргаагүй байгаа тул ажил олгогчоос хуулиар төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилсэн.
Одоо У.Мын биеийн байдал харьцангуй сайжирсан боловч байнгын эм уудаг, халуун, уур гарсан зүйлээс болгоомжилдог, сэтгэл санааны цочролд орсон, сэтгэлийн байнгын зовууртай болсон. Түлэгдэлтээс болоод ойгүйдэлтэй болсныг мэргэжлийн эмч тогтоосны үндсэн дээр магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.
У.М нь осол болсон 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажилдаа очоогүй, эмчилгээ нь 4 сард дууссан боловч тогоочоор ажиллахад нь ар гэрийнхэн дургүйцэх болсон. Эмчилгээ дууссан боловч эмнэлгийн хуудсыг тухайн үед нь аваагүй юм билээ.
Иймд хариуцагч “ИМ ф” ХХК-иас “Гэгээ мед” эмнэлгийн эмчилгээний төлбөр 1.649.000 төгрөг, “Хатан сондор" эмнэлэгт түлэгдэлтийн сорви арилгах эмчилгээ 10 удаа хийлгэсний төлбөр 1.500.000 төгрөг, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл 302.400 төгрөг, нийт 3.451.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Мд олгож өгнө үү гэв.
Хариуцагч “ИМ ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ИМ ф” ХХК-ийн нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг Калифорниа-2 ресторанд У.М нь тогоочоор ажиллаж байхдаа пиццаны зууханд гал алдаж, газ дэлбэрч түлэгдсэн бөгөөд энэ үйлдвэрлэлийн ослыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа ба үйлдвэрлэлийн осол болсон гэдэгт маргахгүй.
Үүнээс болж У.Мд “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан бөгөөд үүнийг эмчлүүлэхийн тулд тэрээр лазер эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
У.Мын ой санамжаа хордлогын улмаас алдсан нь газны хордлогоос үүдэлтэй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгаа учраас түүний нэхэмжилж буй лазер эмчилгээ болон хордлого тайлах эмчилгээний төлбөрийг хариуцагч төлөх боломжгүй.
“Хатан сондор гоо сайхны хөгжлийн төв” гоо сайхны салоноос 10 удаагийн эмчилгээ хийлгэсэн гэх тодорхойлолт ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэж байгаа боловч үйлдвэрлэлийн ослоос хойш 11, 12 дугаар сарын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлсөн.
Нэхэмжлэгч У.М нь 2018.10.31-ний өдрөөс 2018.11.13-ны өдөр, 2018.11.28-ны өдрөөс 2018.12.08-ны өдрийн хугацаанд тус тус эмнэлгийн хуудастай байсан. Эмнэлгийн чөлөөтэй байснаас бусад хугацаанд ажилтан ажлаа хийж, үүндээ тохирсон цалин хөлсөө авах ёстой.
2019 он гарснаас хойш У.М ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй учир түүнд ажил олгогчоос цалин хөлс олгоогүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд ажилтанд олгогдож буй цалин хөлснөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхөөр зохицуулагдсан байна.
Хэдийгээр У.Мыг ажлаас халсан тушаал гаргаагүй боловч ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил олгогч нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Хөдөлмөрийн харилцаа нь 2 талын нэгдэл бөгөөд хоёр тал харилцан эрх эдэлж, үүрэг хүлээх боловч ажилтан нь хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.5, 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй, гэтэл зөвхөн 1 талаас эдгээр үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил, үүргээ биелүүлээгүй хүнд цалин хөлс олгох, ийнхүү цалин, хөлс олгоогүй байж нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй юм.
“ИМ ф” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтанг 300.000 төгрөгөөр торгосон нь үйлдвэрлэлийн осол болон эмчилгээний асуудалтай холбоогүй гэж үзэж байна.
У.Мын хэвтэн эмчлүүлсэн гэх “Гэгээ мед” эмнэлэгт түүнтэй уулзахаар хүний нөөцийн менежер Л.О*******ийн хамт очиход тэрээр уг эмнэлэгтээ байхгүй байхаар нь асууж тодруулахад гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэж С.Ю******* эмч хэлсэн. Түүнээс гадна эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлээд өгчихвөл эмчилгээнийх нь зардлыг төлнө гэж байгаа бөгөөд ажилтнаа хайхардаггүй, арга хэмжээ авдаггүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Түүний эмчилгээ хийлгэсэн гэх баримтаар тогтоогдсон 481.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрийн баримтыг үндэслэн олгосон.
Дээрх гэмтлийн улмаас У.М хөдөлмөрийн чадвар алдаагүй боловч тэрээр ажлаа огт хийгээгүй, ажил олгогчийн зүгээс түүнийг халуун нөхцөлд ажиллахад хүндрэлтэй байгаа бол өөр ажилд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажиллуулах талаар санал тавьж байсан.
Гэтэл тэрээр энэ бүгдийг үл зөвшөөрч, байгууллагын нэр хүндэд халдаж, 4.000.000 төгрөг өгвөл асуудлыг дуусгана гэх байдлаар хандсан.
Нэхэмжлэгч У.Мын эмчлүүлсэн гэх баримтууд нь эргэлзээтэй боловч хуурамч гэдгийг нотолсон баримт байхгүй, үүнийг тогтоолгох талаар эрх бүхий байгууллагад хандсан зүйлгүй.
Иймд нэхэмжлэгч У.Мын “Гэгээ мед” эмнэлгийн эмчилгээний төлбөр 1.649.000 төгрөг, “Хатан сондор" эмнэлэгт түлэгдэлтийн сорви арилгах эмчилгээ 10 удаа хийлгэсний төлбөр 1.500.000 төгрөг, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл 302.400 төгрөг, нийт 3.451.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* нь хариуцагч “ИМ ф” ХХК-д холбогдуулан хохиролд 3.451.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “ИМ ф” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ИМ ф” ХХК-ийн “Калифорниа-2” ресторанд тогооч ажилтай У.М нь ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа пиццаны шарах зуух асаах явцад түлэгдсэн байх ба уг ослыг Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн осолд тооцсон үйл баримт бий болжээ.
Дээрх үйлдвэрлэлийн осол нь “ИМ ф” ХХК-ийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам сахин хангуулах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой болохыг тогтоож, тус “Калифорниа” рестораны үйл ажиллагаа хариуцсан менежерт /Л.О*******т/ Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05/853 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын №0140234 тоот хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
/хх-ийн 95-144 тал/
Үйлдвэрлэлийн ослын улмаас У.Мын биед дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн хацар, дээд, доод уруул, эрүү, хүзүү, баруун шуу, баруун гарын сарвууг хамарсан биеийн нийт гадаргуугийн 10 хувь орчим хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэл бүхий “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №13185 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
/хх-ийн 8-9, 130-131 тал/
Зохигч нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ИМ ф” ХХК-ийн “Калифорниа-2” ресторанд үйлдвэрлэлийн осол болсон, уг ослын улмаас У.Мд “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч “ИМ ф” ХХК нь нэхэмжлэгчийг түлэгдэлтийн хордлогын улмаас ой санамжаа алдсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, түүний биед учирсан “хөнгөн” зэргийн гэмтлийг эмчлүүлэхийн тулд лазер эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийгдсэн гэх баримт нь эргэлзээтэй, хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд У.М нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд “Гэгээ мед” ХХК-ийн эмнэлэгт “Амьсгалын замын хийн хордлого, тархины хордлогот эмзэгшил, үлдэгдэл шинжүүд” гэх үндсэн оноштой, “Нүүрний арьсны химийн түлэгдэл” гэх дагалдах оноштойгоор хэвтэж эмчлүүлсэн болох нь тус эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/31 тоот албан бичиг, У.Мын өвчний түүх,
2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 10 удаагийн давтамжтайгаар “Сорви IPL Laser” эмчилгээ хийлгэсэн болох нь “Хатан сондор гоо сайхны хөгжлийн төв” НҮТББ-ын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
/хх-ийн 100-108, 152 тал/
Тэрээр эмчилгээний зардалд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.649.500 төгрөгийг “Гэгээ мед” ХХК-д, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөгийг “Хатан сондор гоо сайхны хөгжлийн төв” НҮТББ-д тус тус төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 10, 20, 100, 152 тал/
Нэхэмжлэгч У.М нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс “ИМ ф” ХХК-д туршилтын 3 сарын хугацаатай, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “тогооч” ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байсан байх ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй гэж зохигч тайлбарласан болно.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1.1-д: “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор”-оос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна” гэж зааснаас үзэхэд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлаагүй байх тул У.Мын 2019 оны 1-7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэв.
Хариуцагч “ИМ ф” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх татгалзлаа баримтаар няцаагаагүй бөгөөд тэрээр өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Дээр дурдсан байдлаас үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ИМ ф” ХХК нь ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс У.М нь үйлдвэрлэлийн осолд өртсөн, уг ослын улмаас түүний биед “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д: “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2-т: “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч “ИМ ф” ХХК нь нэхэмжлэгч У.Мын эрүүл мэндэд учирсан гэм хор болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд хариуцагч “ИМ ф” ХХК-иас “Гэгээ мед” эмнэлгийн эмчилгээний төлбөр 1.649.000 төгрөг, “Хатан сондор" эмнэлэгт түлэгдэлтийн сорви арилгах эмчилгээ 10 удаа хийлгэсний төлбөр 1.500.000 төгрөг, 2019 оны 1-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл 302.400 төгрөг, нийт 3.451.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Мд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар хариуцагч “ИМ ф” ХХК-иас 3.451.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “ИМ ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Мд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Н.САРАНГҮН