| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2019/00152/И |
| Дугаар | 134/ШШ2019/00170 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 134/ШШ2019/00170
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н даргалж, шүүгч Д.Н, Г.А нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг Дэлгэрэх замд оршин суух, Халтар ишиг овогт С Б /РД:........., утас: ........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1994 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг 16 дугаар зөрлөг 1-01 тоотод оршин суух, Боржигон овогт Д........... Ж... /РД:........., утас: ........../-д холбогдох
гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин 5 311 423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, иргэдийн төлөөлөгч Ө.Б, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ж нь 2018 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас миний төрсөн ах С.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан. Осолд ороод 1 сар орчмын дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 06-нд С.Б нь нас барсан. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ыг намайг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Талийгаач С.Б нь тухайн зам тээврийн ослын улмаас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өвчний акттай байж байгаад 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Талийгаач нь осолд орсны улмаас ажилдаа явж чадаагүй бөгөөд дээрх хугацаанд олох байсан орлого буюу 5 311 423 төгрөг нь хор уршигт тооцогдоно. Талийгаач нь УБТЗ-ын 2-р ангид сэв шалгагч ажилтай байсан бөгөөд сард тогтмол 1 500 000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Тогтмол цалин дээр сар бүр илүү цаг, урамшууллын мөнгө нэмж олгогддог байсан бөгөөд энэ нь С.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлаар тогтоогдоно. Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар сард дунджаар 1 770 474 төгрөг буюу 2018 оны 07 дугаар сар хүртэл нийт 5 311 423 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм ор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд гэмт хэргийн улмаас С.Бд учирсан хохирол, хор уршгийг арилгуулж Д.Жаас 5 311 423 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач С.Б нь сард 1500000 төгрөгийг үндсэн цалинтай, мөн үндсэн цалингийн 50 хувиар тооцож шагнал цалин авдаг байсан учир түүний сарын цалинг 2250000 төгрөгөөр тооцсон. Шагнал цалинг өмнөх сарын ажлын урамшуулалд тооцоод дараагийн сард нь олгодог байгаа. Үүнээс 2018 оны 5 дугаар сард 337211 төгрөгийн цалин авсныг хасч, 1912789 төгрөг, 6 дугаар сард бүтэн өвчтэй байсан учраас 2250000 төгрөг, 7 дугаар сард 6 хоног ажиллах ёстой байсан тул 525000 төгрөг, дээр нь 262500 төгрөгийн шагнал цалинг тооцоод 787500 төгрөг, нийт 4 950 289 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Өмнө гаргасан шаардлагаа 361 134 төгрөгөөр багасгаж байна. Нийгмийн даатгалаас авсан тэтгэмжийг нэхэмжлэгч хасаж тооцохгүй гэсэн тул хасаагүй гэв.
Хариуцагч Д.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ж миний бие С.Б гэж хүнээс ирсэн өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би буруутай үйлдэл хийгээгүй гэв.
Хариуцагч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед хохирогч, надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би эмнэлэгт хэвтэж байхад нь мөнгө өгсөн. Гэхдээ надад баримт байхгүй болохоор одоо хэлж чадахгүй байна. Ажилгүй байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр тэтгэмжийн мөнгө авч байсан учраас энэ мөнгө нь хасагдах ёстой. Тэтгэмж хэдэн төгрөг авсныг тооцож цалингийн зөрүү олгох ёстой. Хэдэн төгрөгийн тэтгэмж, цалин авсан нь баримтаар тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д.Жд холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч С.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин 5 311 423 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж нь итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд нийт 4 950 289 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:
Хариуцагч Д.Ж нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхор эмэгтэйчүүдийн хорх ангийн урд авто замд Н.Ө-ны эзэмшлийн Тоёото Рав-4 маркийн 71-53 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/416 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ДШТ/422 дугаартай магадлал зэргээр тогтоогдож байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн биед хүнд гэмтэл учирсан байх бөгөөд тэрээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нас барж /ослын улмаас учирсан гэмтэлтэй хамааралгүй/, хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр түүний төрсөн ах С.Б-ыг оролцуулсан нь дээрх тогтоол, магадлал болон мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх-ийн 39/ зэргээр нотлогдоно.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан бол ...гэм хор учруулсны төлбөрийг түүний өвч залгамжлагч шаардах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч С.Б-ыг хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан дарааллыг баримталсан гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч талаас С.Б-ийг албан ёсны гэр бүлгүй, 2 настай хүүхэдтэй, эх нь байгаа боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас хэрэгт оролцох боломжгүй учраас ах С.Б-р нь оролцсон гэж тайлбарласан, хариуцагч талаас үүнийг үгүйсгэж маргаагүй тул шүүх хохирогч С.Б-ийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг нэхэмжлэгч С.Б шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, УБТЗамын Замын 2 дугаар ангийн тодорхойлолтоор хохирогч С.Б нь осолд орох үедээ УБТЗамын Замын 2 дугаар ангид сэв шалгах тэргэнцэрийн сэв шалгагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул 2018 оны цалингийн картыг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалингаар тооцоход:
Хохирогч С.Бд 2018 оны 02 дугаар сард гарт олгосон 1 851 293 төгрөгийн цалингаас жилийн үр дүнгийн шагналт цалин 716 921 төгрөг, ХХОАТ-н буцаалт жилээр гэсэн 23 113 төгрөг нийт 740 034 төгрөг нь сар бүр тооцогддог үндсэн цалин, түүнтэй адилтгах орлого буюу тухайн сарын цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй тул хасч, 02 дугаар сард нийт 1 111 259 төгрөг, 03 дугаар сард 1 263 440 төгрөг, 04 дүгээр сарын 1 297 480 төгрөг нийт 3 672 179 төгрөгийн буюу 3 сард хуваахад нэг сард дундажаар 1 224 060 төгрөгийн цалинтай гэж үзсэн.
Үүнээс 2018 оны 05 дугаар сард гарт олгосон цалин 703 802 /1224060-703802/ төгрөгийг хасахад зөрүү 520 258 төгрөг,
2018 оны 06 дугаар сард гарт олгосон цалин 2 196 438 төгрөгөөс ээлжийн амралтанд олгосон 1 353 918 төгрөгийг хасахад тухайн сард 842 520 төгрөгийн цалин авсан гэж үзээд, /1224060-842520/ зөрүү 381 540 төгрөг буюу нийт 901 798 /520258+381540/ төгрөг болно.
С.Бат-Эрдэнийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлүүлэх тушаал гарсан, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нас барсан байх тул түүнд 7 дугаар сард цалингийн зөрүү гэж гарах боломжгүй. Өөрөөр хэлбэл ээлжийн амралт эдэлсэн хүнд цалин хөлсийг давхардуулан олгох нь үндэслэлгүй юм.
Харин 2018 оны 07 дугаар сард хохирогч С.Бд Нийгмийн даатгалын байгууллагаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 437 332 төгрөгийг олгосон байх тул дээрх цалингийн зөрүү 901 798 төгрөгөөс хасч, хариуцагч Д.Жаас 464 466 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 485 823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 14 584 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-ийн 7/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8/, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралт олгох ажилтнуудын жагсаалт, эмнэлгийн хуудсууд, тэтгэмж олголт, тэтгэмж олгосон хуудас зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, бусад баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.Жаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч С.Б-ийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин 464 466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 485 823 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 14 584 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
Г.АЛГИРМАА