| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 188/2018/0405/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 81
2020 1 16 2020/ДШМ/81
Г.Ч-, Б.М- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Ч-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ч-, Б.М- нарт холбогдох эрүүгийн 201701000072 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Г.Ч, 19.. оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ...... дүүрэг дэх .......... байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл .., ......... хамт................дүүргийн 8 дугаар хороо,...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;
2. Халзан цэцэг овгийн Б.М, 19.. оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ........ настай, эмэгтэй, дээд боловсролтой, Герман хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл.... хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../;
Сүхбаатар дүүргийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.
Г.Ч- нь ...... дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчаар ажиллан эрүүгийн 201301032669 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Б.М-д “өмгөөлөгч аваад хэрэггүй, дэмий зүйлд мөнгө үрээд яах вэ, хэрэг мөрдөж байгаа мөрдөн байцаагч хүн маш чухал хүн байдаг, хэл ам хийгээд байгаа хүмүүсийнхээ хохирлыг төлөөд дуусгачих, тэр хүмүүстэй холбоотой үйлдлийг чинь иргэний хэрэг болгож шийдвэрлэж өгнө” гэх зэргээр амлалт өгч, түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд, бусдад учруулсан хохирол, мөнгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр “эрүүгийн хэргээс зарим үйлдэл, холбогдол хэрэгсэхгүй болгох санал хүргүүлэх тогтоол” үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд шууд хахууль өгөхийг шаардан 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр Ц.Байгалмаагийн Хаан банк дахь 5005608869 тоот дансыг ашиглан 20.000 төгрөгийг, өөрийн Хаан банк дахь 5028278538 тоот дансыг ашиглан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 40.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 180.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус авсан, мөн 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 100.000 төгрөгийг өөрийн “Хаан банк” дахь 5028278538 тоот дансыг ашиглан Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн плаза” төвийн 1 давхарт байрлах бэлэн мөнгөний машин ашиглан авч, нийт Б.М-ээс арилжааны банкны данс ашиглан 3.040.000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...... дүүргийн нутаг дэвсгэрт Б.М-ээс биет 2.000.000 төгрөгийг авч, нийт 5.040.000 төгрөгийн хахууль авсан,
Б.М- нь эрүүгийн 201301032669 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан ...... дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ч-од албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 20.000 төгрөгийг түүний эхнэр Ц.Байгалмаагийн эзэмшлийн “Хаан банк” дахь 5005608869 тоот дансаар, өөрийнх нь эзэмшлийн “Хаан банк” дахь 5028278538 тоот дансыг ашиглан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 40.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 180.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг, тус тус шилжүүлсэн, мөн 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ...... дүүргийн 17 дугаар хороо, Москва хорооллын 97 дугаар байрны 3 тоотод байрлах бэлэн мөнгөний машин ашиглан Г.Ч-ын эзэмшлийн “Хаан” банк дахь 5028278538 тоот данс руу 100.000 төгрөгийг, нийт 3.040.000 төгрөгийг арилжааны банкны дансаар, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...... дүүргийн нутаг дэвсгэрт Г.Ч-од биет 2.000.000 төгрөгийг, нийт 5.040.000 төгрөгийн хахууль өгсөн,
2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ...... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд хэлэлцэгдэж байсан Г.Ч-од холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд гэрчээр оролцон үнэн зөв мэдүүлэг өгөхөөр илэрхийлж баталгаа гаргасны урьд 2017 оны 4 дүгээр сарын 12, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн тогтвортой, агуулгын зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой зааж, хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдсон “чи өмгөөлөгч аваад хэрэггүй, дэмий зүйлд мөнгө үрээд яах вэ, хэрэг мөрдөж байгаа мөрдөн байцаагч хүн маш чухал хүн байдаг, чи хамгийн эхэнд хэл ам хийгээд байгаа хүмүүсийнхээ хохирлыг төлөөд дуусгачих, хэл ам гаргахгүй байгаа хүмүүсийн чинь үйлдлийг иргэний хэрэг болгож шийдвэрлэж өгнө” гэж хэлдэг байсан би Чинболд “мөнгө байвал өгөөч” гэдэг байсан боловч би дотроо өөртөө үлдээх баримттай байх зорилгоор Чинболдын дансны дугаарыг нь утсаар аваад түүний “Хаан банк”-ны данс руу 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хооронд хамтран амьдрагч Болдын “Хаан банк”-ны 5083116150 тоот дансаар дамжуулан 3.040.000 төгрөгийг, бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн” гэсэн мэдүүлгээ үгүйсгэж, “Тэр мөнгийг авилгын зориулалтаар өгсөн мөнгө биш, би Чинболд байцаагчаас дүнзэн торх хямд худалдаж аваад дундаас нь хэдэн төгрөг унагаагаад авах санаатай байсан. 2.000.000 төгрөгийг бэлнээр өгөх гэж байгаад дансаар шилжүүлэх гээд больсон байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Ч-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-од нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 16.425 /арван зургаан мянга дөрвөн зуун хорих тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.425.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.М- нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-од оногдуулсан 16.425 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.425.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д авсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Г.Ч-од авсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-оос гаргуулсан 5.040.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, улсын төсөвт шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Эрүүгийн 201701000072 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг би хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна.
Гэвч шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Б.М- нь Баянгол, Сүхбаатар, ...... дүүргийн нутаг дэвсгэрээс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдрүүдийн хооронд өөрийн хамтран амьдрагч байсан Д.Болдын “Хаан банк”-ны 5028...38 дугаар дансыг ашиглан өөрт холбогдох гэмт хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах сэдэлтээр, өөртөө давуу байдал бий болгох зорилго агуулж, алба хаагчийн эдийн засгийн гачигдалтай байдлыг далимдуулан, шууд санаатай үйлдлээр, ...... дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч асан Г.Ч-од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан банкаар 3.020.000 төгрөг, биетээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 5.040.000 төгрөгийг хахууль болгон өгсөн” гэсэн хууль зүйн дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь, мөрдөгч Г.Ч- анх өөрөө санаачлан “Чи өмгөөлөгч аваад хэрэггүй. Бүх эрх мэдэл надад байна. Тэр мөнгөө надад өгчих. Зарим үйлдлийг чинь хэрэгсэхгүй болгох гэж байна” гэж надад удаа дараа дарамт, шахалт үзүүлж, хясан боогдуулж надаас олон удаа хахууль авч байсан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байхад шийтгэх тогтоолд “ шүүгдэгч Б.М- нь өөрт холбогдох гэмт хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах сэдэлтээр, өөртөө давуу байдал бий болгох зорилго агуулж, алба хаагчийн эдийн засгийн гачигдалтай байдлыг далимдуулан, өөрөө санаачлан, шууд санаатай үйлдлээр хахууль өгсөн” гэсэн илтэд үндэслэлгүй хууль зүйн дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Би цагдан хоригдох үедээ буруу үйлдэл хийснээ ухамсарлан ойлгож, өмгөөлөгч Отгонбаяраар дамжуулан өөрийн үйлдсэн хэрэг болон Чинболдын үйлдсэн хэргийн талаар эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн, Чинболд ямар үйлдлээр намайг хясан боогдуулж байсан үйлдлүүдийг нотлох баримттай нь гарган өгч, нэг бүрчлэн шалгуулсны үр дүнд түүнийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан билээ.
Хэрэв намайг өөрөө санаачлан хахууль өгсөн гэж дүгнэж байгаа бол Г.Ч-ыг яахаараа “бусдыг хясан боогдуулж хахууль авсан” гэм буруутайд тооцоод байгааг ойлгохгүй байна.
Мөрдөгч Г.Ч- намайг хясан боогдуулж аргагүй байдалд оруулаагүй бол би түүнд сайн дураараа хахууль өгөх санаа зорилго байгаагүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байхад намайг “өөрөө санаачлан хахууль өгсөн” гэж илтэд үндэслэлгүйгээр дүгнэж байгаад гомдолтой байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан тайлбарт “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүнийг ялаас чөлөөлж болно” гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүхээс надад хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, надад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял хойшлуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, намайг дээрх ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд маргаагүй. Ял шийтгэлийн хувьд, шүүх Г.Ч-ыг “хясан боогдуулж хахууль авсан”, харин Б.М-ийг “өөрийн санаачилгаараа хахууль өгсөн” гэж хоёр янзаар дүгнэсэн. Үүнд, Г.Ч-ын “хахууль авсан”, Б.М-ийн “хахууль өгсөн” гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөл зөрүүтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.М- хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ өмгөөлөгч Отгонбаяраар дамжуулж өөрт байсан нотлох баримтуудаа цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Үүнийг гэмт хэргээ сайн дураараа илчилсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд хясан боогдуулсны улмаас хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орсон, эрх бүхий байгууллагад гэмт хэргээ сайн дураараа илчилсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан боломжийг ашиглан шүүгдэгч Б.М-ийн ялаас чөлөөлж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ч- өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж хэлэх тайлбаргүй. Миний үйлчлүүлэгч Г.Ч-од оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд маргасан зүйлгүй тул гомдол, саналгүй байна. ...” гэв.
Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.М- нь нийтийн албан тушаалтан Г.Ч-од хахууль өгч байгаа нь Цагдаагийн ерөнхий газрын дотоод аюулгүй байдлын хэлтсээс явуулсан албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон. Гэтэл шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдож байсан гэх шалтгаанаар холбогдох эрх бүхий байгууллагад хахууль өгсөн гэмт хэргээ сайн дураараа мэдэгдэж чадаагүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч цагдан хоригдсон гээд эрх бүхий байгууллагад гомдол гаргах, тайлбар мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй. Энэхүү эрхээ эдлээд нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг шаардсан тухай илчилж, мэдэгдэх боломжтой байсан. Мэдэгдсэн гэсэн баримтгүй байхад давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Г.Ч- нь ...... дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн шалгаж байсан эрүүгийн 201301032669 дугаартай хэрэгт яллагдагч Б.М-ийн ашиг сонирхлын үүднээс түүнд “өмгөөлөгч аваад хэрэгггүй, дэмий зүйлд мөнгө үрээд яах вэ, хэрэг мөрдөж байгаа мөрдөн байцаагч хүн маш чухал хүн байдаг, хэл ам хийгээд байгаа хүмүүсийнхээ хохирлыг төлөөд дуусгачих, тэр хүмүүстэй холбоотой үйлдлийг чинь иргэний хэрэг болгож шийдвэрлэж өгнө” гэх зэргээр амлалт өгч, “яллагдагч Б.М- нь бусдад учруулсан хохирол, мөнгийг төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гэсэн хууль зүйн үндэслэлгүй тогтоол үйлдэж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр Ц.Байгалмаагийн Хаан банк дахь 5005608869 тоот дансаар 20.000 төгрөг, өөрийн Хаан банк дахь 5028278538 тоот дансаар 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 40.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 180.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 100.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, мөн 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5028278538 тоот дансыг ашиглан Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бүрэн плаза төвийн 1 давхарт байрлах бэлэн мөнгөний ATM машин ашиглан авч, Б.М-ээс нийт 5.040.000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Б.М- ...... дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст 201301032669 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар буруутгагдан шалгагдаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, мөрдөн байцаагч Г.Ч-од албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 5.040.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “... мөн Чинболд намайг “чи яасан олон өмгөөлөгчтэй юм. Өмгөөлөгчид өгөх мөнгөө надад өгч бай. Хэргийг чинь боломжоороо шийдвэрлэж өгнө” гэдэг байсанд итгэсэн... Чинболдоос дансны дугаарыг нь аваад түүний Хаан банкны дансаар нь мөнгө шилжүүлдэг байсан. ...нийт үнийн дүнгээрээ 5.040.000 төгрөгийг Ч- өгсөн. ...Мөрдөн байцаагч Чинболд нь надаар торх заруулсан гэж л хэлж байгаа дуулдсан. Тэр зарах гээд байгаа торх нь хаана байгааг өнөөдрийг хүртэл нүдээрээ хараагүй” /2хх 29-32/, “...Чинболдын хэрэгсэхгүй болгосон тогтоолтой танилцсаны дараа Г.Ч- нь “би прокурорт саналаа өгч байна” гэхээр нь түүнд 1.000.000 төгрөгийг 2 удаа нийт 2.000.000 төгрөг 2016 оны 11 дүгээр сарын 15, 24-ний өдөр дансаар шилжүүлсэн. ...Харин Дашдуламын машинтай явж 2.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрийн хооронд Чинболдын ажлын ойролцоо очиж бэлнээр өгсөн” /2хх 40-42/,
гэрч Д.Болдын “...Би Хаан банкны 5083...50 тоот данстай. Миний энэ дансыг Мөнхгэрэл цагдан хоригдох хүртлээ ашиглаж байсан” /1хх 13/, “...Б.М- нэг хүн рүү яаралтай мөнгө шилжүүлэх боллоо гээд Хаан банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхэд Мөнхгэрэл машинаас буугаагүй. Г.Энхболд бид хоёр Хаан банк руу орж шилжүүлэг хийсэн. ...2016 оны 10 дугаар сард Дашдуламын машинтай явж 2.000.000 төгрөг өгсөн гэсэн. ...Мөрдөн байцаагч Чинболд нь надтай хамтран амьдрагч Б.М-ээс мөнгө аваад байсан асуудлыг өмгөөлөгч Отгонбаяраас мэдсэн” /1хх 28-31/,
гэрч Т.Дашдуламын “...Тэр үед Мөнхгэрэл надад найз нь хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд миний машиныг аваад явсан. Тухайн үед хүнд мөнгө өгөх ёстой гэж хэлээд миний машиныг авсан...” /3хх 156-158/,
Хаан банкны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Г.Ч- нь 5028...38, Д.Болд нь 5083...50 тоот данс тус тус эзэмшдэг” тухай албан бичиг /1хх 190/,
Шүүгдэгч Г.Ч-ын Хаан банкны 5028278538 тоот дансанд иргэн Д.Болдын 5083...50 тоот данснаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 3.020.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /1хх 152/ зэрэг хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгсөн, шүүгдэгч Г.Ч-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн буюу хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба шүүх шүүгдэгч нарын үйлдлийг эрх зүйн байдлыг нь илүү дээрдүүлсэн ашигтай байх зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийг сонгон хэрэглэж, шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Г.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүхээс Б.М-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Г.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 16.425 нэгж буюу 16.425.000 төгрөгрөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдолдоо “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул ялаас чөлөөлж өгнө” гэсэн утга агуулга бүхий гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.М-ийн хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасантай нийцэхгүй байна.
Учир нь, хуулийн дээрх тайлбар нь тухайн төрлийн гэмт хэргийг эрх бүхий байгууллага илрүүлсний дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “өөрөө сайн дураар илчлэн ирсэн” гэж үзэхгүй.
Харин түүний үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн “Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно” гэсэн тайлбарын дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин түүний давж заалдсан гомдолдоо дурьдаагүй боловч, давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянах явцад түүний холбогдсон “худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М-ийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэгт буруутгасан атлаа тухайн үйлдлийнх нь талаар өөрөөс нь үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаардаж, заавал үнэн мэдүүл гэсэн байдлаар хандаж түүний Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” тухай эрхийг нь зөрчсөн байна.
Хэдийгээр түүнээс гэрчийн хувиар мэдүүлэг авсан боловч дээр дурьдсан үндэслэл мөн адил хамаарах бөгөөд гэрч гэж тухайн хэрэгт хамааралгүй хөндлөнгийн субьект байдаг онцлогтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Б.М-д холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, түүний “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Шүүгдэгч Б.М-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын хамт хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ