| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 110/2025/0027/3 |
| Дугаар | 221/МА2025/0564 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0564
А.А-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч А.А
Хариуцагч Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Ш.Ж, Улсын байцаагч, дотоод аудитор М.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18-**/** дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” актын ...балансын урамшуулал, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал болох нийт 4,770,137 төгрөгийг А.А-ээр төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2025/0050 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, Т.Б
Хариуцагч Улсын ахлах байцаагч Ш.Ж, Улсын байцаагч, дотоод аудитор М.Ж нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц
Хэргийн индекс: 110/2025/0027/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А нь Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Ш.Ж, Улсын байцаагч, дотоод аудитор М.Ж нарт холбогдуулан “Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18-**/** дүгээр “Төлбөрийн акт тогтоох тухай” актын ...балансын урамшуулал, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал болох нийт 4,770,137 төгрөгийг А.А-ээр төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.4, 51.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18-**/** дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” актын ... балансын урамшуулал, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал болох нийт 4,770,137 төгрөгийг А.А-ээр төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Төлбөрийн акт тогтоох тухай актаар эхний тавьсан төлбөр 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн балансын урамшуулал 932,617 төгрөг байгаа. Би дээрх мөнгийг төсвийн шууд захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, санхүүжилтийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэн тайлагнаж, жилийн эцсийн санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлтээр “Өөрчлөлтгүй” дүгнэгдсэн учир авсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодон бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Сангийн сайдын 2006 оны 292 дугаар тушаалаар батлагдсан журам юм. Төсөвт байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд Төрийн аудитын байгууллагаас аудит хийж дүгнэлт гаргасны үндсэн дээр зөрчилгүй гарсан байгууллагын дарга, нягтлан бодогч нарт олон жилийн турш балансын урамшуулал олгож ирсэн. Шууд удирдах эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр гаргах талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй.
3.2 Дараагийн төлбөр болох 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авсан шагналт цалин 1,621,000 төгрөг байгаа. Аймгийн м**** 2023 оны ажлын үзүүлэлтээр Аварга байгууллагаар шалгарсан. Б аймгийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу авсан шагналын мөнгийг дээрх журамд хамааруулан журамд заасан эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр гараагүй байхад мөнгө авсан гэж акт тавьсан нь үндэслэлгүй. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын хүрээнд эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр гараагүй гэх үндэслэлээр актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
3.3 Дараагийн төлбөр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авсан улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 692,780 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан 810,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сард авсан 713,240 төгрөг байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэдэг ба үүнээс болж хийдэл гардаг. Нэгэнт ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэсэн, тухайн ажилтан нь журамд заасан болзол, шаардлагыг хангаж байгаа тохиолдолд шууд удирдах эрх бүхий албан тушаалтан нь улирал тутам урамшуулал олгох тухай шийдвэр гаргах ёстой. Урамшуулал авах болзол, шалгуурыг хангасан ажилтны буруу биш бөгөөд намайг буруутгах үндэслэлгүй.
3.4 Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, зөвхөн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байсан гэдгээр намайг буруутгасанд гомдолтой байна. Иймд Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.А-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгчээс “...хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, урамшуулал авах болзол, шалгуурыг хангасан ажилтны буруу биш, зөвхөн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байсан гэдгээр намайг буруутгасанд гомдолтой...” гэж маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
4. Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18-**/** дүгээр “Төлбөрийн акт тогтоох тухай” актаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05/***** тоот мэдээлэл шалгуулах тухай албан тоотын дагуу Б аймгийн м**** 2023, 2024 оны өөрийн орлого, касс, үзвэрийн тасалбарын тооцоо, ажилчидтай холбоотой урамшуулал, тушаал шийдвэрүүдэд хяналт шалгалт хийж, I) дутуу төвлөрүүлсэн үзвэрийн тасалбарын борлуулалтын орлого болох 1,536,000 төгрөгийг тухайн байгууллагын захирал А.А, нягтлан бодогч Ш.С, нярав Б.Е нараар, II) дээд шатны албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр олгосон балансын урамшуулал, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал болох нийт 4,770,137 төгрөгийг захирал А.А-ээр төлүүлж төсвийн орлого болгохоор Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагч, дотоод аудитор М.Ж, Улсын ахлах байцаагч Ш.Ж нар шийдвэрлэжээ.
5. Тодруулбал, маргаж буй Улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18-**/** дүгээр актаар тогтоосон “...I) дээд шатны албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр 2023 оны 06 дугаар сарын 15-нд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх балансын урамшуулал 932,617 төгрөг, II) 2023 оны 12 дугаар сарын 18-нд улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 692,780 төгрөг, III) 2024 оны 05 дугаар сарын 18-нд захирамжаар олгосон гэх 1,621,000 төгрөг, IY) 2024 оны 06 дугаар сарын 20-нд улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 810,500 төгрөг, Y) 2024 оны 12 дугаар сард улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 713,240 төгрөгийг тус тус захирал А.А-д олгосон нь хууль бус байх тул нийт 4,770,137 төгрөгийг А.А-ээр төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
6. Мөн анхан шатны шүүхийн “...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалт нь төсвийн шууд захирагч өөрийгөө урамшуулахыг зөвшөөрсөн заалт биш, гэтэл эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр А.А нь өөртөө 2023 оны балансын урамшуулал 932,617 төгрөг авахаар шийдсэн нь хууль, журамд нийцэхгүй, ...Б аймгийн Засаг даргын 2024 оны А/** дүгээр захирамжаар сарын үндсэн цалингийн 47%-ийн урамшуулал олгох шийдвэр гарсан байхад 94%-иар тооцож, 692,780 төгрөг илүү авсан, ...2023 оны шилдэг байгууллагаар Аймгийн м шалгарсан байх ба мн захирлыг 1,621,000 төгрөгөөр урамшуулах, мөн 2024 оны үр дүнгийн урамшуулал үндсэн цалингийн 50%-тай тэнцэх 810,500 төгрөг олгох тухай төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргын захирамжууд гараагүй байхад авсан нь хууль бус, ...2024 оны 12 дугаар сард 94%-иар тооцож 1,523,740 төгрөгийн урамшууллыг авсан, гэтэл аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/** дүгээр захирамжаар “А.А-д нэг сарын үндсэн цалингийн 50%-иар урамшуулал олгох” шийдвэр гарсан тул илүү авсан 44% буюу 713,240 төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт үндэслэлтэй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож, тогтоогдсон байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.2-т “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”, 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид”, 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно” гэж тус тус заажээ.
8. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”, 16 дугаар зүйлийн 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж тус тус зааснаар аймгийн м***** захирал (А.А) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.
9. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” эрх хэмжээтэй байх ба А.А нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч болохын хувьд өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн төсвийг захиран зарцуулах, мөн эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргын зохих шийдвэр, захирамж гараагүй байхад үндэслэлгүйгээр эрх бүхий этгээдийн зөвшөөрч олгосон хэмжээнээс хэтрүүлж төсөв зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон байх тул маргаан бүхий Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Төлбөрийн акт тогтоох тухай” 18-**/** дүгээр актаар “...нийт 4,770,137 төгрөгийг захирал А.А-ээр төлүүлж төсвийн орлого болгох”-оор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
10. Өөрөөр хэлбэл, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.3-д заасан “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэж зааснаас үзэхэд, аймгийн Засаг даргын 2024 оны А/** дүгээр, Б/** дүгээр захирамжид нэхэмжлэгч А.А-д олгох ажлын үр дүнгийн урамшууллын хувийг тодорхой заасан байхад нэхэмжлэгч нь захирамжид дурдсан хувиас илүү тооцон, улирал тус бүрд ногдуулан урамшуулал авсан нь эрх мэдлээ хэтрүүлэн төсвийг захиран зарцуулсан, улмаар аймгийн Засаг даргын шийдвэрийг биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ.
11. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын хүрээнд зөв дүгнэж, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”, Б аймгийн Засаг даргын А/*** дүгээр захирамжаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журам” зэрэг холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
12. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА