Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ат холбогдох эрүүгийн .. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: С.А

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч  С.А нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Мандах Наран хорооллын 257 дугаар байрны гадна талбайд байсан ... улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүй, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр эзэмшигч Ч.Бийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.А нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Мандах Наран хорооллын 257 дугаар байрны гадна талбайд байсан ... улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүй, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр эзэмшигч Ч.Бийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Бийн "...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэр болох Сайншанд сумын 8 дугаар баг Мандах Наран хорооллын гадаа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай саарал өнгийн Сай маркийн тээврийн хэрэгсэлээ Мандах наран хорооллын 257 дугаар байр, 13 дугаар цэцэрлэгийн урд зогсоол дээр 21 цагийн орчимд байрлуулаад тавьсан. ...хаалгаа цоожлолгүй орхисон... Өглөө 07 цаг 50 минутын орчимд гэрээсээ гарах гээд гэрийн үүдэнд байдаг өлгүүрт өлгөсөн байсан машины түлхүүр байхгүй байсан. Тэгэхээр нь гадаа тавьсан зогсоол руу машинаа байгаа эсэхийг харахад манай машин байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 7-8, 39 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-4, 11-13 ху/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14 ху/, хохирлын үнэлгээ /хх 16 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Аын “Хийсэн хэргээ ойлгож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Машиныг эзэн нь бүрэн бүтэн буцааж авсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч С.Аын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч С.Ат танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

        Иймд шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бийн эд хөрөнгөд 17.000.000 хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Тоёота сай маркийн тээврийн хэрэгслийг буцаан хүлээн авсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА