| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0139/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
2023/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Бад холбогдох 2312000000126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эцэг, ах нарын хамт А аймгийн Т сумын Ц багийн .. хорооллын .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Мын Б /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Мандал хорооллын 12-05 тоот хашааны үүднээс хохирогч Э.Мийн цагаан өнгийн Даюун загварын улсын дугааргүй мотоциклийг хулгайлж, 786.600 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000126 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн
*Хохирогч Э.Мийн өгсөн:
“...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Мандал хорооллын 12-05 тоот хаягт өөрийн гэрийн хашааны гадаа буюу гудамжинд цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг усанд явах гээд данхраадаж орхиод түлхүүрийг нь өмдний кармандаа хийсэн байж байгаад тухайн өдөр 14 цагийн орчимд усанд явах гээд гэрээсээ гараад иртэл миний цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль алга болсон байхаар нь би өөрөө гудамжаар хайж байгаад олдохгүй болохоор нь хулгайд алдсан байж магадгүй гээд гаалийн бичгийг нь өргөдлийн хамт Цагдаагийн байгууллагад өгсөн юм. Миний Цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль нь ямар нэгэн эвдрэлгүй хэвийн ажиллагаатай мотоцикль байгаа юм. Би цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг 2016 онд Архангай аймгийн төвөөс шинээр 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би Архангай аймгийн Тариат сумын Суман багт оршин суух Б гэдэг хүнийг сэжиглэж байгаа. Тухайн хүн манай гудамжинд согтуу явган явж байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Гэрч Э.Бын өгсөн: “...Намайг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед албан үүргээ гүйцэтгээд Тариат сумын Сум дундын цагдаагийн тасгийн албан өрөөнд сууж байхад тус сумын Суман багийн иргэн Э.М нь хашааны гадаа байсан Даюун маркийн улсын дугааргүй цагаан өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайд алдсан талаар мэдэгдэхээр нь би Тариат сумын Сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн тасгийн зохицуулаг, цагдаагийн ахлагч Г.Гын хамт Тариат суманд эргүүл хийгээд алдагдсан Даюун маркийн улсын дугааргүй цагаан өнгийн мотоциклийг эрэн сурвалжлаад хайгаад Тариат сумын төвд Дэнж хороололд 16 цагийн үед явж байтал Тариат сумын Цагаан нуур багийн иргэн М.Б нь Э.Мийн алдсан Даюун маркийн улсын дугааргүй цагаан өнгийн мотоцикльтой ижил төстэй мотоциклийг жолоодон явж байхаар нь зогсоож шалгаад хэний мотоциклийг жолоодон явж байгаа талаар асуухад хүний мотоцикль гэж хэлэхээр нь би хаана байдаг, хэн гэдэг хүний мотоцикль юм гэж асуухад М.Б нь ямар нэгэн юм яриагүй учир Цагдаагийн тасгийн байранд авчирч Э.Мийг дуудан М.Бын жолоодон явсан мотоциклийг үзүүлэхэд миний хулгайд алдсан Даюун маркийн улсын дугааргүй цагаан өнгийн мотоцикль мөн байна гэхээр нь тухайн мотоциклийг түр саатуулсан юм. Надад Э.М нь цагаан өнгийн урд талдаа хоёр давхар карлонтой гэж хэлсэн юм. М.Б нь мотоцикль жолоодох “А” ангиллын үнэмлэх байхгүй байсан. Надтай хамт Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Г хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Надад М.Б нь хүний мотоцикль гэж хэлсэн бөгөөд яг хэн гэдэг хүний мотоциклийг жолоодож байгаа талаараа хэлээгүй. М.Б нь ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Яллагдагч М.Бын өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мотоциклийг буцаан өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 дугаар тал/
*Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25 дугаар тал/
*“Дамно” ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн АЦ23-59 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35 дугаар тал/
*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман баг Мандал хорооллын 12-05 тоот хашааны үүднээс цагаан өнгийн Даюун загварын улсын дугааргүй мотоцикль хулгайд алдагдаж, хохирогч Э.Мид 786.600 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Мийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Мандал хорооллын 12-05 тоот хаягт өөрийн гэрийн хашааны гадаа буюу гудамжинд цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг усанд явах гээд данхраадаж орхиод түлхүүрийг нь өмдний кармандаа хийсэн байж байгаад тухайн өдөр 14 цагийн орчимд усанд явах гээд гэрээсээ гараад иртэл миний цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль алга болсон байхаар нь би өөрөө гудамжаар хайж байгаад олдохгүй болохоор нь хулгайд алдсан байж магадгүй гээд гаалийн бичгийг нь өргөдлийн хамт Цагдаагийн байгууллагад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/, гэрч Э.Бын “...Намайг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед албан үүргээ гүйцэтгээд Тариат сумын Сум дундын цагдаагийн тасгийн албан өрөөнд сууж байхад тус сумын Суман багийн иргэн Э.М нь хашааны гадаа байсан Даюун маркийн улсын дугааргүй цагаан өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайд алдсан талаар мэдэгдэхээр нь би Тариат сумын Сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Гын хамт Тариат суманд эргүүл хийгээд алдагдсан Даюун маркийн улсын дугааргүй цагаан өнгийн мотоциклийг эрэн сурвалжлаад хайгаад Тариат сумын төвд Дэнж хороололд 16 цагийн үед явж байтал Тариат сумын Цагаан нуур багийн иргэн М.Б нь Э.Мийн алдсан Даюун маркийн улсын дугааргүй цагаан өнгийн мотоцикльтой ижил төстэй мотоциклийг жолоодон явж байхаар нь зогсоож шалгаад хэний мотоциклийг жолоодон явж байгаа талаар асуухад хүний мотоцикль гэж хэлэхээр нь би хаана байдаг, хэн гэдэг хүний мотоцикль юм гэж асуухад М.Б нь ямар нэгэн юм яриагүй учир Цагдаагийн тасгийн байранд авчирч Э.Мийг дуудан М.Бын жолоодон явсан мотоциклийг үзүүлэхэд миний хулгайд алдсан Даюун маркийн улсын дугааргүй цагаан өнгийн мотоцикль мөн байна гэхээр нь тухайн мотоциклийг түр саатуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/, яллагдагч М.Бын “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мотоциклийг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25 дугаар тал/, “Дамно” ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн АЦ23-59 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Бын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч М.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мид 786.600 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба мотоциклийг шүүгдэгчид буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Бад Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь Архангай аймгийн Тариат суманд байнга оршин суух хаягтай байх тул түүнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, тус сумын нутаг дэвсгэрээс гарахыг 6 сарын хугацаагаар хязгаарлаж, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солих болохыг тайлбарлаж, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР