Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

Улсын яллагч Б.Ариунтөр,

Иргэдийн төлөөлөгч Л.Дөлгөөн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н, 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Алгирмаа,

Гэрч А.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч У.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Год холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт: У.Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч У.Г нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ...тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Отай маргалдан, улмаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар түүний зүрх нь тус газар нь 1 удаа, хэвлийн тус газар нь 1 удаа тус тус хутгалж, хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн охиных нь хажууд буюу онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч У.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Цгийнд байж байхад талийгаач О орж ирээд бид хоёр муудалцаад гарцгаасан. Бид хоёр гараад зодолдож байхдаа цээжин тус газар нь хутгалсан. Айж сандраад гарч гүйгээд айлд очоод түргэн, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд эргээд очиход цагдаа ирчихсэн байсан. Би Оыг сайн таньж мэдэхгүй ба айлд ганц нэг удаа харж байсан. Тухайн үед би архи уусан байсан. Намайг “Дэнжийн жалган дээр хэвтдэг чи хэн юм” гэж хэлээд заамдаж аваад байсан. Би цээжинд нь 1, хэвлийд нь 1 хутгалсан. Зодолдож байх үед хэвлийд нь хутгалдагдсан байх. Хохирогч нь миний буруутай үйлдлээс болж амь хохирсон. Хажууд нэг охин байсан. Охин нь гэж мэдээгүй. Нэг охин салгаж байсан. Сая байцаалт өгч байхдаа л охин нь гэж мэдсэн. Ер нь бол зодуулсандаа уур хүрээд айлгах гэж л хутга авч гарсан. Тэрнээс алах санаа зорилго байгаагүй. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Хохирлыг төлнө. Оршуулгын зардлыг төлнө. Харин сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Би охиных нь хажууд гүйцээж ална гэж хэлээгүй. Үхсэн хүнийг цохиж бариагүй, хадаасаар хавсан гэж хэлээгүй. Гэрч худал ярьж байна.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Зүгээр явж байсан хүнийг охиных нь дэргэд 2 удаа хутгалсан байсан. Энэ хүн айлгах гэсэн бол 2 удаа хутгалахгүй ш дээ. Охиных нь дэргэд гүйцээчихье гэсэн байгаа. Маш их гомдолтой. Одоогоор нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Оршуулгын зардалд 10.598.158 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

-Гэрч А.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аавыг хөдөө авч явах гээд хашаанд нь ирсэн. Аав байхгүй байхаар нь С гэдэг хүнээс асуухад баруун талд байгаа гэхээр нь очих гээд явж байтал аав өөдөөс гарч ирж байсан. Тэгтэл энэ хүн аавыг дуудсан. Аав эргээд хашаа руу нь орсон. Би араас нь очиход аавыг энэ хүн цохиод байсан. Тэгтэл хутга гаргаад аавын хэвлий хэсэгт хутгалсан. Дахин цээж хэсэгт нь хутгалсан. Би хүн алчихлаа гээд хашхирахад гүйцээнэ ээ гээд хутгаа сугалаад авсан чинь цус нь олгойдоод аав 2 алхаад унаад өгсөн. Эмнэлэг, цагдаа дуудаач гээд унасан. Маш их айж балмагдсан. Энэ хүн яваад өгсөн. Удалгүй ирээд наадах чинь үхэхгүй, зэвтэй хадаасаар хавсан байгаа, чи салгахгүй яасан юм, тэгсэн бол үхэхгүй байсан гэх зэргээр хэлээд байсан. Намайг аав гэсэн болохоор охин нь гэж мэдсэн. Охиных нь нүдэн дээр алчихъя гээд цээж хэсэгт нь хутгалсан. Би маш их айж сандарсан. Маш их гомдолтой. Аавын минь нөмөр нөөлөг байхгүй болчихсон гэсэн мэдүүлэг,

-Гэрч Л.Оы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай эхнэрийн дүүгийн хүүхэд болох О.Н манай аавыг хүн хутгалаад алчихлаа гээд орилж хашхираад ороод ирэхээр нь “би хаана юу болсон бэ” гэж асуутал “зүүн талын хашаанд аавыг хүн хутгалаад алчихлаа” гэсэн. Би эхнэр хадам ээж хоёрыг дагуулаад гүйгээд очтол урд хэсгээрээ задгай дандаа архичид цуглаж байдаг хашаанд байх монгол гэрийн хойд талд талийгаач газарт дээш харсан байдалтай цээжин хэсгээрээ нүцгэн өмсөж явсан цамц нь нэлэнхүйдээ цус болсон цамцаа баруун гартаа барьсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийн зүрх болон гэдэсний хэсэгт хоёр удаа хутгалагдсан шарх харагдаж байсан гэсэн мэдүүлэг /хх 35 ху/,

-Гэрч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Хашааны ар талын хаалгаар шар царайтай, зуувандуу нүүртэй, зүүн хацартаа урт сорвитой дунд зэргийн нуруутай, түрийтэй гуталтай, бараан өнгийн цамцтай эрэгтэй хүн орж ирээд хүүхдээ тэврээд байж байсан эмэгтэйтэй маргалдаж байгаад нас барсан хүний цогцос дээр ирээд цээжний хэсгээс нь татаж чангаагаад байхаар нь би тухайн хүнд хандаж “чи болиоч ээ наад хүн чинь нас барчихаад байна чи хутгалчихсан юм биш үү” гэж асуухад тухайн эрэгтэй “би хутгалаагүй хадаасаар шаасан” гэхээр нь би “чи явж болохгүй одоо цагдаагийн байгууллага ирнэ” гэхэд тухайн эрэгтэй хүн монгол гэр лүү орсон. Цагдаагийн машины дуут дохио дуугараад байхаар нь би өөрийн машины дуут дохиог дуугаргахад нөгөө залуу гэрээс гараад хашааны үүдээр гарч байх үед нь цагдаагийн машин ирээд тухайн залууг бариад авсан гэсэн мэдүүлэг /хх 38-40 ху/,

-Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16.00 цагийн орчимд болов уу гэрт ээж, нөхрийн хамт байж байтал талийгаачийн том охин Н уйлж хашхирсан байдалтай аавыг хүн хутгалаад алчихлаа гэж гүйж орж ирсэн. Нөхөр бид хоёр сандарч “хаана юм юу болсон юм” гэж асуухад манай хашаанаас зүүн тийш 3 дахь хашаанд гэж зааж өгсөн. Нөхөр бид хоёр ээжийг дагуулан гүйж очиход талийгаач тухайн хашаанд байх гэрийн хойд талд цээжин хэсгээрээ нүцгэн газарт дээш харсан байдалтай өмсөж явсан цамцаа гартаа барьчихсан цээж болон хэвлий хэсэгтээ хутгалуулсан хэвтэж байсан. Бид нарыг очиход талийгаач бага зэрэг амьсгалж байх шиг байсан. Манай нөхөр түргэн тусламж дуудсан талийгаач удалгүй амьсгалгүй болсон. Түргэн тусламж ирэхэд талийгаач нас барсан байсан. Манай ээж өндөр настай хүн байдаг болохоор зүрх өвдөнө гэж айгаад эмнэлэг ирсний дараа би ээжийгээ аваад яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 44 ху/,

-Гэрч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...талийгаач О бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр У гэх хүмүүсийн хамт Хараа гэх нэртэй 0.75 литрийн архи 4-5 шилийг хувааж уусан. Тэгээд өдөр яг цагийг нь сайн мэдэхгүй байна талийгаач нөхөр О бид хоёр дэнжийн гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ байж байсан чинь удалгүй О “би айл руу явчихаад ирье чи гэртээ байж бай” гэсэн. Тэгээд би гэртээ унтах гээд хэвтэж байсан. Тэгээд удалгүй хөдөөнөөс ээж охин хоёр нь гэрт ирсэн. Тэгсэн охин нь аав хаана байна хөдөө явъя гэсэн. Тэгэхээр нь би охинд нь зүүн тийшээ айлд байгаа гэж хэлсэн. Тэгээд охин нь зүүн тийшээ хашаа руу явсан ба араас нь би очсон чинь талийгаач нөхөр О маань цус болчихсон дээшээ хараад хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 46 ху/,

-Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ач охин маань манай гудамжны зүүн талд байдаг нэг айлд байж магадгүй гэж хэлээд явган явах гэтэл манай хүү О гэрийнхээ зүүн талд байх 3 дахь хашаанаас гарч ирээд гэр лүүгээ ирж явсан. Тэгтэл миний хүү Оыг араас нь нэг эрэгтэй хүн тухайн хашаанаас 2-3 удаа дуудсан. Тэгтэл манай хүү О буцаад тэр хашаа руу яваад орсон араас нь Н тухайн хашаа руу гүйгээд яваад орсон. Би тухайн үед өөрийнхөө хашааны гадна талд машин дотор хүүхэд тэврээд сууж байсан. Мөн миний хажууд 5 настай ач охин маань гар утас оролдоод сууж байсан. Тэгээд түд удалгүй тухайн айлын хашаан дотроос миний ач охин Н мөлхөж гарч ирээд миний дэргэд ирж аавыг хун алчихлаа гэж хэлсэн. Тэгээд би машинаас бууж хүү дээрээ ач охиноо тэврээд очсон бөгөөд миний араас 5 настай эмэгтэй ач охин гүйгээд хамт очсон. Тэгээд би хашаан дотор ороод хартал миний хүү О гэрийн баруун хойд талд дээгүүрээ цээж нүцгэн дээш харсан байдалтай цус нь гоожоод хэвтэж байсан. Тэгээд би хүү дээрээ очоод хартал миний хүү баруун гартаа цамц подволк хоёроо тайлаад баруун гартаа тохчихсон, цээжний зүүн хэсэгт зүрхнийх нь харалдаа шархтай мөн хүйсийн доод хэсэгт бас шархтай өөх нь гарчихсан байсан... Талийгаач хүүгийнхээ хажууд байж байхад тухайн хашаанд нэг намхан нуруутай, зүүн хацар дээрээ их тод сорвитой хүн хашаанд орж ирээд би наадахыг чинь алчихсан юм гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 49-50 ху/,

-Яллагдагч У.Гын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: Миний бие 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас Сайншанд суманд ирсэн бөгөөд Сайншанд суманд ирсэн тухайгаа эхнэр хүүхдүүддээ хэлж мэдэгдээгүй. Сайншандад өөрийн найз хүүхэн Б.Цийн гэрт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хамт байсан. Б.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Би 2023 оны 03 дугаар сарын 29-ны өглөө Б.Цт хоол цай дөхүүлж өгчихөөд Цийн гэрт унтаж амарч байгаад өдөр 11 цагийн үед гэрээс гарч баруун зах ороод явж байтал манай найз А, Т нартай таарсан. А надад хандан зургаан баатрын ойролцоо айлд хамт очъё гээд бид гурав хамт зургаан баатрын зүүн үзүүрт байх Хатанбулаг сумын харьяат нэг үл таних залуугийн гэрт очиж 0.5 литрийн хараа архи, 0.33 литрийн Ерөөл нэртэй архийг А, Т тэр айлын эзэн нарын хамт дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд би тухайн айлаас гарч найз Цийн гэрт очоод ганцаараа хэвтэж амарч байтал гэрт талийгаач О согтуу орж ирээд надад хандан чи муу Дэнжийн шороон дээр гишгэх эрх байхгүй гэж хэлээд миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохиж намайг боосон. Тэгээд би босож ирээд болиулах гэтэл дийлэхгүй байсан. Би От хандан хоёулаа айлын гэрт маргалдаад яах вэ гадаа гарья гэтэл О намайг тавиад түрүүлээд гэрээс гарч гэрийн зүүн талаар тойроод хойш гарсан. Тэгээд би гутлаа өмсөөд араас нь гартал гэрийн зүүн талд газарт шар ногоон иштэй Цийн гэрийн ахуйн хэрэглээний хутга хэвтэж байсан. Би Оыг айлгах зорилгоор тэр хутгыг аваад баруун гартаа бариад араас нь очтол О гэрийн баруун хойно байх хаалганы наад талд зогсож байгаад эргэж хараад миний зүүн нүдний хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэгээд намайг заамдаад тавихгүй байсан ба би гартаа байсан хутгаар Оын гуя руу дүрэх гэтэл О тонгойсон байсан тул зүрхэн тушаа нэг удаа хатгасан. Тэгээд би айж сандарсандаа хутгаа гэртээ оруулж гэрийн баруун буйдангийн харалдаа шидчихээд танил Гийн гэрт очиж би хүн хутгаар хатгачихлаа ахдаа цагдаа түргэн дуудаад өгөөч гэж хэлээд буцаад иртэл О нас барчихсан гэрийн гадна эмнэлэг ирсэн байсан. Төд удалгүй цагдаа нар ирж намайг барьж авсан гэсэн мэдүүлэг /хх 57-59, 72-73 ху/,

-Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/021 дугаартай:

1. Амь хохирогч Д.Оын цогцост хийсэн цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний зүүн ховдлын хөндийг хамарч зүрхний булчинг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хэвлийн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2.3.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Амь хохирогчийн цогцост учирсан цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс болно зүрхний зүүн ховдлын хөндийг хамарч зүрхний булчинг гэмтээсэн шарх гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна.

5.Амь хохирогч Д.О нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас цус алдаж нас барсан байна.

6.Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна.

7.Амь хохирогч Д.О нь 24 цагийн өмнө нас барсан байх боломжтой.

8.Амь хохирогчийн цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт /хх 79-80 ху/,

-Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын №19 дугаартай дүгнэлтэнд

1. У.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй болно.

2. У.Г нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай болно.

3. У.Г нь болсон зүйлийг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно гэсэн дүгнэлт /хх 102-104 ху/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-10 ху/,

-Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13 ху/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-17 ху/,

-Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-19 ху/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 60-62 ху/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 81-88 ху/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 113-114 ху/,

-Хохирлын баримт /хх 161-172 ху/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 66-68, 72-73 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 118 ху/,

-Шийтгэх тогтоолын хуулбар /хх 121-135 ху/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч У.Г нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ...тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Отай маргалдан, улмаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар түүний зүрх нь тус газар нь 1 удаа, хэвлийн тус газар нь 1 удаа тус тус хутгалж, хохирогчийн төрсөн охиных нь хажууд буюу онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч У.Гын “...Цгийнд байж байхад талийгаач О орж ирээд бид хоёр муудалцаад гарцгаасан. Бид хоёр гараад зодолдож байхдаа цээжин тус газар нь хутгалсан. Би цээжинд нь 1, хэвлийд нь 1 хутгалсан. Зодолдож байх үед хэвлийд нь хутгалдагдсан байх. Хохирогч нь миний буруутай үйлдлээс болж амь хохирсон” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нийн “...Зүгээр явж байсан хүнийг охиных нь дэргэд 2 удаа хутгалсан байсан. Энэ хүн айлгах гэсэн бол 2 удаа хутгалахгүй ш дээ. Охиных нь дэргэд гүйцээчихье гэсэн байгаа. Маш их гомдолтой” гэсэн, гэрч А.Нын  “...Би араас нь очиход аавыг энэ хүн цохиод байсан. Тэгтэл хутга гаргаад аавын хэвлий хэсэгт хутгалсан. Дахин цээж хэсэгт нь хутгалсан. Би хүн алчихлаа гээд хашхирахад гүйцээнэ ээ гээд хутгаа сугалаад авсан чинь цус нь олгойдоод аав 2 алхаад унаад өгсөн. Маш их айж балмагдсан. Энэ хүн яваад өгсөн. Удалгүй ирээд наадах чинь үхэхгүй, зэвтэй хадаасаар хавсан байгаа, чи салгахгүй яасан юм, тэгсэн бол үхэхгүй байсан гэх зэргээр хэлээд байсан. Намайг аав гэсэн болохоор охин нь гэж мэдсэн. Охиных нь нүдэн дээр алчихъя гээд цээж хэсэгт нь хутгалсан. Би маш их айж сандарсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Л.О, Д.Л, Д.Т, Б.Т нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний зүүн ховдлын хөндийг хамарч зүрхний булчинг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хэвлийн шарх гэмтлүүд учирч, цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас цус алдаж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 02/021 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийг сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй болохыг тогтоосон Шүүх сэтгэц гэм судлалын 19 дугаартай дүгнэлт,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.О нь цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний зүүн ховдлын хөндийг хамарч зүрхний булчинг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт, хэвлийн шарх буюу цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас цус алдаж нас барсан байх бөгөөд үхлийн шалтгаан нь шүүгдэгч У.Гын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний үйлдлийг хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгчийн хохирогч руу чиглэсэн идэвхитэй үйлдлийн улмаас амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

        “Хүнийг алах” гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой байхыг шаарддаг ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, ...учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд хүргэсэн, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан байдгаараа энгийн бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

Шүүгдэгч У.Гын тухайн үед болсон маргаанаар далимдуулан нийтийн хэв журам буюу хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хутга хэрэглэн хохирогчийг төрсөн охин болох А.Нын дэргэд амь насыг нь хохироож тэдний сэтгэл санааг хүндээр шаналгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...Би охиных нь хажууд гүйцээж ална гэж хэлээгүй. Үхсэн хүнийг цохиж бариагүй, хадаасаар хавсан гэж хэлээгүй. Гэрч худал ярьж байна” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруу дээр маргаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин зүйлчлэлийн хувьд хохирогчийг онц харгис хэрцгий аргаар амь хохироосон уу гэдэгт эргэлзээтэй. Хохирогчтой хувийн таарамгүй харьцаа байгаагүй, таньдаггүй байсан. Иймд шүүх ялгаж салгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч У.Гын дээрх мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч А.Нын “...хутга гаргаад аавын хэвлий хэсэгт хутгалсан. Дахин цээж хэсэгт нь хутгалсан. Би хүн алчихлаа гээд хашхирахад гүйцээнэ ээ гээд хутгаа сугалаад авсан чинь цус нь олгойдоод аав 2 алхаад унаад өгсөн. ...Энэ хүн яваад өгсөн. Удалгүй ирээд наадах чинь үхэхгүй, зэвтэй хадаасаар хавсан байгаа, чи салгахгүй яасан юм, тэгсэн бол үхэхгүй байсан гэх зэргээр хэлээд байсан. ...Охиных нь нүдэн дээр алчихъя гээд цээж хэсэгт нь хутгалсан” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Д.Лгийн “...  Хашааны ар талын хаалгаар шар царайтай, зуувандуу нүүртэй, зүүн хацартаа урт сорвитой дунд зэргийн нуруутай, түрийтэй гуталтай, бараан өнгийн цамцтай эрэгтэй хүн орж ирээд хүүхдээ тэврээд байж байсан эмэгтэйтэй маргалдаж байгаад нас барсан хүний цогцос дээр ирээд цээжний хэсгээс нь татаж чангаагаад байхаар нь би тухайн хүнд хандаж чи болиоч ээ наад хүн чинь нас барчихаад байна чи хутгалчихсан юм биш үү гэж асуухад тухайн эрэгтэй би хутгалаагүй хадаасаар шаасан гэхээр нь би чи явж болохгүй одоо цагдаагийн байгууллага ирнэ гэхэд тухайн эрэгтэй хүн монгол гэр лүү орсон” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх бөгөөд хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэг эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч У.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг санаатайгаар хутга мэс хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулах талаарх  гаргасан санал, улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн үг зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү харгалзан үзэж шүүгдэгч У.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирлын хувьд: Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н нь оршуулгын зардал 10.598.158 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, нийт 60.598.158 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтуудыг шинжлэн судлаад оршуулгын зардлыг шүүгдэгч нь бүрэн хариуцах үндэслэлтэй байх тул шүүгдэгч У.Гоос 10.598.158 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нт олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

Шинэчилэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах талаар хуульд зохицуулсан хэдий ч  Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд зохицуулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох нөхцөл хангагдах боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нийн нэхэмжилсэн 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Гын цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал ногоон өнгийн бариултай  23 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Год 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гын эдлэх 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал ногоон өнгийн бариултай  23 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гоос 10.598.158 /арван сая таван зуун ерэн найман мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-д олгож, сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧ                        Д.АДЪЯАСҮРЭН

                                       ШҮҮГЧ                        Э.БОЛОРМАА