Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/147

 

 

                                   2023/ШЦТ/147

 

                   М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын Бт холбогдох эрүүгийн 2312000000165 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалал мэргэжилтэй, “Гост” худалдааны төвд хүнсний нярав ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Дын Б /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгой руу нь цохиж түүний биед баруун дух, уруул, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Эрүүгийн 2312000000165 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Зын өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажилтай байсан болохоор бага хүүхдээ цэцэрлэгээс авч чадаагүй юм. Тэгсэн чинь аав нь аваад гэртээ хариад 2 хүүхдээ орхиод гарсан байсан. Тэгээд би 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай нөхөр удалгүй гэртээ орж ирэхээр нь би 2 хүүхэд орхиж явлаа гэхэд уурлаад над руу хоолны халуун савны таг шидээд гараад явсан бөгөөд тэр шөнө ирж гэртээ хоноогүй болохоор нь өглөө 07 цагт ажил дээр нь очиход ажил дээрээ байхаар нь 2 хүүхдээ хар, намайг ажлаас дуудаад байна гэхэд чадахгүй гээд байхаар нь гарнаас нь татахад эргэж хараад мөргөсөн. Мөн хоолой боогоод гараараа ам таглаад толгой руу гараараа цохиод байхаар нь туслах залуу нь салгахаар нь би шууд гэр рүүгээ хариад 2 хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр учруулсан. Өөр ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Манай нөхөр, мөн туслах нь гэх залуу байсан. Өмнө нь надад ганц нэг гар хүрдэг байсан. Гэхдээ одоогийнх шиг зодож байгаагүй. Би цагдаад хандаж байгаагүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/

 

*Гэрч Б.Нын өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 07 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гост” худалдааны төв буюу ажлын байран дээрээ менежер рүү очиж падан аваад буцаад ирэхэд Бын өрөөнд эхнэр нь ирсэн байсан бөгөөд Бын үснээс нь зулгаагаад байж байхаар больцгоо гэж хэлээд салгасан. Тэгээд өрөөнөөс гараад ажлаа хийж байгаад буцаад ороход дахин барилцаад зогсож байхаар нь бас салгасан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Мөн ямар шалтгааны улмаас хоорондоо хэрэлдэж, маргалдсан талаар мэдэхгүй. Цохиж, зодож байсан үеийг хараагүй. Харин намайг эхлээд ороход З Бын үснээс нь зулгаасан байсан. Харин дараа нь хоорондоо барилцаад байж байсан. Намайг 2 удаа ороход цохиж, зодсон ямар нэгэн асуудал гараагүй. Гарснаас хойш цохиж, зодсоныг би мэдэхгүй. Би өрөөнөөс нь гарч ороод байсан. Түүнээс надаас өөр хүн бол байгаагүй. Би Б, З нараас ямар шалтгааны улмаас хэрэлдэж маргалдаад байгаа талаар асуугаагүй. Мөн эхнэр, нөхөр хоёр хэрэлдэж байгаа болохоор би дундуур нь орж яах вэ гэж бодоод тэр талаар асууж тодруулаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Бын өгсөн:

“...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би өөрийн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай“...1. Б.Зын биед дух, уруул, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дугаар тал/

*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Бт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Д.Б нь өөрийн эхнэр Б.Зыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гост худалдааны төв буюу түүний ажлын байран дээр  зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн эхнэр Б.Зыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Зын“...Би 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай нөхөр удалгүй гэртээ орж ирэхээр нь би 2 хүүхэд орхиж явлаа гэхэд уурлаад над руу хоолны халуун савны таг шидээд гараад явсан бөгөөд тэр шөнө ирж гэртээ хоноогүй болохоор нь өглөө 07 цагт ажил дээр нь очиход ажил дээрээ байхаар нь 2 хүүхдээ хар, намайг ажлаас дуудаад байна гэхэд чадахгүй гээд байхаар нь гарнаас нь татахад эргэж хараад мөргөсөн. Мөн хоолой боогоод гараараа ам таглаад толгой руу гараараа цохиод байхаар нь туслах залуу нь салгахаар нь би шууд гэр рүүгээ хариад 2 хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд цагдаа дээр ирж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/, гэрч Б.Нын “...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 07 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гост” худалдааны төв буюу ажлын байран дээрээ менежер рүү очиж падан аваад буцаад ирэхэд Бын өрөөнд эхнэр нь ирсэн байсан бөгөөд Бын үснээс нь зулгаагаад байж байхаар больцгоо гэж хэлээд салгасан. Тэгээд өрөөнөөс гараад ажлаа хийж байгаад буцаад ороход дахин барилцаад зогсож байхаар нь бас салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Бын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Зыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна, мөн шүүгдэгч нь  өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр Б.Зын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Б.Зын биед дух, уруул, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Б.З нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

Шүүгдэгч Д.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэнг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах зүйтэй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Бт торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Дын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР