Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

   2020             1              16                                        2020/ДШМ/82              

 

 

      О.Ж-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

яллагдагч О.Ж-гийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1864 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Ж-д холбогдох эрүүгийн 1810007000242 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн О.Ж, 19.. оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл......хамт ...............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

О.Ж- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хохирогч Д.Эрдэнэбатаас 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан,

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хохирогч О.Энхтуяагаас 2017 оны 10 дугаар сард 12.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан,

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хохирогч Г.Азбаяраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан,

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргуулж өгнө гэж хуурч, хохирогч Ж.Мөнх-Учралаас 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Яллагдагч О.Ж- нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч Б.Ундрахаас 1 500 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч Б.Уранчимэгээс 1 900 000 төгрөг залилсан хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны  өдрийн дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч О.Ж-гийн холбогдсон гэмт хэрэг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэг нь уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ. Үүнээс үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй байна.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна.

Мөн О.Ж- нь бусдын эд хөрөнгийг удаа дараа залилсан гэмт хэрэгт холбогдсон байхад “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхад шалгаагүй орхигдуулсан байна.” гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна.

1. Яллагдагч О.Ж- нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч Б.Ундрахаас 1 500 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч Б.Уранчимэгээс 1 900 000 төгрөг залилсан хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн гомдол, эсэргүүцэл гараагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан бөгөөд О.Ж-д холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл  болох  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн үндэслэлийн алинд нь хамаарахгүй бөгөөд яллагдагч О.Ж-гийн сүүлд илэрсэн гэх үйлдлүүдэд гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” шийдвэрлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, ял шийтгүүлсэн болон одоо ял шийтгүүлэхээр шүүхэд шилжүүлсэн үйлдлүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх ямар нэг өөрчлөлт орох үндэслэл тогтоогдохгүй байгаа.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж  эсхүл ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтворотой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Яллагдагч О.Ж-гийн хувьд 4 хохирогчоос 27 000 000 төгрөгийг залилан авсан үйлдэлд “ энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарын эх үүсвэр болгож ашигласан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ барааны дэлгүүр ажиллуулдаг, солонгос улсын иргэнтэй гэр бүл байсан зэрэг нь тогтоогдсон.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1864  дугаар  захирамжийг хүчингүй болгуулж,  хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч О.Ж-гийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг харахаар шүүгдэгч О.Ж-гийн эрх зүйн байдал дордохоор нөхцөл байдал харагдаж байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байхад хэргийг бүрэн шалгаагүй гэж шүүхээс үзсэн. Шүүгдэгч О.Ж- нь 5 настай хүүхэдтэй, Хан-Уул дүүргийн худалдааны төвд лангуу түрээслэж ажиллуулж байсан. Өрөнд ороод өрөө дарахын тулд Энхтуяагаас мөнгө зээлсэн. Уг өрөө дарахын тулд дараа дараагийн хүмүүсээс мөнгө авсан. Үүнийг хохирогч нар гэрчилдэг. Иймд амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг шалгаж тогтоосон. Миний хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх О.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “О.Ж-гийн холбогдсон гэмт хэрэг нь шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байгаа тул хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, мөн түүний үйлдэл нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх нөхцөл байдалтай эсэхийг шалгаагүй орхигдуулсныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэх боломжгүй” гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/1864 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч О.Ж-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 Яллагдагч О.Ж-гийн 2017 оны 11 дүгээр сарын 22, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрүүдэд хохирогч Б.Ундрах, Б.Уранчимэг нарыг залилсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ялтан О.Ж- нь 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр торгуулийг төлж, ял эдэлж дууссан байна.

Одоо түүний 2017 оны 9 дүгээр сарын 20, 10 дугаар сар, 12 дугаар сарын 5, 11, 14, 20-ны өдрийн үйлдлүүдэд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба энэ яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад өмнөх шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулж, энэ хэрэгтэй нь нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх шаардлагатай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл”-үүдэд яллагдагч О.Ж-гийн одоогийн холбогдсон үйлдэл болон түүний шүүхээр ял шийтгүүлсэн нөхцөл байдал хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг шүүх хэрэглэх шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл, яллагдагч О.Ж-гийн урьд ял шийтгүүлсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолыг хөндөхгүйгээр хохирогч Б.Эрдэнэбат, О.Энхтуяа, Г.Азбаяр, Ж.Мөнх-Учрал нарыг залилан хохирол учруулсан эсэх талаарх хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой.    

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/1864 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Ж-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл яллагдагч О.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ