Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0047

 

 

2022 01 25 128/ШШ2022/0047

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ар ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: У******* хотын, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэгж талбарын 176006/0376, 18643309276189 дугаартай 4551 м.кв газрыг Ар ******* ХХК нь биеийн тамир спортын зориулалтаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000323114 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна. Нийслэлийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь Хүндэтгэн үзэх шалтгаангаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. Манай Ар ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/798 дугаар захирамжаар биеийн тамир спортын зориулалтаар олгогдсон газраа дараах байдлаар ашигласаар ирсэн болно. Тухайлбал,

- Л******* ХХК-иар биеийн тамир спортын цогцолбор барилгын талбайн инженер, геологийн судалгааны дүгнэлтийг гаргуулж, хуульд заасан шаардлагын дагуу хийж гуйцэтгүүлсэн.

- биеийн тамир спортын чийрэгжүүлэлтийн цогцолбор барилгын эскиз буюу эх загвар зургийг К******* ХХК- иар гүйцэтгүүлж, У******* хотын ерөнхий архитектораар журмын дагуу батлуулсан.

- биеийн тамир спортын чийрэгжүүлэлтийн цогцолбор барилгын архитектур телевлөлтийн даалгавар батлуулсан.

- Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөр зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг биеийн тамир спортын чийрэгжүүлэлтийн цогцолбор барилгын ажлын зургаа батлуулж, хуульд заасан шаардлагыг хангуулсан.

- Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай актыг үйлдэж, Нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн.

- У******* цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, М******* ТӨК-иудаас техникийн нөхцлийг журмын дагуу гаргуулсан.

- Ар ******* ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17/17 тоот барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээг Т******* ХХК-тай байгуулсан. Тус гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхлүүлэхээр тохиролцсон.

Ийнхүү заасны дагуу бид газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүлээн авч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, газар эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх хэсэгт барилгын ажил гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг; гэж заасан бөгөөд газрыг ашиглаагүй гэдэг нь тогтоогдохгүй байгаа болно.

Гэтэл Нийслэлийн засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь Хүндэтгэн үзэх шалтгаангаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн заалтыг үндэслэн Ар ******* ХХК-ийн биеийн тамир спортын зориулалттай 4551 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг харахад ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хуулийн зохицуулалт байна.

Монгол Улсад Ковид-19 цар тахал өвчин гарсантай холбогдуулан Засгийн газрын удаа дараагийн шийдвэрээр хөл хорио тогтоож, үүний улмаас форс мажор, давагдашгүй хүчин зүйл бий болсон нь хүндэтгэн үзэх шалтгаанд орох юм. Барилгын ажлын гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч Т******* ХХК болон Ар ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох баримт болно. Иймд тус газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй болно.

Манай компанийн хувьд газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд газрын дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн, түүнчлэн 2020 оны 12 дугаар сард газрын төлбөр тооцоо нийлсэн акт үйлдэж, 728,200 (долоон зуун хорин найман мянга хоёр зуун) төгрөгийн илүү төлөлттэйгээр гэрээгээ дүгнүүлсэн байгаа.

Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй, мэдэгдээгүй газар эзэмших гэрчилгээг шууд хүчингүй болгосон болно. гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Архитектур төлөвлөлтийн даалгавар хугацаагүйгээр олгогдож байгаа учраас хүчинтэй байгаа. Газрыг эзэмших эрхийг Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-иас шилжүүлж авсан боловч архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахын тулд заавал дуудлага худалдааны анхны үнийг төл гэсэн шаардлагын дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлж байсан юм. 2017 онд техникийн нөхцөлүүдээ авсан боловч барилгын ажлын дотоод зураг төслүүд нь удаашралтай байсан. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ 2021 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл сунгуулсан юм. Тухайн сунгуулах үед ажил гүйцэтгэгч Т******* ХХК-тай гэрээний маргаан үүсээд үйл ажиллагаагаа явуулаагүй. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд сунгуулах болсон үндэслэл нь барилгын ажлын бэлтгэл ажил хийгдэж байгаа гэсэн шалтгаанаар сунгуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/396 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тайлбарласан. Үүнд "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. гэж заасан. Өөрөөр хэлбэл гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд орно гэж Улсын дээд шүүхээс гаргасан тогтоол хүчин төгөлдөр байгаа.

Монгол Улсад Ковид-19 цар тахал бүртгэгдсэнтэй холбогдуулаад Засгийн газрын удаа дараагийн шийдвэрээр хөл хорио тогтоож, үүний улмаас форсмажор буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсон. Маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн төлөвлөсөн барилгын цогцолборын ажлыг барихаар тохирсон гэрээний гүйцэтгэгч Т******* ХХК болон Ар ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь дээрх дурдсан нөхцөл байдал тохиолдсон гэдгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл шалтгаалсан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл байгааг нотолж байна. Иймд тус газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тодруулбал Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр короно вирусийн анхны тохиолдол батлагдсан. Харин бид нар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ сунгуулсан, сунгуулах төлөв нь барилгын бэлтгэл ажил хийгдэж байгаа гэсэн үндэслэлээр сунгаж, Хот байгуулалт хөгжлийн газар буюу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаас барилгын ажлын бэлтгэл ажил нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хийгдэж байна гэдгийг тогтоосон. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш буюу өвлийн улирал үргэлжилж байсан, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад анхны Корона вирусийн тохиолдол батлагдаад, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс Монгол Улс хилээ хаах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Энэ хил хаах шийдвэр нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин сунгагдсан. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хилийн хоригийг мөн үргэлжлүүлэн сунгасан. Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хил хоригийг тус оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хамгийн хүчтэйгээр нөлөөлсөн нөлөөлөл болсон. Ийм учраас манай компанид олгогдсон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны бүх нийтийн хөл хориог тогтоон эхлүүлснээс хойш цар тахлын арга хэмжээ дуусах хүртэл тухайн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үргэлжилнэ гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд тодорхойлсон байгааг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Дээр дурдсан цар тахлын дэглэм өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэдгийг бас хэлмээр байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн маргаан бүхий А/396 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа Ар ******* ХХК-ийг тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, барилгын ажлыг эхлүүлсэн эсэхийг судлаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг бодитойгоор явуулаагүй гэж үзэж байна. Сонсох ажиллагааны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн болон 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2 мэдэгдлийг маргаан бүхий захирамж гарсны дараа гардаж авсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ажиллаагүй байсан тул шуудангийн хаягтаа байгаагүй. Үүнийг бид нар Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолдоо дурдсан. Тухайн мэдэгдлийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулаад тус захирамж гарсны дараа Монгол шуудан ХХК-иас гардаж авсан.

Бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан 2017 оноос хойш барилгын талбайн инженер, геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан. Тухайн газарт баригдах биеийн тамир, спорт цогцолборын загвар зураг, техникийн нөхцөлүүдийг хийж гүйцэтгэсэн буюу маргааны бүхий захиргааны акт гарахад барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болоогүй байсан. Энэ нөхцөл байдлыг мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д "барилгын үйл ажиллагаа" гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг гэж хуульчилсан. Тодруулбал барилга, байгууламжийн зураг төсөл, баримт боловсруулах зэрэг нь барилгын үйл ажиллагаанд хамаарч байгаа гэж үзэж байна. Ийм байхад 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс хариуцагч нь дээр дурдсаны дагуу Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг анх хийж гүйцэтгэсэн зураг төсөл, барилгын бичиг баримт боловсруулах холбоотой их хэмжээний ажлыг судалж тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь бодит нөхцөл байдалд нийцээгүй бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгахдаа барилгын ажлын бэлтгэл ажил явагдаж байна гэж Нийслэлийн Засаг даргын зүгээс үзсэн тийм учраас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нөхцөл байдал нь бүрдээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа юм. Яагаад гэвэл 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг бэлтгэл ажил хийж байна гэсэн үндэслэлээр сунгасан нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэдгийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын барилгын ажлын гэрчилгээг сунгасан актаар тодорхойлогдож байна. Тийм учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нөхцөл байдал бодит нөхцөл байдалд тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Нийслэлийн Засаг дарга нь ...Ковид-19 цар тахлын үед их хэмжээний хөрөнгө зарцуулсан төсөл, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, тухайн сунгахгүй байгаа үйл ажиллагааг явуулахгүй, бүх тусгай зөвшөөрлийг сунгана, цуцлахгүй... гэж хэлдэг боловч нөгөө гараараа ийм шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид гаргаж өгсөн зургаар Ар ******* ХХК нь тухайн газарт барилгын бараа, материалыг хадгалах жижиг хэмжээний байшинг барьсан. Тухайн байшин нь маргаан бүхий газарт одоог хүртэл байгаа болохыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Тэгэхээр энэ цар тахлын үед аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа хүнд нөхцөл байдлыг харгалзаж үзэж, нэгэнт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, байгууллагын цаг хугацаа хөрөнгийг зарцуулсан байгаа энэ төсөлд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн Засаг даргын А/396 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын онцгой комисс болон Засгийн газрын тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хилийн түр журмыг хэрэгжүүлж эхэлсэн. Бүх нийтийн хөл хорио цээрийн дэглэм нь Гамшгийн тухай хуульд зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний Цар тахлын тухай хуультай холбоотойгоор арга хэмжээ авсан байдаг. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улсын онцгой комиссын шийдвэрээр тодорхой үйл ажиллагаануудыг хязгаарлах ажиллагаа явагдсан. Тийм учраас Улсын онцгой комиссын шийдвэр нь тодорхой бүс нутгуудад буюу БНСУ, Япон Улс гэх мэтчилэн улсуудад зорчигч тээврийн хилийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд тодорхой дэглэмүүдийг тогтоосон. Эдгээр Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг хүндэтгэн үзэх шалтгаанд оруулж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4551 м.кв газрыг биеийн тамир спортын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Тус компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалт, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл бүрдсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дүгээр захирамжаар Ар ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Маргаан бүхийн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02-06/2720 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааг явуулсан байна. Иймд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ар ******* ХХК нь тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хууль бус хэмээн маргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах А/394 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ар ******* ХХК-ийг эзэмших эрх авсан газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр үндэслэлтэй байна.

Өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн 2005 оны 243 дугаар захирамжаар эзэмшиж байсан газраас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар нэгж талбарын 18643309276189 дугаарт бүртгэгдсэн 4551 м.кв газрыг эзэмших эрхийг Ар ******* нь хэсэгчлэн 1 жил, 1 сарын хугацаатайгаар шилжүүлэн авсан байх бөгөөд тухайн газартаа биеийн тамир спортын цогцолборын зориулалттай 3 блок 6, 12 давхар барилга барихаар 2015 оны 12 дугаар сарын 03-нд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 2016 онд ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, холбоо дохиоллын техникийн нөхцөл, 2017 оны 4 дүгээр сард дулаан хангамжийн техникийн нөхцөл авч, 2017 оны 5 дугаар сарын 11-нд барилгын зураг төсөлд магадлал хийлгэж магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/798 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгуулжээ. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 15-нд барилгын тэг тэнхлэг тогтоож, тэг тэнхлэгийн актыг мэдээллийн санд хүлээлгэн өгч, 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдож, уг зөвшөөрлийн хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байдаг.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд залгаа байрлах уг газрын агаараас авсан зургийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн, уг газарт барилга байгууламж баригдаагүйтэй нэхэмжлэгч маргаагүй, харин барилгын бэлтгэл ажил буюу барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, техникийн нөхцөл авах ажиллагааг хийсэн, залгуулаад цар тахлын нөхцөл байдалд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэж маргасан.

Дээрхээс үзвэл 2015, 2016, 2017 онд барилга барихтай холбоотой бичиг баримтын бүрдэл хангуулж архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, барилгын зураг төслөө батлуулж, магадлал хийлгэж, техникийн нөхцлүүд авч, барилгын ажлын зөвшөөрөл авсан ч 2018, 2019 онд барилгын ажил гүйцэтгэж эхлээгүй, энэ хугацаанд барилгын ажил хийгдээгүйд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үйл баримт тогтоогдсонгүй. Барилгын ажил гүйцэтгэгч компанитай гэрээний үүргийн талаар маргаантай байсан гэх ч энэ нь газрыг зориулалтын дагуу ашиглаж эхлээгүй хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон ажил гүйцэтгэх гэрээний биелэлтэд талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл учирсан болохыг нотолсон гэрчилгээнд заасан цар тахлын үеийн хөл хорио, хязгаарлалтын дэглэмээс шалтгаалсан барилгын ажил гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах хугацаа нь 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 08-ныг хүртэл байна.

Өөрөөр хэлбэл барилга барихтай холбоотой бичиг баримтын бүрдэл хангуулснаас хойш барилгын үйл ажиллагаа эхлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй 2 жил дараалсан хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүйгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тогтоосон нөхцөл бүрдсэн байх тул энэ үндэслэлээр гарсан захиргааны шийдвэрийг хууль бус гэж үзэхгүй.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгаж буй захиргааны байгууллагын үйлдэл нь газрыг зориулалтын дагуу ашиглах эрх үүссэн гэж үзэх хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2021 оны 4 дүгээр сарын 22-нд 02-02/2720 тоот, 2021 оны 4 дүгээр сарын 29-нд 02/06/2891 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар, холбогдох тайлбар, нотлох баримт гаргах хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг тус тус бүртгэлтэй хаягаар нь шуудангаар хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хаягтаа түр ажиллаагүйгээс шуудангийн байгууллагаас сүүлд гардаж авсан нь сонсох ажиллагаа явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаагүй гэх, сонсох ажиллагаа явуулаагүй гэх, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан, шүүх хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т дагуу хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нийслэлийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/394 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ар ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА