| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0165/З |
| Дугаар | 221/МА2025/0474 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0474
Ц.А*******ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Ц.А*******, түүний өмгөөлөгч Э.Ж***
Гомдол гаргагч: Ц.А*******
Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0044630 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0366 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Ц.А*******
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Ж***
Хариуцагч Д.Д*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бүжинлхам
Хэргийн индекс: 128/2025/0165/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч Ц.А*******ээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******д холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0044630 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0366 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.А*******ээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0044630 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус тул хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Ц.А*******, түүний өмгөөлөгч Э.Ж*** нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Татварын улсын байцаагчаас зөрчлийн хэргийг бүрэн шалгахгүйгээр шийтгэл ногдуулсан.
Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч Д.Д******* нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийтгэлийн хуудас гаргаж, зөрчлийн хэргийг 1 сар 14 хоногийн хугацаанд шалгаж дуусгасан.
Зөрчлийн хэргийг шалгахдаа холбогдогчоос мэдүүлэг авсан, үндэсний аудитын газраас баримтууд авсан. Гэтэл Ц.А*******ийн гомдлыг шүүхээс шийдвэрлэх явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас хандив өгсөн хүмүүсийн мэдээлэл, Хаан банкнаас гүйлгээний утгад хэдэн тэмдэгт ордог талаар тодруулга, Монгол Улсын Их Хурлын тамгын газраас хуулийн төслийн үзэл санаатай хууль тогтоогчийн байр суурь зэрэгтэй холбоотой баримтуудыг авч ажиллагааг хийсэн. Энэ нь зөрчлийн хэргийг шалгасан дутуу ажиллагааг шүүхээр нөхөж хийсэн.
Үүнээс үзвэл зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа бүрэн явагдаагүй, зөвхөн “А*******” ХХК-ийн дүгнэлтийг үзээд л зөрчил гэж үзсэн. Энэ тухайгаа ч шүүх хуралдаанд хэлсэн.
Харин шүүхээс бүх гүйлгээ Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д хамаарахгүй гэж дүгнэсэн. Ингэж үзсэнээр зөрчил шалгах ажиллагаа, хариуцлага ногдуулсан нь хуульд нийцээгүй.
Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг”, 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасныг зөрчсөн буюу зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан. Энэ заалтыг нь эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг гаргахаас өмнө холбогдогчид хэргийн материалыг танилцуулах, өөрийн шалгах ажиллагаагаар ямар баримтууд цугларсан үзүүлж, тухайн холбогдогчоос хүсэлт, баримтуудыг гарган өгөх эрхээр хангаагүй. Үүний нэг илрэл нь холбогдогч Ц.А*******ээс тайлбар авахад Ерөнхий Аудиторын журмыг ярьж буй нь татварын байцаагч журмыг зөрчсөн талаар тайлбарласан учраас ярьсан гэж үзэхээр байгаа.
3.2.Зөрчлийн журмаар шалгах ажиллагаа явуулж шийтгэл ногдуулахдаа үнэн бодитой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.
Хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эсвэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11.1.11-т “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив”, 11.1.2-т “Буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандив”, 12.1-т “Нам, эсвэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно” 12.1.1-т “энэ журмын 11.1.1, 11.1.3-т заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх”, 12.1.2-т “энэ журмын 12.1.1-т заасан хугацаанд буцаан шилжүүлээгүй болон энэ журмын 11.1.2-т заасан мөнгөн хандивыг улсын орлого болгох” гэх заалтуудыг зөрчиж байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болно” гэжээ.
Үүний дагуу Ц.А******* нь дээрх журмын уг заалтуудыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гарган захиргааны хэрэг үүсгэснийг мэдээд хариуцагчаас журмын дээрх заалтыг шийтгэл оногдуулахад хамааралгүй гэж тайлбарласан. Мөн шүүх хуралдаанд хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасны дагуу шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5-д заасныг зөрчсөн гэж тайлбарласан.
Эдгээр тайлбараас үзэхэд зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа явуулсан, мөн шийтгэл оногдуулахдаа Ц.А*******ийг яг ямар хуулийн аль заалтыг зөрчсөн тухай бүрэн тодорхойлоогүй, зөвхөн Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тавиад үүнд хамаарах, хамаарахгүй бүхий л хуулийн болон журмын заалтыг тавиад өөрийгөө зөвтгөе гэсэн байдлаар тайлбарлаж байгаа. Үүнийг шүүхээс харгалзан үзээгүйд ихээхэн гомдолтой байна.
Хэрэв татварын байцаагч аль хууль, журмын заалтыг хэрхэн зөрчиж байгаа, эрх үүргээ мэдэж байсан бол үүнтэй холбоотой баримтууд, зохих ажиллагааг хүсэлтийг өгөх бүрэн боломжтой байсан юм.
Дээрх нөхцөл байдлуудаар татварын улсын байцаагчийн 0044630 дугаар шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж өгнө” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангав.
1.Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас дэвшиж, өрсөлдсөн Ц.А*******ийн “А*******” ХХК-иар хараат бус аудитын дүгнэлт гаргуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн сонгуулийн зардлын тайланд “нийт орлого 56.983.426 төгрөг, үүнээс хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив 35.439.326 төгрөг, буцаасан 1.500.000 төгрөг гэж тусгагдсаны дагуу хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******гаас хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, буцах хаяг тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх зөрчил гаргасан гэж үзэн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар түүнд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж зааснаар мөнгөн хандивыг хандив өгч байгаа иргэний хувьд нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээдийн хувьд нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгасан байх шаардлагыг ийнхүү зохицуулсан байх боловч Ц.А*******ийн тухайд хариуцлага хүлээлгэх хэмжээний зөрчил гаргаагүй байна.
Тухайлбал шийдвэрийн үндэслэл хэсгийн 5.2-т “…тайлангийн “7-д “Хандивлагч иргэн, хуулийн этгээдийн нэр: Б*** РГ**** 88***, регистрийн дугаар РГ***, хандивын хэмжээ: 3.100 төгрөг, 8-д “Б***, УБ*** 99***, 3.100 төгрөг, 9-т “УС*** утас 88***, 3.100 төгрөг”, 10-т “Б*** ЙР*** 99***, 3.100 төгрөг”, 11-д “ЧЙ*** 99***, Б*** Н***, 3.100 төгрөг”, 14-д “Ж.Л***, ЗЮ***, 300 төгрөг”, 15-д “Ж.Л***, ЗЮ***, 3.000 төгрөг”, 18-д “Т.Х*** ХЖ*** 300.000 төгрөг”, 19-т “УШ***, 3.000.000 төгрөг”, 20-д “ГЮ***, 10.000.000 төгрөг”, 21-д “УШ***, 10.000.000 төгрөг”, 22-т “УР***, 10.000.000 төгрөг”, 23-д “УС*** 3.100 төгрөг”, 24-д “Б***, ХП***, 500.000 төгрөг” гэж тус тус тусгагдсаныг “хандивын шилжүүлгүүдийн гүйлгээний утганд шилжүүлэгч нэрээ бичсэн эсэхээс үл хамаарч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан регистрын дугаарыг бичсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангаагүй хандив гэж үзэхгүй…”,
-мөн “...тайлангийн хүснэгтийн 5-д “Хандивлагч иргэн, хуулийн этгээдийн нэр: П*** /3 гал/, хандивын хэмжээ 1.000.000 төгрөг”, 16-д “Я.О***, 500.000 төгрөг” гэсэн хандивын шилжүүлгийг 2024 оны 6 дугаар сарын 24, 26-ны өдөр тус тус буцаан шилжүүлсэн байгааг нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаагүй хандивыг буцаан шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн…” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагчаас ч шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.
2.Үндсэндээ гүйлгээний утганд нэрээ бичээгүй хандивыг шаардлага хангаагүй гэж үзэх ч хуулийн зорилго нь тухайн иргэнийг хэн болохыг тодорхойлоход чиглэх тул Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан 2 үсэг, 8 орон тоо бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл код буюу регистрийн дугаар бичсэн хандиваар тухайн этгээдийг хэн гэдгийг тодорхойлох бүрэн боломжтой, иймд тухайн гүйлгээг дан ганц нэр бичээгүй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй хандив гэж үзэхгүй.
Түүнчлэн хуулийн төслийн үзэл баримтлалд “...хандивлагч нь хуульд заасан шаардлага хангаж буй эсэхээ өөрөө нотлох үүргийг хуульчлах шаардлагатай…” гэснээс үзэхэд ч уг зохицуулалтыг хандив авагчаас илүүтэй хандив өгөгчид хамааралтай гэж дүгнэж болохоор байна.
Учир нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах …” гэснийг үгийн шууд утгаар тайлбарлавал иргэний хувьд нэр, иргэний бүртгэлийн дугаарыг банкны гүйлгээний баримтад тусгахаар, харин хандивын эх үүсвэрийг заавал тусгасан байхыг шаардаагүй, иймд “эх үүсвэрээ бичээгүй” гэсэн үндэслэлээр тухайн хандивыг буцаах үүргийг хүлээхгүй.
Гэтэл шүүх “Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаасан буюу улсын орлого болгосон тухай тайлангийн 3-д “263.226 төгрөг” гэж гэсэн нь “А*******” ХХК-ийн гаргасан бичгийн тайлан болон нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуйд мөн адил тусгагдсан, өөрөөр хэлбэл гомдол гаргагчаас нэр, хаяг нь тодорхойгүй буюу хандив өгөгчид буцаах боломжгүй нийт 263.226 төгрөгийг улсын орлого болгосон байгааг нь шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүйгээр үндэслэл хэсгийн 5.1-д заасан зөрчлийг гаргасан мэтээр дүгнэсэн нь хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
3.Хандивын тайлан /маягт 5/-д “...1-д “44-40 тоот, 1.000 төгрөг”, 2-т “иргэн А*** БГД 18 хороо, 500 төгрөг”, 3-д “иргэн Ч.Д*** БГД 18 хороо, 500 төгрөг”, 4-д “ЕВ-Ажил амжилт хаанаас 040000 Б*** Г***, 5.000 төгрөг”, 6-д “БГД 18 хороо иргэд Ш***, Н***, 1.000 төгрөг”, 7-д “Б*** РГ*** 88***, 3.100 төгрөг”, 8-д “Б***, УБ*** 99***, 3.100 төгрөг”, 9-т “УС*** утас 88***, 3.100 төгрөг”, 10-д “Б*** ЙР*** 99***, 3.100 төгрөг”, 11-д “ЧЙ*** 99***, Б*** Н***, 3.100 төгрөг”, 12-т “Б*** хандив хаанаас 340000 Б*** Ч***, 78.126 төгрөг”, 13-д “90*** БГД 6 хороо, 300 төгрөг”, 14-д “Ж.Л***, ЗЮ***, 300 төгрөг”, 17-д “Н***, 31.000 төгрөг” гэж тусгагдсан нийт 136.226 төгрөг, мөн тайлангийн маягт 5 болон маягт 6-д заасан дүнгийн зөрүү 127 000,00 төгрөг, нийт 263.226 төгрөгийн хандивыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д “Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж заасны дагуу улсын орлого болгосон байхад үүнийг хандивлагчид нь буцаах үүрэгтэй байсан мэтээр дүгнэлт хийж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Процессийн хувьд ч хариуцагчаас чухам аль гүйлгээг шаардлага хангаагүй гэж үзсэн болохоо өөрөө тогтоогоогүй, харин Үндэсний Аудитын газарт хөдлөнгийн хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж хүргүүлсэн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаасан буюу улсын орлого болгосон тухай тайлан /маягт 6/-д тодорхой тусгасан, тодруулбал хандивын дүн 35.566.326 төгрөг, үүнээс буцаасан 1.500.000 төгрөг, улсын орлого болгосон 263.266 төгрөг, буцаагаагүй 33.803.100 төгрөгийн гүйлгээ” гэсэнд үндэслэж хариуцлага хүлээлгэсэн, гэтэл шүүхийн шийдвэрт 33.539.834 төгрөгийн хандивыг нэрээ бичээгүй ч регистрийн дугаараа бичсэнээр зөрчилд хамаарахгүй гэж дүгнэснээр үлдсэн “…жижиг үнийн дүнтэй…” гэх нийт 263.266 төгрөгийг улсын орлого болгосон энэ тохиолдолд шийтгэл хуудсаар 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдөхөд хүргэжээ.
Тооцооллын хувьд хариуцагчаас зөрчил гэж үзсэн гүйлгээнүүд болох тайлангийн 4-д “Т.Х*** ХЖ*** 300.000 төгрөг”, 5-д “УШ***, 3.000.000 төгрөг”, 6-д “ГЮ***, 10.000.000 төгрөг”, 7-д “УШ***, 10.000.000 төгрөг”, 8-д “УР***, 10.000.000 төгрөг”, 9-т “УС*** 3.100 төгрөг”, 10-д “Б***, ХП***, 500.000” төгрөг” гэж тусгасан нийт 33.803.100 төгрөг байхад нэхэмжлэгчээс улсын орлогод буюу төрийн санд шилжүүлсэн 263.266 төгрөгөөс 145.800 төгрөгт хамаарах хэсгийг шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-т нийлүүлэн дүгнэснээс дүнгийн хувьд зөрүүтэй харагдаж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.А*******ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 0044630 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагч Ц.А*******, түүний өмгөөлөгч Э.Жамц нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН