Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 14

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч Э.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Г.Дашдамба /ҮД:1-950/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар Тугчин овогт Эрдэнэдалайн Мэндбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031041 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин-гагнуурчин, хүнсний үйлдвэрийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 25 дугаар гудамжны 270а тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 3 дугаар орцны подвальд түр оршин суух, ял шийтгэлгүй, Тугчин овогт Эрдэнэдалайн Мэндбаяр /РД:УХ89111139/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Мэндбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн хэсгийн байрны хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр гудамжинд явж байсан А.Гансүхийг өргөж шидэн, биед нь тархи доргилт, зүүн ташаа, баруун шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Мэндбаяр нь өөрийн найз эмэгтэй н.Оюунхандтай маргалдаж улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн хэсгийн байрны хажууд гудамжинд явж байсан хохирогч А.Гансүхийг /эмэгтэй, 48 настай/ ямар ч шалтгаангүйгээр гэнэт өргөж шидэн биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Э.Мэндбаярын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн өмнөх орой нь найз охинтойгоо маргалдаад сэтгэл санаа тавгүй байсан. 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэг өдөр ажилласан цалингаа ажлаасаа авсан. Тэгээд сэтгэл санаа тавгүй байсан болохоор дэлгүүрээс 0,33 граммын Ерөөл архи гэртээ авчирч ганцаараа уусан. Тэгээд гэрийнхээ хажуу талын караокед нэмж уусан. Би ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...Би хохирогчийг өмнө нь таньдаггүй байсан...Би согтуу байсан. Эрүүлжүүлэхэд ирсэнээ санаж байна...Хохирогч А.Гансүхэд нийт 1.000.000 төгрөг өгсөн...Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Намайг уучилсан гэсэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч А.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр буюу амралтын хагас сайн өдөр байсан юм. 15 цаг өнгөрч байхад би ээжийндээ очих гээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байтал үл таних нэг залуу намайг шууд өргөж шидээд дээрээс дарах гэж оролдсон...Миний биед зүүн талын ташаан дээр хөхрөл, няцрал, зөөлөн эдийн гэмтэл, баруун хөлний шилбэний шагайн орчим хөхөрч гэмтсэн, толгой хавдаж хөндүүр орсон, зүрх дэлсэж өвдсөн...Тэр этгээд намайг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийн хэсгийн зүүн талд гараж хэсгийн байрны хооронд явж байхад миний араас салтаан завсраар гараа оруулаад өргөөд шидэхэд би эгц дээшээ хараад арагшаа унахад тэр залуу миний дээрээс дарахаар нь эсэргүүцэл үзүүлээд гараараа түлхээд туслаарай ээжээ гэж орилоход босоод явчихаар нь өндийхөд цаанаас нэг залуу ирж байгаа харагдсан. Тэр залууг харчихаад зугтсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 81-82/

            3. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№10273/-ын дүгнэлт:

                        -Гансүх-н биед тархи доргилт, зүүн ташаа, баруун шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 16/ 

            4. Хохирогч А.Гансүхийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17/

            5. Хохирогч А.Гансүхийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 21-26/

            6. Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны арын нарийн гудамжаар явж байтал нэг эгч явж хажуугаар зөрсөн юм. Тэгээд би хажуугаар нь зөрөөд нээх удаагүй байж байтал хажуугаар нэг залуу гүйх шиг болсон юм. Тэгсэн нэг эмэгтэй хүн туслаарай гээд орилсон. Тусламж хүссэн хоолойгоор орилж сонсогдсон. Тэгээд би бодохдоо тэр эгчийн юмыг нь булаагаад шүүрээд явчихлаа гэж бодоод эргээд хартал нөгөө залуу нөгөө эгчийг газар унагаачихсан дээрээс нь босож байгаа байдалтай харагдсан юм. Тэгсэн нөгөө эрэгтэй дээрээс нь босоод цаашаа гүйгээд яваад өгсөн юм. Тэгээд нөгөө эгч босож ирээд надруу эгчдээ туслаарай намайг тайвшруулаад өгөөч гээд толгойгоо бариад байсан юм. Тэгээд би эгчээ юу болсон бэ гэж асуусан чинь саяны нэг залуу намайг салтаагаар гараа оруулаад намайг өргөөд шидчихлээ гэсэн юм. Эгчийнх нь зүрх салгалаад байна намайг нэг тайвшруулаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд би тэр эгчийг тайвшруулаад эгчээ танай гэр хаана бэ би таныг хүргээд өгье гэсэн юм. Тэгсэн ойрхон байгаа эгчийгээ хүргээд өгөөч гэхээр нь би 19-ийн тийшээ зам хөндлөн гаргаж өгөөд эгч нь одоо гайгүй тайвширчихлаа эгчийнх нь энэ байр ингээд орчихноо гэж хэлээд цаашаа ганцаараа гараад явсан. Тэгээд би хэрэг гарсан газрын орчимд явж байтал тэр хавиар гадаа сууж байсан, салхилж байсан хүмүүсийг өдөж хоргоож, хүүхдүүдийг нь хөөгөөд байсан. Тэгсэн нөгөө залуу тэр хавиар хүн амьтан бас л өргөж шидэх гээд байгаа үйлдэл гаргаад яваад байхаар нь би өөрөө 102-т залгаж дуудлага өгөөд цагдаагийн машин ирээд нөгөө залууг хайж явж байгаад 52 дугаар сургуулийн урд талын зам дээрээс олоод авсан. Тэгээд яг цагдаагийн машинд суулгаад байж байтал цаанаас нөгөө шидүүлсэн эгч дүүгийнхээ хамт ирж таарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

            7. Гэрч Д.Лхамхүүгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тэр өдөр амралтын өдөр байсан юм. Манай охин Гансүх ээжээ би 120 энд ойрхон явж байна яваад оръё гэсэн юм. Тэгэхээр нь би за за гээд утсаа таслаад ачаа балкон дээр гаргаад салхилаад сууж байтал охин нилээн удаад байгаа юм шиг санагдаад байсан юм. Тэгээд би балкон дээрээ хараад байж байтал манай охин цамцаа бүсэлхийгээрээ ороосон үс нь арзайсан байдалтай харагдаж байсан. Тэгээд гэрт орж ирээд уйлаад манай хүүхдүүд бүгд хувцас хунараа өмсөөд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

            8. Гэрч А.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Манай эгч Гансүх гаднаас үс нь сэгсийсэн хувцас хунар нь аймар болчихсон, өмдөндөө шээчихсэн, уйлчихсан байдалтай юу ч ярилгүй байсан юм. Тэгсэн намайг хурдан гаръя намайг сая хүн хүчиндэх гэлээ хүнийг нь олъё гэсэн юм. Эгч маань гэрт орж ирэхдээ л айсан сандарсан юм ярьж чадахгүй сандраад хурдан гаръя л гээд байсан юм. Тэгээд би эгчийнхээ хамт гараад хэрэг болсон гэх газарлуу гүйсэн. Тэгсэн 2 дугаар хорооны ар хэсэгт...манай эгчийн үснийх нь хавчаар хагарсан байдалтай газар байсан юм. Тэгээд тэндээ очоод аль зүгрүү хайж болох бол гэж бодоод зүүн тийш явах болсон юм. Тэгсэн зүүн тийш чиглээд явж байтал цаанаас цагдаагийн машин гараад ирсэн, нөгөө залуу ч гараад ирсэн тэгсэн эгч маань тэр залуу мөн байна...бариад ав гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

            9. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хохирогч А.Гансүх нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны цагдаагийн хэсгийн байрны ертөнцийн зүгээр баруун талын хашааны хажууд зогсож байгаад “намайг энэ хэсэгт явж байхад унагаасан” гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжлүүлэн авав...” /хх-ийн 71-73/

            10. Яллагдагч Э.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Тэр үед найз эмэгтэйтэйгээ маргалдчихсан ганцаараа 0,33 граммын Ерөөл нэртэй архи уучихсан халамцуу байдалтай сэтгэл санаа жаахан тавгүй явж байснаас ийм зүй бус үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Мэндбаяр нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№10273/-ын дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.Мэндбаяр нь өөрийн найз эмэгтэй н.Оюунхандтай маргалдаж улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн хэсгийн байрны хажууд гудамжинд явж байсан хохирогч А.Гансүхийг /эмэгтэй, 48 настай/ ямар ч шалтгаангүйгээр гэнэт өргөж шидэн биед нь “...тархи доргилт, зүүн ташаа, баруун шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл учруулсаныг бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Э.Мэндбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Эрдэнэдалайн Мэндбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар Тугчин овогт Эрдэнэдалайн Мэндбаярыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Мэндбаярын эдлэх 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Э.Мэндбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Мэндбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мэндбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР