Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00379

 


                              “ **** **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01413 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1532 дугаар магадлалтай, 

“ **** **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 22,362,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дүүрэнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.  **** **** **** ****” ХХК нь ****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,362,572төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01413 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ****аас 22,362,572 төгрөг гаргуулж “ **** **** **** ****” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,881 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, ****аас 269,763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1532 дугаар магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,763 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“ **** **** финанас ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагт товлогдсон бөгөөд би товлосон цагт шүүхийн байранд очсон боловч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга аль шүүх хуралдааны танхимд орох талаар мэдэгдээгүй, зарлаагүй, миний бие шүүхийн хүлээлгийн танхимд хүлээж байтал шүүх хуралдаан завсарлаж, нэхэмжлэгч талын төлөөлөгч гарч ирсэн бөгөөд би ирсэн яах вэ гэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хэлтэл одоо шийдвэр сонсохдоо орж болно гэсэн юм. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020.07.08-ны өдрийн 13 дахь хуралдаан байсан боловч тус өдөр хуралдааны дарааллыг өөрчилж намайг тус шүүх хуралдаанд оролцуулаагүй. Би тус хэрэгт хариуцагчаар оролцож өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалж, нэхэмжлэгч талтай мэтгэлцэж оролцох эрхээ хязгаарлуулсанд гомдолтой байх ба өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныгшийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

8.Хариуцагч **** 2019.09.06-ны өдөр ЗГ00123 дугаартай зээлийн гэрээг “ **** **** **** ****” ХХК-тай байгуулж, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий зээл25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 13 дугаар хороо 2д байр 34 тоот 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогджээ. 

Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

9. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн ХААН банкны 5111271061 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заажээ.  

 “ **** **** **** ****”ХХК2019.09.10-ны өдөр гэрээнд заасан зээлдэгч ****ын дансанд зээл 25,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг үндэслэж, нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Учир нь байгуулсан гэрээгээ  цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд  цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

11. Хариуцагч **** нь зээлийн гэрээний 3.2.1, 3.2.4-т заасан зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хуваарийн дагуу гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд төвлөрүүлэх, зээлийн төлбөрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргээ 99 хоногоор зөрчсөн байна.   

12. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд гэрээг дуусгавар болох, цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд “ **** **** **** ****” ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, гэрээний 6.2-т зааснаар гэрээг цуцалж, гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.  

13. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зээлийн гэрээний 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.2.1, 2.2.2, 3.2.1, 6.2.1-д тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****аас 22,362,572 төгрөг гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-дзаасан зохицуулалт, тэдгээрийн ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзоригт2020.05.04-ний өдрийн 16 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2020.04.29-ний өдөр мэдэгдсэн, хариуцагч талаас шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэргийг шийдвэрлэснийгдавж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

15. Давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн мэдэгдэх хуудсанд “...2020.07.08-ны өдрийн 08 цаг 30 минутад болох шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг, ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзоригийн 88103006 дугаартай телефон утас руу 2020.07.01-ний өдөр мэдэгдэхэд за ойлголоо...” гэж бичигдсэн байна. 

Дээрх мэдэгдэх хуудас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан шаардлагыг хангажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй” гэсний дагуу давж заалдах шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааныг товыг мэдэгджээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаан тэмдэглэлд “...шүүх хуралдаан 09 цаг 39 минутад эхлэв...” гэж тусгагдсан байх тул хариуцагч ****ын гаргасан “...давж заалдах шатны шүүх хуралдааны дарааллыг  өөрчилсөн...” гэх утгатай бүхий гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй. 

16. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1532 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,хариуцагч ****ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,763 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                       П.ЗОЛЗАЯА 

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                       Д.ЦОЛМОН