| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Улсын яллагч Л.Галбадрах
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Жд холбогдох 2316000680074 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай, Б овогтой Ц.Ж.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Жийг Говь-Алтай аймгийн ... төвд 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой Б.Мг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун доод 1-р шүдний уналт /булгаралт/, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Ц.Ж нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төвд 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой Х.Б Б.М хоёр маргалдах үед дундуур нь орон салгах гэж байхдаа Б.Мг баруун ор руу түлхэж унаган араас нь очиж гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Б.Мн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр баруун доод 1-р шүдний уналт /булгаралт/, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Ж гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэм буруугаа хүлээж байгаа” мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ц.Жийн улсын яллагч болон өмгөөлөгчийн асуултад хариулсан: “...Шүүх дээр хэрэг ирсний дараа хоёр удаа уулзахад хоёуланд нь ах согтуу байж байсан. Тэгээд уулзаад яаж байна гэхэд ахын дүү санаа зоволтгүй, чи бид хоёрт ярьсан зүйл байгаа. Эхлээд шүдээ ямархуу үнэ өртөгтэй болохыг судалчхаад сүүлд нь мөнгө төгрөгийг нь тохиролцъё гэж гэсэн. 150,000 төгрөгийг саяхан өгсөн. Ахдаа одоо 150,000 төгрөг өгчих. Хоёулаа адилхан амьдрах гэж яваа хүмүүс, гомдол саналгүй гэсэн. Тэгээд 150,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Шүдээ хийлгэхэд гарсан зардлыг тодорхой болохоор төлнө...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 02-р сарын 17-ны өдөр Эрдэнэ сумын Спорт зааланд сар шинийн барилдаан үзээд байж байсан чинь манай найз А Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас ирж барилдсан юм. Тэгээд би сар шинийн барилдаан дуусгаад найз болох Аийг Эрдэнэ сумын урд зүгт байрлах Хуучин сумын төвийн тэнд гаргаж өгч 2 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архийг Атэй хамт явж байсан 2 найзын хамт дөрвүүлээ хувааж ууссан юм. Тэгээд би сум руу орж ирсэн юм. Аийг гаргаж өгөхдөө авсан 1 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи миний эзэмшлийн Приус-30 маркийн машинд байсан юм. Тэгээд сумын төв дээр орж ирээд явж байгаад гудамжинд Ц.Ж, Б хоёртой тааралдаад П гэдэг ахынд очиж 1 шил архи 0,5 литрийн Соёрхол архиа хувааж ууссан юм. Тэгээд цаашаа юу болсон талаараа сайн мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Би Ц.Жөөр шүдээ янзлуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,
Гэрч Х.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгээд Б.М П ахын гэрээс гарч машинаасаа 1 шил архи оруулж ирээд Ц.Ж, Б, Б.М бид 4 нэг шил архиа хувааж уусан юм. Тэгээд 1 шил архиа хувааж ууж дуусаад байж байсан чинь Б.М надад агсам тавиад намайг цохиод авсан юм. Тэгээд Б.М бид 2 барилцаж аваад байж байтал Ц.Ж Б.М бид хоёрыг салгах гээд дундуур орсон чинь Ц.Жийг Б.М цохиод авсан юм. Тэгээд Ц.Ж Б.М 2 хоорондоо зодолдсон юм. Тэгээд Пгийн эхнэр Б.О Ц.Ж, Б.М 2-ыг салгаад больцгоо гэж хэлсэн юм. Ц.Ж, Б.М 2 хоорондоо зодолдож муудалцахад Б.М болон Ц.Жийн хамар болон амнаас цус гарсан зүйл байхгүй байсан. Ц.Ж нь Б.Мг орны толгой руу түлхээд Б.М газарт унаад босож ирэхдээ ам болон хамар нь цус болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/,
Гэрч Б.Оын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 02-р сарны 17-ны орой 20 цагийн орчимд манай гэрт Ц.Ж, Б.М, Х.Б, Б нар “Хараа” нэртэй 0,5 литрийн тал шил архиа хувааж ууцгаасан юм. Тэгээд архи хувааж ууж дуусчхаад Б.М, Х.Б 2 хоорондоо муудалцаад Б.М нь Х.Бын баруун талын шанаа руу нь цохиод авсан юм. Тэгээд Б.М Х.Б 2-ын дундуур нь Ц.Ж ороод Б.Мг нь хойш нь баруун орны толгой руу түлхсэн чинь Б.М нь орны толгой руу унасан юм. Тэгээд Ц.Ж Б.Мгийн араас нь очоод баруун дал руу нь гараараа 2 цохиод авахад нь би очоод Ц.Жийг хойш нь татаад салгасан юм. Б.М нь орны толгой руу уначхаад босож ирэхдээ ам болон хамраас нь цус гарсан зүйл байхгүй байсан. Тэгээд манай нөхөр Пд очоод Б.М нь 1 шүд уначихлаа гэж хэлээд манай гэрээс гарч явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/
Гэрч Э.Угийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 02-р сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд манай нөхөр Б.М нь гэртээ орж ирэхдээ ам болон шүдний буйлнаас цус гарсан, баруун талын эрүү нь хавдсан байдалтай орж ирсэн юм. Тэгээд би нөхөр Б.Мгаас юу болсон талаар асуухад манай нөхөр Б.М нь Ц.Жөд зодууллаа, шүд уначихлаа гээд шүдээ үзүүлсэн юм. Тэгээд манай нөхөр Б.М эрүүл мэндийн төвд очиж үзүүлнэ гэж хэлээд гэрээсээ гарч явсан юм. Би гомдолтой. Нөхөр Б.Мгийн унасан шүд болон хөдөлсөн шүднүүдийг нь Улаанбаатар хот руу яаралтай явж эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн “...1. Б.Мн биед баруун доод 1-р шүдний уналт /булгаралт/, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. ...4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас Б.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 150,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин хохирогч Б.М нь шүдээ хийлгүүлж чадаагүй тул хохирлыг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Ц.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ж нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 150,000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин урьд тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэж үзэж хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ц.Жийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Ц.Жийн торгуулийн ялыг доош нь татаж өгөөч...” гэсэн дүгнэлт, прокурорын 1,000,000 төгрөгөөр торгуулах дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 150,000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Жд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 150,000 төгрөг төлсөн зэргийг дурдаж, хохирогч Б.М нь хиймэл шүд хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА